| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00403/И |
| Дугаар | 484 |
| Огноо | 2016-07-21 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 484
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Тариалан сумын Хөхөө баг, Довт хорооллын 4-3 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОМ80010105, Буурал тохой овогт Батсүхийн Алтантуяа,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Тариалан сумын Хөхөө баг, Тээл хорооллын 5-25 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОМ80081902, Өөлд овогт Баатарсайханы Оюунчимэг нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Тариалан сумын Ахлах сургуульд холбогдох,
Увс аймгийн Тариалан сумын Ахлах сургуулийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/11 дүгээр Арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Алтантуяа, Б.Оюунчимэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Улаангом суманд Сонгуулийн Ерөнхий Хорооноос байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны сургалт зохион байгуулсан бөгөөд уг сургалтад Тариалан сумын Ахлах сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Б.Алтантуяа, түүх нийгмийн ухааны багш Б.Оюунчимэг бид 2 оролцож байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах гэрчилгээ авсан билээ. Гэтэл аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 1/370 тоот албан бичиг, сумын Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 51 тоот албан бичиг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8-д заасныг үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасныг баримтлан 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Тариалан сумын Ахлах сургуулийн захирлын А/11 тоот тушаал гарч бид нарын үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь бид нар Сонгуулийн Ерөнхий Хорооноос зохион байгуулж байгаа байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны сургалтад суухдаа тухайн өдрийн хичээлээ зааж ажлаа зохицуулаад сургалтад суусан бөгөөд ажил тасалж сурагчдын эрх ашгийг хохироогоогүй болно. Түүнчлэн аймгийн Засаг дарга болон Засаг дарга нарын шахалт шаардлагаар бид нарт хууль зүйн үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл оногдуулж байгааг буруу гэж үзэж байна. Иймд Тариалан сумын Ахлах сургуулийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/11 тоот Арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Увс аймгийн Тариалан сумын Ахлах сургуулийн захирал З.Өнөржаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Алтантуяа, Б.Оюунчимэг нарын нэхэмжлэлтэй танилцлаа. 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Тариалан сумын Ахлах сургуулийн захирлын А/11 тоот тушаал гарч Б.Алтантуяа, Б.Оюунчимэг нарын үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан боловч цалингаас нь суутгаж аваагүй болно. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Алтантуяа, Б.Оюунчимэг нар нь хариуцагч Тариалан сумын Ахлах сургуульд холбогдуулан Увс аймгийн Тариалан сумын Ахлах сургуулийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/11 дүгээр Арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Тариалан сумын Ахлах сургуулийн захирал З.Өнөржаргалнь нэхэмжлэгч Б.Алтантуяа, Б.Оюунчимэг нарын нэхэмжлэлийн шаардлага болох Увс аймгийн Тариалан сумын Ахлах сургуулийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/11 дүгээр Арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Тариалан сумын Ахлах сургуулийн захирал З.Өнөржаргал нь нэхэмжлэгч Б.Алтантуяа, Б.Оюунчимэг нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Тариалан сумын Ахлах сургуулийн захирал З.Өнөржаргал нь нэхэмжлэгч Б.Алтантуяа, Б.Оюунчимэг нарын нэхэмжлэлийн шаардлага болох Увс аймгийн Тариалан сумын Ахлах сургуулийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/11 дүгээр Арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүй болгуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Б.Алтантуяа, Б.Оюунчимэг нарын Увс аймгийн Тариалан сумын Ахлах сургуулийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/11 дүгээр Арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийн тал хувь болох 35.100 төгрөгийг Увс аймгийн Тариалан сумын Ахлах сургуулиас гаргуулан төрийн сангийн 150000941 дансанд оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Алтантуяа, Б.Оюунчимэг нарын Увс аймгийн Тариалан сумын Ахлах сургуулийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/11 дүгээр Арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Увс аймгийн Тариалан сумын Ахлах сургуулийн захирал хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Увс аймгийн Тариалан сумын Ахлах сургуулиас улсын тэмдэгтийн хураамж 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг гаргуулан Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Увс аймгийн Тариалан сумын Ахлах сургуулийн захирал сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчидшүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ