Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 241

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,  

Улсын яллагч: А.Баясгалан,

Хохирогч: Н.У, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

Шүүгдэгч: Д.Б, түүний өмгөөлөгч Г.Тамир, Э.Батбаяр нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Б-од холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809047350063 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Б-, .... 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хаан шоргоолж” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Рич зочид буудлын 109 тоот өрөөнд Н.У-маргааны улмаас зодож биед нь тархины зүүн тал бөмбөлгийн дух, духны хажуу, чамархай зулай хэсгийн тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн дарагдал, тархины зүүн зулайн хэсгийн эдийн няцрал, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд зулгаралт, эрүү, зүүн хацар, зүүн бугалга, баруун өвдөг, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 15-ны өглөө Уянгыг найзынх нь гэрээс очиж авсан. Тэгэхэд маргалдсан зүйлгүй зүгээр аваад гарсан. Тэгээд бид хоёр хамтдаа Рич зочид буудалд ороод 0,75 литрийн “Хараа” нэртэй архи нэгийг хувааж уусан. Архи ууж согтуурсны улмаас буруу зүйл хийж У эрүүл мэндэд хохирол учруулсан. Энэ буруугаа ойлгож, гэмшиж байна. Миний буруугаас болж У эрүүл мэнд хохирсон. Гэм буруугаа ойлгож байна...” гэв.

Хохирогч Н.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 15-нд Б над руу “хаана байна вэ” гээд залгасан ба бид хоёр хороололд уулзсан. Би айл руу орсон байхад араас орж ирсэн. Б миний байсан айлд орж ирээд хүмүүстэй муудалцах гээд байхаар нь түүнийг аваад гарсан. Тэгээд гадаа зэврүүн байсан ба би өөрөө юм уусан учраас “Рич” зочид буудалд хамт орсон. Бид хоёр хамт байдаггүй болохоор хааяа зочид буудалд ордог байсан. Тэнд гаднаас архи авч ороод уугаад согтсон. Б намайг багалзуурдаад түлхэж байгааг сайн санаж байна. Тэгээд дараа нь надаас уучлалт гуйгаад үлдсэн архиа хувааж уусан. Би согтоод нэг сэрэхэд халуун усанд орж байсан ба гар, хөл хөндүүртэй байсан. Тэгээд Б дахиад архинд явсан ба тэр архийг уугаад би бүр согтсон байсан. Нэг сэрэхэд Б “хуучин ажлын хүмүүс дуудаад байна явна” гэхээр нь би “яваад яах юм бэ, орой болсон байна” гэж байсан. Тухайн үед миний гар утас дуугарахад Б “чи нөгөө хүмүүс рүүгээ явах гэж байгаа юм уу” гээд маргалдсан, тэгээд үлдсэн архиа уугаад бид хоёр дахиад зодолдсон. Би шөнө дунд ус уухаар орноос онхолдож унаснаа санаж байна. Тэгээд босоод хэвтэхэд Б хажууд унтаж байсан. Нэг унтаад сэрэхэд өглөө болсон байсан ба босоход миний зүүн нүдний доор хавдсан байсан. Бид хоёр хэсэг зочид буудалд байя гэж бодсон боловч “манайх өнөөдөр 16 цаг хүртэл хүн хүлээж авахгүй” гэж зохион байгуулагч нь хэлсэн. Бид хоёр урьд тэр зочид буудлаар үйлчлүүлж байсан ба тэндээс гарахдаа ресепшинд нь “урьд нь үйлчлүүлээд болоод байсан, яагаад одоо үйлчлэхгүй гэж хэлж байгаа юм бэ” гэхэд зохион байгуулагч цаг сунгахгүй гэсэн гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Рич зочид буудлаас гараад явснаас хойш толгой эргээд байхаар нь өөр зочид буудалд орж унтсан. Тэрнээс хойш миний бие нэг л биш байсан. Би тэр орой татаж унасан гэж Б надад хэлсэн боловч би өөрөө мэдэхгүй байна. Маргааш нь буюу 10 дугаар сарын 17-нд Б намайг ухаан алдаж унасан гэж хэлсэн. Тэгээд Б “чи хоол унд идэхгүй болохоор ингээд байх шиг байна” гээд Гандангийн ойролцоо байдаг Х-2 нэртэй газар хоол идэхээр орсон ба тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг сэрэхэд гадаа салхинд Бтой сууж байсан. Б надад “чи сая дахиад татаад гэдэргээ саваад уначихлаа” гэхээр нь Боор гэртээ хүргүүлээд гэрийнхээ хаалгаар ороод ээжийнхээ байгааг хараад өөр юу ч санахгүй байна. Нэг сэрэхэд би хагалгаанд орсон, миний үсийг хуссан, байцаагч ирсэн байсан. Би хүн харахад сэрүүн байгаа хэрнээ юу ярьснаа санахгүй байсан. Намайг Гэмтлийн эмнэлэгт байхад Б нэг удаа ирсэн ба нэг хэсэг ирээгүй. Би 2 дугаар сард дахиад хагалгаанд орсон ба Б миний хажууд байж, намайг эргэж очдог байсан. Би Бтой 8-9 жил хажууд нь байсан ба нэг гэрт амьдраагүй ч гэсэн миний хүүхдийн аав учраас надад гомдол, санал байхгүй. Надад учирсан тархины гэмтлийг паар мөргөж авсан уу, эсхүл орон дээрээс онхолдож унахдаа авсан эсэхээ сайн санахгүй байна. Би одоо байнга чичрээд, зарим зүйлийг мартаж санадаг болсон. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

Хохирогч Н.У мөрдөн байцаалтад өгсөн: “...Б зочид буудал оръё гэж хэлэхээр нь би дагаад Рич нэртэй зочид буудалд орсон. ...миний гар утас дуугарсан. Энэ үед Б хэн ярьж байгаа юм бэ гэж хэлэн утас булаацалдаад байсан. Би чамд хамаагүй гэж хэлээд хувцсаа өмсөн гарах гэсэн чинь “чи сая архи ууж байсан залуус дээрээ очих гэж байна уу, танай Ш чинь угаасаа банзал” гэж хэлэхээр нь би “чамд хамаагүй” гэж хэлэн гарах гэсэн чинь миний нүүрний зүүн хэсэг рүү гараараа нэг удаа цохьсон. Би нүүрээ даран газар суусан чинь Б аргадан “би чамайг дахин зодохгүй, хоёулаа тайвширъя, чи явахаа больчих” гэж хэлсэн. Би гадуур хувцсаа тайлан орон дээр хэвтсэн чинь Б намайг түлхэн газар унагаасан. Би газраас боссон чинь Б намайг хардаад хашхирч байснаа хоолой багалзуурдаж байгаад хойш түлхсэн чинь толгойн зүүн хэсгээрээ буудлын өрөөний паарыг мөргөсөн. Цагаан өнгийн урт паар байсан. Тухайн өрөөний хөшиг нь улаан хүрэн өнгөтэй байсан. Толгойн зүүн хэсэг маш их өвдсөн. Толгойноос ямар ч цус гараагүй. Би согтуу байсан болохоор өвдөлт нь гайгүй болчихсон. Намайг газраас босоод ирсэн чинь Б “хоёулаа муудалцахаа болъё” гэж хэлэн тэврээд орон дээр хэвтсэн. Тэгсэн хэрнээ миний гар хөлнөөс “чи надаас өөр эрэгтэй хүмүүстэй архи ууж явлаа, гоё байна уу” гэж хэлэн базаад хөхрүүлээд байсан. Тэгээд Бтой бэлгийн харьцаанд орсон чинь Б унтаад өгсөн. Би орноос босоод бэлгийн харьцаанд орсон болохоор угаах гээд дүшинд орсон. Тэгсэн Б орж ирэн явах гээд байгаа юм уу гэж хэлэн намайг түлхсэн чинь би плитан шалан дээр 2 өвдгөөрөө унасан. Тэгтэл миний хоёр өвдөг маш их өвдөхөөр нь уйлсан чинь Б “чи өөрөө унасан” гээд миний хоолой хэсгээс багалзуурдан дээш өргөсөн. Би амь авар гээд хашхираад уйлсан. Б дахин намайг аргадан буцаж орондоо орсон. Энэ үед цаг хэд болж байсныг мэдэхгүй гадаа харанхуй болсон байсан. ...Би унтаад сэрсэн чинь өглөө болчихсон байсан бөгөөд толинд нүүрээ харсан чинь миний зүүн талын нүд доогуураа хөхөрсөн нүд хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 40-42/,

Гэрч Ц.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12 цаг 10 минутад урьд нь манай зочид буудлаар үйлчлүүлж байсан Б, У 2 орж ирээд өрөө байна уу гэж асуусан. Би 109 номерийн өрөөг санал болгоход хоногийн хугацаатай Б нь 30.000 төгрөг төлөөд өөрийнхөө ХИ-76090278 регистрийн дугаартай бичиг баримтаар бүртгэл хийлгэн орсон. Өрөөнд орохдоо Б, У нар согтолтгүй мөртлөө архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. 15 цагийн орчим би угтагчийнхаа хэсэг дээр байсан чинь жижиг шатаар Б гадуур хувцастай гарч ирэхэд хойноос нь У хөл нүцгэн өрөөнөөсөө гарч ирэн Бын хойноос татаад өрөө рүүгээ оруулсан. Үүний дараа би камерынхаа дэлгэцийг хараад сууж байсан чинь 109 тоот өрөөний гадна У, Б нар гарч ирчихээд явна, явахгүй гээд хоорондоо маргалдаад зууралдаад байсан. Би очоод юу болоод байгаа талаар асуухад У, Б нар “зүгээр эгчээ санаа зоволтгүй, бид хоёр одоо амарлаа” гэж хэлсэн. Энэ үед Уас архи үнэртэж байсан. Түүнээс биш харахад Б, У нар эрүүл юм шиг харагдаж байсан. Үүнээс хойш маргалдан муудалцаж байгаа зүйл ажиглагдаагүй. Маргааш өглөө нь би Үзмээд ажлаа өгөхдөө “109 тоот өрөөг сунгана гэвэл битгий сунгаарай, өчигдөр маргалдаад” байсан талаар хэлсэн. Тухайн өдөр У нүүр царайг би маш тод харсан. Учир  нь У нь үсээ саарал өнгөөр будуулчихсан их содон харагдаж байсан. Намайг харахад У нүүрэнд ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх, зовиур байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 49-50/,

Гэрч М.Ү-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 16-ны өглөөний 09 цагт угтагч Мөнхзулаас ээлжээ хүлээн авсан. Тэр үед угтагч Мөнхзул 109 тоот өрөөг сунгана гэвэл битгий сунгаарай учир нь тухайн өрөөний эрэгтэй, эмэгтэй хоёр явна, явахгүй гэх шалтгаанаар маргалдаад байсан талаар хэлсэн. 11 цагийн орчим 109 тоот өрөөнд үйлчлүүлж байсан эрэгтэй нь Б гэх залуу “өрөөгөө сунгаж болно биз дээ өнөөдөр дахин хономоор байна” гэж хэлэхээр нь “та 2 маргалдаад байсан гэсэн тийм учраас сунгахгүй” гэж хэлсэн. Тэгтэл Б нь юм дугараагүй өрөөндөө орсон. Удалгүй 12 цагийн орчим гарна гэхээр нь би станцаар зохион байгуулагч Э-ыг “өрөөг хүлээн авах” талаар хэлэхэд удалгүй өрөөг хүлээн авсан талаар хэлсэн. Б, У нар гарахдаа эгчээ сунгахгүй юм уу гэж асуухаар нь сунгахгүй талаар хэлсэн. Быг У сугадчихсан гарсан. Нүүрийг нь ажиглаагүй, харин нарны хар өнгийн шил зүүсэн байсан. У нарны хар шилийг буудлын өрөөнөөс гарахдаа зүүсэн байсан. Яагаад ямар шалтгааны улмаас нүдний шил зүүсэн байсан эсэхийг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 57/,

Гэрч Н.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 17-ны өглөө зөөгч Хандаа 14 цаг хүртэл чөлөө авсан болохоор нь оронд нь зөөгчийн үүрэг гүйцэтгэж байсан. Цагийг нь бол санахгүй байна ямар ч байсан цайны цаг эхлээгүй хүн бага байхад өндөр бор царайтай эрэгтэй, цагаан саарал үстэй 30 орчим настай эмэгтэйгийн хамт булангийн 16 дугаар ширээн сууж шөлтэй хоол захиалсан. Захиалсан хоолыг нь хүргэж өгчихөөд текнийхээ хажууд зогсож байсан чинь цагаан саарал үстэй эмэгтэй гэнэт толгойгоо хойшоо гэдийлгэж татаад сандлаа налан ухаан алдсан. Би сандраад гүйгээд очсон чинь хамт байсан эрэгтэй нь “би нөхөр нь байгаа юм, манай эхнэр олон хоног найзуудтайгаа архи уугаад шартаад ухаан алдаж байна, мөн манай эхнэр зочид буудалд байхад нь очиж аваад гэртээ харих гэж байна” гээд учир зүггүй сандран надад тайлбарлаад байсан. У аль нүдийг санахгүй байна, хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 59/,

Гэрч С.Ш-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 15-ны өглөө Н-, У бид 3 сэрээд дэлгүүрээс 1 шил архи аван ууж байсан. Зочид буудлын цаг дууссан. Тэгтэл Н-гийн найз гэх эмэгтэй, эрэгтэй 2 манай гэрт очъё ойрхон гэж хэлэн У, Н- бид гуравыг дагуулан гарсан. Замдаа дэлгүүрээр орж хөлдүү бууз, огурцы худалдан аван зочид буудлын ойролцоо 9 давхар орон сууцны нэг айлд орсон. У бууз жигнэхээр болоод гал тогооны өрөөнд орсон. Харин би Н-гийн хамт зочны өрөөнд орсон. Удалгүй хаалга нүдсэн бөгөөд гаднаас У хамтран амьдрагч Б орж ирэн зочны өрөө хэсэг рүү шагайсан. Над руу Б “Ш чи юу хийж байгаа юм бэ, чи найз залуугаа амархан солих юмаа” гэж хэлсэн чинь Н- уурлан “чи юу яриад байгаа юм бэ” гэж хэлэн сандлаасаа боссон чинь У гал тогооны өрөөнөөс гарч ирэн “манай нөхөр байгаа юм” гэж хэлэн аваад гарсан. Түүнээс хойш Утай уулзаагүй. ...У бид хоёр хар багийн найзууд, тийм болохоор хэн хэнийгээ сайн мэднэ. У нь архи уухаараа бараг согтдоггүй. Уянгыг Б авч гарах үед бараг эрүүл шахуу байсан. У надтай хамт буудалд орохдоо хувцсаа тайлан унтсан бөгөөд өглөө хувцас өмсөж байхыг харахад биед нь ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Биед өвдөх өвчин, ямар нэгэн шаналал зовиур, ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Мөн У нь дээгүүрээ цамцныхаа дотуур майка шиг юм өмсчихсөн байсан бөгөөд гар, шуу, бугалга хэсэгт ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Биед өвдөх өвчин, ямар нэгэн шаналал зовиур, ил харагдах гэмтэл шарх байгаагүй. ...Гэмтлийн эмнэлэг дээр очиход У ах Аагийгаар сахиулаад хэвтэж байсан. Юу болсон талаар асуухад “та нараас салаад Бтой хамт зочид буудалд орсон чинь намайг цохьсон. Би газар унахдаа паар мөргөсөн” талаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 66-67/,

Шинжээчийн 12821 тоот дүгнэлтэд: “...Н.У биед тархины зүүн тал бөмбөлгийн дух, духны хажуу, чамархай зулай хэсгийн тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн дарагдал, тархины зүүн зулайн хэсгийн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд зулгаралт, эрүү, зүүн хацар хүзүү, зүүн бугалага, баруун өвдөг, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-н 77-78/,

Шинжээчийн 76 тоот дүгнэлтэд: “...Н.У биед тархины зүүн тал бөмбөлгийн дух, духны хажуу, чамархай, зулай хэсгийн тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн дарагдал, тархины зүүн зулайн хэсгийн тархины эдийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, мохоо зүйлийн нэг болон нэгээс дээш удаагийн үйлчлэлээр тухайлвал тухайн хэсэг газар хүч үйлчлэх, цохих, цохигдох, доргих гэх мэт үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун зүүн нүдний дээд, доод зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн  мөрөнд зулгаралт, эрүү, зүүн хацар, хүзүү, зүүн бугалга, баруун өвдөг, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, зүүн хацар, баруун өвдөг, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл нь тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, тус бүрдээ мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн мөрөнд зулгаралт, хүзүү, зүүн бугалга, зүүн шилбэнд цус хуралт нь гэмтэл тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заанаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй, тус бүрдээ мохоо зүйлийн нэг болон хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Хүн тархиндаа гэмтэл авснаас хойш толгой өвдөх, дотор муухай оргих, огиулах, бөөлжих, тэнцвэр алдагдах, хүйтэн хөлс гарах гэх мэт зовиур шинж тэмдэгүүд илрэх бөгөөд тархины хатуу хальсан доорх цусан хураа нь аажмаар нэмэгдэж тархийг дарсны улмаас цаашид ухаан алдах, ухаангүй болох, уналт, таталт өгөх зэрэг амь насанд аюултай шинж тэмдэгүүд илэрнэ. Уг шинж тэмдэгүүд хэдий хугацаанд илрэх нь гэмтэл, хүний бие махбодийн онцлогоос шалтгаалдаг учраас харилцан адилгүй байдаг тул цаг хугацааг тогтоох боломжгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 85-86/,

Шинжээч эмч М.Аригуунтөгсийн мөрдөн байцаалтад өгсөн: “...хохирогч Н.У эрүүл мэндэд учирсан тархины гэмтэл болох тархины хатуу хальсан доор цусан хураа нэмэгдэж тархи дарах хүртэл ухамсарт үйл хөдлөл хийж явах боломжтой. Дээрх гэмтлүүдийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр авах боломжтой шинэ гэмтлүүд байсан. ...биед үүссэн хүнд гэмтэл паар мөргөж унах, 2 өвдөгт үүсгэгдсэн гэмтэл нь паркет болон плита шалан дээр 2 өвдгөөрөө унахад үүсгэгдэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-н 90-92/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 4-13/, Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 27-31/, хохирогчийн өвчний түүх /хх-н 96-107/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 121-125, 147-149/, Хохирогчийн хүсэлт /хх-н 167/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

          Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Рич зочид буудлын 109 тоот өрөөнд Н.У-маргааны улмаас зодож биед нь тархины зүүн тал бөмбөлгийн дух, духны хажуу, чамархай зулай хэсгийн тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн дарагдал, тархины зүүн зулайн хэсгийн эдийн няцрал, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд зулгаралт, эрүү, зүүн хацар, зүүн бугалга, баруун өвдөг, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.У: “...Б намайг багалзуурдаад түлхэж байгааг сайн санаж байна. Тэгээд дараа надаас уучлалт гуйгаад үлдсэн архиа хувааж уусан. Би согтоод нэг сэрэхэд халуун усанд орж байсан ба гар, хөл хөндүүртэй байсан. Тэгээд Б дахиад архинд явсан ба тэр архийг уугаад би бүр согтсон байсан. Нэг сэрэхэд Б “хуучин ажлын хүмүүс дуудаад байна явна” гэхээр нь би “яваад яах юм бэ, орой болсон байна” гэж байсан. Тухайн үед миний гар утас дуугарахад Б “чи нөгөө хүмүүс рүүгээ явах гэж байгаа юм уу” гээд маргалдсан, тэгээд үлдсэн архиа уугаад бид хоёр дахиад зодолдсон. ...унтаад сэрэхэд өглөө болсон байсан ба босоход миний зүүн нүдний доор хавдсан байсан. ...Боор гэртээ хүргүүлээд гэрийнхээ хаалгаар ороод ээжийнхээ байгааг хараад өөр юу ч санахгүй байна...” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.М-ын: “...Тухайн өдөр У нүүр царайг би маш тод харсан. Учир  нь У нь үсээ саарал өнгөөр будуулчихсан их содон харагдаж байсан. Намайг харахад У нүүрэнд ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх, зовиур байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 49-50/, гэрч М.Ү-гийн: “...Быг У сугадчихсан гарсан. Нүүрийг нь ажиглаагүй, харин нарны хар өнгийн шил зүүсэн байсан. У нарны хар шилийг буудлын өрөөнөөс гарахдаа зүүсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 57/, гэрч Н.О-ийн: “...Захиалсан хоолыг нь хүргэж өгчихөөд текнийхээ хажууд зогсож байсан чинь, цагаан саарал үстэй эмэгтэй гэнэт толгойгоо хойшоо гэдийлгэж татаад сандлаа налан ухаан алдсан. Би сандраад гүйгээд очсон чинь хамт байсан эрэгтэй нь “би нөхөр нь байгаа юм, манай эхнэр олон хоног найзуудтайгаа архи уугаад шартаад ухаан алдаж байна, мөн манай эхнэр зочид буудалд байхад нь очиж аваад гэртээ харих гэж байна” гээд учир зүггүй сандран надад тайлбарлаад байсан. У аль нүдийг санахгүй байна, хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 59/, гэрч С.Ш-ийн: “...У надтай хамт буудалд орохдоо хувцсаа тайлан унтсан бөгөөд өглөө хувцас өмсөж байхыг харахад биед нь ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Биед өвдөх өвчин, ямар нэгэн шаналал зовиур, ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Мөн У нь дээгүүрээ цамцныхаа дотуур майка шиг юм өмсчихсөн байсан бөгөөд гар, шуу, бугалга хэсэгт ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Биед өвдөх өвчин, ямар нэгэн шаналал зовиур, ил харагдах гэмтэл шарх байгаагүй. ...Гэмтлийн эмнэлэг дээр очиход У ах Аагийгаар сахиулаад хэвтэж байсан. Юу болсон талаар асуухад “та нараас салаад Бтой хамт зочид буудалд орсон чинь намайг цохьсон. Би газар унахдаа паар мөргөсөн” талаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 66-67/, шинжээч эмч М.Аригуунтөгсийн: “...хохирогч Н.У эрүүл мэндэд учирсан тархины гэмтэл болох тархины хатуу хальсан доор цусан хураа нэмэгдэж тархи дарах хүртэл ухамсарт үйл хөдлөл хийж явах боломжтой. Дээрх гэмтлүүдийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр авах боломжтой шинэ гэмтлүүд байсан. ...бид үүссэн хүнд гэмтэл паар мөргөж унах, 2 өвдөгт үүсгэгдсэн гэмтэл нь паркет болон плита шалан дээр 2 өвдгөөрөө унахад үүсгэгдэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-н 90-92/, шинжээчийн 12821, 76 тоот дүгнэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Хохирогчийн мэдүүлэгт “цагаан өнгийн урт паар байсныг мөргөсөн, тухайн өрөө улаан өнгийн хөшигтэй байсан” гэсэн мэдүүлэг, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тухайн хэрэг болсон гэх газар нь цагаан өнгийн урт паартай, улаан өнгийн хөшигтэй байсан нь тогтоогдсон байна.

Түүнчлэн, шүүгдэгч, хохирогч нар нь хэрэг болсон зочид буудалд орохдоо хохирогч ямар нэгэн гэмтэлгүй байсан ба уг зочид буудлаас гарахдаа гэмтэл авсан байсан нь гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Б нь согтуурсан үедээ хохирогч Н.У-гарч явах гэлээ гэсэн шалтгааны улмаас цохиж, нүүр лүү нь түлхэж унагаасны улмаас хохирогч паар мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.У биед хүнд хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлгүүдээр тогтоогдсон байна.

Хохирогч Н.У нь шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, хавтаст хэрэгт бичгээр хүсэлт /хх-н 167/ гаргасан тул шүүгдэгч Д.Быг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Д.Быг гэм буруутай гэж үзсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 20.000 нэгж буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээг оногдуулж, уг торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломж олгож өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Д.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол нөхөн төлсөн, хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Б нь тодорхой эрхэлсэн ажилтай, орлоготой байх тул  оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар 3 жилийн хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Б-ыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Д.Бод шүүхээс оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4.  Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР