Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 238

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа  

Улсын яллагч: Г.Ганхөлөг /томилолтоор/,

Хохирогч: Ж.Э,

Шүүгдэгч: Э.Бөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Б-од холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905005810237 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.Б-, ..., 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, МУИС-ын хэрэглээний математикийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 1, ганцаараа ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Э.Бнь 2019 оны 01 дүгээр сарын 25-наас 01 дүгээр сарын 26-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастель” баарны гадна иргэн Ж.Эын нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр манай найз Солонгос улс руу явах виз гарсан гээд бааранд орсон. Манай найз бааранд ороод 2 эмэгтэйтэй бүжиглээд байж байсан. Миний нойр хүрээд баарны буйдан дээр унтсан. Намайг унтаад сэрэхэд манай найз нэг эмэгтэйтэй хамт сууж байсан. Бид гурав баарнаас гараад тэр эмэгтэйг таксинд суулгаж өгөөд явах гэтэл манай найз тэр эмэгтэйн цүнхийг авсан байхаар нь буцааж аваачиж өгөх гээд дуудаад очтол тэр таксины жолооч уурлаад намайг нэг цохихоор нь бид хоёр маргалдсан. Би дараа нь таксины жолоочийг тэр эмэгтэйн нөхөр байсныг мэдсэн...” гэв.

Хохирогч Ж.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр манай эхнэр найзтайгаа бааранд сууж байгаад ирье гээд явсан. Баарнаас гарахдаа чамайг дуудна шүү гэж хэлсэн. Намайг эхнэр дуудахаар нь би машинаа бариад баарны замын урд машинаа зогсоогоод хүлээгээд сууж байтал манай эхнэр ганцаараа баарнаас гарч ирээд явж байтал араас нь нэг залуу гарч ирээд манай эхнэрийг явуулахгүй татаж байхыг би хараад машинаасаа буугаад зам хөндлөн гараад очтол нэг залуу намайг шууд цохьсон. Тухайн үед намайг юугаар цохисоныг сайн мэдэхгүй байна. Манай эхнэр найзтайгаа намайг босгоод машинд суулгасан. Машинд суугаад нүүрээ толинд харах гэхэд эхнэр би харъя гэхээр нь цаашаа байж бай гээд гарыг нь холдуултал энэ залуу ирээд эмэгтэй хүн зодлоо гээд дахиад намайг цохьсон. Энэ хүн оюутан учраас нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэлье” гэв.

Хохирогч Ж.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “...Кастель баарны урд байрлах туслах нарийн зам дээр машинтайгаа зогсоод эхнэрийг гараад ир гэж утсаар дуудахад эхнэр ганцаараа баарнаас гараад ирсэн. Эхнэрийн араас 20 гаран насны эрэгтэй зам хөндлөн гарах гэсэн чинь гараас нь татаад гаргахгүй байсан ба би машины цонхоо доошоо буулгаад наад эхнэр явуулаач гэж орилсон. Өөдөөс юу гээд байгаа юм гэхээр нь би буугаад зам гараад очсон. Хүний эхнэр татаж чангаагаад юу гээд том дуугараад байгаа юм бэ гэж хэлсэн чинь танай эхнэрийг гэж мэдсэнгүй гэж хэлсэн. Гэтэл уг эрэгтэйн хажууд зогсож байсан махлаг намхан, хар өнгийн куртик өмссөн байсан эрэгтэй шууд нүүр рүү 1 удаа цохьсон. Би арагшаа саваад унаад босч чадахгүй байсан. Эхнэр, эхнэрийн найз Мандахаа 2 ирээд намайг босгоод машинд суулгасан ба эхнэр миний нүүрийг харах гээд нүүрэнд гараа хүргэхээр нь би цаашаа сууж бай гээд арагшаа түлхсэн чинь миний нүүр рүү цохьсон эрэгтэй гүйж ирээд машины хаалга онгойлгоод чи яагаад эмэгтэй хүн цохиод байгаа юм гэж хэлээд нүүр рүү гараараа баруун талын нүд рүү 2-3 удаа цохьсон. Энэ үед эрэгтэй найзууд нь ирж салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 8-9/,

Гэрч Д.У-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би хувцсаа өмсөж байтал нөхөр ирсэн гээд утсаар ярьсан. Би найзыгаа үлдээгээд баарнаас гараад зам гарч байтал нэг нь араас гарч ирээд дугаараа үлдээчих гэхээр нь үгүй гэхэд нөхөр машины цонхоо буулгаад “эхнэр зүгээр явуулаач” гэхэд нөхөр рүү “чамд ямар хамаатай юм” гэж хэлсэн. Манай нөхөр машинаас бууж ирээд “чи яах гээд байгаа юм, мангар бацаан минь” гэсэн чинь хажуунаас нэг эрэгтэй ирээд нөхрийг цохиод газар унагасан. ...машинд суусан байх үед мөн “чи эмэгтэй хүнд битгий гар хүрээд байгаач” гээд гэдэс рүү нь өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 35/,

Шинжээчийн 1752 тоот дүгнэлтэд: “...Ж.Эын биед баруун нүдний доод зовхи, дотор булан, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 13/,

Сэжигтнээр Э.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...зам хөндлөн гараад такси барих гээд зогсож байтал цагаан хувцас өмссөн эмэгтэй саарал өнгийн машинд суусан, уг машин руу харсан чинь машины жолооч уг эмэгтэйг зодоод байсан. Нүүр рүү нь гараараа хэд хэдэн удаа цохиод байсан. Би уг машины хаалгыг онгойлгоод яасан их эмэгтэй хүн цохьдог” юм гээд гараараа нүүр рүү нь 1 удаа цохьсон. Уг эрэгтэй машинаас бууж ирээд намайг цохих гэж дайрсан ба хажууд байсан найзууд нь салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 35/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, Компьютерт томографийн оношлогоо /хх-н 12/, хохирлын баримтууд /хх-н 14/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 19-26/, хохирлын мөнгө шилжүүлсэн баримт /хх-н 40/,

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Э.Бнь 2019 оны 01 дүгээр сарын 25-наас 01 дүгээр сарын 26-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастель” баарны гадна иргэн Ж.Эын нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ж.Эын: “...уг эрэгтэйн хажууд зогсож байсан махлаг намхан, хар өнгийн куртик өмссөн байсан эрэгтэй шууд нүүр рүү 1 удаа цохьсон, би арагшаа саваад унаад босч чадахгүй байсан. Би босоод зогсож байтал эхнэр, эхнэрийн найз Мандахаа 2 ирээд намайг машинд суулгасан ба эхнэр миний нүүрийг харах гээд нүүрэнд гараа хүргэхээр нь би цаашаа сууж бай гээд арагшаа түлхсэн чинь миний нүүр рүү цохьсон эрэгтэй гүйж ирээд машины хаалга онгойлгоод чи яагаад эмэгтэй хүн цохиод байгаа юм гэж хэлээд нүүр рүү гараараа баруун талын нүд рүү 2-3 удаа цохьсон. Энэ үед эрэгтэй найзууд ирж салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 8-9/, гэрч Д.У-ийн: “...Манай нөхөр машинаас бууж ирээд “чи яах гээд байгаа юм, мангар бацаан минь” гэсэн чинь хажуунаас нэг эрэгтэй ирээд нөхрийг цохиод газар унагасан. ...машинд суусан байх үед мөн “чи эмэгтэй хүнд битгий гар хүрээд байгаач” гээд гэдэс рүү нь өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 35/, шинжээчийн 1752 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Бнь хохирогч Ж.Эын нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Эын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь хохирогчид хохирлын 120.000 төгрөг данс руу нь шилжүүлсэн, хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Э.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь Э.Бнь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргасан ба шүүх шүүгдэгч Э.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн оногдуулсан ялын саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Бнь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ надад торгуулийн ял оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаанд төлөх боломж олгож өгнө үү гэснийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Э.Б-од шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Бнь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Э.Б-од шүүхээс оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг  даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР