Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 486

 

               Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Увс аймгийн Малчин сум 2 дугаар багт оршин суух, 1969 онд төрсөн, 47 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ69090565, Зуутраг овогт Цонхирын Янжиндуламын,

            Нас тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Янжиндулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

         Нэхэмжлэгч Ц.Янжиндулам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1968 оны 9 дүгээр сарын 05-нд Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн боловч намайг сургуульд оруулахгүй гэж аав, ээж маань насыг минь дарж бүртгүүлснээс миний иргэний үнэмлэхийн төрсөн он буруу бичигдэж олгогдсон. Миний аавыг Аюушийн Цонхио, ээжийг Дарамын Жуда гэдэг. Мөн намайг төрөлтийн журналд Янжиндулам гэдгийг Дамжиндулам гэж буруу бичсэн байна. Мөн миний аавын нэрийг Цонхио гэдэг байсан ба сүүлд иргэний үнэмлэх авахад овгийг маань Цонхир гэж буруу бичсэн байсан. Бид эхээс тавуулаа бөгөөд би дөрвөн ахтай айлын ганц охин юм. Одоо миний бүх бичиг баримт 1969 онд төрснөөр олгогдсон байдаг. Миний бие тэтгэвэрт гарах жинхэнэ нас болж байгаа учир 1968 онд төрсөн болохыг тогтоолгох шаардлагатай байна. Иймд намайг 1968 онд төрснийг тогтоож өгнө үү. Намайг 1968 онд төрснийг сайн мэдэх Ц.Алимаахүү, Ц.Нямсүрэн нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв. 

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Ц.Янжиндулам нь нас тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

           Увс аймгийн Өмнөговь сумын 1968 оны төрөлтийн бүртгэлийн журналд: “Аюушийн Цонхио, Дарамын Жуда нарын гэр бүлд 1968 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Дамжиндулам төрсөн талаар бүртгэл хийгджээ”.

    Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Ц.Алимаахүү, Ц.Нямсүрэн нараас мэдүүлэг авсан бөгөөд Ц.Алимаахүүгийн “Ц.Янжиндулам бид хоёр эгч дүү нарын хүүхдүүд юм. Ц.Янжиндуламын аавыг Цонхио, ээжийг Жуда гэдэг. Ц.Янжиндулам нь дөрвөн ахтай, айлын отгон охин юм.  Намайг 5 настай байхад Ц.Янжиндуламын аав Цонхио ах мориноос унаж нас барсан.  Манай аав, ээж хөдөө малчин байсан учир би сумын төв дээр Жуда эгчийн гэрт байж хичээл сургуульдаа явдаг байсан. Би 5 дугаар анги хүртлээ Жуда эгчийн гэрт байсан ба тэднийх мал маллахаар хөдөө гарахад нь дотуур байранд байх болсон. 1978 онд намайг 8 дугаар ангиа төгсөхөд Ц.Янжиндулам нь 10 настайдаа Өмнөговь сумын 10 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж байсан. Ц.Янжиндуламын аав нь түүнийг бага байхад нь нас барсан учир ээждээ тус дэм болж байгаад хожуу буюу 10 настайдаа сургуульд орсон. Ц.Янжиндуламын ээж түүнийг 8 настай сургуульд оруулахгүй гэж насыг нь дарсан байх” гэх мэдүүлэг, гэрч Ц.Нямсүрэнгийн “Ц.Янжиндулам 1968 оны 09 дүгээр сарын эхээр Увс аймгийн Өмнөговь сумын нутагт төрсөн. Тэгэхэд би 6 настай байсан бөгөөд Ц.Янжиндулам нь миний отгон дүү юм. Тухайн үед манайх сумын төвөөс 50 гаруй  километрийн зайтай  байсан учраас манай ээж дүүг маань гэртээ төрүүлсэн гэж би аав, ээжээсээ сонсож байсан. Бид эхээс тавуулаа бөгөөд том ах Ц.Гомбо 1953 онд, Ц.Ообаяр 1957 онд, Ц.Нямсүрэн 1962 онд, Ц.Пүрэвжав 1965 онд, Ц.Янжиндулам 1968 онд төрцгөөсөн, бүгд 2-3 насны зөрүүтэй. Ц.Янжиндуламын нас зөрсөн шалтгаан нь аав маань эрт нас барсан учраас отгон дүүг ээжийн хажууд байлгаж, сургуульд оруулахгүй гэж насыг нь дарж бүртгүүлсэн юм шиг байна лээ. Ц.Янжиндуламыг багад нь болон одоо ч бид Янжин л гэж дууддаг. Тухайн үед манай дүүг төрсний дараа иргэний бүртгэлийн ажилтан Янжиндулам гэх нэрийг Дамжиндулам гэж буруу бүртгэсэн байсан гэсэн. Тэгээд саяхан насны зөрүүгээ арилгуулахаар бичиг баримтаа хөөцөлдөхөд сумын эмнэлгээс “Төрөлтийн түүх” нь Дамжиндулам гэх нэрээр гарч ирсэн гэсэн. Энэ нь тухайн иргэний бүртгэлийн ажилтны буруу бүртгэснээс болсон байх, манай гэр бүлд Дамжиндулам нэртэй хүн байхгүй юм” гэх мэдүүлгүүд хэрэгт авагджээ.

       Увс аймгийн Өмнөговь сумын 1968 оны төрөлтийн бүртгэлийн журналд Ц.Янжиндуламыг нэрийг Дамжиндулам хэмээн буруу бичсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч З.Нямсүрэнгийн мэдүүлгээр нотлогдож байна.

         Нэхэмжлэгч Ц.Янжиндулам нь 1968 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн болох нь Увс аймгийн Өмнөговь сумын 1968 оны төрөлтийн бүртгэлийн журнал, гэрч Ц.Алимаахүү, Ц.Нямсүрэн нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

         Иймд нэхэмжлэгч Ц.Янжиндуламын хүсэлтийг хангаж, түүнийг 1968 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд  төрсөн болохыг тогтоож шийдвэрлэв.

        Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.     

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар Зуутраг овогт Цонхирын Янжиндуламыг 1968 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн болохыг тогтоосугай.  

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Ц.Янжиндуламын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ