Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 237

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: Г.Ганхөлөг,

           Шүүгдэгч: С.П-, Х.А-, тэдгээрийн өмгөөлөгч И.Хонгор, М.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.П, Х.А нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805006970981 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, С.П, ...., 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, компьютерийн операторь мэргэжилтэй, Фэйшн ресторанд зөөгч ажилтай, бүл 2, эхийн хамт ..... тоот регистртэй,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...., 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машины оператор мэргэжилтэй, Оюутолгой ХХК-д оператор ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .... тоот регистртэй,

Шүүгдэгч Х.А-, С.П- нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан иргэн Ж.Ө-ийн эзэмшлийн 11-53 УНӨ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины 4 ширхэг дугуйг обудын хамтаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 880.000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.П-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтан шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Шүүгдэгч Х.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтан шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Ж.Ө-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...гараад ирэхэд 4 дугуй байхгүй, машины доор эвсэн тоосго урагш нурсан байрлалтай машин элгээрээ газар хэвтсэн байсан. Миний алдсан дугуй нь таван салаа обудтай 17 инчийн өвлийн близак хээтэй байсан юм. 205*55*17 хэмжээтэй байсан. Уг дугуйг 50.000 төгрөгөөр, обудыг 4 хос 500.000 төгрөгөөр 2017 оны 12 дугаар сард авсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 22/,

Гэрч И.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн үед А орж ирээд та приусийн 17-той дугуй авах уу гэхээр нь би үзье гэсэн. Тэгээд А гараад явсан. Би араас аваад ороод ирээрэй гэж хэлээд гарааш руу орсон. Би гарахдаа цонхоор харахад автобусны буудал дээр цагаан өнгийн аксент маркийн машин түүний ард цагаан өнгийн приус 10 билүү 11 маркийн машин зогсож байсан. Би гараашдаа ороход А 1 ширхэг 17-той обудтай дугуй аваад орж ирсэн. Тэгээд таалагдсан учраас авахаар болж нөгөө дугуйг машиндаа тавьж үзэхээр авч үлдсэн....Тэгээд би машиндаа тавьж үзээд худалдан авахаар болж Аээр үлдсэн 3 дугуйг нь авч ирүүлж автомашинд одоог хүртэл тавьж байна. ...Хятад улсад үйлдвэрлэсэн, 17 радиус, хайлшин 5 салаа обудтай, хаймар хэмжээ нь 205*55*17 хэмжээтэй байсан. Хуучин явж байсан дугуй байсан. Өөр содон шинж тэмдэг байхгүй. Обудны голын таг хэсэгт хар дээр цагаанаар Desire  гэсэн бичигтэй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 23, 114/,

Яллагдагчаар С.П-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Бид хоёр миний машинтай явж хулгайн гэмт хэрэг үйлдээгүй. Миний машинтай явж байсан ч миний машины тосол нь халаад тургиад явахгүй байхаар нь 21 дүгээр хорооллын Содон хорооллын зогсоолд үлдээчихсэн байсан. Тэндээсээ такси бариад цаашаа явсан. Бид таксины жолоочид хүнээс дугуй авсан юм гэж хэлээд ачаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 106/,

Яллагдагчаар Х.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Бид хоёр тухайн үед П-ийн машинтай гарч явж байгаад замдаа тосол нь тургиад байхаар нь 21 дүгээр хорооллын тэр хавьд машиныг нь тавьчихаад цаашаа таксигаар явсан. Бид 1 дүгээр хорооллын тэр хавьд буугаад алхаж байгаад байрнуудын дунд байсан харанхуй газарт приус-20 маркийн машины дугуйг тайлж авахаар тохирсон. Бид тэр хавиас зам руу гарч байгаад такси бариад хулгайлсан дугуйнуудаа ачаад П-ийн гэр рүү явсан. Бид хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ өөрсдийн болон хэн нэгний тээврийн хэрэгслийг ашиглаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 107/,

  Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 7/, Хохирогчийн өргөдөл /хх-н 8/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 12-13/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-н 17/, Эд зүйлийн үнэлгээ /хх-н 30-32/, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 39-40, 44-60, 90-94, 132-134/, хохирол төлсөн баримт /хх-н 62/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 135-137/ зэрэг болно.   

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Х.А-, С.П- нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан иргэн Ж.Ө-ийн эзэмшлийн 11-53 УНӨ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины 4 ширхэг дугуйг обудын хамтаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 880.000 төгрөгний бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ж.Ө-ийн: “...гараад ирэхэд 4 дугуй байхгүй, машины доор эвсэн тоосго урагш нурсан байрлалтай машин элгээрээ газар хэвтсэн байсан. Миний алдсан дугуй нь таван салаа обудтай 17 инчийн өвлийн бальзок хээтэй байсан юм. 205*55*17 хэмжээтэй байсан. Уг дугуйг 50.000 төгрөгөөр, обудыг 4 хос 500.000 төгрөгөөр 2017 оны 12 дугаар сард авсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 22/, гэрч И.А-ийн: “...Би граждаа ороход А 1 ширхэг 17-той обудтай дугуй аваад орж ирсэн. Тэгээд таалагдсан учраас авахаар болж нөгөө дугуйг машиндаа тавьж үзэхээр авч үлдсэн. ...Тэгээд би машиндаа тавьж үзээд худалдан авахаар болж Аээр үлдсэн 3 дугуйг нь авч ирүүлж автомашинд одоог хүртэл тавьж байна....” гэсэн мэдүүлэг /хх-н 23, 114/, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч С.П-, Х.А- нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.П-, Х.А- нар нь хохирогч Ж.Ө-ийн эзэмшлийн 11-53 УНӨ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины 4 ширхэг дугуйг обудын хамтаар хулгайлан авч 880.000 төгрөгийн хохирол учруулсан нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нь хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн, хохирол төлсөн /хх-н 62/ баримт хавтаст хэрэгт авагдсан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч С.П-, Х.А- нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарт 7 сарын хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч С.П-, Х.А- нарын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

  Иймд шүүхээс шүүгдэгч С.П-, Х.А- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, шүүгдэгч нар нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч С.П-, Х.А- нарт ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч С.П-, Х.А- нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С.П, Х.А нарыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн1, 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.П-, Х.А- нарыг хорих ял оногдуулахгүйгээр, 01 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг тус тус хүлээлгэсүгэй. 
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.П-, Х.А- нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.П-, Х.А-  нарт оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.П-, Х.А- нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР