Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2013 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 225/МА2013/00009

 

С.Ад холбогдох иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүү гч Б.Оюунцэцэг, шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Оюунжаргал, зөрчил гаргагч С.А нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар Сум дундын шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 4- ний өдрийн 63 дугаар шийтгэврийг эс зөвшөөрч зөрчил гаргагч С.Агийн гаргасан давж заалдах гомдлоор шийтгэврийг хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Зөрчил гаргагч: Монгол улсын харъяат, Д овогт Сын А, .... оны ... дугаар сарын ...-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, МИ-8 нисдэг тэрэгний туршилтын инженер мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн ..... дугаар хорооны .......... тоотод оршин суух, регистрийн дугаар ..........................,

Иргэн С.А нь ..... оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 21 цаг 48 минутын үед Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны нутаг дэвсгэрт Т.Приус маркийн 000 ННН улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргасанд холбогджээ.

Сум дундын шүүх 2013 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 63 дугаар шийтгэврээр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 6-д зааснаар Д овогт Сын Аг 30 /гуч/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулж, шийтгэврийн биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, С.Агийн баривчлагдсан хугацааг Хөвсгөл аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хүргэгдэн очсон өдрөөс эхлэн тооцохыг мэдэгдэж, С.Ад захиргааны шийтгэл ногдуулсан шийтгэврийн нэг хувийг гардуулахыг шүүгчийн туслах Ж.Ганчимэгт даалгаж, зөрчил гаргасан этгээд шийтгэврийг

 

хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор дээд шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Зөрчил гаргагч С.А давж заалдах гомдолдоо: "...Замын цагдаагийн албан хаагчид намайг зөрчил гаргасан гэж өөрсдөө илрүүлж хариуцлага тооцсон зүйлгүй....Хатгал тосгоноос 5 км ба Мөсний баярын арга хэмжээ зохиогдох үндсэн замаас 1 км гаруй зайд оройн 21 цагийн үед мөсний ховилд цохигдож урд амортизаторын дээд таваг мултарснаар автомашин маань хөдлөх эд ангийн 5 бул нь мултарч цааш явах чадваргүй болсон. Ингээд техникийн гэмтэл гарч явахгүй болсон машинтай хүний нутагт мөсөн дээр харанхуйд ганцаараа байсан учир тусламж хүсэн цагдаа болон онцгой байдал руу утсаар холбогдож дуудсан. Дуудлага өгснөөс хойш 40 гаруй минутын дараа ирэхэд нь даарч байсан учир жаахан архи уусан нь үнэн. Гэвч Цагдаагийхан ирээд ямар нэг тайлбаргүйгээр тусламж үзүүлэхгүйгээр намайг үлээлгэж үзчихээд л машины номер аваад явсан...Машинаа эзгүй талд орхиод явж чадахгүй болохоор дахиад Улаанбаатар хот руу 126-ын жижүүрт “танай замын цагдаа нар ноймор хураачихаад ямар ч арга хэмжээ авалгүй эзгүй мөсөн дээр хаяад явсан” гэж мэдэгдсэн. Тэгээд хотын 126-ын жижүүр аймгийн Цагдаагийн даргатай холбогдож мэдэгдсэнээр цагдаагийн ахлах дэслэгч Мөнх-Эрдэнэ, цагдаагийн дэслэгч Баттулга нар ирж Хатгал руу чирээд журмын хашаанд машин хийгээд номероо Мөрөнгөөс орж аваарай гээд яваад өгсөн. Ард иргэддээ туслах хүмүүс ингэж хандсанд гомдолтой байна....надаас ямар ч тайлбар хүсэлт сонсолгүйгээр 30 хоногоор баривчлуулахаар шийдвэр гаргасан. Би энэ зөрчлийг нуун далдлах аливаа үйлдэл хийгээгүй. Эхнэр маань өвчтэй, би ажлаасаа чөлөө авсан мөн хол нутгаас ирсэн зэрэг аргагүй байдалд орсон болон ахуй амьдралыг харгалзан надад авсан арга хэмжээний хугацаанаас багасгаж өгнө үү" гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Зөрчил гаргагч С.А нь 2013 оны 3 дугаар сарын 1-ний өдөр аймгийн Хатгал тосгоны нутаг дэвсгэрт согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Т-Рпиз маркийн 95-83 УНЧ улсын дугаартай автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь хэрэгт авагдсан захиргааны зөрчлийн тухай тэмдэглэл, жолоочийн лавлагаа, тээврийн хэрэгслийг түр саатуулсан тэмдэглэл , жолоочийн согтуурал шалгасан магадлагаа зэрэг нотлох баримтуудаар батлагдсан байна.

С.Ад холбогдох захиргааны зөрчлийн материалд тухайн үед тээврийн хэрэгсэл нь эвдэрсэн, тэрээр зохих газарт нь дуудлага өгч байсан тухай баримт авагдаагүй ба тэрээр 2013 оны 1 дүгээр сарын 14 ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 6 сарын хугацаагаар хасуулж байсан, шүүх түүнд хуульд заасан баривчлах арга хэмжээ авсан нь үндэслэл бүхий байх тул зөрчил гаргагчийн гаргасан “... машин мөсний ховилд цохигдож урд амортизаторын дээд таваг мултарснаар автомашин маань хөдлөх эд ангийн 5 бул нь мултарч цааш явах чадваргүй болсон. Ингээд техникийн гэмтэл гарч явахгүй болсон машинтай хүний нутагт мөсөн дээр харанхуйд ганцаараа байсан учир тусламж хүсэн цагдаа болон онцгой байдал руу утсаар холбогдож дуудлага өгсөн ба би даарч байсан учир жаахан

 

архи уусан нь үнэн. Гэвч Цагдаагийхан ирээд ямар нэг тайлбаргүйгээр тусламж үзүүлэхгүйгээр намайг үлээлгэж үзчихээд л машины номер аваад явсан...Машинаа эзгүй талд орхиод явж чадахгүй болохоор дахиад Улаанбаатар хот руу 126-ын жижүүрт “танай замын цагдаа нар ноймор хураачихаад ямар ч арга хэмжээ авалгүй эзгүй мөсөн дээр хаяад явсан гэж мэдэгдсэн. Тэгээд хотын 126-ын жижүүр аймгийн Цагдаагийн даргатай холбогдож мэдэгдсэнээр миний машиныг чирээд журмын хашаанд хийгээд номероо Мөрөнгөөс орж аваарай гээд яваад өгсөн. Ард иргэддээ туслах хүмүүс ингэж хандсанд гомдолтой байна, ажпаасаа чөлөө авсан болон ахуй амьдралыг минь харгалзан үзэж авсан арга хэмжээний хугацаанаас багасгаж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч хангах боломжгүй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.  С.Агийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Сум дундын шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 63 дугаар шийтгэврийг хэвээр үлдээсүгэй.
  2.  Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргаж болохгүйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ З.ХОСБАЯР

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ