Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 268

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: Н.Энхболд,

Шүүгдэгч: Д.Б-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Б-өд холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1805046031022 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Б-, ...., 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, “Алтайн Хүдэр” ХХК-д засварчин ажилтай, ам бүл 2, эхийн хамт ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Д.Б-нь 2018 оны 9 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 баарны үүдэнд иргэн Б.Ц-йн биед зүүн зовхи, зүүн хацрын төвгөрт цус хуралт, зүүн чамархай, зүүн нүдний гадна буланд зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирогчийг цохьсон нь миний буруу. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Б.Ц-йн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр найз нарын хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах +25 нэртэй бааранд орж жоохон бүжиглэж байгаад өмнө хамт ажиллаж байсан Б- гэх залуутай манай найз тааралдаад тэр Б-өд зодуулчаад ороод ирсэн. Тэгээд би чи хэнд зодуулчхав гэсэн чинь намайг хуучин ажиллаж байсан Б- зодчихлоо гэж хэлээд орж ирсэн. Тэгэхээр нь би гараад “чи одоо яагаад хүн зодож байгаа юм бэ, чи нөгөө хүний мөнгө хулхидаад яваад байгаа хүн байна” гэсэн чинь намайг шууд цохиод авсан. Би газар унасан. Тухайн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлийг Б- гараараа зүүн талын шанаанд хэд хэдэн удаа цохьсоны улмаас үүссэн. ...Б- бид нар маргалдан зодолдож байхад миний өмдний халаасанд байсан гар утас алга болсон байсан. Хүн авсан, мөн хаясан, гээсэн эсэхээ мэдэхгүй байна. Тийм учраас надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би анх цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргахдаа миний халаасанд байсан утсыг Б- л авсан байх гэж бодсон учир Б-тэй би маргалдан зууралдсан болохоороо тэгж бодсон. Хэрэг гардаг өдөр манай найз Бэгзсүрэн зодуулчихсан орж ирэхээр нь юу болсон шалтгааныг асуухаар гарсан тэгтэл Б- үгийн зөрүү байхгүй намайг зодсон. Би Б-тэй “Алтайн Хүдэр ХХК”-д ажиллаж байхдаа танилцсан. ...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 13-16, 80-81/,

Сэжигтнээр М.С- мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тухайн өдөр өөрийн найз Б-тэй 18-19 цагийн орчимд хороололд уулзаад нэг газар орж пиво уучихаад орсон газраасаа гараад Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 бааранд орох гээд гадаа нь зогсож байсан. Тэгтэл Б-ийн найз гэх нэг залуу гарч ирээд түүний араас хоёр залуу гарч ирсэн. Уг нь эхлээд гарч ирсэн залуу Б-тэй гар бариад уулзаад зогсож байсан. Тэр үед би баарны такс төлөөд зогсож байсан. Тэгтэл Б- гар бариад зогсож байсан залуутайгаа маргалдаад зодолдоод эхэлсэн. Б-тэй зодолдож байсан залуу нь одоо хохирогч Ц байгаа юм. Хохирогчийн араас гарч ирсэн хоёр залуу нь Б- рүү дайраад байхаар нь би очиж Ц болон хамт зогсож байсан залуучуудыг нь татахыг нь татаж, түлхэхийг нь түлхэж хориглох үйлдэл хийсэн. Миний зодооныг салгах үйлдлийн улмаас хэн нэгэн газар унаагүй. Харин Б- хохирогчийн гэдсэнд цохиход хохирогч газарт унаж байсан. Тэгээд Б- явъя гээд намайг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 29/,

Шинжээчийн 10860 тоот дүгнэлтэд: “...Б.Ц-йн биед зүүн зовхи, зүүн хацрын төвгөрт цус хуралт, зүүн чамархай, зүүн нүдний гадна буланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 21/,

Сэжигтэн, яллагдагчаар Д.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр миний ажлын цалин буугаад найз бүтэн нэрийг нь мэдэхгүй Жоохноогийн хамт Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, хорооллын эцсийн нэг караокед ороод тэндээ пиво ууж байгаад орой 03 цагийн үед гараад Модны 2-н зам дагуу байх +25 нэртэй бааранд орох гээд таксиний мөнгө төлөх гээд байж байсан чинь миний өмнө ажиллаж байсан газарт хамт ажиллаж байсан Бэгзсүрэн таараад намайг үгийн зөрөөгүй цохиод авсан. Би гайхаад чи яаж байгаан гээд зөрүүлээд нүүр рүү нь цохьсон. Тэгсэн над руу цохино гээд дайраад байхаар нь би цааш нь түлхээд унагасан. Би цаашаа эргээд харсан чинь миний араас Ц миний толгойн ар хэсэг рүү гараараа цохьсон. Би зөрүүлээд Цйн нүүр лүү нь цохиод, аймхай хэсэг рүү нь цохиж байж болиулсан. Тэгээд би явах гэж байхад миний гар утас байхгүй байна гэхээр нь би өөрийнхөө 88042254 гэсэн дугаараас залгахад утас нь дуудаж байгаад холбогдохоо больсон. Тэгээд би яваад өгсөн. Миний харснаар С, Цд ямар нэгэн байдлаар гар хүрээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 27-28/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, Хохирогчийн өргөдөл /хх-н 5/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 7-8/, компьютерт томографийн оношлогоо /хх-н 22/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 30-36, 38-49, 64-67/, Хохирогчийн хүсэлт /хх-н 82, 95/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Б-нь 2018 оны 9 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 баарны үүдэнд иргэн Б.Ц-йн биед зүүн зовхи, зүүн хацрын төвгөрт цус хуралт, зүүн чамархай, зүүн нүдний гадна буланд зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Ц-йн: “...би гараад “чи одоо яагаад хүн зодож байгаа юм бэ, чи нөгөө хүний мөнгө хулхидаад яваад байгаа хүн байна” гэсэн чинь намайг шууд цохиод авсан. Би газар унасан. Тухайн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлийг Б- гараараа зүүн талын шанаанд хэд хэдэн удаа цохьсоны улмаас үүссэн. ...Хэрэг гардаг өдөр манай найз Бэгзсүрэн зодуулчихсан орж ирэхээр нь юу болсон шалтгааныг асуухаар гарсан тэгтэл Б- үгийн зөрүү байхгүй намайг зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 13-16, 80-81/, сэжигтнээр М.С-: “...Б- гар бариад зогсож байсан залуутайгаа маргалдаад зодолдоод эхэлсэн. Б-тэй зодолдож байсан залуу нь одоо хохирогч Ц байгаа юм. Хохирогчийн араас гарч ирсэн хоёр залуу нь Б- рүү дайраад байхаар нь би очиж Ц болон хамт зогсож байсан залуучуудыг нь татахыг нь татаж, түлхэхийг нь түлхэж хориглох үйлдэл хийсэн. Миний зодооныг салгах үйлдлийн улмаас хэн нэгэн газар унаагүй харин Б- хохирогчийн гэдсэнд цохиход хохирогч газарт унаж байсан. Тэгээд Б- явъя гээд намайг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 29/, шинжээчийн 10860 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Б-нь хохирогч Б.Ц-тай маргалдан, түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, хохирол төлбөрт 200.000 төгрөг авсан, гомдол саналгүй гэсэн хүсэлт /хх-н 95/ бичгээр гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Д.Б-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

          Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Б-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-өд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.ОТГОНБАЯР