Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 258

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

Улсын яллагч: Б.Бямбадагва,

           Шүүгдэгч: Ц.Б, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805041880233 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ц.Б-,  ...., халх, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .... тоот регистртэй,

Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “Дүүхээ” төвийн орчимоос иргэн Б.Т-ийн халааснаас iphone 8 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Б.Т-т 1.664.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Б.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 19 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүүхээ” худалдааны төвийн автобусны буудлаас ...шар өнгийн автобусанд дөнгөж ортол миний урд автобус руу орсон бор өнгийн пудволктой эрэгтэй “энэ чигээрээ явдаг автобус мөн үү” гээд жолоочоос нь асуутал “үгүй” гэтэл миний урдаас намайг шахаж мөргөөд хажуугаар буусан. ...би шортныхоо баруун талын халаасанд байсан гар утсаа шалгаад үзтэл алга болсон байсан. ...2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Япон улсаас ах явуулсан Айфон-8 маркийн гар утас байсан. ...2.300.000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн мэдүүлэг /хх-н 9-10/,

Гэрчээр Ц.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутагт байрлах Дүүхээ худалдааны төвийн орчим алхаж явтал урд явж байсан саарал өнгийн цамцтай эмэгтэйн зүүн халаасанд Айфон-8 маркийн гар утас харагдсан. ...би автобусанд түрүүлж орж суугаад буцаж буухдаа эмэгтэйн зүүн халааснаас Айфон-8 маркийн гар утсыг нь хулгайлан авсан. Үүнийгээ Тэди худалдааны төвийн гадна талд зогсож байсан одоо, царай зүсийг нь үл таних ченжид 250.000 төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/,

Яллагдагчаар Ц.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна. Уг гэмт хэргийг би ганцаараа үйлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 42-44/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Эд зүйлийн үнэлгээ /хх-н 14-15/, хохирогчийн хүсэлт /хх-н 20/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 26-35, 46/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “Дүүхээ” төвийн орчимоос иргэн Б.Т-ийн халааснаас iphone 8 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Б.Т-т 1.664.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Т-ийн: “...Дүүхээ худалдааны төвийн автобусны буудлаас ...шар өнгийн автобусанд дөнгөж ортол миний урд автобус руу орсон бор өнгийн подволктой эрэгтэй “энэ чигээрээ явдаг автобус мөн үү” гээд жолоочоос нь асуутал “үгүй” гэтэл миний урдаас намайг шахаж мөргөөд хажуугаар буусан. ...би шортныхоо баруун талын халаасанд байсан гар утсаа шалгаад үзтэл алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 9-10/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 14-15/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ц.Бгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Б нь хохирогчийн халаасанд утас байгааг харж түүний суух автобусанд түрүүлж суун хохирогчийг автобусанд суухад нь өөдөөс зөрж буун түүний халааснаас Айфон-8 маркийн гар утсыг нь хулгайлж 1.664.000 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд хохиролд 1.664.000 төгрөг хүлээн авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт гаргасан /хх-н 20/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Ц.Б-гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэсэн ялын санал тус тус гаргасан ба шүүх шүүгдэгч Ц.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн оногдуулсан саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц.Б-г “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь шүүхээс оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР