Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2019/ШЦТ/127

 

 

 Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Б.Догмиддорж

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд

Шүүгдэгч З.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт З.Н-д холбогдох 1921000320047 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эмээгийн хамт Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багт оршин суух, гавьяа шагналгүй,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 2 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан Бодонгууд овогт З.Н.

 

Шүүгдэгч З.Н нь 2018 оны 12 дугаар сарын 03-наас 10-ны өдрүүдийн хооронд Дорнод аймгийн Баяндун сумын 2 дугаар багийн нутаг  “Чоно өндрийн ар” гэх газраас иргэн Д.Д-ын 3 тооны адууг хулгайлж, бусдад 2600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар баг “Голын цагаан” гэх газар нутаглах иргэн Х.Б-ы 1 тооны адууг хулгайлж, бусдад 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

 2018 оны 08 дугаар сард Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Бул нуур” гэх газраас иргэн Л.Д-гийн бор зүсмийн 1 тооны даагыг хулгайлж, бусдад 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 08 дугаар сарын 12, 13-ны өдрийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар баг “Билүүт” гэх газраас иргэн Б.Б-ийн 1 тооны адууг хулгайлж, бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч З.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн үед ах маань өвчтэй, Хөх хотод эмчилгээнд явах гээд мөнгөний хэрэг гараад хулгай хийсэн.  Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Хохирогч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 4 адуугаа хайгаад явж байхад Бяруутын ар гэх газарт хээр зүсмийн морь, хүрэн сувиа гүү байхаар нь яваад очиход хүрэн зүсмийн гүү нь суран хазаартай жолоо нь тасарсан байхаар нь адуундаа хөөж оруулаад түүнээс хойш ойр орчмоор хайгаад олоогүй. Манай алдсан гэх адуу хүрэн зүсмийн бүдүүн морь, хүрэн зүсмийн цохиондоо жаахан цагаантай шүдлэн үрээ, хоёулаа адилхан ширээтэй зуузай тамгатай. Хохирлоо  авсан учраас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэв. /хх-ийн 41-42, 113 тал/

 

Хохирогч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 07 дугаар сарын 28-наас 29-ний орчимд адуугаа татаж бүртгэхэд хээр зүсмийн даага алга болсон байхаар нь ойр орчимдоо хайхад сураг гараагүй, олдоогүй. Би З.Нийг авна гэж бодоогүй байсан юм. Би хохирлоо гаргуулж авмаар байна...” гэжээ. /хх-ийн 45-46 тал/

 

Хохирогч Л.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 20-ны орчимд хөдөө гэртээ ирээд алдсан даагаа ойр орчмын айлуудаар болон З.Ноос алдсан адуугаа асуухад мэдээгүй, хараагүй гэж хэлж байсан. Би гомдолтой байна, хохирлоо нэхэмжлэх болно...” гэжээ. /хх-ийн 49-50 тал/

 

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 08 дугаар сарын аравд гаргаад нүүдэл хийхдээ хээр азаргатай адуугаа таталгүй байж байгаад адуугаа татаж бүртгэхэд бараан хүрэн зүсмийн шүдлэн адуу алдагдсан байсан. Ойр хавиар сураг тавьсан боловч олоогүй. Хохирлоо аваагүй, нэхэмжилнэ...” гэжээ.  /хх-ийн 91-92 тал/

 

Гэрч Ц.Лхагвасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 оны 12 дугаар сарын 06-ны өглөө 10 цагийн орчимд З.Н над руу залгаад адуугаа ирж ав гэхээр нь хадам дүү Батжаргалыг явуулсан. Батжаргалыг орой ирэхгүй болохоор нь аав Батболд руу залгаж асуухад оройтоод маргааш өглөө очно гэж хэлсэн. Маргааш Батболд ах над руу залгаад адуугаа ирж ав гэхээр нь очиж авсан. Нилээн ааштай бүдүүн адуу байхаар нь би маллаж чадахгүй, алдаж магадгүй гэж бодоод идшиндээ хэрэглэсэн. Тамга нь ширээтэй зуузай байна гэж харсан. Адууны арьсыг манай эхнэр зарсан, толгой нь байгаа ” гэжээ. /хх-ийн 54-55 тал/

 

Гэрч Л.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...З.Н өөдөөс ирээд хашаа руу ойртуулахгүй байж байгаад хоёулаа идшээ хийх үү гэхээр нь чи юу яриад байна гээд буцаад гэр рүүгээ явсан. Намайг очиход 2 адуу бариад уясан байсан” гэжээ. /хх-ийн 56-57 тал/

 

     Гэрч Б.Билгүүн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...З.Н хүрэн зүсмийн бүдүүн морь, хүрэн гүү, хээр морь гээд 3 морийг бугуйлаар барьж, хажуу талын үхрийн саравчинд уяж хоноод маргааш өглөө Батжаргал хүрэн морийг аваад явах гэж байхад хүрэн гүүний хазаар нь тасраад баруу хойшоо давхисан. З.Н бид хоёрыг гэрт ороод гарч ирэхэд хээр морины хазаар нь мултраад зүүн тийш хашаа даваад явахаар нь орхисон. З.Н уг адууг ганцаараа хөөж ирсэн. Батжаргал хамт явж байснаа морь нь эцээд буцаж ирсэн гэж байсан” гэжээ. /хх-ийн 63-65 тал/

 

     Гэрч Б.Батжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...З.Нтой хамт явж байтал миний унаж явсан морь эцээд явахгүй байхаар нь З.Н ах чи манайд очоод гал түлээд байж бай гэхээр нь би буцаад гэр рүү нь очиж байхад З.Н ах 50-60 тооны адуу хөөгөөд ирэхээр нь би адууных нь хашааг онгойлгоод адууг нь хашсан. Би 9 цагийн орчимд Лхагвасүрэн ахад өгсөн дэлтэй хүрэн морийг нь туугаад гэр рүүгээ очиж уяж үлдээхэд Лхагвасүрэн ах 12 дугаар сарын 08-ны өдөр ирж авсан. З.Н нь өөрийн адуу биш гэдгийг хэлээгүй” гэжээ. /хх-ийн 67-69 тал/

 

     Гэрч Х.Чимэд-Очир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын дундуур аймгаас Баяндун сумын нутагт нутаглах З.Нийнд очиж даагаа авъя гэхэд тэр адуугаа хураан хашаан дотроо хашиж хээр зүсмийн даагыг барьж надад өгсөн. Уг даагыг би гэрийнх нь гадна ажиллаж махыг нь аймаг руу авч явж зарсан. Өөрийнхөө адуунаас барьж байна гэж бодсон. Би тэдний адууг танихгүй” гэжээ. /хх-ийн 80 тал/

 

     Гэрч Ш.Мөнхнасан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын 20-ноос 21-ний орчимд З.Н над руу залгаад мөнгөний хэрэг гараад байна, та надад 1 дааганы мөнгө өгөөч гээд 250.000 төгрөг авсан. Би 2018 оны 08 дугаар сарын 20-ны орчимд З.Нийнх руу очоод даагаа авъя гэхэд би адуу хураагаад ирье, та хойд хашаа руу очоод байж бай гээд адуундаа мордоод улаан азаргатай адуу тууж ирээд охин бор даага барьж өгөхөөр нь би аваад явсан” гэжээ. /хх-ийн 82 тал/

    

     Гэрч Г.Баасанжав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “З.Н надад 2 тооны адуу авчирч өгсөн. Тэрээр нэг нь хүрэн зүсмийн шүдлэн үрээ, нөгөө нь мөн цавьдар үрээ байсан. Тэрээр өмнө нь надаас мөнгө зээлсэн байсан. Уг мөнгөний оронд тус адууг өгч байгаа юм. Хулгайн адуу гэдэг талаар би мэдээгүй” гэжээ. /хх-ийн 93 тал/

 

     Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 114-117 тал/

     З.Н-ийн гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 58-61, 79, 85, 92, 103, 109, 112 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Бодонгууд овогт З.Н нь 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Голын цагаан” гэх газар нутаглах хохирогч Х.Б-ы 1 тооны адууг хулгайлж, 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

 2018 оны 08 дугаар сард Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Бул нуур” гэх газраас хохирогч Л.Д-гийн бор зүсмийн 1 тооны даагыг хулгайлж, 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 08 дугаар сарын 12, 13-ны өдрийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Билүүт” гэх газраас хохирогч Б.Б-ийн 1 тооны адууг хулгайлж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 10-ны өдрүүдийн хооронд Дорнод аймгийн Баяндун сумын 2 дугаар багийн нутаг  “Чоно өндрийн ар” гэх газраас хохирогч Д.Д-ын 3 тооны адууг хулгайлж, 2600.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын малыг хулгайлж, бусдад нийт 3600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Д-ын адууг гэртээ тууж ирээд хүрэн халтар морь, хүрэн гүү, халтар шүдлэн адууг авч үлдсэн боловч хүрэн гүү нь жолоогоо таслаад, халтар морь нь хазаараа таслаад явчихсан. Би Х.Б ахын адуунаас хээр зүсмийн даага барьж Чимэд-Очирт өгч явуулсан. Содном даагаа авъя гэхээр нь Мөнхбаяр ахын адуунд байсан Л.Д ахын бор зүсмийн даагыг бариад өгсөн. Би Б.Б-ийн адуунаас барьсан хүрэн зүсмийн шүдлэн үрээг Баасанжав ахад аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг, хохирогч Д.Д, Х.Б, Л.Д, Б.Б, гэрч Ц.Лхагвасүрэн, Б.Билгүүн, Б.Батжаргал, Х.Чимэд-Очир, Ш.Мөнхнасан, Г.Баасанжав нарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

 

Шүүгдэгч З.Н-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч З.Н-ийг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч З.Н-ийг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч З.Н нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, 3 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жил 6 сарын  хянан харгалзсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч З.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч З.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч З.Н-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Д-д 3 тооны адууны буюу 2600.000 төгрөгийн, хохирогч Х.Б-д 1 тооны адууны буюу 300.000 төгрөгийн, хохирогч Л.Д-д 1 тооны адууны буюу 300.000 төгрөгийн, хохирогч Б.Б-т 1 тооны адууны буюу 400.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогч Д.Д, Х.Б, Л.Д нарт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчээс 400.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б-т олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бодонгууд овогт З.Н-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Н-ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч З.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Н-д оногдуулсан 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ноос гэм хорын хохиролд нийт 400.000 /дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулж Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багт оршин суух хохирогч Хуасай овогт Б.Б-т олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч З.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Д, Х.Б, Л.Д нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч З.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.    

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.БАТЖАРГАЛ