| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00410/И |
| Дугаар | 488 |
| Огноо | 2016-07-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 488
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 1 гудамжны 4 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ65081564, Тайж овогт Юнгэрийн Сүрэнгийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ю.Сүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ю.Сүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1965 оны 8 дугаар сарын 15-нд төрсөн. Би 1981 онд 8 дугаар анги төгсөөд Увс аймгийн Хүнсний үйлдвэрт 1982 оны 4 дүгээр сарын 01-нээс эхлэн үйлчлэгчээр анх ажилд орсон. Дараа нь 1982 оны 6 дугаар сарын 04-нөөс нормчноор ажиллаж байсан. Хүнсний үйлдвэрт нормчноор 1987 он хүртэл ажиллаад дараа нь Увс аймгийн Улаангом хот дахь Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд цэцэрлэгчнээр ажиллах болсон. Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд 1 жил ажиллаад Давст сумын Алдар нэгдэлд барилгачнаар ажиллах болсон. Давст сумын Алдар нэгдэлд барилгачнаар ажиллах болсон. Давст сумын Алдар нэгдэл 1991 онд компани болоход миний бие мөн л барилгачнаар ажиллаж байсан Тус компанид 1992 оны 10 дугаар сарыг дуустал ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч бичилт нь дутуу, ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1982 оноос 1992 оны хооронд Увс аймгийн Хүнсний үйлдвэр болон Улаангом хот дахь Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл, Давст сумын Алдар нэгдэл, “Алдар” ХК-д үйлчлэгч, цэцэрлэгчин, барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Надтай ажиллаж байсан Б.Хөх-Үрэн, А.Цэрэнпил нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ю.Сүрэн нь 1982 оноос 1992 оны 10 дугаар сарыг дуустал Увс аймгийн Хүнсний үйлдвэрт үйлчлэгч, нормчноор, Улаангом хот дахь Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд цэцэрлэгчнээр, Давст сумын Алдар нэгдэл болон “Алдар” ХК-д барилгачнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Юнгэрэнгийн Сүрэнгийн 1982 оны 6 дугаар сараас 1987 оны 3 дугаар сарыг дуустал Увс аймгийн Хүнсний үйлдвэрт ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Увс аймгийн Хүнсний үйлдвэрийн захиргаанаас Ю.Сүрэнд олгосон 150943 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “1982 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Хүнсний үйлдвэрт үйлчлэгчээр авч ажиллуулав, 1987 оны 3 дугаар сарын 28-ны өдөр өөр газар шилжин ажиллах болсон тул үйлчлэгчийн ажлаас чөлөөлөв, 1987 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Улаангом хот дахь Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд цэцэрлэгчнээр авч ажиллуулав, 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өөр байгууллагад шилжин ажиллах болсон тул цэцэрлэгчийн ажлаас чөлөөлөв, 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Давст сумын Алдар нэгдлийн барилгын бригадад барилгачнаар авч ажиллуулав, 1994 оны 5 дугаар сарын 01-ний өдөр компани тарсан тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв” гэжээ.
Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа Увс хүнс чацарганы үйлдвэрийн даргын 1982 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 84 дүгээр “Түр ажилд батлах тухай” тушаалд: “Юнгэрэн овогтой Сүрэнг архи амтат усны цехэд нормчноор түр хугацаагаар авч ажиллуулсугай. Ю.Сүрэнг 6 дугаар сарын 04-нөөс эхлэн хийснээр нь цалинжуулахыг санхүү, ерөнхий ня-бо Ж.Чулуунбаатарт зөвшөөрсүгэй” гэжээ.
Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2013 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 1682 дугаар шимтгэл төлөлтийн лавлагаанд: “1991-1992 онд “Алдар” ХК нь Увс аймгийн Давст суманд үйл ажиллагаа явуулж цалин ба түүнтэй адилтгах орлогоосоо хуулийн хувь хэмжээгээр шимтгэл төлж байсан нь үнэн болно” гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Б.Хөх-Үрэн, А.Цэрэнпил нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Б.Хөх-Үрэнгийн “Миний бие нь 1966 оноос 1993 он хүртэл Увс хүнсний комбинатын чихрийн цехэд нормчин, архины цехийн мастер зэрэг ажлуудыг хийж байсан. Ю.Сүрэн 1982 оноос Увс аймгийн Хүнсний үйлдвэрт конторын үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн. Ю.Сүрэн дараа нь нормчноор ажиллах болсон. Ю.Сүрэн тус үйлдвэрт нормчноор 1987 он хүртэл ажиллаад Жимсний станцад цэцэрлэгчнээр шилжин ажиллах болсон. Тухайн үед Хүнсний үйлдвэрийн даргаар Ядамцоо, Пунцаг, Данзан, Дагварэнцэн, Ё.Басан гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч А.Цэрэнпилийн ”Миний бие нь 1956 оноос 1991 он хүртэл Увс хүнсний комбинатад нормчин, мастер, цехийн дарга, боловсон хүчин, ерөнхий инженер зэрэг ажлуудыг хийж байсан. Намайг ажиллаж байх үед Увс хүнсний комбинатын нэр олон удаа өөрчлөгдөж байсан бөгөөд Ю.Сүрэн нь уг комбинатыг Хүнсний үйлдвэр гэх нэртэй болох үед буюу 1982 оноос эхлэн үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн. Ю.Сүрэн дараа нь нормчноор ажиллах болсон. Ю.Сүрэн нь тус үйлдвэрт нормчноор 1987 он хүртэл ажиллаад Увс аймгийн Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл буюу жимсний станцад цэцэрлэгчнээр ажиллах болсон. Ю.Сүрэнгийн аавыг Юнгэр гэдэг байсан. Түүнийг нормчноор ажилд томилсон тушаалд Ю.Сүрэнгийн эцгийн нэрийг андуурч Юнгэрэн гэж бичсэн байх” гэж мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Ю.Сүрэнгийн цалингийн тодорхойлолт болон Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа Увс хүнс чацарганы үйлдвэрийн даргын 1982 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 84 дүгээр “Түр ажилд батлах тухай” тушаалд түүний эцгийн нэрийг Юнгэрэн хэмээн бичсэн байгаа боловч Сүрэнгийн эцгийг Юнгэр гэдэг байсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг болон түүний иргэний үнэмлэхэд бичигдсэн байдлаар нотлогдож байна. Иймд Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа Увс хүнс чацарганы үйлдвэрийн даргын 1982 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 84 дүгээр “Түр ажилд батлах тухай” тушаалыг Ю.Сүрэнгийнх гэж үзэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ю.Сүрэнгийн хөдөлмөрийн дэвтэрт түүнийг Увс аймгийн Хүнсний үйлдвэрт нормчноор ажиллаж байсан байдлын талаар бичилт хийгдээгүй байгаа боловч Ю.Сүрэн нь тус үйлдвэрт нормчноор ажиллаж байсан болох нь Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа Увс хүнс чацарганы үйлдвэрийн даргын 1982 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 84 дүгээр “Түр ажилд батлах тухай” тушаалаар нотлогдож байх тул нормчноор ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгч Ю.Сүрэнгийн хөдөлмөрийн дэвтэрт Алдар компани тарсан тул 1994 оны 5 дугаар сарын 01-ний өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар бичилт хийгдсэн байх боловч нэхэмжлэгч 1992 оны 10 дугаар сарыг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул 1982 оноос 1992 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ю.Сүрэн нь 1982 оноос 1992 оны 10 дугаар сарыг дуустал Увс аймгийн Хүнсний үйлдвэрт үйлчлэгч, нормчноор, Улаангом хот дахь Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд цэцэрлэгчнээр, Давст сумын Алдар нэгдэл болон “Алдар” ХК-д барилгачнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Хүнсний үйлдвэрийн захиргаанаас Ю.Сүрэнд олгосон 150943 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа Увс хүнс чацарганы үйлдвэрийн даргын 1982 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 84 дүгээр “Түр ажилд батлах тухай” тушаал, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2013 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 1682 дугаар шимтгэл төлөлтийн лавлагаа, гэрч Б.Хөх-Үрэн, А.Цэрэнпил нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Ю.Сүрэнгийн хүсэлтийг хангаж, түүний 1982 оны 4 дүгээр сарын 01-нээс 1982 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Увс аймгийн Хүнсний үйлдвэрт үйлчлэгчээр 2 сар 3 хоног, 1982 оны 6 дугаар сарын 04-нөөс 1987 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Увс аймгийн Хүнсний үйлдвэрт нормчноор 4 жил 9 сар 24 хоног, 1987 оны 4 дүгээр сарын 20-ноос 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Улаангом хот дахь Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд цэцэрлэгчнээр 1 жил 7 сар, 1988 оны 12 дугаар сарын 01-нээс 1990 оныг дуустал Давст сумын Алдар нэгдэлд барилгачнаар 2 жил 1 сар, 1991 оноос 1992 оны 10 дугаар сарыг дуустал “Алдар” ХК-д 1 жил 10 сар, нийт 10 жил 5 сар 27 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тайж овогт Юнгэрийн Сүрэнгийн 1982 оны 4 дүгээр сарын 01-нээс 1982 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Увс аймгийн Хүнсний үйлдвэрт үйлчлэгчээр 2 /хоёр/ сар 3 /гурав/ хоног, 1982 оны 6 дугаар сарын 04-нөөс 1987 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Увс аймгийн Хүнсний үйлдвэрт нормчноор 4 /дөрөв/ жил 9 /ес/ сар 24 /хорин дөрөв/ хоног, 1987 оны 4 дүгээр сарын 20-ноос 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Улаангом хот дахь Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд цэцэрлэгчнээр 1 /нэг/ жил 7 /долоо/ сар, 1988 оны 12 дугаар сарын 01-нээс 1990 оныг дуустал Давст сумын Алдар нэгдэлд барилгачнаар 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар, 1991 оноос 1992 оны 10 дугаар сарыг дуустал “Алдар” ХК-д 1 /нэг/ жил 10 /арав/ сар, нийт 10 /арав/ жил 5 /тав/ сар 27 /хорин долоо/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ю.Сүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ