| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2019/0124/э |
| Дугаар | 2019/ШЦТ/128 |
| Огноо | 2019-05-15 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2019/ШЦТ/128
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Ц.Лхамсүрэн
Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Агсагад овогт Б.Н-д холбогдох 1921001100113 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Ивээлийн ... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Агсагад овогт Б.Н.
Шүүгдэгч Б.Н нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “...” зочид буудалд 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэн Г.Б-ын эзэмшлийн “Самсунг А-5” маркийн гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж аваад буцаан өгөлгүй, барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж, хуурч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Ажлаа тараад гэртээ ирээд байхад Алдраа залгаад “Тулга” буудалд очиж 1 том пиво, 1 шил архи уусан. Би тэр ахын утсаар нь ярьж байгаад аваад явчихсан. Өглөө ахындаа сэрэхэд утас нь байсан ба Алдраа руу ярихад утас нь асуудалгүй болсон гэхээр нь ломбарданд өөрийн нэрээр тавьсан” гэв.
Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 15 цагийн орчимд Хэрлэн сум 6-р багт байх “Тулга” зочид буудалд Алдраа гэх залуу болон түүний найз 20 гаран насны туранхай шар залуутай цуг гурвуулаа нэг шил архи хувааж уугаад танилцсан. Алдраа гэх залуу өрөөний орон дээр унтаад өгсөн. Алдраагийн найз туранхай шар залуу надад утсаа өгч байгаач, хүнтэй яриад өгье гэсэн. Уг залуу өрөөн дотор утсаар ярьж байгаад доошоо бууж хүнтэй уулзаад ирье гээд өрөөнөөс гарсан. Би тэр залууг орой болтол хүлээсэн боловч тэр залуу утсыг маань авчирч өгөөгүй. 20 цагийн орчимд Алдрааг сэрээгээд танай найз чинь утас аваад явчихлаа гэхэд Алдраа буцаад ирэх байх гэсэн. 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 14 цагийн орчимд Тулга зочид буудлын гадаа Алдраа болон түүний найзтай таарч, утас авч явсан залууг дуудтал тэр залуу намайг хараад зугатаасан” гэжээ. /хх-ийн 15-16 тал/
Гэрч Д.Бямбасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний хүү Б.Н нь 2019 оны 03 дугаар сарын 02-ны орой 23 цагийн орчимд хятад утаснаас залгаад “Би Хэрлэн сумын 6-р багт байх ломбарданд самсунг А5 маркийн гар утас 170.000 төгрөгийн барьцаанд тавьсан, та тэр утсыг очиж аваад цагдаад өгчих” гээд сүлжээ нь тасарсан. Би 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 11 цагийн орчимд мөнгө олоод СМУ-ийн голд байх ломбард руу очиж, Б.Нийн барьцаанд тавьсан “Самсунг А-5” маркийн гар утсыг 195.500 төгрөг төлж авсан” гэжээ. /хх-ийн 24-25 тал/
Гэрч С.Отгонбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б.Н өмнө нь манай ломбарданд гар утас барьцаанд тавьж байсан бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өөрийн иргэний үнэмлэхээр “Самсунг А-5” маркийн гар утсыг 150.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тухайн өдрөө ирж 20.000 төгрөг нэмж авсан. 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Б.Нийн ээж Бямбасүрэн гэх хүн 21.000 төгрөгөөр 14 хоногийн хугацаатай сунгаад 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ээж Бямбасүрэн нь 195.000 төгрөг төлж утсыг авсан” гэжээ. /хх-ийн 26-27 тал/
- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 11 тал/
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 13 тал/
- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 22 тал/
- Б.Н-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Агсагад овогт Б.Н нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Тулга” зочид буудалд хохирогч Г.Б-ын эзэмшлийн “Samsung A-5” маркийн гар утсыг “Утсаар чинь яриад өгье” гэж аваад буцааж өгөлгүй, барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж, хуурч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би Г.Б ахын гар утсыг гуйж аваад хүнтэй ярьж байгаад тэр чигээрээ аваад явчихсан байсан, гар утсыг ломбарданд өөрийн иргэний үнэмлэхээр тавьсан...” гэх мэдүүлэг, хохирогч Г.Б, гэрч Д.Бямбасүрэн, С.Отгонбаяр нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Н-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Н-ийг бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Н-ийг бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч Б.Н нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулав.
Шүүгдэгч Б.Н-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б-д 200.000 төгрөгийн хохирол учирсан боловч хохирогч нь өөрийн гар утсыг буцааж авсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Агсагад овогт Б.Н-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Н-д тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.Н-д мэдэгдсүгэй.
5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Н-д хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Б.Н-ийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ