Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2013 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 225/МА2013/00013

 

Л.Бгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Б.Сосорбарам, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ч.Батсүх, нэхэмжлэгч Л.Б, хариуцагч Хөвсгөл аймгийн “Хөвсгөл Эрчим хүч” ХХК-ийн итгэмжпэгдсэн төлөөлөгч С.Б, Д.Онарыг оролцуулан хийсэн хуралдаанаар Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 19- ний өдрийн 1140 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ; Миний бие 2003 оноос эхлэн "Хөвсгөл-Эрчим хүч" ХХК-д монтёр, хяналтын инженерээр ажиллаж байгаад 2011 оноос гэрээ танхимын ажилтнаар ажиллаж эхэлсэн. Мэдлэг боловсролоо дээшлүүлэх зорилгоор 2009 оны 9 сараас эхлэн 2012 оны 6 сарын 20 хүртэл Монгол Улсын Их сургуульд нягтлан бодох мэргэжлээр эчнээгээр суралцаж, уг хугацаандаа байгууллагаас сургалтын чөлөө авч явдаг байсан. Гэтэл 2012 оны 6 сарын 12-ны өдөр шалгалт шүүлгээ дуусгаад ажилдаа очиход миний ажлыг өөр ажилтан авсан байсан ба намайг ажиллах нөхцөл бололцоогоор хангахгүй, ширээ сандал байхгүй, хийх ажил тодорхойгүй байсан. Ингээд захиралтай уулзаж ажлаа хиймээр байна, надад ажиллах нөхцөл бололцоо олгооч гэж хандахад ээлжийн амралтаа авч бай гээд 2012 оны 7 сарын 1-нээс эхлэн ээлжийн амралтыг маань шууд олгосон. Ээлжийн амралтын хугацаа дуусч 8 сарын 3-нд ажилдаа ороход өмнөх шиг ширээ, сандал байхгүй хийх ажил байхгүй хэвээр байсан ба захирал эзгүй байсан тул ерөнхий санхүүчтэй уулзахад: “чи явж бай чамайг дуудна чиний ажлын байрны асуудлыг шийднэ” гэж дээрхийн адил хэлээд явуулсан. Намайг дуудахгүй байхаар нь 8 дугаар сарын 12-нд захиралтай ирж уулзахад чамайг ажлаас халсан, чи ажиллах ша ардлагагүй гэж хэлсэн, ажлаас халсан тушаал гаргаагүй, танилцуулаагүй, халагдсан тушаалаа авъя гэхэд өгөхгүй удсаны эцэст 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр захирлын 2012 оны 8 дугаар сарын 13- ны өдрийн 91 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гардаж авсан болно. Миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасанчлан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаагүй, түүнчлэн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн

гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргаагүй тул 1. "Хөвсгөл-Эрчим Хүч" ХХК-ний захирлын 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 91 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоолгох, 2. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс, шагнал урамшууллыг нөхөн олгуулах, 3. Ажилгүй байсан хугацааны НД, ЭМД-ын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч “Хөвсгөл-Эрчим хүч" ХХК-ийг төлөөлж захирлын үүрэг гүйцэтгэгч Ш.Н шүүхэд гаргасан тайлбартаа:     Нэхэмжлэгч Л.Бгийн нэхэмжлэлийн

шаардлагыг зөвшөөрөх боломжгүй. Ажлаас чөлөөлснийг “үндэслэлтэй” гэдгийг тайлбарлаж, энэ талаар шүүх хуралд тайлбар нотолгоо гаргах болно гэжээ.

Хариуцагч “Хөвсгөл-Эрчим хүч” ХХК-ний итгэмжпэгдсэн төлөөлөгч "Их-мэргэд" овогт Дын Ошүүх хуралдаанд тайлбарлахдаа; Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Ажилтан Л.Бг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр халсан нь үндэслэлтэй гэж бодож байна. Б нь ажил олгогч байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээнийхээ 4.2.3-т заасныг удаа дараа зөрчсөн болох нь цагийн бүртгэлээс харагдах ба ажлын 3 өдөр ба түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, 2012 оны 3 дугаар сарын 01-нээс 6 дугаар сарын 1 хүртэл ажил хийгээгүй өөрөөр хэлбэл жилийн ихэнх хугацаанд чөлөө авч байсан ба сургуульд яваад чөлөө нь 6 дугаар сарын 01-нд дуусаж ажилдаа орох байтал ажилдаа ороогүй 6 дугаар сарын 29-нд ирсэн. Ингээд ээлжийн амралтыг нь 7 дугаар сарын 01-нээс 8 дугаар сарын 01 хүртэл бодож олгосон байхад мөн 8 дугаар сарын 13-нд ажилдаа ирсэн ба тасгийн дарга надаас албан ёсоор чөлөө аваагүй, шалтгаангүй ажил тасалсан болно. Ийм учир шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэжээ.

Хариуцагч “Хөвсгөл-Эрчим хүч” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч "Гүнжин" овогт Сийн Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа; Гэрээт танхимын ажилтан Л.Б нь албан ёсоор 2012 оны 1 дүгээр сарын 15-наас 1 дүгээр сарын 20 хүртэл 7 хоногийн сургалтын чөлөө, 2012 оны 2 дугаар сарын 8-наас 2012 оны 3 дугаар сарын 01 хүртэл өвчтэй гэх үндэслэлээр, 2012 оны 3 дугаар сарын 01-нээс 2012 оны 6 дугаар сарын 01 хүртэл сургуульд суралцаж байгаа гэх үндэслэлээр чөлөө авч байсан байдаг ба 6 дугаар сарын 01-нд ажилд орох ёстой байтал ажилдаа ирээгүй 6 дугаар сарын 29-нд ирсэн юм. Бгийн ээлжийн амралтын хувиар 7 дугаар сарын 01-нээс 8 дугаар сарын 01 хүртэл байсан тул ээлжийн амралтыг нь өгсөн. Ээлжийн амралтаа авч яваад 8 дугаар сарын 01-нд орох ёстой байтал 13-нд ажилдаа ирсэн. Манай байгууллага ажилчдынхаа цагийг хурууны хээгээр бүртгэдэг ба Л.Б нь надаас цагаа бүртгүүлэх хурууны хээний кодоо авах ёстой атал аваагүй, манай байгууллагын бусад бүх хүмүүс кодоо авч цагаа бүртгүүлсээр байгаа болно. Надад чөлөөгөө сунгах талаар ердөө мэдэгдээгүй ба 6 дугаар сарын 01-нээс 6 дугаар сарын 29 хүртэл, 8 дугаар сарын 01-нээс 8 дугаар сарын 13 хүртэл ажил тасалсан нь цагийн бүртгэлээс харагдах юм. Ингээд Бг удаа дараа ажил тасалсан гэдэг үндэслэлээр 2012

оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 91 дугаартай захирлын тушаалаар ажлаас халсан ба уг тушаалыг тухайн үед өөрөө байхгүй байсан учир 10 дугаар сарын 01-нд гардуулан өгч гарын үсэг зуруулсан байгаа гэжээ.

Сум дундын шүүх 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1140 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар "Жаргалант" овогт Лын Бгийн нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн "Хөвсгөл Эрчим Хүч" ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, шагнал урамшууллыг нөхөн олгуулах, нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Бгийн Голомт банкны Хөвсгөл салбарын татварын хэлтсийн 4901000149 дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 70200 төгрөгийг тус данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Л.Бд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгм Л.Б давж заалдах гомдолдоо:... шүүх хурал хэзээ болох нь тодорхойгүй хойшлоод байсан тул нэхэмжлэгч миний бие Улаанбаатар хотод гэр бүлийнхэн дээрээ ирж, Улаанбаатар хотоос өмгөөлөгч авах тухай асуудал хэлэлцэж байхад 2012 оны 12 дугаар сарын 18-нд шүүгчийн туслах маргааш шүүх хуралтай гэж зар дуулгаж, миний бие Улаанбаатар хотод байна, маргаашдаа багтаад очих боломжгүй тул хойшлуулж өгөөч гэж утсаар хэлэхэд хүлээж авалгүй шүүх хурлыг хийж нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд оролцож, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжих, тайлбар гаргах, хариуцагчийн гаргасан нотлох баримттай танилцах, нотлох баримтыг шалгуулах болон нэмэлт нотлох баримт гаргуулах, шинжлэн судлах, өмгөөлөгч авах, шүүх хуралдаанд мэтгэлзэх зэрэг хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжийг олгосонгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийг зөрчлөө.

....Өмнө нь хариуцагчийн төлөөлөгч хөдөө явсан гэсэн үндэслэлээр хоёр ч удаа хойшилж байсан мөртлөө нэхэмжлэгчийг Улаанбаатар хотод байна гэхэд хойшлуулалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д заасан гомдлоор хэрэг хэлэлцэхдээ шүүх гомдол гаргагч болон холбогдох аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгмийг оролцуулна гэсэн заалтыг зөрчлөө.

Нэхэмжлэгчийн эрхийг хангаагүйгээс хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэгч нь сахилгын давтан зөрчил гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажлаас халсан байна гэж дүгнэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй болно.

Ажилтныг ажлаас халсан тушаалд тавигдах хууль зүйн шаардлагын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн ямар заалт, Хөдөлмөрийн дотоод журмын аль заалт, Хөдөлмөрийн гэрээний аль заалтыг үндэслэл болгож байгааг дурьдахаас гадна гаргасан зөрчлийг дурьдах, ажил хүлээлцэх хугацааг зааж өгсөн байх ёстой. Гэтэл Хөвсгөл Эрчим хүч ХХК-ийн захирлын 2012 оны 91 тоот тушаал нь эдгээр шаардлагыг хангаагүй, Хөдөлмөрийн дотоод журмыг үндэслээгүй, гаргасан зөрчлийг дурьдаагүй, ажил хүлээлцэх хугацааг зааж өгөөгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь заалтыг зөрчсөн байхад эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх байтал шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж тушаалыг зөв үнэлсэнгүй.

Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 2.11-д хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилагаар цуцлах үндэслэлүүдийг зааж өгсөн бөгөөд энэ 7 үндэслэлд хариуцагчийн тайлбарлаж байгаа зөрчил ороогүй байх бөгөөд хөдөлмөрийн харилцаанд тэгш эрх, ялгаварлан гадуурхахыг хориглох хууль зүйн шаардлагаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь байгууллагын хэмжээнд мөрдөж байгаа эрх зүйн хэм хэмжээнээс дордуулсан заалт оруулах нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл байхад шүүх энэ байдлыг зөв үнэлсэнгүй.

Иймд Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1140 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжпэгчийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан “хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн” байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгчид хэргийн материал танилцуулсан байх ба энэ өдрөөс хойш хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан нотлох баримтуудыг нэхэмжлэгчид танилцуулалгүй хэргийг шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх”, 25.1.2-т заасан “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх” зэрэг эрх эдлэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар “хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх" боломж нэхэмжлэгчид олгоогүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1140 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
  2. Нэхэмжлэгч Л.Бгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурьдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ З.ХОСБАЯР

ШҮҮГЧ Б.СОСОБАРАМ

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ