Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2013 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 225/МА2013/00014

 

Т.Эын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Т.Ганбат, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ч.Батсүх, нэхэмжлэгч Т.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар Сум дундын шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 369 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Гөрөөчин овогт Тгийн Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн Тариалан суманд С нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Д.Лыг 2012 оны 5 сарын 27-ны өдрөөс 2012 оны 11 сарын 24-ний өдөр хүртэл худалдагчаар ажиллуулсан юм....Би Лд 2 сар болоод хүн олоод заавал тоолуул гэж 2, 3 удаа хэлэхэд хүүхэд харах хүнгүй эсвэл зээл ихтэй зээлээ бага болгож байж тоолъё гэж хойшлуулсаар байгаад 2012 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр тоолж тооцоог нь бодоход 10.055.629 / арван сая тавин таван мянга зургаан зуун хорин есөн/ төгрөг дутсан. Би анх 10.750.510 /арван сая долоон зуун тавин мянга таван зуун арав/ төгрөгийн бараа хүлээлгэж өгсөн бөгөөд 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 10-ны хооронд 17 удаа бүгд 20.529.385 /хорин сая таван зуун хорин есөн мянга гурван зуун наян тав/ төгрөгийн бараа мөн нэгжний ашиг 310.000 /гурван зуун арван мянга/ төгрөг бүгд 31.589.895 /гучин нэгэн сая таван зуун наян есөн мянга найман зуун ерэн тав/ төгрөгийн орлого болж байна.

2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тооллого хийхэд 7.326.290 /долоон сая гурван зуун хорин зургаан мянга хоёр зуун ер/ төгрөгийн бараа байсан. Би өөрөө 14.207.976 /арван дөрвөн сая хоёр зуун долоон мянга есөн зуун далан зургаа/ төгрөг худалдагчаасаа авсан. Худалдагч өөрөө хүмүүст 707.500 /долоон зуун долоон мянга таван зуу/ төгрөгийн зээл өгсөн. 448.129 /дөрвөн зуун дөчин найман мянга нэг зуун хорин ес/ төгрөгийн хорогдол гаргаж өгсөн. Зургаан сарын цалин болох 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийг хасаад

  1. 000 /найман сая/ төгрөг дутсан юм....Би урьд нь хамгийн багадаа хүнс бараа нийлээд
  2. 000 /хоёр сая/ төгрөгийн бараа татдаг байсан. Одоо бараагаа татах мөнгөгүй 200.000- төгрөгөнд хүнс авдаг болсон. Иймээс Довогтой Лаас дутагдсан 8.000.000 төгрөгөө гаргуулж авахыг хусч байна. Бараа хүлээлгэж өгсөн болон орлого хүлээлгэж өгсөн дэвтэр Д.Лд байдаг байсан. Тэр дэвтрийг би хуулж бичээд хүлээн авсан гэсэн хэсэгт Лын нэрийг бичиж нотлох баримтаар гаргаж өгсөн гэжээ.

Хариуцагч Хонин онход овогт Дэлгэрсайханы Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс Хөвсгөл аймгийн Тариалан суман дахь С хүнс барааны дэлгүүрт худалдагчаар орж ажиллаад 11 дүгээр сарын 24- ний өдөр тооллого хийхэд 10.055.629 /арван сая тавин таван мянга зургаан зуун хорин ес/ төгрөгийн бараа дутлаа гэсэн үр дүн гарсан юм. Энэ дутагдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Энэ хугацаанд би 7 хоногийн 6 өдөрт нь ажиллаж байсан ба өдрийн орлогыг өдөрт нь дэлгүүрийн эзэнд хүлээлгэж өгдөг байсан бөгөөд өдөр бүрийн орлогоосоо үүрэн телефоны 4 операторын нэгжийг авч борлуулж байсан юм. Энэ хугацаанд би 151 удаа нэг удаадаа

  1.  /тавин мянга/ төгрөгөөр нэгж авч зарсан. Энэ нэгжийн нийт дүн нь 7.500.000 / долоон сая таван зуун мянга/ төгрөг болж байгаа юм. Энэ нэгжийн орлого зарлагын баримт тус бүрийн оператор дээр байгаа бөгөөд паданаар олгодог Юнителийн паданууд над дээр байгаа. Барааг тоолж тооллогын дүн гаргахдаа орлогын мөнгөнөөс нэгж авч байсныг орлогод тооцохгүй байгаагаас мөнгөн дүнгийн ийм их зөрүү гарч байна гэж үзэж байна. Хэрэв нэгжний үнийг барааны орлогын мөнгөнөөс авч байсан учраас орлогод оруулан тооцох юм бол би дутагдалгүй гарахаар байгаа юм. Нэгжний борлуулалтын талаар мэргэжлийн хүнээр бодуулж зөвлөгөө авахад энэ нэгжний мөнгө чинь бараанаас гарсан учир орлогод орох ёстой гэж зөвлөсөн. Энэ дэлгүүрт 6 сар ажиллах хугацаанд нэг ч удаа тооллого хийгээгүй бөгөөд намайг тооллого хийлгэхгүй байсан гэж нэхэмжлэлдээ бичсэн нь огт худлаа юм. Мөн би энэ дэлгүүрт ажиллахдаа зуны улиралд өглөө 10-19 цаг хүртэл намар өвөл өглөө 8-19 цаг хүртэл ажиллаж байсан. Сарын цалин гэж нэг ч удаа бодуулж авч байгаагүй бөгөөд сая тоолсны дараа нэг сарын цалинг 150.000 төгрөгөөр тооцож суутгаж авсан....6 сар тоолохгүй явж ирчихээд тоолсны дараа ийм их зөрүү гарсны учраас дахиж нягталж падан тулгалт хийе гэхэд паданаа шатаачихсан одоо байхгүй гээд өгөхгүй байгаа юм. Намайг тоолуулахгүй байсан мөн хэрэлдсэн гэж бичсэн нь огт худлаа юм. 10 дугаар сард тоолъё гэхэд нь зээл нилээд өгсөн байсан цуглуулсны дараа тоолуулъя бараа ч шингэрэх байх гэж хэлсэн нь бол харин үнэн. Зайрмаг хийдэг хөлдөөгч нь ажиллахаа байгаад би дэлгүүрийн эзэнд хэлж гэрээсээ хөргөгч авчирч тавьсан бөгөөд одоо хөргөгчөө авъя гэхэд өгөхгүй байгаа зэрэг үл ойлголцол үүсээд байна. Энэ бүгдийг нягтлан шалгаж асуудлыг үнэнээр нь шийдэж өгнө гэдэгт шударга шүүхэд итгэж байна гэжээ.

Сум дундын шүүх 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 369 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-д зааснаар хариуцагч Д.Лаас 8.000.000 /найман сая/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Т.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Эаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142.950 /нэг зуун дөчин хоёр мянга есөн зуун тавь/төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Э давж заалдах гомдолдоо:... Би шүүхэд нотлох баримтын шаардлага хангасан баримт гаргаж өгөх ёстой гэдгийг ойлгоогүй, хараад ойлгомжгой байх болов уу гэж л хуулж бичсэн.

Л нь ажиллаж байх хугацаандаа орой болгон өдрийн орлогоо надад хүлээлгэж өгдөг байсан. Уг дэвтэр дээр би орлого хүлээн авсан болон орлого хүлээлгэн өгснөө нотлож гарын үсэг зурдаг байсан бөгөөд энэ дэвтрийг Л нь өгөхгүй, шүүхэд ч гаргаж өгөөгүй нуусан. Би уг дэвтрийг Лд байгаа тооцоо хийх гэхээр орлого хүлээж авсан, өгсөн дэвтрийг өгөхгүй байна гэж шүүгчид хэлж байсан. Уг дэвтрийг Л нь өгөхгүй байгаа тохиолдолд миний хүсэлтээр эсрэг талын нотлох баримтыг албадан гаргуулж болдог хуулиа мэдэхгүй, ойлгохгүй явсаар байгаад өнөөдөр анхан шатны шүүх миний нэхэмжлэлийг нотлогдохгүй байна гэж хэрэгсэхгүй болгосон.

Хэрэв Лд байсан дэвтрийг албадан гаргуулж аваад надад байсан тооцооны бүх дэвтэр зэргийг байлцуулж байж тооцоо бүртгэлийн тусгай мэдлэгтэй шинжээчээр дэлгүүрийн тооцоог хийлгүүлсэн бол өнөөдөр би ингэж хохирохгүй, шүүх ч миний нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгохгүй байсан.

Манай хүнс, барааны дэлгүүр нь 14.000.000-15.000.000 төгрөгийн бараанд эргэлддэг байсан бөгөөд манайх бараагаа Хятад улсаас болон Улаанбаатар хотоос татдаг. Лыг дэлгүүрт зогсож дэлгүүрийн бараа дутагдуулснаас хойш манайх бараагаа татаж чадахгүй хүнд байдалд орж хохироод байна.

Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчигдсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.

Шүүх 2013 оны 2 дугаар сарын 22-ны өдөр гаргасан хариуцагчийн хариу тайлбарыг 2013 оны 3 дугаар сарын 26-нд буюу шүүх хуралдаан хийгдэх өдөр танилцуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “...эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх...” гэж заасныг, хэргийн оролцогчдод хэргийн материалыг танилцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэж мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан “...хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх..." гэж заасныг тус тус зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.  Сум дундын шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 369 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
  2.  Нэхэмжпэгч Т.Эын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142950 /нэг зуун дөчин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурьдсугай.
  3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ З.ХОСБАЯР

ШҮҮГЧ Т.ГАНБАТ

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ