Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 1579

 

“Улаанбаатар хотын банк” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй, иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/05168 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч И.Шагдарсүрэн, И.Бат-Очир нарт холбогдох

           

Зээлийн гэрээний үүрэгт 25 839 247 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг 

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтохын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтүшиг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтүвшиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.Шагдарсүрэн, И.Бат-Очир нар нь Улаанбаатар хотын банктай 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ЗГ9201/150616 тоот зээлийн гэрээ байгуулж 40 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 2,3 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ЗБГ9201/150616 тоот зээлийн барьцааны гэрээгээр Улсын бүртгэлийн Ү-2205040771 тоот гэрчилгээтэй, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хороолол, Москвагийн гудамж 45 дугаар байрны 25 тоот хаягт байрлалтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан. И.Шагдарсүрэн, И.Бат-Очир нар зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй ба 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Зээл төлөх тухай мэдэгдэл, шаардлагыг удаа дараа гардуулж, хугацаа олгож байсан боловч зээлийн төлбөр төлөгдөхгүй, цаашид үр дүн гарахгүй болох нь тодорхой болсон. 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээл 22 609 451 төгрөг, хүү 2 772 515 төгрөг, нэмэгдүүсэн хүү 475 281 төгрөг, нийт 25 839 247 төгрөг байна. Иймд И.Шагдарсүрэн, И.Бат-Очир нараас зээлийн гэрээний дагуу төлвөл зохих 25 839 247 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

          Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч И.Шагдарсүрэн, И.Бат-Очир нараас зээлийн гэрээний үүрэгт 25 839 247 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч И.Шагдарсүрэн, И.Бат-Очир нар төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хорооллын /16100/ Москвагийн гудамжны 45 дугаар байрны 25 тоотод байрлах 53.5 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2205040771 дугаартай 2 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч  “Улаанбаатар хотын банк” ХХК-иас  улсын  тэмдэгтийн  хураамжид төлсөн 287 147 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч И.Шагдарсүрэн, И.Бат-Очир нараас 287 147 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийдвэрийг 2 үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрээс нэмэгдүүлсэн хүү болох 475 281 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй. Мөн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр миний бие муудаж хууч өвчин болох бөөр өвдсөний улмаас гам барин, хэвтрийн дэглэм барьж эмчлүүлэх шаардлагатай болсон. Иймд би өөрийн үзүүлсэн “Жинст” эмнэлгийн эмч М.Цэрэнханд надад ажил хийж болохгүй тухай сануулан акт бичиж өгсөн. Уг актыг шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлттэй хамт 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүргүүлэн, хүндэтгэх үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан. Тухайн актыг гаргасан эмчийн овог нэр тодорхой бөгөөд хүний их эмч Манжийн Цэрэнханд гэсээр байхад шүүх эмчийн овог нэр бичигдээгүй байна гэж дүгнэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосноос гадна миний өвчтэй, зовлонтой байгааг анхаарч үзэлгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4 дэх хэсэгт заасан эрхийг зөрчиж шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг батлах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК нь хариуцагч И.Шагдарсүрэн, И.Бат-Очир нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25 839 247 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар талууд эвлэрснээ бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан эвлэрлийн гэрээг шүүхэд гаргасныг давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэх боломжтой байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэснийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд зохигч харилцан тохиролцож, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн дотор 25 839 247 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх эвлэрлийн гэрээнд хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага болох 25 839 247 төгрөгийг болон барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Москвагийн гудамж 45 дугаар байрны 25 тоот, улсын бүртгэлийн Ү-2205040771 дугаарт бүртгэгдсэн орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Зохигчид улсын тэмдэгтийн хураамжийн талаар тусгайлан тохиролцоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчид эвлэрэн хэлэлцэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон тохиолдолд төлөгдсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй байхаар зохицуулсны дагуу хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээх болно.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/05168 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч И.Бат-Очир, И.Шагдарсүрэн нар нэхэмжлэлийн шаардлага болох 25 839 247 төгрөгийг болон барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Москвагийн гудамж 45 дугаар байрны 25 тоот, улсын бүртгэлийн Ү-2205040771 дугаарт бүртгэгдсэн орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК-д төлөхөөр харилцан тохиролцож, зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтохоос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 900 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Н.БАТЗОРИГ

 

                                     ШҮҮГЧИД                                            А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                  Д.БАЙГАЛМАА