| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2016/0319/З |
| Дугаар | 276 |
| Огноо | 2017-04-13 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 276
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.А,
Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар
Гуравдагч этгээд: К БХХК, М ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/01580 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, “В*******” хотхоны *******-Г байрны зоорийн давхрын 18 м.кв талбай бүхий ******* тоот авто зогсоолын өмчлөгчөөр иргэн С.Аыг бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу дээрх автозогсоолын өмчлөгчөөр иргэн С.Аыг өөрчлөн бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. гуравдагч этгээд М******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, К БХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.А 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “М******* ” ХХК-тай “Автомашины зогсоол худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “” хотхоны *******-Г байрны ******* тоот автозогсоолыг 13.300 ам доллараар худалдан авч, төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулсан.
Гэтэл “М******* ” ХХК нь гэрээгээр хүлээсэн автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг С.Аын нэр дээр гаргаж өгөх үүргээ биелүүлэлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн учир Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай" нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Ингээд тус шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/01580 тоот шүүгчийн захирамжаар иргэн С.Аыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, “” хотхоны *******-Г байрны зоорийн давхрын 18 м.кв талбай бүхий ******* тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгч мөн болохыг хүлээн зөвшөөрч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох шүүхийн хүчин төгөлдөр захирамж гарсан.
Үүний дагуу 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр *******Г байрны зоорийн давхрын ******* тоот авто зогсоолын өмчлөх эрхийг С.Аын нэр дээр бүртгүүлэн, гэрчилгээ олгохыг хүсч Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хандсан болно.
Гэтэл тус Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар нь “... Уг зогсоол нь “М******* ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн, К******* ны барьцаанд бүртгэлтэй, мөн өмчлөх эрхийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тул бүртгэх боломжгүй” гэсэн хариу өгч, иргэн С.Аын өөрийн хөрөнгөөр худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсанд гомдолтой байна.
Уг хариуг авсны дагуу Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт гомдол гаргасан бөгөөд тус байгууллагаас өгсөн албан бичгээр “К******* ”-нд хүсэлт гаргаж, өөрийн өмчийг салгаж бүртгүүлэх зөвшөөрөл авч хавсарган мэдүүлэг дахин гаргана уу” гэх хариу өгч, С.Аыг авто зогсоолын өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Хариуцагч бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны болон төв байгууллага нар нь Монгол улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан атал шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж, татгалзаж буй үндэслэлээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9 дэх хэсэгт зааснаар тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Гэтэл иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу өмнө нь өмчлөгчөөр бүртгэгдсэн "" ХХК нь С.Аыг өмчлөгчөөр бүртгүүлэхийг хүлээн зөвшөөрсөн атал улсын бүртгэлийн байгууллага “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн бүртгэлийн тухай хууль”-ийн 24 дүгээр зүйлийн 24.4 болон 24.8 дахь заалтын дагуу асуудлыг шийдвэрлэхээс татгалзаж байгаад гомдолтой байна.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/01580 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, “В*******” хотхоны *******-Г байрны зоорийн давхрын 18 м.кв талбай бүхий ******* тоот авто зогсоолын өмчлөгчөөр иргэн С.Аыг бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу дээрх автозогсоолын өмчлөгчөөр иргэн С.Аыг өөрчлөн бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай болгон нэхэмжлэлийн шаардлага багасгаж, өөрчилж байгааг хүлээн авч, ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага өмнөх шаардлагатай агуулгын хувьд адил гэж үзэж байна. Иргэн С.Аын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж “В*******” хотхоны *******-АБВГ байрны зоорийн давхрын ******* тоот 90 хувийн гүйцэтгэлтэй аялал жуулчлалын зориулалттай хөрөнгө нь Ү-220******* дугаар дээр “М******* *******” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Энэ нь К******* ны 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т-07143 тоот “Барьцаат зээлийн гэрээ”-нд бүртгэлтэй. Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2/16085 тоот албан бичиг, 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 24 тоот захирамжаар болон 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 3/27649 тоот албан бичгээр тус тус захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн байгаа. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т зааснаар өмнө нь бүртгэгдсэн эрх нь байхад дахин бүртгэж гэрчилгээ олгох боломжгүй. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.2-т заасан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байна. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, “В*******” хотхоны *******-Г байрны зоорийн давхрын 18 м.кв талбай бүхий ******* тоот авто зогсоолын өмчлөгчөөр иргэн С.Аыг бүртгэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, “В*******” хотхоны *******-Г байрны зоорийн давхрын 18 м.кв талбай бүхий ******* тоот авто зогсоолыг С.Атай “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулан тооцоог бүрэн хийж дууссан. Иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр уг авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр С.А гэж тогтоосонд манайх хүндэтгэлтэй хандаж байгаа.
Манай компани нь 2007 оноос 2010 оны хооронд уг хотхоныг барьж дуусгасан. 2010 оны 12 дугаар сард ашиглалтад оруулсан. Гэрээ байгуулсан айлууд байрандаа орон өнөөдрийг хүртэл ашиглаж, эзэмшиж байгаа. Энэ хотхоныг барихын тулд К******* наас зээл авсан байгаа. Энэ зээлээ хотхон барихад зарцуулсан. Дээрээс нь иргэдтэй “Орон сууц захиалгаар барих”, “Авто зогсоол захиалгаар барих” гэсэн гэрээ байгуулан тухайн үед төлбөрийг авсан байгаа. Уг төлбөрийг зээлэндээ болон хотхон барихад зарцуулсан байдаг.
Ингээд энэ хотхон нь нийт 45 орчим тэрбум төгрөгөөр боссон. Анх К******* наас 1,4 сая ам долларын зээл авсан. Үүнтэй холбоотой 10 компани байдаг. Энэ компанийн хувьд нийлээд 15 орчим тэрбум төгрөгийн зээл аваад 25 орчим тэрбум төгрөгийн зээлийг төлсөн.
Өнөөдрийн байдлаар “М******* *******” ХХК нь К******* инд 1,9 тэрбум төгрөгийн зээлийг төлөхөөр шүүхийн шийдвэр гараад, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа боловч захиргааны хэрэг үүссэн гэх үндэслэлээр түдгэлзүүлсэн байгаа. Ер нь бол зээлийг авсан, 1,9 тэрбум төгрөгийн үлдэгдлийг төлнө гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгчийн гаргасан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, “В*******” хотхоны *******-Г байрны зоорийн давхрын 18 м.кв талбай бүхий ******* тоот авто зогсоолыг С.Аын нэр дээр бүртгэж өгнө үү гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа” гэжээ.
Гуравдагч этгээд К БХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч С.А нь 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. Тухайн нэхэмжлэлд “гэрчилгээг хүчингүй болгох, бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, бүртгэхийг даалгаж өгнө үү” гэж байжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасан агуулгын хүрээнд авч үзвэл 2 шаардлага гаргасан гэж харагдахаар байна. Өөрөөр хэлбэл “гэрчилгээг хүчингүй болгох, Захиргааны байгууллагаас тухайн захиргааны акт гаргахаас татгалзаж байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоогоод, захиргааны акт гаргахыг даалгаж өгнө үү” гэх 2 шаардлага гаргасан гэж харагдахаар байна. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, өөрчлөх тухай гээд ирүүлсэн байна. Манай байгууллагын зүгээс үүнтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж байгаа нь зөв юм байна гэж ойлгож байна. Учир нь нэг нэхэмжлэлийн шаардлага байхгүй болсон.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж байгаа нь зөв. Улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж багасгаж байна. Үүнийг бол ойлгож байна. Өөрчилж байгаа гэдгийг ойлгохгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх гээд заагаад өгсөн байгаа. Энэ нь хүчингүй болгох гэж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг илт хууль бус болгох гэж байгаа бол үүнийг өөрчилж байна гэж үзнэ. Ганц хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага байж байгаад тухайн захиргааны байгууллагын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, даалгах гэж оруулж байгаа бол үүнийг өөрчилж байна гэж үзнэ. Гэтэл нэхэмжлэгч “Шүүхийн шийдвэрийн дагуу бүртгэхээс татгалзаж байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, даалгаж өгнө үү” гэж бичсэнээр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна гэж хэлээд байх шиг байна. Миний зүгээс үүнийг өөрчилж байна гэж үзэхгүй байна.
2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн тоот дээр “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/01580 дугаар шүүгчийн захирамжийн дагуу *******-Г ******* тоот авто зогсоолыг иргэн С.Аын нэр дээр бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож гэж байгаа. Талуудын гаргаж өгснөөр хэрэгт “Хариуцагчийн зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж байгаа. Үүнд хариуцагч байгууллагад С.Аын нэр дээр улсын бүртгэлд бүртгэнэ гэж даалгасан нэг ч өгүүлбэр захирамжид байхгүй.
Хариуцагч, гуравдагч этгээд нь ямар нэгэн байдлаар оролцоогүй. Тиймээс энэ шийдвэрийн дагуу улсын бүртгэлийн байгууллага нь бүртгэхээс татгалзаж байгаа нь хууль бус мөн үү, биш үү гэдэг асуудал байна. Хоёрдугаарт иргэн С.А 2008 онд гэрээ байгуулаад мөнгөө төлсөн юм байна. 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шүүгчийн захирамжаар өмчлөгчөөр тогтоогдсон юм байна.
2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлэг гаргасан юм байна. 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлэг гаргах үед К******* ны 2007 оны 08 дугаар сарын 1-ний өдрийн Т-07141 тоот “зээлийн барьцааны гэрээ”, 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Т-07252 тоот “зээлийн барьцааны гэрээ” 2010 оны 09 дүгээр сарын 2-ны өдрийн Т-07141 тоот “зээлийн барьцааны гэрээ”-нд бүртгэлтэй байсан учир улсын бүртгэлийн байгууллага Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.2-т заасныг баримтлан татгалзаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлтэй. Энэ хүрээнд улсын бүртгэлийн байгууллагын татгалзаж байгаа үйлдлийг хууль бус гэж тогтоох үндэслэл байхгүй.
Өөрсдийгөө шүүхийн шийдвэрийн дагуу өөрчлөн бүртгүүлэх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрөөд байна. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1.2-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол” гэж байгаа. Эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол *******.2-т заасны дагуу гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байна уу, түүнээс зөвшөөрөл авах шаардлагатай юу гэдгийг шалгаарай гээд улсын бүртгэлийн байгууллагад үүрэг өгсөн заалт байгаа. Энэ хүрээнд улсын бүртгэлийн байгууллага *******.2-т заасныг барин татгалзаж байгаа нь хууль ёсны гэж үзэж болно.
Тусгай тэмдэглэл буюу захиран зарцуулах эрх, хөдөлгөөнд өөрчлөлт оруулахыг хориглосон шүүхийн захирамж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа буюу битүүмжлэл хийгдсэн ийм ажиллагаа байгаа.
Энэ бүхнийг үндэслэн С.Аыг өөрчлөлт оруулан бүртгэх боломжгүй байна гэж татгалзаж байгаа нь хууль ёсны үндэслэлтэй. “М******* *******” ХХК-ийн нэр дээр бүртгэл байгаа учир давхар бүртгэл хийх боломжгүй гэж татгалзаж байгаа нь өөрөө хууль ёсны үйлдэл байна гэж бидний зүгээс үзэж байна. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон өөрчилж байгаа шаардлага нь үндэслэлгүй байх тул хариуцагчийн хариу тайлбарын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/01580 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, “В*******” хотхоны *******-Г байрны зоорийн давхрын 18 м.кв талбай бүхий ******* тоот авто зогсоолын өмчлөгчөөр иргэн С.Аыг бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу дээрх автозогсоолын өмчлөгчөөр иргэн С.Аыг өөрчлөн бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” гэж тодорхойлжээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгч С.Аын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
“” ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Блью Скай” хотхонд байрлах *******Г байрны ******* тоот 90 хувийн гүйцэтгэлтэй авто зогсоолын улсын бүртгэлийн Ү-2206******* дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэн эрхийн улсын бүртгэлийн 000******* дугаартай гэрчилгээг авсан байна.
“” ХХК нь “К******* ” ХХК-тай 2007 онд Т07/141 тоот зээлийн гэрээ, 2010 онд Т07/141 тоот гэрээг тус тус байгуулж нэхэмжлэгчийн ******* тоот авто зогсоолыг оролцуулан ******* А, Б, В, Г байрны авто машины зогсоолуудыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гэрчилгээг барьцаалж, барьцааны гэрээг 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр улсын бүртгэлд хуульд зааснаар бүртгүүлжээ.
Нэхэмжлэгчийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/01580 дугаартай “Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар маргаан бүхий автозогсоолын өмчлөгчөөр тогтоосон хэдий ч тухайн маргаан бүхий автозогсоолыг 2007 онд “М******* *******” ХХК нь 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж, 1,400, 000.0 /Нэг сая дөрвөн зуун мянга/ ам долларыг, жилийн 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, мөн өдөр энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулан барьцаалсан 205 автозогсоолд нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгосон автозогсоол хамаарч байгаа, түүнчлэн 2010 онд гуравдагч этгээд “К******* ” ХХК-ийн зээлийн санхүүжилтээр баригдсан гэх барилгын орон сууцны тоот, автозогсоолуудыг тус бүрээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарч “М******* *******” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэнтэй холбогдуулж 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г дахин байгуулж, барьцааны гэрээг хуульд заасны дагуу бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрээ, гэрчилгээ, бүртгэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнээс үзэхэд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө болох автозогсоол нь “М******* *******” ХХК, “К******* ” ХХК-ийн хооронд 2007, 2010 онд тус тус байгуулсан “Зээлийн барьцааны гэрээ”-ний дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаанд байгаа ба улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн байхад нь нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр өмчлөгчөөр тогтоогдсон гэж тухайн автозогсоолын өмчлөгчөөр нэхэмжлэгчийг шууд улсын бүртгэлд бүртгүүлэх үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэлийг ханган, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалган шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь “” ХХК-тай Автомашины зогсоол худалдах, худалдан авах гэрээг 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсанаас үзэхэд маргаан бүхий авто зогсоолыг зээлийн гэрээний барьцаанд бүртгүүлснээс хойш уг гэрээ байгуулсан байна.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Барьцаалуулагч нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийг баримтлан барьцааны зүйлийг гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр бусдын өмчлөлд шилжүүлэх эрхтэй” гэж зааснаас үзэхэд барьцаалуулагч буюу “” ХХК нь маргаан бүхий автозогсоолыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагч буюу “К******* ” ХХК-ийн зөвшөөрөлтэйгээр шилжүүлэхээр байх бөгөөд энэ тохиолдолд энэхүү зөвшөөрлийг авагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, барьцааны бүртгэл хүчин төгөлдөр байх бөгөөд С.Аыг маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-т ”улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглоно”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-т “мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүргэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана” ******* дүгээр зүйлийн *******.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх” гэж заасанд нийцэж байна.
Иймд хариуцагчийн үйл ажиллагааг буруутгаж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/01580 дугаар захирамж, “” ХХК-иас өмчлөгчийг зөвшөөрсөн зэрэг үндэслэлээр дээрх хуулийн заалтуудаар зохицуулсан барьцаалагчийн эрх, улсын бүртгэлийн байгууллагын бүртгэл хийхэд хориглосон, дээрх зээлийн барьцааны гэрээнээс шууд чөлөөлж, нэхэмжлэгч иргэн С.Аын нэр дээр өөрчлөн бүртгэх хууль зүйн хувьд боломжгүй төдийгүй хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь гуравдагч этгээд К БХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөж, барьцаалагчийн эрхэд шууд халдах тул даалгасан шийдвэр гаргах үндэслэлгүй гэж үзлээ.
Харин нэхэмжлэгч улсын бүртгэлийн байгууллагад шүүхээр тогтоолгосон өмчлөгч болох талаарх баримтаа гаргасны үндсэн дээр урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх боломжтой ба хүчин төгөлдөр бүртгэл буюу барьцааны бүртгэлээс тухайн үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээд болох барьцаалагч ны зөвшөөрлийг авсны үндсэн дээр өмчлөх эрхээ шилжүүлэн бүртгүүлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9, ******* дүгээр зүйлийн *******.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан С.Аын “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/01580 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, “В*******” хотхоны *******-Г байрны зоорийн давхрын 18 м.кв талбай бүхий ******* тоот авто зогсоолын өмчлөгчөөр иргэн С.Аыг бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу дээрх автозогсоолын өмчлөгчөөр иргэн С.Аыг өөрчлөн бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ