Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2019/0633

 

2019 оны 12 сарын 05 өдөр           Дугаар 221/МА2019/0633                          Улаанбаатар хот

С.Д-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч С.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, Г.М нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0535 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу С.Д-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0535 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай 2002 оны хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 2003 оны хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Д-ийн “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 243 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх ... үйлдсэнийг харгалзан ... сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” хэмээн заасныг эш татан, шийтгэл хүндэдсэн хэмээн анхан шатны шүүх дээр маргасан ч хүлээн аваагүй тул дараах үндэслэлээр уг тайлбараа дэмжиж байна.

Зөрчлийн шинж байдлыг харгалзан үзээгүй. Өөрөөр хэлбэл, С.Д-ийн хийсэн бүртгэлээс шалтгаалан хүн, хуулийн этгээд болон төрд ямар ч хохирол учраагүйгээс гадна бүртгэл үнэхээр буруу хийгдсэн юм бол бүртгэлийг тухайн үед нь хүчингүй болгож, гомдол гаргагчийн зөрчигдсөн эрхийг сэргээх ёстой. Гэвч захиргааны байгууллагын зүгээс ийм ажиллагаа явуулаагүйг нэхэмжлэгч мэдэж байсан тул шүүхэд хандан хүсэлт гаргасан ба “бүртгэлийг тухайн үед буюу 2018 оны 10 дугаар сард хүчингүй болгосон” тухай баримтыг шүүхээс шаардахад уг бүртгэлийг 2019 оны 07 дугаар сард хүчингүй болгосон тухай баримтыг шүүхэд ирүүлсэн. Тэгэхээр тухайн үед буюу С.Д бүртгэл хийх үед болон түүнээс хойш бүртгэлтэй холбоотойгоор хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй юм байна.

Онцгой байдлын ерөнхий газрыг гомдоосон, С.Д-ийн бүртгэл хийсэн “Шонхорын хүсэл” ХХК-ийн нэр дээр объектуудын бүртгэлийг хүчингүй болгосон ч дахин уг хуулийн этгээдийн нэр дээр тухайн объектууд бүртгэгдсэн байх ба энэ талаар хариуцагчийн зүгээс маргаагүй болно. Тэгэхээр С.Д-ийг тухайн бүртгэлд холбогдуулан шууд буруутгах нөхцөл байхгүй байна.

Анх удаа зөрчил гаргасан болно. Өөрөөр хэлбэл, С.Д нь сахилгын шийтгэл хүлээж байгаагүй ба алдаатай бүртгэл хийсэн болохоо мэдсэн даруйдаа шилжилт хөдөлгөөн хийхийг өөрийн санаачлагаар зогсоосон ба ийнхүү зогсоосон үйлдэлд нь холбогдуулан “Ш х” ХХК-ийн зүгээс гомдол гаргаагүй.

Хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн тухайд: Онцгой байдлын ерөнхий газраас 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад хандсан байх бөгөөд “... дугаартай бүртгэлүүд буруу хийгдсэн” хэмээн гомдолдоо бичсэн байна. Тэгэхээр зөрчлийн талаар мөн үеэс мэдсэн байх бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь даруй 18 хоногоор хэтрүүлсэн явдал. Түүнчлэн, С.Д нь 10 дугаар сарын цалингаа бүтэн авсан ба 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас хүлээлцсэн явдал нь ажил хүлээлцсэн өдрөөс тушаал хэрэгжиж эхэлснийг илэрхийлэх бөгөөд улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлтээс ч тоолсон мөн л хугацааг хэтрүүлсэн байна.

Байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан ажлаас халах ноцтой зөрчлийг С.Д гаргаагүй тул түүнийг халах нөхцөл бүрдээгүй байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д заасны дагуу хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 243 дугаар тушаалаар “Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С-ийн Д- эрхийн улсын бүртгэлийн -------------, -------------, ------------- дугаарт үл хөдлөх эд хөрөнгийг холбогдох хууль тогтоомжийг зөрчиж бүртгэл, тэмдэглэл хийсэн нь хяналтын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2104 тоот дүгнэлтээр тогтоогдсон” гэсэн үндэслэлээр төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсныг нэхэмжлэгч С.Д эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар маргажээ.

Гэтэл анхан шатны шүүх “... сахилгын шийтгэл ногдуулж болох хугацааг хариуцагч хэтрүүлээгүй”, “... 243 тоот тушаалыг гаргах үндэслэл болсон улсын байцаагчийн 2104 тоот дүгнэлт хүчинтэй байх бөгөөд энэхүү 2104 тоот дүгнэлтийг хүчингүй болгохтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч гаргаагүй байх тул маргаан бүхий дугаар 243 тоот тушаалыг шүүхээс хүчингүй болгох боломжгүй” гэсэн дүгнэлтээр хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т зааснаар шүүх хэргийг захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа шийдвэртээ тусгаагүй, нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгөөгүй нь мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121.3.7-д зааснаар энэ хуулийг зөрчсөн бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна.

Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар шаардаж буй Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 243 дугаар тушаалд “... эрхийн улсын бүртгэлийн ------------, -------------, ------------- дугаарт үл хөдлөх эд хөрөнгийг холбогдох хууль тогтоомжийг зөрчиж бүртгэл, тэмдэглэл хийсэн нь хяналтын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2104 тоот дүгнэлтээр тогтоогдсон” гэж буюу үл хөдлөх эд хөрөнгийг холбогдох хууль тогтоомжийг зөрчиж бүртгэл, тэмдэглэл хийсэн нь тогтоогдсон гэх уг актыг гаргах болсон шалтгаан, нөхцөлийг тодорхой заасан байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий дээрх нөхцөл байдлыг шалгаж, тогтоох, улмаар акт үндэслэлтэй гарсан эсэхэд дүгнэлт өгөх үүргээ хэрэгжүүлээгүй.

Улмаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон дээрх үйл баримтыг үнэлж, дүгнэн Төрийн албаны тухай (2002 оны) хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасан нөхцөлтэй уялдуулан тайлбарлаж, акт үндэслэлтэй эсэх талаар дүгнэж, хэргийг шийдвэрлээгүй нь буруу байна.

Түүнчлэн, хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанд нэхэмжлэгч “... буцаагаад “Ш х” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн” гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “... бүртгэлийг хүчингүй болгосон ч дахин уг хуулийн этгээдийн нэр дээр тухайн объектууд бүртгэгдсэн байх ба энэ талаар хариуцагчийн зүгээс маргаагүй” гэж дурдсан байх тул нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийн шинж байдлыг тогтооход ач холбогдол бүхий дээрх нөхцөл байдлыг нотлох баримтын үндсэн дээр тогтоож, дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.7-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0535 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ