Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 000045

 

Б.Отгонбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд:  

 

           Прокурор                                           Т.Ганзориг

            Яллагдагч                                         Б.Отгонбаяр

            Нарийн бичгийн дарга                   Ө.Есүхэй нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 91 дугаар захирамжтай Б.Отгонбаярт холбогдох, 201614000525 дугаартай эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1993-05-03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, марктенгийн менежер тоног мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг 5 дугаар хороо 58-01 тоотод оршин суух, УП-93050331 регистрийн дугаартай, Шар түрүүт овогт Бямбацогтын Отгонбаяр.

 

Яллагдагч Б.Отгонбаяр нь 2016 оны 10 дугаар сарын 08-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт байрлах зэвсэгт хүчний 186 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байхдаа байлдагч Д.Дөлгөөнтэй маргалдан сандлаар цохихоор далайх явцдаа тэднийг салгах гэж байсан байлдагч О.Ням-Очирын толгойн тус газарт цохиж биед хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 91 дугаар захирамжаар:

 

Яллагдагч Б.Отгонбаярт холбогдох 201614000525 дугаар  эрүүгийн хэргийг Орхон аймгийн прокуророор дамжуулан нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2.д зааснаар хэргийг прокурорт яллагдагч Б.Отгонбаярт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурьдаж,

 

Энэ захирамжийг прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Улсын яллагч давж заалдах шатны шүүхэд  гаргасан эсэргүүцэлдээ:  

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 91 дугаар захирамжаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2.т зааснаар мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 

Яллагдагч Б.Отгонбаяр нь 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хохирогч О.Ням-Очирыг цохиж бие махбодид нь болгоомжгүй хүнд гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон.

 

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 24 дугаартай дүгнэлтээр ...О.Ням-Очир нь 2016 оны 08 дугаар сарын 17-нд хоёр талын дээд доод эрүүний үений үрэвсэл ба эрүү зуурах, нүүр хэсгийн саажил, 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр нүүрний зүүн талын мэдрэлийн хоёрдогч өвдөлт гэсэн оношоор эмчлүүлж байжээ. Дээрх хугацаанд ямар нэгэн онош тогтоогдоогүй байна... гэжээ.

 

Шинжээч эмч Ч.Буянзаяагийн “...О.Ням-Очирын хэвтэн эмчлүүлсэн өвчтөний түүхээс үзэхэд ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хэвтэн эмчлүүлэх үедээ хоёр талын дээд доод эрүүний үений үрэвсэл ба эрүү зуурах, нүүр хэсгийн саажил, 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хэвтэн эмчлүүлэхдээ нүүрний зүүн талын мэдрэлийн хоёрдогч өвдөлт гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн. ...дээрх оношууд нь ямар нэгэн гэмтлийн шалтгаантай үүссэн байх боломжгүй байна ...нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт гэмтлийн шинж тэмдэг байхгүй байна. Дээрх өвчнүүд нь ямар шалтгааны улмаас үүссэн болохыг нарийн тогтоох боломжгүй, олон төрлийн шинжилгээ хийгдсэн боловч шалтгаан нь тодорхойгүй байна...” гэж мэдүүлсэн байна.

 

Шинжээчийн дүгнэлт болон мэдүүлэгт үндэслэн М.Балдандоржийн 2016 оны  07 дугаар сарын 28-ны өдрийн үйлдлээс О.Ням-Очирт гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Харин Б.Отгонбаярын буруутай үйлдлээс хохирогч О.Ням-Очирт гэмтэл учирсан болох нь хангалттай тогтоогдсон, өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих асуудлууд бүрэн нотлогдсон.

 

Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 91 дугаар захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Ганзориг  дүгнэлтдээ:

 

            Захирамж хуулийн үндэслэлгүй байх тул хүчингүй болгож, хэргийг  яллах дүгнэлтийн дагуу дахин хэлэлцүүлэх саналтай байна гэв.

 

                                     ТОДОРХОЙЛОХ нь :

 

Улсын яллагчийн эсэргүүцэл хуулийн үндэслэлтэй байна.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас Б.Отгонбаярыг 2016 оны 10 дугаар сарын 08-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт байрлах зэвсэгт хүчний 186 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байхдаа байлдагч Д.Дөлгөөнтэй маргалдан сандлаар цохихоор далайх явцдаа тэднийг салгах гэж байсан байлдагч О.Ням-Очирын толгойн тус газарт цохиж биед нь хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Гэтэл анхан шатны шүүх хэргийг хүлээж аваад шүүх хуралдаанаар хэлэлцээгүй атлаа хэрэгт авагдсан нотлох баримт болох хохирогч болон  гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, болсон үйл баримтанд дүгнэлт хийгээд  захирамж гарган хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцаасан нь буруу  байх бөгөөд  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 250 дугаар зүйл  нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад гарсан асуудлаар тухайлбал ...шүүх хуралдаанаас хэргийг мөрдөн байцаалтанд буцааж байгаа... тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргах  зохицуулалт  болохыг анхаараагүй байна.

 

            Түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд хэрэгт хамааралтай байдлуудыг шалгаж, М.Балдандоржийг сэжигтнээр татаж, тэрээр урьд нь хохирогч Б.Отгонбаярыг зодож байсан эсэх талаар нотлох баримт цуглуулж, тухайн цаг хугацааг тогтоон, хохирогчийн эмнэлэгт хэвтэж байсан шалтгаан, өвчний түүх болон эмчийн дүгнэлт зэрэгт үндэслэн сэжигтэн М.Балдандоржийг энэ хэрэгт хамааралгүй болохыг тогтоож, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу түүнд холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

            Иймд шүүх хэргийг прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн дагуу яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэлэлцэх бүрэн боломжтой  байх тул захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2., 317 дугаар зүйлийн 317.1.2., 319 дүгээр зүйлийн 319.1.3.,325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 91 дугаар захирамжийг хүчингүй болгож, Шар түрүүт овогтой Бямбацогтын Отгонбаярт холбогдох, 2016140000525 дугаартай, 1 хавтас бүхий  эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

            2.Улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

            3.Хэрэг анхан шатны шүүхэд очтол Б.Отгонбаярт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            4.Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            З.ХОСБАЯР

 

 

                        ШҮҮГЧИД                                                                 С.ЦЭЦЭГМАА                                                                                                                                                                                                                                         

 

 

                                                                                                            Ц.ТУЯА