Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 25

 

 

 

 

                                                           А.Э, Д.О нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Золзаяа, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 494 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 971 дүгээр магадлалтай, А.Э, Д.О нарт холбогдох эрүүгийн 1910009130701 дугаартай хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол улсын иргэн, 1973 онд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Ерөнхий боловсролын 21 дүгээр сургуульд жижүүр ажилтай, ял шийтгэлгүй Ч овогт А-ийн Э.

2.Монгол улсын иргэн, 1973 онд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй Д овогт Д-ийн О.

Шүүгдэгч А.Э, Д.О нар нь 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 16 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лавай” авто зогсоол дээр Х.Б-тай маргалдаж, улмаар бүлэглэн түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 494 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Э, Д.О нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэдгээрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн байна.

Прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцэж 971 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд Хан-Уул дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор О.Алтангэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “Магадлалыг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч танилцахад, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй”, Улсын Их Хурлаас хууль тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар энэ зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

Харин Улсын Их Хурлын 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчлөлт оруулж, энэ хуулийг баталснаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг мөн баталж, уг хуульд шинээр батлагдсан Эрүүгийн хуулийг буцааж хэрэглэхгүй байх агуулгатай байсныг Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон. Эрүүгийн эрх зүй нь бусад хувийн эрх зүйгээс ихээхэн ялгаатай байдаг. Бусад эрх зүйд талуудын эрх ашиг энэ тэнцүү байдаг бол эрүүгийн эрх зүйд нэг тал болох гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд эрх нь хязгаарлагдмал бөгөөд нөгөө тал нь төр байдаг. Энэ хүч тэнцвэргүй харилцааг зохицуулсан хэм хэмжээг төр өөрөө батлан гаргадаг. Иймээс төр нь өөрийн гаргасан шийдвэрийг өөрчилсөн нь уг харилцаанд оролцогч нэг тал болох гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх ашгийг хохироосон, эсхүл эрх ашигт нийцсэн хэм хэмжээ тогтоосон тохиолдолд тухайн этгээдэд аль ашигтай хуулийг буцааж хэрэглэх заалтыг дэлхийн соёлт улс, үндэстнүүд нийтээр хэрэглэж ирсэн.

Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблейн 1948 оны 217/А/Ш/ тогтоолоор баталсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 11 дүгээр зүйлийн 2-т “...Түүнчлэн гэмт хэрэг гарсан үед ногдуулж болох байснаас илүү хүнд ял тохоож болохгүй” гэж заасныг Нэгдсэн Үндэсний байгууллагад элссэн улс бүхэн сахин биелүүлэх үүрэгтэй бөгөөд Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байхыг тогтоосон юм.

Түүнчлэн Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан бөгөөд хэрэгжүүлэх үүрэг нь Монгол төрд байдаг.

“Хүний эрхийн түгээмэл тунхаглал” болон Үндсэн хуульд заасан дээрх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор салбар хуулиудад хүний эрхийг хангах талаар тодорхой заасны нэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл юм. Гэтэл шийтгэх тогтоол, магадлалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг илтэд буруу хэрэглэн шүүгдэгч А.Э, Д.О нарын эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэсэн байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг агуулгын хувьд дэмжиж оролцоно. Учир нь шүүгдэгч А.Э, Д.О нар нь бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Х.Б-тайг зодож, хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Дээрх үйлдэлд А.Э-ыг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр, Д.Ог 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болно. Тус хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан хугацааны дотор буюу 1 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад шүүгдэгч нарын үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор гэж дүгнэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн. Гэтэл Үндсэн Хуулийн Цэцийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болгосон байна. Иймд Үндсэн хууль болон Монгол улсын нэгдэн орсон гэрээ конвенцод заасан хүний эрхийг дээдлэх зарчмыг баримтлан шүүгдэгч нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ тэдгээрийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй юм. Тухайлбал: А.Э эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах үед 2017 оны хууль буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2-т зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар тооцдог байсан. Уг хугацаанд яллагдагчаар татсан байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулан шийдвэрлэх нь зүйтэй гэв. 

                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг өөрчилсөн нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд оруулсан бөгөөд уг хуульд мөрдөж эхлэх хугацааг тусгайлан зохицуулаагүй тул энэ хууль нь “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаарт нийтлэгдсэнээс хойш арав хоногийн дараа буюу 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн ердийн журмаар хүчин төгөлдөр болон үйлчилсэн байна.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс ийнхүү хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн үеэс эдгээрт заасан хэм хэмжээг заавал дагаж мөрдөх буюу уг хууль цаг хугацааны хувьд хуулийн хүчин чадалтай болсон үеэс тэдгээрт заасан зохицуулалтыг хэрэглэж эхэлдэг бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээ нь ихэнхдээ эдгээр хуульд заасан ойлголтуудын агуулгыг тодорхойлох, зохицуулах, заах шинжтэй байдаг бол зарим тохиолдолд эрх зүйн хэм хэмжээг шууд хэрэглэх нөхцөл, үндэслэл, журмыг тодорхойлсон байдаг онцлогтой ба дээрх нэмэлт, өөрчлөлт нь уг онцлогийг агуулсан, ямар нэгэн урьдчилсан нөхцөл, сонголтгүйгээр шууд хэрэглэгдэх, заавал биелэгдэх буюу хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтын шинжтэй байна.

Өөрөөр хэлбэл, хууль тогтоогч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг өөрчилсөн тул Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааны дотор тухайн этгээдийг яллагдагчаар татсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоох ба хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинжийг агуулсан энэхүү хэм хэмжээ нь уг зохицуулалт хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш үйлчлэх бөгөөд энэ тохиолдолд уг заалт өөрчлөгдөхөөс өмнө мөрдөж байсан зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм.

Гэмт хэргийн хөөн хэлэлцэх буюу эрүүгийн хариуцлагыг нөхөн хүлээлгэх хугацааг Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд гэмт хэргийн хүнд, хөнгөн, ялын төрөл, хэмжээнээс хамааран ялгавартай тогтоосон бөгөөд уг хугацаа дууссан тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй ба энэ нь тухайн этгээдэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болдог билээ.

Гэмт хэргийг үйлдсэн өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу тоолдог ба ийнхүү тоолохдоо мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хугацааг тоолж эхэлсэн минут, цаг, хоногийг оруулан тооцдоггүй болно.

Энэ журмын дагуу шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг уг үйл явдал болсны дараагийн өдрөөс буюу 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 00 цагаас эхлэн Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тоолно.

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч буйгаас гадна тухайн зүйл, хэсэгт хорих ял оногдуулахаар заагаагүй тул энэ хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу хэргийн хөөн хэлэлцэх хугацааг нэг жилээр тооцох ба дээр дурдсан 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 00 цагаас эхлэн хугацааг тоолоход 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 24 цагт дуусгавар болох юм.

Тэгвэл А.Э-ыг 2019 оны 9 дүгээр сарын 30-нд (хэргийн 1 дэх хавтас, 46 дахь тал), Д.Ог 2020 оны 3 дугаар сарын 12-нд (хэргийн 1 дэх хавтас, 184 дэх тал) тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бөгөөд уг ажиллагааг прокурор дээр дурдсан хуулийн хугацааны дотор явуулсан байх бөгөөд энэ талаар хоёр шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн тул “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг илтэд буруу хэрэглэн шүүгдэгч А.Э, Д.О нарын эрх зүйн байдлыг дордуулсан хэрэглэсэн... шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулахаар” бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтанд тулгуурлан хоёр шатны шүүх нь А.Э, Д.О нарын хохирогч Х.Б-тайд хүч хэрэглэн халдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримтыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоож, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийжээ.

Түүнчлэн хоёр шатны шүүх уг хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгч нарын гэм буруу, тэдгээрт оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон байна.

Энэ хэргийг хоёр шатны шүүхээр хянан шийдвэрлэх үед “Өршөөл үзүүлэх тухай” хууль үйлчилж байсан бөгөөд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, тэдгээрт оногдуулсан ял нь уг хуульд хамрагдаж байхад шүүх заавал хэрэглэвэл зохих энэ хуулийг хэрэглэлгүй орхигдуулсныг зөвтгөх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4-т заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 494 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 971 дүгээр магадлалд “Өршөөл үзүүлэх тухай” 2021 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч А.Э, Д.О нарт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй” гэсэн заалт нэмсүгэй.

2.Шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээж, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

                           ДАРГАЛАГЧ                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

                           ШҮҮГЧИД                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Б.ЦОГТ