Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/0450

 

 

С.Ө-ын нэхэмжлэлтэй,

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:       Л.Атарцэцэг

Б.Мөнхтуяа

Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Ц.Ундрал    

Нэхэмжлэлийн шаардлага: “Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан /Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын Тамгын газрын дарга/ ажилд эгүүлэн томилуулах тухай”

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 109/ШШ2018/0023 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2018/0490 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч С.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Удвал, Э.Билгүүн,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд нарыг оролцуулж,

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 109/ШШ2018/0023 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Төсвийн тухай хуулийн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2, 40 дүгээр зүйлийн 40.4.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Ө-аас Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан /Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын тамгын газрын дарга/ ажилд эгүүлэн томилуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2018/0490 дүгээр магадлалаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 109/ШШ2018/0023 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол      

3. 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2018/0490 дүгээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4. Давж заалдах шатны шүүх нь “Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, маргаан бүхий захиргааны акт, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд бүрэн гүйцэд дүгнэлт өгөөгүй, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй” гэх дүгнэлтийг хийж магадлалын 6 дугаар талд “...Төвшрүүлэх сумын Засаг дарга нь нэхэмжлэгч С.Өлзийжаргалыг ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээнд заасан ямар ажлыг хэзээ, хэрхэн хангалтгүй биелүүлсэн гэж үзэж түүнийг ажлаас чөлөөлсөн болон үүнийгээ ямар тооцоо судалгаа, баримтад үндэслэсэн нь тодорхойгүй байхад шүүх энэ талаарх нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй, тус сумын Засаг даргын 2017 оны Б/11, 2018 оны Б/01 дүгээр захирамжуудын үндэслэл давхцаж байгаа эсэх, өөр хоорондоо харилцан адилгүй эсэх талаарх ялгаа заагийг тодруулан холбогдох баримтыг цуглуулж, дээрх нөхцөл байдлыг дүгнээгүй нь буруу байна. ...гэж давж заалдах шатны шүүх нь дүгнэсэн, дурдсан нь хэт нэг талыг барьсан, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг бүрэн шинжилж судлаагүй, өрөөсгөл дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

5. Хавтаст хэргийн 27-29 дүгээр хуудсанд С.Ө-ын Ажил байдлын тодорхойлолт авагдсан байдаг. Уг ажил байдлын тодорхойлолтонд хийж гүйцэтгэх ажил үүрэг нь тодорхой байгаа. Мөн Төсвийн тухай хуулинд заасны дагуу С.Ө нь төсвийн шууд захирагч юм. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн 15 дугаар талд ... Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйл “Төсвийн шууд захирагч түүний буүэн эрх”, 16.4 “Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна.” 16.4.15 “Аймаг нийслэл, сум дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргын Тамгын газрын төсвийн” гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгч С.Ө нь тухайн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа төсвийн шууд захирагч байсан байна. Мөн Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйл “Төсвийн шууд захирагч, түүний бүрэн эрх”, 16.5 “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 16.5.1 “Төсвийн байгууллагын үйл ажиллагааг удирдах”, 16.5.2 “Батлагдсан төсөв хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтанд нь хяналт тавих”, 16.5.5 “Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэж тус тус заажээ. Хуулийн дээрх заалтуудаас төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулахад хяналт тавьж ажиллахаар байна. Гэтэл нэхэмжлэгч С.Ө нь 2017 онд хуулиар хүлээсэн дээрх бүрэн эрхээ хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллаагүй санхүүгийн зөрчил гаргасан болох нь холбогдох байгууллага, албан тушаалтны хяналт, шалгалтаар тогтоогджээ. ... гэж хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, холбогдох хууль тогтоомжоо үндэслэн үндэслэлтэй дүгнэлт хийсэн.

6. Тухайн хоёр захиргааны актыг үндэслэсэн зөрчлүүдийг нотлох баримтуудыг хавсаргасан, тухайн хоёр захирамжийн үндэслэл нь давхцаагүй болох нь бичгийн нотлох баримтуудаас тодорхой харагдана. Үүнд: Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйл Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа хоёр ба түүнээс дээш албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэл нь хэрэгт авагдсан бичгийн дараах нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байгаа.

7. 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/11 “Тамгын газрын дарга С.Ө-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” захиргааны актад үндэслэл болгосон зөрчлүүдийг нотлох баримтууд:

- С.Ө-ын алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч цаашид ажиллах нөхцөл бололцоогоор хангуулах тухай өргөдөл хүсэлт 2 дугаар хавтас 31 дүгээр хуудас,

- Албан хаагчдын цалин хөлс, үр дүнг хууль журмын дагуу тооцож олгоогүй. Ш.Б, Б.Г нарын гомдол 1 дүгээр хавтас 167-169

- Аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 17/04/12 акт /албан хаагчдын ур чадварын нэмэгдлийг үндэслэлгүйгээр хасч олгосон/ 1 дүгээр хавтас 231-232

- Хагас жилийн тайлан өгөөгүй

- Архив албан хэрэг хөтлөлтийн ажлыг удирдлагаар хангаж ажиллаагүй болох нь Аймгийн санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 17/04/23 дугаар бүхий албан шаардлагаар тогтоогдоно. 1 дүгээр хавтас 234-236 дугаар хуудас

- Сумын Засаг даргын хугацаатай үүрэг даалгавар хүргүүлэх тухай, Тамгын газрын даргад 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1/108 тоот албан тоот, 2 дугаар хавтас 98 дугаар хуудас,

- Сумын Засаг даргын хугацаатай үүрэг даалгавар хүргүүлэх тухай, Тамгын газрын даргад 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1/80 тоот 2 дугаар хавтас 102 дугаар хуудас.

8. Тухайн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/11 “Тамгын газрын дарга С.Өлзийжаргалд сахилгын шийтгэл ногдуулах тухай” захиргааны актад тухайн үед С.Өлзийжаргал нь гомдол гаргаж байгаагүйг анхаарна уу.

9. Төвшрүүлэх сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 дүгээр “Ажлаас халах тухай” захирамж үндэслэл болгосон зөрчлүүдийг нотлох баримтууд:

- 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 04 тоот Аймгийн Засаг даргын албан даалгаврыг 2017 оны 10 дугаар сарын 23-нд Төвшрүүлэх сумын Засаг дарга Тамгын газрын дарга С.Ө-д цохолт хийж үүрэг даалгавар өгсөн боловч хэрэгжилтийн талаар эргэж мэдээлээгүй болох нь хавтаст хэргийн 127-129 дүгээр хуудас, албан биелэлтийн хэрэгжилтийг хангаагүй болох нь 2018 оны 01 дүгээр  сарын 12-ны өдрийн 1/05 Төвшрүүлэх сумын Засаг даргын “Албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллах тухай” 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 08 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй хариуцлага алдсан нь Төвшрүүлэх сумын Засаг даргын албан тоот 2 дугаар хавтас 35-36 хуудас, Архангай аймгийн Засаг даргын зөвлөлийн шалгалтын дүнгийн тэмдэглэл хуудас 53-57 зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно.

- Богино хугацаат өр төлбөрийн тодруулга 2017 оны 12 дугаар сарын 31-ний /цалин, даатгал, шимтгэл, хаоат, эд хөрөнгө/ 1 дүгээр хавтас 189-190 дүгээр хуудас. ТТХ-ийн 6.4.8 зөрчсөн 2018 оны 01 дүгээр сарын 20-21-ний хооронд уг богино хугацаат өр төлбөрийн тодруулгыг тус сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга Л.Э, төсөв төрийн сангийн мэргэжилтэн Ш.Ц нар нь Засаг дарга Г.Б надад танилцуулсан. 1 дүгээр хавтас 189-190 дүгээр хуудас,

- Архангай аймгийн “Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн акт 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” ...Засаг даргын Тамгын газар нь 2017 онд 3 даатгуулагчийн ээлжийн амралтын цалин хөлснөөс Нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй зөрчил 469 839 72 төгрөгийн зөрчил 234 919 86 төгрөгийн алданги нийт 704759,58 төгрөгийн акт тавигдсан. Засаг даргын санхүүгийн албаны дарга Л.Эрдэнэчимэг, төсөв төрийн сангийн мэргэжилтэн Ш.Ц нарын мэдүүлэг 2 дугаар хавтас 211-215, 207-210,

- 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 36/01 Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын акт 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар түлээ нүүрсийг их хэмжээгээр бэлтгэж зарцуулаагүй, үлдэгдлийг төвлөрүүлээгүй, 1.275.000 төгрөгийн зөрчил илэрсэн 2 дугаар хавтас 220 дугаар хуудас,

- 2017 оны жилийн эцсийн тооллогын тайлан, 2 дугаар хавтас 221-222,

- Өр нэхэмжилсэн хүсэлт 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 573700 төгрөгийн бичиг хэргийн өр хуудас 223,

- Тамгын газрын даргын тушаал 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 23 тоот 7.200.000 төгрөгийн нэр бүхий 26 албан хаагчид урамшуулал болгож олгосон албан хаагчдын ажлын үр дүнг дүгнэлгүйгээр шууд олгосон. 2 дугаар хавтас 125-126 хуудас.

- Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 21 34 тоот хуудас 120.

- Цагийн бүртгэлийн хяналт хуудас 83-95

- Батлагдсан төсөв орон тоог хэтрүүлсэн талаарх нотлох баримтууд 132-135 хуудас,....зэрэг дээр дурдсан нотлох баримтуудыг үндэслэж анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн.

10. Давж заалдах шатны шүүхийн магадлалын 7 дугаар талд ....нэхэмжлэгчээс “...өмнө нь зөрчил гэж үзэж, шийтгэл оногдуулсан үндэслэлээр дахин шинэ акт гаргаж, ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон” гэх агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласаар байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй, маргаан бүхий актын үндэслэл бүрийг шалган тогтоогоогүй түүнд холбогдох нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбарыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлж хэргийг шийдвэрлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 34.1, 374.2, 107 дугаар зүйлийн 107.4-т заасантай нийцэхгүй. Түүнчлэн анхан шатны шүүхээс “2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн дундаж оноо 55.6 буюу F үнэлэгдсэн” гэх үндэслэлийг шалгаж тогтоогоогүй, энэ талаар огт дүгнээгүй хариуцагчаас нэхэмжлэгч С.Ө-ыг тухайн үр дүнгийн гэрээнд заагдсан ямар ямар ажлыг хэрхэн хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн болохоо баримтаар нотлохгүй байхад шүүх энэ талаар ажиллагаа хийж үр дүнгийн гэрээг F үнэлсэн нь үндэслэлтэй байсан эсэх талаар дүгнээгүй нь буруу байна. ...гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтээс харахад хэт туйлширсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд дээр дүгнэлт хийгээгүй болох нь тодорхой харагдаж байна. Учир нь С.Өл-ын зүгээс 2017 оны үр дүнгийн гэрээг нь F үнэлсэн талаар гомдол гаргах цаг хугацаандаа гомдол гаргаагүй, С.Ө-ын 2017 оны Үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлсэн үнэлгээ нь холбогдох журмынхаа дагуу хүчин төгөлдөр болсон талаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байхад давж заалдах шатны шүүх нь хүчин төгөлдөр болсон үр дүнгийн гэрээний үнэлгээг үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийхийг шаардаж байгаа нь ойлгомжгүй байна.

11. 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлж дүгнэсэн талаар: 2017 оны үр дүнгийн гэрээг төсвийн ерөнхийлөн захирагч болох Төвшрүүлэх сумын Засаг дарга Г.Болормаа миний бие нь төсвийн шууд захирагч болох Тамгын газрын дарга С.Ө нарын хооронд байгуулсан гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажсан. 1 дүгээр хавтас 69-88 дугаар хуудас.

12. Төсвийн ерөнхийлөн захирагч нь Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 5 дугаар зүйлд заасны дагуу гэрээний хэрэгжилтэд Төсвийн жилд хяналтыг тавин ажилласан болох нь хэрэгт авагдсан албан шаардлага өгсөн үүрэг даалгавраар нотлогдоно. 2017 оны гэрээг төсвийн ерөнхийлөн захирагч миний бие нь үнэлж дүгнэхдээ тус журмын 6 дугаар зүйлд заасны дагуу гэрээний биелэлтийг дүгнэж баталгаажуулах хэсэгт заасны дагуу гэрээний биелэлтийг дүгнэсэн. Гэрээний биелэлтийг дүгнэж үнэлгээ өгөхдөө Төсвийн ерөнхийлөн захирагч миний бие нь төсвийн шууд захирагч С.Ө-тай ярилцлага хийнэ гэсний дагуу 2017 оны үр дүнгийн гэрээг дүгнэсэн талаараа 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ярилцлага хийж тэмдэглэл хөтөлсөн. Ярилцлага хийсэн болох нь 157-163 хуудсанд авагдсан ярилцлага хийсэн тэмдэглэл болон тухайн ярилцлагын тэмдэглэлийг хөтөлсөн гэрч Д.Х-ын мэдүүлэг зэргээр нотлогдоно.

13. 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлж дүгнэхэд С.Ө нь F үнэлэгдсэн гэрээний биелэлт бусад холбогдох нотлох баримт 90-141 хуудсанд авагдсан баримтуудаар нотлогдоно. F үнэлэгдсэн тохиолдолд төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 6.5-д заасны дагуу төсвийн шууд захирагч төсвийн ерөнхийлөн захирагчийн өгсөн үнэлгээтэй санал нийлээгүй тохиолдолд үндэслэл бүхий тайлбарыг түүнд бичгээр гаргаж болно. Энэ тохиолдолд талууд үнэлгээтэй холбоотой санал нийлээгүй асуудлыг дахин авч үзнэ. Хэрэв төсвийн ерөнхийлөн захирагч үнэлгээг өөрчлөөгүй бол гэрээний биелэлтийг дүгнэсэн илтгэх хуудсанд тайлбарыг хавсарган Төсвийн шууд захирагчийн хувийн хэрэгт хадгалах бөгөөд гэрээг дүгнэсэнд тооцно гэж заасны дагуу С.Ө-д өгсөн үнэлгээтэй санал нийлээгүй талаар тайлбар гаргах боломжит хугацааг олгосон. 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ярилцлагыг хийж 2017 оны 12 дугаар сарын 27-нд сонсох ажиллагааг хийснээс хойш 2018 оны 01 дүгээр сарын 26-ны дотор С.Х-аас үр дүнгийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа тайлбар, гомдол, хүсэлт ирүүлээгүй тул 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр С.Ө-аас гомдол, тайлбар ирүүлээгүй тухай тэмдэглэлийг хөтөлж, үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээг баталгаажуулсан талаар хувийн хэрэгт хавсаргаж С.Ө-ыг ажлаас халах тухай Засаг даргын захирамжийг гаргасан.

14. Иймд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн үндэслэлтэй дүгнэлт хийсэн Архангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 109/ШШ2018/0023 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

15. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-т заасантай нийцсэн байна.

16. Нэхэмжлэгч С.Ө-ыг Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/01 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалт, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 7.1, Төсвийн тухай хуулийн 40.4.2, 6.4.1, 6.4.8, байгууллагын дотоод журмын 10.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Тамгын газрын даргын ажлаас халжээ.

17. Нэхэмжлэгчээс “...2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэхдээ хийж хэрэгжүүлсэн ажлуудыг маань үгүйсгэж хит доогуур үнэлгээ өгч гэрээнд тусгагдсан ажил, арга хэмжээний тайланг хамгаалах, тайлбарлан таниулах, ойлгуулах, харилцан ярилцах боломж олгоогүй өрийн үзэмжээр хүссэн оноогоо тавьж дүгнэсэн...” гэж, хариуцагчаас “...ажлын байрны тодорхойлолт болон Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг бүтэн жилээр хангалтгүй биелүүлж төсвийг хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах тал дээр хариуцлагагүй хандаж, төсөвт өр авлага үүсгэн төсвийн шууд захирагчийн санхүүгийн сахилга хариуцлагыг алдагдуулсан...” гэж тус тус маргасан байна.

18. Анхан шатны шүүх зөрчил тус бүрд хамааралтай нэхэмжлэгч хариуцагч нарын маргаж буй үйл баримттай хамааралтай, түүнийг үгүйсгэх эсхүл зөвтгөх нөхцөл байдлыг тогтоосон нотлох баримт цуглуулах замаар дүгнэлт өгөх ёстой атал уг үүргээ биелүүлээгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

19. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг тус тус  зөрчсөн байх тул “...хуулиар хүлээсэн дээрх бүрэн эрхээ хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллаагүй санхүүгийн зөрчил гаргасан... захиргааны актад тухайн үед С.Ө нь гомдол гаргаж байгаагүй... 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлж дүгнэхэд С.Өлзийжаргал нь F үнэлэгдсэн” гэх агуулга бүхий хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд хяналтын шатны шүүх хуралдаанаас эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй юм. 

20. Мөн “нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараас үзвэл, хариуцагч Төвшрүүлэх сумын Засаг дарга нь нэхэмжлэгч С.Ө-ыг ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээнд заасан ямар ажлыг хэзээ, хэрхэн хангалтгүй биелүүлсэн гэж үзэж түүнийг ажлаас чөлөөлснөө ямар тооцоо судалгаа, баримтад үндэслэсэн нь тодорхойгүй байхад шүүх энэ талаарх нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй, тус сумын Засаг даргын 2017 оны Б/11, 2018 оны Б/01 дугаар захирамжуудын үндэслэл давхцаж байгаа эсэх, өөр хоорондоо харилцан адилгүй эсэх талаарх ялгаа заагийг тодруулан холбогдох баримтыг цуглуулж, дээрх нөхцөл байдлыг дүгнээгүй нь буруу” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй байна.  

21. Анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан зөрчлийг арилгаж, шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн бүрдүүлж, хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2018/0490 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

 

                        ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН