Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 493

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, /Өнөр хороолол/ 32-232 тоотод байрлах, улсын бүртгэлийн 9011050125, регистрийн 2068745 дугаартай, “Уурхай” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 17-06 тоотод оршин суух, 1969 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОМ69012118, Хөхнүүд овогт Сосорын Лхагвасүрэнд холбогдох,

      Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн 74-45 УБА улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-80 маркийн автомашин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанбадралт, хариуцагч С.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч “Уурхай” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Сурмаажав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанбадралт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “Уурхай” ХХК нь 2008 оны 10 дугаар сард өөрийн өмчлөлийн 74-45 УБА улсын дугаартай Ланд круйзер-80 маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч С.Лхагвасүрэнд 25.000.000 төгрөгөөр худалдсан юм. Ингэхдээ гэрээний зүйл болсон тээврийн хэрэгслийн үнийг бүрэн төлсөн тохиолдолд машины өмчлөх эрх, бичиг баримтыг худалдан авагчид шилжүүлэхээр харилцан тохиролцсон юм. Гэтэл машины үнээс 12.000.000 төгрөгийг хариуцагч С.Лхагвасүрэн нь одоог хүртэл өгөөгүй бөгөөд нэхэмжлэгч “Уурхай” ХХК нь машины бичиг баримтыг худалдан авагчид шилжүүлээгүй. Нэгэнт хариуцагч С.Лхагвасүрэн нь худалдах-худалдан авах гэрээний гол үүрэг болох үнийг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй, удаа дараалан шаардаж ирсэн боловч биелүүлэхгүй байсаар өдийг хүрлээ. Үнийг бүрэн төлөхгүй тохиолдолд машиныг буцаан өгөх шаардлагыг тавьсаар ирсэн болно. Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан тохиолдолд гол үүргийн гүйцэтгэлийг харилцан буцаалт хийх эрх зүйн үр дагавар үүснэ. Иймд худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулан, үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн 74-45 УБА улсын дугаартай Ланд круйзер-80 маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч С.Лхагвасүрэнгээс гаргуулж нэхэмжлэгч “Уурхай” ХХК-д олгоно уу. Тухайн автомашин нь “Уурхай” ХХК-ийн өмч бөгөөд иргэн С.Баянмөнхөд компанийн зүгээс ямар нэгэн зөвшөөрөл өгч С.Лхагвасүрэнд шилжүүлээгүй. Автотээврийн тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-т “Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ” гэж, Зам, тээврийн сайдын 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 59 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1.1-т “Автотээврийн хэрэгслийг өмчлөгч иргэн, хуулийн этгээд нь автотээврийн хэрэгслээ худалдах, бэлэглэх зэргээр бусдад шилжүүлсэн тохиолдолд автотээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөнийг бүртгэнэ” гэж тус тус заасан байдаг. Гэтэл С.Лхагвасүрэн яаж өөрийн нэр дээр автомашиныг шилжүүлж авсан болох нь тодорхойгүй. Мөн хариуцагчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн тайлбар гаргасан. Гэтэл С.Лхагвасүрэн зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу үнийг төлөх үүргээ энэ хугацаанд биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, С.Лхагвасүрэн үүргээ биелүүлээгүй учир шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тоологдож эхлээгүй, уг хугацаа дуусаагүй байна гэж үзнэ. Мөн С.Лхагвасүрэн 2009 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Увс дулааны станц” ХХК-ийн дансанд 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн нь “Уурхай” ХХК-ийн дансанд мөнгө төлсөн гэж үзэхгүй. Тэрээр өөр компани буюу өөр хуулийн этгээдийн дансанд мөнгө тушаасан байдаг. Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн хэлтсийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 76 тоот тодорхойлолтод тухайн автомашин нь одоог хүртэл “Уурхай” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа гэсэн байдаг. “Уурхай” ХХК нь зөвхөн Д.Сурмаажав гэдэг хүний ганц гишүүнчлэлтэй компани бөгөөд тухайн компанийн үйл ажиллагаанд С.Баянмөнх оролцох, тухайн компанийн нэрийн өмнөөс эрх зүйн харилцаанд оролцох эрх олгогдоогүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

         Хариуцагч С.Лхагвасүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2008 оны 10 дугаар сард биш 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Д.Сурмаажавын хүү С.Баянмөнхтэй харилцан тохиролцож, 16.000.000 төгрөгөөр 74-45 УБА улсын дугаартай  Ланд круйзер-80 маркийн тээврийн хэрэгслийг худалдан авсан ба тухайн өдрөө С.Баянмөнхөд 10.000.000 төгрөгийг хадаг сүүгээ барьж өгөөд худалдаж авсан. Сүүлд 2009 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Д.Сурмаажав шаардаж, “Увс дулааны станц” ХХК-ийн данс өгсөн учир түүнд өөрийн өмчлөлийн автомашинаа зараад орж ирсэн 3.000.000 төгрөгийг аваачиж хийсэн. Ингээд би “Хар тарвагатай” ХХК-д эксковаторчноор ажиллаж байсан бөгөөд 2009 оны 10, 11, 12, 2010 оны 1, 2, 3 дугаар саруудад цалингүй ажиллаад үлдсэн 3.000.000 төгрөгийг төлсөн. Мөн С.Баянмөнхөд 800.000 төгрөг өгөөд Улаанбаатар хотоос 4 шинэ дугуй авахуулаад, ирсэн хойно нь буюу 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдөр автомашинаа хүлээн авсан. Гэтэл Д.Сурмаажав гуай хуурамч абримт бүрдүүлэн машиныг 25.000.000 төгрөгөөр зарсан гэж худлаа хэлж байна. Үүний улмаас миний гарын үсэг болон эхнэр Ж.Энхбаярын гарын үсэгт шинжилгээ хийсэн боловч биш гэж гарсан. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Сурмаажав надад өс хонзон санаж янз бүрийн аргаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, миний эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа. “Уурхай” ХХК, “Хартарвагатай” ХХК, “Увс дулааны станц” ХХК нь бүгд нэг хүний буюу Д.Сурмаажавын компаниуд бөгөөд өөрийнх нь өгсөн дансанд 3.000.000 төгрөгийг нь төлсөн, мөн цалингүй ажиллаж төлбөрөө бүрэн төлж барагдуулсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоо миний автомашиныг шүүгчийн захирамжаар битүүмжлэн хураасны улмаас 2 жил гадаа зогсож, эвдрэл гэмтэл үүссэн учир харин ч би хохирох хэмжээнд хүрээд байна. 2009 оноос хойш миний бие уг автомашины татварыг төлж байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч “Уурхай” ХХК нь хариуцагч С.Лхагвасүрэнд холбогдуулан “Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн 74-45 УБА улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-80 маркийн автомашин гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

         Хариуцагч С.Лхагвасүрэн “Би 2008 онд Тоёота Ланд Круйзер-80 маркийн автомашиныг Баянмөнх гэх залуугаас 16.000.000 төгрөгөөр худалдан авч үнийг бүрэн төлж барагдуулсан, харин одоо болтол автомашины бичиг баримтыг миний нэр дээр шилжүүлж өгөхгүй байгаа, 2008 оноос одоог хүртэл автомашины татварыг би төлж байгаа, 12.000.000 төгрөгийг үндэслэлгүй нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” хэмээн маргаж байна.

        “Уурхай” ХХК болон С.Лхагвасүрэн нарын хооронд 2008 онд амаар тохиролцож 74-45 УБА улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-80 маркийн автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсанд талууд маргаагүй болно.

         Иргэний хуулийн 243-261 дүгээр зүйлүүдэд худалдах-худалдан авах гэрээтэй холбоотой харилцааг зохицуулсан байгаа хэдий ч гэрээ байгуулах хэлбэрийн талаар тусгайлсан шаардлага тавигдаагүй байдаг.

        Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу хуульд тусгайлан заагаагүй тул худалдах-худалдан авах гэрээг амаар болон бичгээр байгуулах боломжтой юм.

        Талуудын хооронд 2008 оны 12 дугаар сард худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, 74-45 УБА улсын дугаартай Ланд круйзер-80 маркийн автомашиныг С.Лхагвасүрэнд шилжүүлэн өгч, харин С.Лхагвасүрэн тодорхой хугацааны дараа үнийг төлөх үүргийг хүлээж,  С.Лхагвасүрэнгээс 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 10.000.000 төгрөгийг бэлнээр, 2009 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Увс дулааны станц” ХХК-ийн кассанд 3.000.000 төгрөгийг, мөн 2009 оны 10, 11, 12, 2010 оны 1, 2, 3 дугаар саруудад “Хар тарвагатай” ХХК-ийн уурхайд ажиллахдаа цалингаас 3.000.000 төгрөг, нийт 16.000.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хэргийн 4 дүгээр хуудаст авагдсан “Кассын орлогын ордер 113” гэх баримт, 71-74 дүгээр хуудаст авагдсан Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлстийн байцаагч Д.Цэнд-Аюушийн гаргаж өгсөн “С.Лхагвасүрэнгийн цалингийн жагсаалт” гэх баримт, 77 дугаар хуудаст авагдсан С.Лхагвасүрэнгээс тухайн автомашины татварыг 2009-2014 онуудад төлсөн тухай тодорхойлолт, хэргийн 53 дугаар хуудаст авагдсан 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны үеэр Д.Сурмаажавын гаргасан “...Мөнгө өгч авалцах үед манай хүүхэд, С.Лхагвасүрэнгийн эхнэр Ж.Энхбаяр ч байсан. Ж.Энхбаяр алчууранд 10.000.000 төгрөг боож оруулж ирээд баримт дээр гарын үсэг зураад миний машиныг авсан. Баримт дээр хэн гарын үсэг зурсан талаар би мэдэхгүй, тэр үед би мөнгө тоолж авч байсан” гэх тайлбар, хэргийн 246 дугаар хуудаст авагдсан гэрч Ж.Энхбаярын “Манайх Сурмаажавын Баянмөнхөөс машин авах зорилгоор 2008 оны 12 дугаар сарын эхээр 10.000.000 төгрөгийг бэлнээр бэлнээр хадаг мөнгөн аягатай сүүтэйгээ өгч машин авсан. Д.Сурмаажав машины зөрүү мөнгөө нэхэхээр нь 3.000.000 төгрөгийг нь өөрийн эзэмшлийн шар өнгийн 50-25 УВА улсын дугаартай /фургон/ авто машинаа зарсаны дараа “Увс дулааны станц” ХХК-ийн нягтлан Г.Байгалмаад албаны дансаар шилжүүлж өгсөн. Д.Сурмаажав өөрөө тэр дансанд мөнгөө хий гэсэн учир албаны дансанд хийсэн юм. Манай нөхөр “Хар тарвагатай” ХХК-д экскаваторчин хийж байхдаа 3.000.000 төгрөгийг нь нэг жил цалин авахгүйгээр ажиллаж төлсөн. С.Баянмөнхөд 10.000.000 төгрөгийг өгч машин авч байхад бидний хажууд тогооч Ц.Лхагваа, жолооч Б.Лхагвахүү гэх хүмүүс байсан. Тухайн машиныг зарахдаа С.Баянмөнх нь энэ машин дугуй муутай машин гэж хэлж өгсөн. Дараа нь манай нөхөр 800.000 төгрөгийг Баянмөнхөд өгч 4 шинэ дугуй авахуулсан юм” гэх мэдүүлэг, хэргийн 247 дугаар хуудаст авагдсан гэрч Б.Лхагвахүүгийн “2008 оны өвөл 12 сарын эхэн хавиар С.Лхагвасүрэнд Сурмаажавын Баянмөнх гэх залуу “Land-80” маркийн 74-14 УБА улсын дугаартай автомашиныг Увс аймгийн Тариалан сумын Толь багийн нутаг буюу “Хар тарвагатай” уурхайд С.Лхагвасүрэнгийн гэрт нь авч ирж өгч байсан. Тэр үед би хажууд нь байсан ба тэр хүмүүс үнэ ханшаа тохиролцоод 16.000.000 төгрөгөөр худалдан авч байгаа гэж байсан. Тэр үедээ 10.000.000 төгрөгийг нь бэлнээр өгөөд 6.000.000 төгрөгийг нь дараа өгнө гэж ярилцаж байсан юм. Тухайн үед С.Баянмөнх нь “Хар тарвагатай” ХХК-ийн уурхайн ажилчдыг удирдан ажиллаж байсан” гэх мэдүүлэг, хэргийн 248 дугаар хуудаст авагдсан гэрч Ц.Лхагваагийн “...Машин авахдаа 10.000.000 төгрөгийг нь бэлнээр өгөөд, 3.000.000 төгрөгийг нь сүүлд С.Лхагвасүрэн өөрийн шар өнгийн фургон машинаа зарж өгсөн. Сүүлд 3.000.000 төгрөгийг нь цалингаасаа өгч байгаа гэсэн ярьж байсан юм...” гэх мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож, тогтоогдож байна.

          Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

         Худалдагч тал болох “Уурхай” ХХК нь 74-45 УБА улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-80 маркийн автомашины үнийг хариуцагч С.Лхагвасүрэн төлж дуусгасан байхад дагалдах бичиг баримт болон тээврийн хэрэгслийн гэрчилгээг худалдан авагчийн нэр дээр шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

        Хэдийгээр нэхэмжлэгч нь уг автомашиныг “Уурхай” ХХК-ийн өмч бөгөөд С.Лхагвасүрэнд 25.000.000 төгрөгөөр худалдсан гэсэн тайлбарыг гаргаж, үүнийг нотлох баримтаар 74-45 УБА улсын дугаартай, Toyota Land Cruiser маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, мөн 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр уг автомашины 2015 оны татварыг төлсөн тухай ТА¹ 0800447 тоот “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ”, Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн хэлтсийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 76 тоот тодорхойлолт, Улаанбаатар хотын банкны 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн автомашин ашигласны төлбөр, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн агаарын бохирдлын төлбөр төлсөн талаархи орлогын мэдүүлэг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн боловч уг автомашины авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөрийг нэхэмжлэл гаргасны дараа төлсөн байх тул уг татварыг тухайн компани тасралтгүй хуулийн хугацаанд нь төлж байсан гэж үзэх боломжгүй юм.

         Харин 2009-2014 онуудад уг автомашины татварыг С.Лхагвасүрэн төлж байсан болох нь татварын албаны тодорхойлолтоор /1-р хавтасны 77 дугаар хуудас/ нотлогдож байна.

    Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр “Уурхай” ХХК-ийн нягтлан бодогч С.Лхамсүрэнгээс гэрчээр мэдүүлэг авсан бөгөөд гэрч С.Лхамсүрэнгийн “Миний бие 1999 оноос эхлэн “Уурхай” ХХК-д нягтлан бодогч, няраваар өнөөдрийг хүртэл ажиллаж байна. 74-45 УБА улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-80 маркийн автомашин нь С.Лхагвасүрэнгийн нэр дээр бүртгэлгүй, “Уурхай” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа. Уг автомашиныг 2008 онд худалдан авсан байдаг. Тэр цагаас эхлэн “Уурхай” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа бөгөөд одоо болтол компанийн өмчлөлд байгаа. С.Лхагвасүрэн нь Д.Сурмаажав болон надтай ярилцаж тохиролцохдоо тухайн тээврийн хэрэгслийн төлбөр болох 28.000.000 төгрөгийг манай компанийн дансанд төлбөрөө барагдуулсаны дараа автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлж авахаар тохиролцсон бөгөөд өнөөдрийг хүртэл төлбөрийг шилжүүлээгүй байгаа. Ийм учраас автомашин нь “Уурхай” ХХК-ийн өмчлөлд байгаа. Нэгэнт төлбөрөө барагдуулаагүй болохоор манай компанийн өмч гэж үзэж байна. Компанийн захирал Д.Сурмаажав болон миний зүгээс удаа дараа компанийн тайлан тооцоо гарахтай хоблогдуулан С.Лхагвасүрэнгийн 99096234 дугаарын тсанд залгаж автомашины төлбөрийг хэзээ төлөх талаар асуудаг байсан боловч төлнө гэсээр байгаад 2014 он хүрсэн.  Ингээд бид төлөхгүй болохоор шүүхэд хандахаас өөр аргагүй болсон. Автомашины төлбөрийг жил болгон төлж байгаа. Жилд татварын төлөлт нь дунджаар 183.600-223.600 төгрөгийн татвар тушаадаг” гэх мэдүүлэг нь өөр баримтаар нотлогдоогүй тул түүний мэдүүлгийг үнэлэх боломжгүй байна.

    2008 онд 74-45 УБА улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-80 маркийн автомашин нь С.Лхагвасүрэнгийн эзэмшилд шилжсэн нөхцөл байдал тогтоогдсон, талууд энэ талаар маргаангүй байхад “Уурхай” ХХК нь 2009-2015 онуудад уг автомашиныг тухайн компаний эзэмшилд биетээр байгаагаар эд хөрөнгийн тооллогод бүртгэсэн “Уурхай” ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтын “Үндсэн хөрөнгийн бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл”-ийг нотолгооны ач холбогдолгүй байна.

         Түүнчлэн хэргийн 69 дүгээр хуудаст авагдсан нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 112/6 тоот тодорхойлолтод:  “1993 онд үйлдвэрлэгдсэн Тоёота ланд 80 маркийн автомашин нь 2008 оны 3 дугаар улирлын байдлаар өнгө үзэмж, техникийн байдал зэргээсээ шалтгаалан дунджаар 25.000.000 төгрөгийн үнээр худалдаалагдаж байсан” гэж, хэргийн 76 дугаар хуудаст авагдсан “Гэрэгэ эстимэйт” ХХК-ийн 2014/09-30 дугаартай тодорхойлолтод: “1993 онд үйлдвэрлэгдсэн 2004 онд Монгол улсад орж ирсэн ногоон өнгийн хэвийн ашиглалттай Тоёото Ланд круйзер маркийн автомашины зах зээлийн дундаж үнэ 2008 оны байдлаар 15.000.000 төгрөг байсан болохыг тодорхойлов” гэж тус тус автомашины үнийг тогтоосон байх боловч уг үнэлгээнүүд нь Улаанбаатар хотод үйлдэгдсэн, мөн ямар эдийн засгийн тооцоо судалгаанд үндэслэн гарсан, чухам хаана худалдаалагдаж байсан автомашины үнэлгээ болох нь тодорхойгүй, үнэлгээний объектыг үнэлгээчид биечлэн үзэж танилцаагүй байх бөгөөд тухайн тодорхойлолтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул тэдгээрийг нотлох баримтаар үнэлээгүй болно. 

       Нэхэмжлэгчээс С.Лхагвасүрэн нь 2008 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тухайн автомашиныг 25.000.000 төгрөгөөр худалдан авч, тэр өдрөө 10.000.000 төгрөгийг өгсөн хэмээн хэргийн 3 болон 26 дугаар хуудаст авагдсан “Бэлэн мөнгөний орлогын баримт”-ыг гаргаж өгсөн боловч тухайн баримтанд зурагдсан С.Лхагвасүрэн болон түүний эхнэр Ж.Энхбаяр нарын гарын үсэг биш болох нь хэргийн 31-36 дугаар хуудаст авагдсан Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 14/28 тоот дүгнэлт, хэргийн 214-219 дүгээр хуудаст авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Бичиг баримтын шинжилгээний лабораторийн шинжээчдийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2939 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Бичиг баримтын шинжилгээний лабораторийн шинжээчдийн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2144 тоот дүгнэлт зэргээр үгүйсгэгдэж байна.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагч С.Лхагвасүрэнгийн 2008 оноос хойшхи Хаан болон Төрийн банкин дахь дансны хуулгыг гаргуулсан ба гүйлгээний утгаас үзэхэд С.Лхагвасүрэнгийн цалин уг дансанд орж байгаагүй байна.

         Хэргийн 70 дугаар хуудаст авагдсан иргэн С.Баянмөнхийн тайлбар, хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж өгсөн С.Лхагвасүрэнгийн 2008-2009 оны цалингийн тооцооны карт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

         Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаар бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж, 75 дугаар зүйлийн  75.2.1-т “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна” гэж тус тус заажээ.

       Нэхэмжлэгчид С.Лхагвасүрэнгээс гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрх үүссэн 2010 оны 3 дугаар сараас хойш дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргах, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрх нэхэмжмжлэгчид байсан бөгөөд “Жил бүр, удаа дараа мөнгөө нэхэж, шаарддаг байсан” гэсэн тайлбар гаргадаг ч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

         Түүнчлэн Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах үйл баримт тогтоогдоогүй болно.

       Иймд дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч С.Лхагвасүрэнд холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн 74-45 УБА улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-80 маркийн автомашин гаргуулах тухай нэхэмжлэгч “Уурхай” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

       Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Сум дундын 24 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 888 дугаар “Хүсэлтийг хангаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Уурхай” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206.950 /хоёр зуун зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч С.Лхагвасүрэнд холбогдох “Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн 74-45 УБА улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-80 маркийн автомашин гаргуулах тухай” нэхэмжлэгч “Уурхай” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

        2. Сум дундын 24 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 888 дугаар “Хүсэлтийг хангаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжийг хүчингүй болгосугай.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Уурхай” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206.950 /хоёр зуун зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ