Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 804

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Б холбогдох эрүүгийн 1906 01454 0994 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 6 дугаар сарын 16-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Б.Б .

           

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 20 дугаар байрны хаднаас иргэн Б.Амарсанаагийн эзэмшлийн 5904 УБӨ улсын дугаартай Тоёота Алфард маркийн автомашиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй дураараа авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Амарсанаагийн өгсөн мэдүүлэг /хх-5-8/, гэрч Н.Энхтуяагийн өгсөн мэдүүлэг /хх-11/, Б.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-16-17/, шүүгдэгч Б.Б урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-27/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

 Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 20 дугаар байрны хаднаас иргэн Б.Амарсанаагийн эзэмшлийн 5904 УБӨ улсын дугаартай Тоёота Алфард маркийн автомашиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй дураараа авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Амарсанаагийн өгсөн: “...2019 оны 4 сарын 19-ний өдөр 15 цагийн үед би машинаа байрныхаа гадаа Б.Билгүүнээр бариулаад авчирч байрлуулаад “түлхүүрээ авъя” гэхэд Б.Б “за би машинаас юмаа аваад эргүүлээд танд оруулаад өгье” гэж хэлээд тэр чигтээ миний цагаан өнгөтэй Тоёота Алфард маркийн 59-04 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч явсан. Тухайн өдөр Б.Б надаас “200 доллар зээлээч би нэг хүнд өгөх гээд байгаа юм, тэр хүнд мөнгөө өгчихвөл надад тэр хүн зээл гаргана” гэхээр нь би “чамд зээл өгч чадахгүй” гэсэн. Энэ асуудлаа цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй. Машинаа бүрэн бүтэн хүлээж авсан.” /хх-5-8/ гэх мэдүүлэг,

Мөн түүний дахин хохирогчоор өгсөн: “...Эд зүйлээ хүлээж авсан. Эвдэрч хэмхэрсэн зүйлгүй.” /хх-32/ гэх мэдүүлэг, 

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Энхтуяагийн өгсөн: “...2019 оны 4 сарын 19-ний өдөр Азбаярыг ажлаа хийж байхад нэг залуу найз нь гэж ирээд манай хамаатаны залуу гараад гадаа машин дотор юм ярьж байгаад “манай дүү орж ирээд надад манай энэ найз 250 000 төгрөг зээлээч маргааш зээлээ аваад 300.000 төгрөг болгоод өгье” гэхээр нь би “үгүй” гэсэн чинь “машины гэрчилгээ тавиад авъя” гэхээр би зөвшөөрөөд өөрийнхөө “Хаан” банкны мобайл банкаар Билгүүн гэсэн нэртэй данс эзэмшигч байсан. Азбаяр гуйгаад байхаар нь 290.000 төгрөг зээлсэн. Тэгээд гараад явсан.”/хх-11-12/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б яллагдагчаар өгсөн: ...Ямар ч санаа зорилгогүйгээр авч явсан. Машины гэрчилгээг найзынхаа эгчид 290.000 төгрөгөөр тавьсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.”/хх-16-17/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Б урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-27/ зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Иймд шүүгдэгч Б.Б 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 20 дугаар байрны хаднаас иргэн Б.Амарсанаагийн эзэмшлийн 5904 УБӨ улсын дугаартай Тоёота Алфард маркийн автомашиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй дураараа авч явсанүйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг гэдэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч Б.Амарсанаа нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул үүнийг шүүхээс шүүгдэгч Б.Б эрүүгийх хариуцлага тооцохдоо хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Б.Б цалин, хөрөнгө болон бусад орлого олох боломжийг харгалзан, түүнд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.Б ийг автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Б 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Б нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Б урьд

авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС