| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0296/Э |
| Дугаар | 288 |
| Огноо | 2019-03-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Р.Батнасан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 288
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уранбилэг,
Улсын яллагч Р.Батнасан,
Шүүгдэгч Г.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.З-д холбогдох эрүүгийн 1809037170199 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, өвөг эцэг, эцэг, эхийн хамт оршин суудаг гэх, 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1-д зааснаар 540.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Б овогт Г.З, /регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Г.З нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ай лофт” баарнаас иргэн Ц.Мянганбаярын цүнхтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.З-г 2018 оны 08 дугаар сарын 20-ны шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ай лофт” баарнаас иргэн Ц.Мянганбаярын цүнхтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 3-д зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч Г.З-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч Г.З нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ай лофт” баарнаас иргэн Ц.Мянганбаярын цүнхтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Г.З шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна ...” гэв.
Хохирогч Ц.Мянганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 2 цагийн үед найз Тунамалын хамт “Ай лофт” бааранд төрсөн өдөр тэмдэглэхээр ороод байж байтал З найзынхаа хамт орж ирсэн. Бид хэд хамт уугаад бүжиглэсэн. Би найздаа төрсөн өдрийн дуу захиалчихаад хүрээд ирэхэд миний цүнхийг З аваад явсан байсан. Миний алдсан цүнхэнд миний самсунг эс-6 эджи, лж-200 маркийн гар утас манай найз Тунамалын ай фоне-6 эс маркийн гар утас байсан. Мөн гоо сайхны хэрэгслүүд байсан. Тунамалд төрсөн өдрийн бэлэг гэж найзууд нь өгсөн мөнгө байсан. Хэдэн төгрөг байсныг мэдэхгүй 40000 төгрөг байсан байх” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “…00:15 секундэд үл таних эрэгтэй хүн цүнхнүүдийн дэргэд сууж байв. 00:27 секундэд цагаан өнгөтэй пудболк цагаан өнгөтэй малгайтай үл таних эрэгтэй тус эрэгтэй дээр ирж газраас цүнх мэт зүйл аван буйдан дээр тавив. 00:38 секундэд тус цүнх хувцаснуудын хажууд суусан эрэгтэй зүүн гараараа гадуур хувцас мэт зүйлийг буйдан дээрх цүнх мэт зүйл дээр тавьчхаад босоод явав. Удалгүй 01:14 секундэд эргэж ирж тус зүүн гараараа тавьсан гадуур хувцас мэт зүйлээ доор нь байх цүнх мэт зүйлийн хамт авч өөрийн зүүн гарын суга хэсгийн харалдаа тавин суув. 01:27 минутад өөрийн гадуур хувцас мэт зүйлээ өвөр дээрээ авав. 01:47 секундэд тус өвөр дээрх гадуур хувцас мэт зүйл буйдан дээрх цүнхнүүд мэт зүйлс дээрээ дэлгэж тавьж 01:49 секундэд гадуур хувцас мэт зүйлээ авахдаа цүнх мэт зүйлийг давхар авч өвөр дээрээ тавьж 01:55 секундэд буцаан зүүн гар талдаа гадуур хувцас мэт зүйлээрээ ороосон цүнх мэт зүйлээ тавив. 02:11 минутанд тус зүүн гартаа тавьсан байсан гадуур хувцас мэт зүйлээрээ ороосон цүнх мэт зүйлээр барьж босоод явав.”/ хх-ийн 14-15 дугаар хуудас/ гэжээ.
Хохирогч Р.Тунамалтажийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тухайн үед би өөрийн айфоне 6 эс пласс маркийн гар утас, төрсөн өдрийн бэлгэнд ирсэн дугтуйтай мөнгөө Ц.Мянганбаярын цүнхэнд хийсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 33-34 дүгээр хуудас/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Г.З нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Г.З нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4-д заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Г.Зд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Г.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгчид 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.З энэ хэргийн улмаас 25 хоног цагдан хоригдсоныг ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцагийг хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Г.З-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.З-г 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.З нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
5. Шүүгдэгч Г.З энэ хэргийн улмаас нийт 25 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний өмгөөлөгч, улсын яллагч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ