Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 494

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: “Дастан” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанбадралтын нэхэмжлэлтэй,  

          Хариуцагч: “Баялаг Увс” ХХК-д холбогдох,

     Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу дизель түлшний үнэ 9.720.000 төгрөг, тээврийн хөлс 810.000 төгрөг, нийт 10.530.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанбадралт, хариуцагч “Баялаг Увс” ХХК-ийн захирал Т.Нямсамбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

       Нэхэмжлэгч “Дастан” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанбадралт шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Дастан” ХХК нь ОХУ-аас жижиглэнгээр шатах тослох материалыг импортлох, тээвэрлэх үйл ажиллагааг явуулдаг хуулийн этгээд юм. Увс аймгийн Улаангом суманд үйл ажиллагаа явуулдаг “Баялаг Увс” ХХК-аас 2016 оны 3 дугаар сард манай компанид өгсөн захиалгын дагуу 8100 литр дизель түлшийг нэг литр тутмыг нь 1200 төгрөгөөр бодож нийт 9.720.000 төгрөгийн шатахууныг Увс аймаг дахь “Баялаг Увс” ХХК-ийн шатахуун түгээх станцад нийлүүлсэн. Гэтэл “Баялаг Увс” ХХК-аас шатахууны төлбөрийг төлөх гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байна. “Дастан” ХХК-аас  8100 л шатахууныг “Баялаг Увс” ХХК хүлээж авсан гэдэг нь тодорхой, тухайн байгууллагад ажилладаг нярав хүлээж авсан, уг компани борлуулалтаа хийж дуусгасан. Манай компанийн зүгээс ямар нэгэн “Марко поло” компанитай харилцдаггүй, Оросын Холбооны Улсын Алтайн бүс нутагт байрлах Ника компаниас дизель түлшээ авдаг, энэ нь манай байгууллагын мөнгө шилжүүлсэн баримт, гаалийн  бүрдүүлэлтийн баримтаар хангалттай  нотлогдож  байна. Хариуцагч тайлбар өгөхдөө “Дастан” ХХК-тай байнгын харилцаатай байсан гэдгээ хэлж байна. Үүнээс үзэхэд манай компанийн харилцагч байгууллага гэдэг нь харагдаж байна. Энэ нөхцөл байдлаас үзэхэд “Баялаг Увс” ХХК-ийн захирал Т.Нямсамбуу нь “Дастан” ХХК-аас шатахуун захиалсан гэдэг нь тодорхой байна. Мөн уг компани урд нь “Дастан” ХХК-аас  шатахуун авдаг гэдгээ хэлж байна. Үүний дагуу захиалга өгч, шатахууныг хүлээж авч худалдан борлуулах үйл ажиллагааг явуулсан байна. Шатахуун тээвэрлэхэд манай “Дастан” ХХК-аас 810.000 төгрөгийн зардлыг гаргасан бөгөөд тээврийн хөлсийг “Баялаг Увс” ХХК-аас барагдуулаагүй. “Дастан” ХХК-ийн зүгээс  “Баялаг Увс” ХХК-ийн захирал Т.Нямсамбуугийн гар утас руу удаа дараа залгахад эхлээд төлөх агуулга бүхий зүйлийг ярьж байгаад дараа нь утсаа авахаа больж зугатаах болсон тул шүүхэд нэхэмжлэл гаргахад хүрлээ. Иймд нэхэмжлэлийн шаардлага 10.530.000 төгрөгийг “Баялаг Увс” ХХК-аас гаргуулан “Дастан” ХХК-д олгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

      Хариуцагч “Баялаг Увс” ХХК-ийн захирал Т.Нямсамбуу шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Баялаг Увс” ХХК нь ОХУ-ын Красноярск хотын “Марко Поло” компанитай гэрээтэй импортоор шатахуун оруулж ирдэг бөгөөд тус компани нь “Марко Поло” ХХК-аас 6113 долларын авлагатай. Уг авлагыг барагдуулах талаар Увс аймаг дахь “Марко Поло” ХХК-ийн төлөөлөгч буюу орчуулагч Батсүхтэй байнгын холбогдож байсан. 2016 оны 2 дугаар сард 14 хоногийн дотор мөнгө шилжүүлнэ гээд шилжүүлээгүй ба 2016 оны 3 дугаар сард орчуулагч Батсүх “Марко Поло” ХХК-тай холбогдлоо, “Марко Поло” ХХК-ийн менежер Владислав “Дастан” ХХК-д манай “Марко Поло” ХХК-ийн дизель түлш байгаа, Баян-Өлгийд борлуулалт муу байна, үүнээс авч авлагадаа дизель түлш 8100л x 1200дт = 9.720.000 төгрөгөөр тооцож ав гэсэн. Тэгээд 2016 оны 3 дугаар сарын 31-нд манай компани 8100 литр дизель түлш хүлээн авсан. “Дастан” ХХК яагаад надаас мөнгө нэхэмжилж байгааг би ойлгохгүй байна. Өмнө нь “Дастан” ХХК-тай харилцаж 10 сая байтугай 50-60 сая төгрөгийн хооронд худалдаа хийж харилцдаг байсан. Гэхдээ дандаа утсаар ярьж итгэлцлийн үндсэн дээр харилцаа явагддаг байсан. Би Айнагүл гэх хүнтэй Улаанбаатар хотод нэг удаа уулзсан. “Дастан” ХХК-тай албан ёсны гэрээ хэлэлцээр байгуулсан зүйл байхгүй. Тухайн үедээ буюу ачаа авах үед би ямар нэгэн ачаа авах талаар “Дастан” ХХК-тай холбоо бариагүй ба Айнагултай ачаа ачуулах болон төлбөр тооцоо хэрхэн хийх талаар ярьж холбогдоогүй болно. Энэхүү ачааг “Марко Поло” ХХК-ийн менежер Владислав “Дастан” ХХК руу ярьж ачуулсан. Гэтэл 2014 оны 4 дүгээр сарын дундуур “Дастан” ХХК-ийн Айнагул над руу залгаад түлшний үнэ нэхсэн. Би энэ түлшийг “Марко Поло” ХХК-аас авах авлагадаа авсан гэдэг хариуг удаа дараа өгсөн. Одоо миний бие нь “Марко поло” компанитай холбогдож чадахгүй байна. Хэрэв бидэнтэй холбогдвол өр авлагын хоорондох асуудлаа дуусгаж бид төлөх боломжтой. Ийм учраас төлбөр барагдуулах талаар “Баялаг Увс” ХХК-ийн удирдлага Т.Нямсамбуу надаас нэхэмжилсэн төлбөр тооцоог хариуцахгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, боломжгүй байна” гэв.

          Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч “Дастан” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанбадралт нь хариуцагч “Баялаг Увс” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй буюу дизель түлшний үнэ 9.720.000 төгрөг, тээврийн хөлс 810.000 төгрөг, нийт 10.530.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

      Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж заасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ хугацаанд нэхэмжлэлээ гаргасан нь хуульд нийцсэн байна.

      Хариуцагч “Баялаг Увс” ХХК-ийн захирал Т.Нямсамбуу “”Дастан” ХХК-аас авсан 8100 литр түлшийг “Марко Поло” ХХК-аас авах авлагадаа авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн маргаж байна.

      Зохигчид нь дизель түлшний үнэ болон литр, тээврийн хөлс хэдэн төгрөг болсон үйл баримтын талаар маргаагүй болно.

      “Дастан” ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор 18.078 кг дизель түлшийг импортоор оруулж ирэн, төлбөрийг төлсөн болох нь гаалийн хилээр бараа нэвтрүүлэх 1099049 дүгээр үндсэн маягт, гадаад төлбөрийн даалгавраар нотлогдож байна.

       Иргэний хуулийн 243-261 дүгээр зүйлүүдэд худалдах-худалдан авах гэрээтэй холбоотой харилцааг зохицуулсан байгаа хэдий ч гэрээ байгуулах хэлбэрийн талаар тусгайлсан шаардлага тавигдаагүй байдаг.

      Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу хуульд тусгайлан заагаагүй тул худалдах-худалдан авах гэрээг амаар болон бичгээр байгуулах боломжтой юм.

      Үүнээс үзэхэд нэхэмжлэгч “Дастан” ХХК, хариуцагч “Баялаг Увс” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

       Хариуцагч “Баялаг Увс” ХХК нь 8100 литр дизель түлшийг “Дастан” ХХК-аас худалдан авсан болох нь гэрч Ц.Батсүхийн “Би ОХУ-ын Красноярск хотын “Марко Поло” компанийн албан бус орчуулагчаар 2014 оны хавраас эхлэн ажилласан. “Марко Поло” компанийн захирлаар Туровцев, менежерээр Владслав гэх хүмүүс ажилладаг. 2016 оны 3 дугаар сард Туровцев, Владслав нар Улаангом суманд ирж “Баялаг Увс” ХХК-ийн захирал Т.Нямсамбуутай уулзахад миний бие орчуулагчаар ажилласан. Тэгэхэд тус  2 компани тооцоо нийлсэн ба “Марко Поло” ХХК нь “Баялаг Увс” ХХК-д 6000 гаруй долларын өглөгтэй гарсан. “Марко Поло” ХХК нь 6000 гаруй долларын өглөгөөс 1000 гаруй долларыг “Баялаг Увс” ХХК-ийн захирал Т.Нямсамбууд өгсөн ба үлдэгдэл өглөгөө дараагийн шатахуун нийлүүлэх үед өгөхөөр тохиролцсон. Үүний дараа “Марко Поло” ХХК-ийн захирал Туровцев, менежер Владслав нар Красноярск хотдоо очоод 4,5 хоногийн дараа менежер Владслав над руу утсаар залгаад “Баян-Өлгий аймагт дизель түлшний борлуулалт муу байгаа тул “Дастан” ХХК-аас 8100 литр дизель түлш нийлүүлнэ, үнийг нь хэзээ төлөх боломжтой вэ” гэж ярьсан. Тэгэхэд нь би Т.Нямсамбуутай ярьж энэ талаар хэлэхэд “Дараачийн шатахуун хэзээ ирэх вэ” гэж асуулгасан ба би “Марко Поло” ХХК-аас асуухад дараачийн шатахуун 14 хоногийн дараа ирнэ гэж хэлсэн. Тэгэхэд нь Т.Нямсамбуу дараачийн шатахуун 14 хоногийн дараа ирвэл “Дастан” ХХК-ийн 8100 литр шатахууны үнийг 14 хоногийн дараа шилжүүлж болно гэж “Марко Поло” ХХК-ийн менежер Владславт хэлээрэй гэж хэлсэн. Энэ яриа болсны дараа 3 дугаар сарын сүүлээр “Дастан” ХХК-аас “Баялаг Увс” ХХК-д 8100 литр шатахуун ирсэн. Харин “Марко Поло” ХХК-аас 14 хоногийн дараа шатахуун нийлүүлээгүй. Иймд “Баялаг Увс” ХХК нь “Марко Поло” ХХК-аас авах ёстой авлагадаа “Дастан” ХХК-аас шатахуун авсан гэж ойлгосон байх” гэх мэдүүлэг, “Дастан” ХХК-ийн 9 дүгээр нэхэмжлэх, 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн зарлагын баримтаар нотлогдож байх тул хариуцагчийн ”Дастан” ХХК-аас авсан 8100 литр түлшийг “Марко Поло” ХХК-аас авах авлагадаа авсан” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

      “Баялаг Увс” ХХК нь Оросын Холбооны Улсын “Марко поло” компаниас нэхэмжлэх өр, авлагын асуудлаа шүүхэд хандаж тусад нь шийдвэрлүүлэх нь зүйтэй.  

      “Баялаг Увс” ХХК нь дизель түлшний үнийг төлөх үүргээ биелүүлээгүй тул худалдагч тал буюу “Дастан” ХХК” нь “Баялаг Увс” ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу дизель түлшний үнэ 9.720.000 төгрөг, тээврийн хөлс 810.000 төгрөг, нийт 10.530.000 төгрөгийг “Баялаг Увс” ХХК-аас шаардах эрхтэй байна.         

         Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Баялаг Увс” ХХК-аас худалдах- худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу дизель түлшний үнэ 9.720.000 төгрөг, тээврийн хөлс 810.000 төгрөг, нийт 10.530.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Дастан” ХХК-д олгож шийдвэрлэв.

       Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 183.430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Баялаг Увс” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 183.430 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Дастан” ХХК-д олгох нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Баялаг Увс” ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу дизель түлшний үнэ 9.720.000 төгрөг, тээврийн хөлс 810.000 төгрөг, нийт 10.530.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Дастан” ХХК-д олгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 183.430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Баялаг Увс” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 183.430 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Дастан” ХХК-д олгосугай.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ