Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 303

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

Улсын яллагч П.Бямбасүрэн,

Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж.Бд холбогдох эрүүгийн 1809022470214  дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1960 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй гэх, Б овгийн Ж.Б, /регистрийн дугаар /.

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Яллагдагч Ж.Б “Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн орлого бүрдүүлэлтийн хэлтсийн байцаагч байна, танай Сууц Өмчлөгчдийн Холбооны айлуудын телевизийн нэвтрүүлэг үзүүлсний хөлсийг хураан авна” хэмээн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан “хураамжийг бэлнээр, байгууллагын санхүүгийн тамга тэмдэгтэй баримт байгаа учраас хувийн данс руу мөнгө шилжүүлж авна” хэмээн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 44 дүгээр байрны “Өндөр Өргөө” нэртэй Сууц Өмчлөгчдийн Холбоотой 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хуурамчаар гэрээ хийн, хуурах аргаар 2015 оны 3 дугаар сараас улирал бүрийн телевизийн нэвтрүүлэг үзүүлсний төлбөр хэмээн нийт 3.769.700 төгрөг авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 3-д зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

            Шүүх шүүгдэгч Ж.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Ж.Б нь “Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн орлого бүрдүүлэлтийн хэлтсийн байцаагч байна, танай Сууц Өмчлөгчдийн Холбооны айлуудын телевизийн нэвтрүүлэг үзүүлсний хөлсийг хураан авна” хэмээн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан “хураамжийг бэлнээр, байгууллагын санхүүгийн тамга тэмдэгтэй баримт байгаа учраас хувийн данс руу мөнгө шилжүүлж авна” хэмээн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 44 дүгээр байрны “Өндөр Өргөө” нэртэй Сууц Өмчлөгчдийн Холбоотой 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хуурамчаар гэрээ хийн, хуурах аргаар 2015 оны 3 дугаар сараас улирал бүрийн телевизийн нэвтрүүлэг үзүүлсний төлбөр хэмээн нийт 3.769.700 төгрөг авсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

 

Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

            Хохирогч Ц.Хаянхярваагийн “...2015 оны 3 дугаар сард Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байрны оршин суугчдын хурлаар “Өндөр өргөө” СӨХ бий болж үүсгэн байгуулагдсан юм. Уг 3 дугаар сард Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн орлого бүрдүүлэлтийн хэлтсийн байцаагч Ж.Б гэх хүнтэй телевизийн хураамжийн гэрээ байгуулж, хураамжаа бэлнээр авдаг байсан. 2017 оны 3 дугаар улирал хүртэл бэлнээр мөнгө өгч байгаад хүндрэлтэй байна танай байгууллагын данс руу шилжүүлж байя гэхэд Ж.Б нь манай байгууллага дансаараа орлого авдаггүй бэлнээр орлого авдаг, байгууллагын санхүүгийн тамга тэмдэгтэй баримт өгч байгаа болохоор данс руу хийх шаардлагагүй, орлогын байцаагч бид нар өөрсдөө мөнгөө байгууллагадаа тушаадаг гэхээр  нь манай байгууллага Монголын Үндэсний Олон нийтийн Радио телевиз дээр очин манай СӨХ-тэй гэрээ байгуулсан эсэхийг шалгуултал гэрээ байгуулаагүй, Ж.Б нь орон тооны цомхотголоор 2011 онд ажлаасаа халагдсан гэж хэлсэн. Манай байгууллага нийт 4.500.000 төгрөг Ж.Б гэгчид залилуулсан. Анх байгуулсан гэрээний дагуу 10 хувийн төлбөр үлдэх ёстой гэж заасан байсны дагуу үлдэж байсныг тооцоогүй 4.500.000 төгрөг гэсэн байгаа, үлдэх 10 хувийг сууц өмчлөгчдийн үйл ажиллагаанд засвар, орц байрны засвар, цэвэрлэгээ үйлчилгээ зэрэгт зарцуулагддаг, гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй, хохирлын мөнгө хүлээн авсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 12-14, 15-17 дугаар тал/,

 

     Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 02/953 дугаартай "... Ж.Б нь 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2011 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл орлого бүрдүүлэлтийн хэлтэст орлогын байцаагчаар ажиллаж байсан" гэх албан тоот, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай захирлын тушаал /хх-ийн 35, 36 дугаар тал/,

 

     Шүүгдэгч Ж.Б нь бусдыг хуурч эд зүйлс авсан гэмт хэрэгтээ ашигласан гэх 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн "гэрээ", хохирогч Ц.Хаянхярваагийн гар утсан дээрээ дарсан байсан нэхэмжлэх, орлогын ордеруудын гэрэл зургууд /хх-ийн 49-57 дугаар тал/,

 

     Ж.Бгээс хохирлын мөнгө болох 20.000 төгрөгийн дэвгэрт 150 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 100 ширхэг буюу нийт 4.000.000 төгрөгийг хүлээн авч хохирогч Ц.Хаянхярваад хүлээлгэн өгсөн талаарх мөрдөгчийн эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 58-59 дүгээр тал/,

 

     Ж.Бгийн яллагдагчаар өгсөн "... захирал Ц.Хаянхярваа гэх хүнтэй уулзаад "Би Монголын Үндэсний Олон нийтийн Радио Телевизийн орлогын байцаагч байна, үндэсний телевиз үзсэн мөнгө гэж нэг айлаас 1100 төгрөг хураах ёстой" гэж итгүүлсэн, 2015 оны 03 сараас 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл улиралд 379.500 төгрөг хурааж авч байсан, телевизэд ажилладаг байхад ерөнхий захирал М.Наранбаатарын гарын үсэгтэй гэрээний загвар байдаг байсан, ажлаас халагдах үед надад үлдсэн байсан, бас төлбөрийн нэхэмжлэх баримтууд бас надад байсан, тэрүүгээр мөнгө хурааж авдаг байсан, уг мөнгөнөөс 20 хувь нь СӨХ-ийн зардал гэж үлдээж 341.500 төгрөгийг би СӨХ-ийн захирал Хаянхярваа гэдэг хүнээс бэлнээр авдаг байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

 

   Ж.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 29 дүгээр хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 30 дугаар хуудас/, захиргааны зөрчлийн лавлагаа / хх-ийн 31-33 дугаар хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт / хх-ийн 40 дүгээр хуудас/, бүрэн дунд болорвсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 41 дүгээр хуудас/, төрсний гэрчилгээний хуулбар / 42-43 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан буюу Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн орлого бүрдүүлэлтийн хэлтсийн байцаагч байна, танай Сууц Өмчлөгчдийн Холбооны айлуудын телевизийн нэвтрүүлэг үзүүлсний хөлсийг хураан авна” хэмээн хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан “хураамжийг бэлнээр, байгууллагын санхүүгийн тамга тэмдэгтэй баримт байгаа учраас хувийн данс руу мөнгө шилжүүлж авна” хэмээн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 44 дүгээр байрны “Өндөр Өргөө” нэртэй Сууц Өмчлөгчдийн Холбоотой 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хуурамчаар гэрээ хийн, хуурах аргаар 2015 оны 3 дугаар сараас улирал бүрийн телевизийн нэвтрүүлэг үзүүлсний төлбөр хэмээн нийт 3769700 төгрөгийг хууль бусаар авсан нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

             Шүүгдэгч Ж.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4-д заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Ж.Бд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

         

             Иймд шүүх шүүгдэгч Ж.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгчид 2000 /хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Хаянхярваа 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэнийг шүүгдэгч Ж.Б нөхөн төлсөн байна.

 

             Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг  2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

             Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Ж.Бг бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Бг 2000 /хоёр мянган / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 / хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 / хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ж.Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.ОДОНЧИМЭГ