Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 309

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Улсын яллагч П.Даваасүрэн,

Хохирогч Б.Отгонбаяр,

Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч С.Давааравдан нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э овогт Б.Мд холбогдох эрүүгийн 1809050921253 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт орших суух, ял шийтгэлгүй гэх, /регистрийн дугаар / Э овогт Б.М.

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Яллагдагч Б.М 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны орчимд иргэн Б.Отгонбаярыг зодож эрүүл мэндэд нь “зүүн хацар, хүзүү баруун сарвуунд шарх, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Б.Отгонбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр манай хүү Мөнх-Од машинтай шүргэлцсэн байсан. Би Б.Мэс бичиг баримтыг нь авч зугтаасан зүйлгүй. Мөнх-Эрдэнийн эгч нь машинаасаа бууж ирээд “таньд хүний бичиг баримт шалгах эрх байгаа юм уу” гэж манай хүүгийн бичиг баримтыг шалгасан. Тэгтэл Мөнх-Эрдэнэ манай хүүтэй барьцалдаж аваад зодолдохоор нь би салгах гээд очтол ам руу нь гар ортол миний гарыг Б.М хазсан. Мөн цагдаагийн машин дотор суугаад явж байхад намайг янз бүрийн үгээр доромжилж байсан. Би гомдолтой байна. Б.Мэс 632.000 төгрөг нэхэмжилнэ. Нэхэмжилсэн талаар нотлох баримтаа мөрдөгчид өгсөн боловч хавтас хэрэгт байхгүй байна гэв.

  

   Хохирогч Б.Отгонбаяр мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэртээ амарч байхад 14 цаг 40 минутын үед манай дүү Чингүүн залгаад Мөнх-Од машинтай мөргөлдсөн гэнэ, та очсон нь дээр байх, би “Өгөөмөр” зах дээр байна гэхээр нь хүү Мөнх-Од руу залгаад хаана байна гэхэд гэрийн гадаа “Номун” хотхоны гадаа байна гэж хэлсэн. Ингээд би гэрээсээ гараад яваад очтол манай хүүхэд 0345 УБН дугаартай автомашинтайгаа явж байгаад 2260 УНК улсын дугаартай автомашинтай шүргэлцсэн байсан. Тэгэхээр нь би 2260 УНК улсын дугаартай автомашины жолоочоос “миний дүү бичиг баримтаа өгчих, даатгалыг чинь ирэхээр би өгье” гэхэд надад бичиг баримтаа өгсөн. Дараа нь шалгаад зогсож байтал, нөгөө жолоочийн эгч нь гэх эмэгтэй ирээд “та хүний бичиг баримт шалгалаа” гэж хэлэхээр нь би “даатгал юмуу цагдаа нь ирэхээр нь өгнө” гэж хэлсэн. Тэгтэл учир зүггүй над руу дайрч танайх тэгвэл бичиг баримтаа өг гэхээр нь эгч нь хохирогч юм чинь юу гэж өгдөг юм бэ гэхэд тэгвэл та манай бичиг баримтыг өг гэх хооронд манай хүү бичиг баримтаа авчирсан. Тэгтэл нөгөө эмэгтэй манай хүүхдээс булааж авах гэхээр нь би өгөөгүй хоёр талаас нь бичиг баримтаа булаацалдсан. Тэгтэл нөгөө эмэгтэй миний өмсөж явсан хувцаснаас зулгааж хоолой боож нүүрэн тус газар самардаж газар унагааж чирсэн. Тэгтэл нөгөө машины жолооч ирээд миний гарыг хазсан...Баруун гарын дунд, долоовор, ядам хуруу хавдаж хөхөрсөн. Долоовор хуруу язарсан. Хүзүү боолгосны улмаас улайсан. Зүүн талын хацар хавдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 13-14 дугаар хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13493 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Отгонбаярын биед зүүн хацар, хүзүү, баруун сарвуунд шарх, цус  хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой

    3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 21 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “ Би 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн төрсөн эгч болох Мөнхнарангийн гэрт оччихоод 13-14 цагийн орчим өөрийнхөө 2260 УНК улсын дугаартай “тоёота спасио” маркийн цагаан өнгийн авто машинтайгаа явж байгаад, 0345 УБН улсын дугаартай “тоёота приус 20” маркийн хөх өнгийн машинтай шүргэлцсэн юм. Дараа нь машинаасаа буугаад шүргэлцсэн талаа хараад байж байтал, 0345 УБН улсын дугаартай авто машины жолооч залуу бууж ирээд намайг “согтуу байгаа юм уу” гээд байсан. Тэгэхээр нь би “үгүй ээ угаасаа миний буруу юм байна, даатгал руу залгаадахъя” гэж хэлсэн...Тэгээд байж байтал жолоочийн ээж нь гэх эмэгтэй  гарч ирээд /машинд бол байгаагүй, гэрээсээ гарч ирсэн байх гэж бодож байна/ надаас бичиг баримттай юм уу, машин барих эрхтэй юм уу гээд байсан. Надад бичиг баримт байгаа гээд үзүүлэх гэтэл шууд шүүрч аваад зам гараад зугтчихсан. Миний бичиг баримтыг аваад зугтсан хойгуур манай эгч Мөнхнаран гарч ирээд миний машинд суусан. Би эгчдээ “Миний бичиг баримтыг аваад зугтчихсан” гэж хэлсэн. Жолоочийн ээж нь миний бичиг баримтыг дэлгэж үзээд байхаар нь манай эгч уурлаад “чиний бичиг баримтыг үзэх ёсгүй” гээд машинаас буугаад нөгөө эгчид хандан “ бичиг баримтаа авъя” гэж хэлсэн... Манай эгч миний бичиг баримтыг авсан эгчтэй уулзтал гэнэтхэн манай эгчийг алгадчихсан ба цаад талаас жолооч залуу манай эгчийн цээж хэсэг рүү нь гараараа цохиод түлхээд байсан юм... Жолооч залуугийн ээж гэх эмэгтэй миний нүүрийг маажиж байх үед миний аманд нэг хуруу нь орчихсон, завьжнаас татаад зулгаагаад байхаар нь би хурууг нь хазчихсан юм. Би аль хуруу гэдгийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч Б.М-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 86 дугаар хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 85 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд / 87-88 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

 

  Шүүгдэгч гэм буруутай эсэх талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүгдэгч Б.М нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны орчимд иргэн Б.Отгонбаярыг зодож эрүүл мэндэд нь “зүүн хацар, хүзүү баруун сарвуунд шарх, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.М-ийн гэмт үйлдлийг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Отгонбаяр 632.000 /зургаан зуун гучин хоёр мянга/ төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэнийг шүүгдэгч Б.М нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд хохирогч нь өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Мэс  нэхэмжлэх эрхтэй болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

            Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 / хоёр/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах талаар зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.   

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Э овогт Б.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.М-ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч Б.Отгонбаяр өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Мээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.М шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.ОДОНЧИМЭГ