Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энэбишийн Золзаяа |
Хэргийн индекс | 182/2024/01863/И |
Дугаар | 210/МА2024/01437 |
Огноо | 2024-07-19 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2024/01437
С******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2024/02065 дугаар шийдвэртэй,
С******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
З*******т холбогдох
Баталгаат засварын барьцаа 20,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Манай компани нь Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын материал шинжилгээний лабораторид тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх тендерт шалгарч холбогдох тоног төхөөрөмжийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нийлүүлсэн. Тус газартай байгуулсан гэрээний 13.0-д "Баталгаат засварын хугацаа барааны онцлогоос хамаарч хүлээлгэн өгсөн акт үйлдсэнээс хойш 12-24 сар байна., 11.1-д Гүйцэтгэлийн баталгаа гэрээний үнийн 5 хувьтай тэнцэх дүнтэй байна. гэж заасны дагуу хариуцагч байгууллага нь баталгаат засварын барьцаа болох 20,500,000 төгрөгийг авч үлдэн үлдэгдэл төлбөрийг бүрэн шилжүүлсэн.
Гэтэл тус газрын зүгээс гэрээний баталгаат засварын хугацаа дууссан байхад тус төлбөрийг шилжүүлээгүй. Талуудын байгуулсан гэрээ, техникийн тодорхойлолтод зааснаас илүү хүчин чадалтай ОКО-3 нийлүүсэн.
Иймд Замын хөгжлийн газраас 20,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 онд Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр тус газрын лабораторид тоног төхөөрөмж авах тогтоол батлагдаж Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/695 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын Материал шинжилгээ туршилт судалгааны тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмж багаж хэрэгслийг нийлүүлэх ажлыг зохион байгуулахаар болсон. 2020 онд тендер зарлахад 07 дугаар сард С******* ХХК шалгарсан.
С******* ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр НАЗХГ-19-A695-01 тоот комиссын актаар багаж, тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэж өгсөн байна. Тоног төхөөрөмж дээр тус газрын мэргэжилтнүүд болон гүйцэтгэгч байгууллага хамтран туршилт судалгаа хийсэн боловч туршилтын ямар нэгэн үр дүн гараагүй. Георадарыг техникийн шаардлагын дагуу солих аль эсвэл бидний шаардлага нийцсэн багажаар солих шаардлагыг нийлүүлэгч С******* ХХК-д албан тоотоор хүргүүлсэн. Хоёр талын байгуулсан гэрээ, техникийн тодорхойлолтын дагуу ОКО-2 нийлүүлнэ гэж заасан боловч С******* ХХК нь техникийн тодорхойлолт зөрчиж ОКО-3 нийлүүсэн учир техникийн шаардлагад нийцсэн багаж төхөөрөмж нийлүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгийг суллана гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч З*******т холбогдох Баталгаат засварын барьцаа 20,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч С******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С******* ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 260,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Шүүхийн шийдвэрт ...Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Материал шинжилгээний лабораторид худалдан авах тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх гэрээ болон техникийн тодорхойлолтын дагуу ОКО-2 маркийн төхөөрөмж нийлүүлнэ гэж заасан боловч гүйцэтгэгч С******* ХХК нь техникийн тодорхойлолт зөрчиж ОКО-3 маркийн төхөөрөмж нийлүүлсэн учир техникийн шаардлагад нийцсэн багаж төхөөрөмж нийлүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Манай компани болон хариуцагч байгууллагын хооронд байгуулсан гэрээ нь эд хөрөнгө худалдах, худалдсан эд хөрөнгийн хүрээнд худалдан авагч байгууллагын шаардсан үр дүнг гаргах ёстой гэрээ юм. Шүүхийн шийдвэрт сайн санааны үүднээс ОКО-3 төхөөрөмжийг нийлүүлсэн мэтээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг мушгин гуйвуулж бичсэн нь үндэслэлгүй. Учир нь ОКО-2 төхөөрөмж нь захиалагчийн шаардсан үр дүнг гаргаж чадахгүй, харин ОКО-3 төхөөрөмж нь захиалагчийн шаардсан үр дүнг гаргах боломжтой байсан. Бидний зүгээс хариуцагч талын боловсруулсан гарах үр дүнг гаргахыг зорилгоо болгон ОКО-3 төхөөрөмжийг худалдан авсан бөгөөд бидний хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэх үүднээс хариуцагч талын боловсруулсан техникийн үндэслэлийн дагуу тэдгээрийн шаардсан үр дүнг гаргах эсэх, ОКО-2 болон ОКО-3-ийн үзүүлэлтүүдээр хариуцагчийн шаардсан үр дүнг тодорхойлуулахаар шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хянан шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шүүгч нь нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.
Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2024/02065 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж, шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч С******* ХХК нь хариуцагч З*******т холбогдуулан 20,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж 182/ШШ2024/02065 дугаар шийдвэрийг үйлджээ.
Тус шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Учир нь хэрэгт үдэгдсэн шийдвэрийн 2 дахь тал байхгүй, 3 дахь талыг 2 удаа хэвлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, тайлбар, зохигчийн төлөөлөгч гуравдагч этгээд, түүний төлөөлөгчийн тайлбарын агуулгыг заана гэж заасныг зөрчсөн, нэхэмжлэгч талын тайлбарын сүүл хэсэг, хариуцагч талын тайлбарын эхний хэсэг огт байхгүй байна.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2024/02065 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Э.ЗОЛЗАЯА