Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 311

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

          Улсын яллагч П.Бямбасүрэн,

          Хохирогч Ж.Нансалмаагийн өмгөөлөгч О.Анхбаяр,

          Шүүгдэгч Ц.Н, А.А, тэдгээрийн өмгөөлөгч Т.Урангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Н, А.А нарт холбогдох эрүүгийн 1709013610412 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

           Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1977 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт тоотод оршин суудаг гэх, Сонгинохайрхан дүүрэг 14 дүгээр хороо, Өнөр хороолол, 14 дүгээр байр, 165 тоот хаягт бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан гэх, И овгийн Ц.Н /регистрийн дугаар /,

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт тоотод оршин суудаг, ял шийтгэл эдэлж байгаагүй гэх У овгийн А.А /регистрийн дугаар ШБ84092979/.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч "Эм Эл И Эн Жи" ХХК-ийн захирал Ц.А, талбайн инженер А.А нар хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 12 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Эм Эл И Эн Жи" ХХК-ний баригдаж буй барилгын 10 давхраас Я.Нямдаваа нь унаж, амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А мэдүүлэхдээ “...2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гарсан хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Талийгаач нь ажилдаа их хайнга ханддаг байсан. Би олон удаа анхааруулж хэлж байсан. Өөрөө их эрсдэлтэй алхам хийдэг байсан. Энэ байдлаас нь болоод олон ажилчид өөрт нь сануулж хэлж байсан. Өөрт нь хэлэхээр бараг тоохгүй, үл тоомсорлосон шинжтэй байдаг байсан. Тухайн хэрэг гарсан өдөр “зааварчилгаа авсан уу” гэж хүмүүсээс асуухад “зааварчилгаа авсан” гэж хэлсэн. Тороосгүй байх ямар ч үндэслэл байхгүй, үүнийг зөвшөөрөхгүй байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 3-6 дугаар тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 7-11 дүгээр тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Нансалмаагийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/, цогцост хийсэн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1891 дугаартай дүгнэлт, гэрэл зураг / 1 дүгээр хавтаст хэргийн 29-33 дугаар тал/, 2017 оны 10 дугаар сарын 20-ны 5227 дугаартай шинжээчийн дүгнэлт / 1 дүгээр хавтаст хэргийн 37-53 дугаар хуудас/, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт / 1 дүгээр хавтаст хэргийн 72 дугаар хуудас/, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлах анхан шатны бүртгэлийн осол, хордлого дахин гарахаас урьдчилан сэргийлж хийсэн ажлын талаарх маягт /1 дүгээр хавтаст хэргийн 70 дугаар тал/, Хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудас, үнэлгээ / 1 дүгээр хавтаст хэргийн 73-78 дугаар тал/, "Эм Эл И Эн Жи" ХХК-ний 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 024/01 дугаартай "Ягааны Нямдавааг ажилд томилох тухай" захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт / 1 дүгээр хавтаст хэргийн 79-82 дугаар тал/, "Эм Эл И Эн Жи" ХХК-ний 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 007/001 дугаартай захирлын тушаал / 1 дүгээр хавтаст хэргийн 180 дугаар тал/, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Н-2017-03 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт / 1 дүгээр хавтаст хэргийн 195-198 дугаар тал/, гэрч Б.Бүрэнбаатарын мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 17, 169 дүгээр тал/, гэрч Б.Энхтамирын мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 18, 167 дугаар тал/, гэрч Б.Баттамирын мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 19, 168 дугаар тал/, Н.Энх-Эрдэнийг ажилд томилсон тухай захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ / 1 дүгээр хавтаст хэргийн 87-95 дугаар хуудас/, А.Аыг ажилд томилсон захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ / 1 дүгээр хавтаст хэргийн 96-101 дүгээр хуудас/, "Эм Эл И Эн Жи" ХХК-ийн ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл олгох журам / 1 дүгээр хавтаст хэргийн 228-232 дугаар хуудас/, оршуулгын зардлын баримтууд / 1 дүгээр хавтаст хэргийн 144-153 дугаар хуудас/, гэрч Г.Гантөмөрийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 65-66, 2 дугаар хавтасны 234, 244-245 дугаар тал/, гэрч Ц.Бадмаагийн мэдүүлэг /2 дугаар хавтасны 69-70, 235, 246 дугаар тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч "Эм Эл И Эн Жи" ХХК-ний захирал Ц.А, талбайн инженер А.А нар нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 12 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Эм Эл И Эн Жи" ХХК-ний баригдаж буй барилгын 10 давхраас Я.Нямдаваа нь унаж, амь насыг хохироосон гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо "М Ти Эс" ХХК-ний барилга барьж буй хашаа байв. ... хаалгыг онгойлгон ороход гадна ханан цутгалт дууссан, гадна хананы өрлөгийн ажил хийгдэж буй 2 корпус 10 давхар баригдаж барилга байв... үзлэгийг үргэлжлүүлэн өндрөөс унасан хүн ажиллаж байсан 10 давхрын дээд талын давхар дээвэр хэсэг буюу техникийн давхарт явуулахад дээврийн хойд хэсгээс хойд талаас 5 метр, урд талаас 5 метр зайд техникийн давхрын цутгалтын хуулалтын ажил хийгдэж байх ба техникийн давхрын ертөнцийн зүгээр зүүн талд барилгын хананы гадна хэсэгт цутгалтын бэхэлгээний трубануудыг бэхлэн тавьсан хүн явах зам бэлдсэн хананаас 1 метрийн зайд трубануудын гадна хэсэгт ногоон өнгийн тор бэхэлсэн байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 3-6 дугаар тал/,

 

Цогцост үзлэг хийсэн “...цогцос нь цэнхэр өнгийн усны гуталтай, ... баруун чихнээс цус гарч толгой нүүр хэсгийг бохирдуулсан, хоёр сарвууны ар, зүүн өвдгөнд олон тооны жижиг улаан хүрэн өнгийн шинэ зулгаралуудтай өөр биед ил харагдах шархгүй...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 7-11 дүгээр тал/,

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1891 дугаартай "...цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр өндрөөс уналт, хавсарсан гэмтэл, гавлын баруун чамархай, дагз ясны салаалсан хугарал, зөөлөн бүрхүүлийн доорх голомтлог цус харвалт, дагзны баруун хуйхны дотор талын цус хуралт, хэвлийн битүү гэмтэл, элэгний язрал, урагдал, цус алдалт, /700 мл/, дэлүүний урагдал, нойр булчирхайн няцрал, чацархайн цус хуралт, цээжний баруун 2, 8 дугаар хавирга, зүүн 2-9 дүгээр хавирганы шууд хугарал гэмтлүүд тогтоогдлоо, учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, үхэлд хүргэх архаг хууч өвчингүй, цусанд спиртийн агууламж илрээгүй, өөрийгөө хамгаалан тэмцэлдсэн гэх гэмтэл тогтоогдсонгүй, гэмтэл авсан даруйдаа нас барсан эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй, уг гэмтлийг өөртөө учруулах боломжгүй, дээрх гэмтэл гавал тархи, цээж хэвлийн хавсарсан гэмтлүүдийн улмаас нас барсан..." гэх дүгнэлт, гэрэл зураг /хавтаст хэргийн 29-33 дугаар тал/,

 

2017 оны 10 дугаар сарын 20-ны 5227 дугаартай шинжээчийн "... “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр" дэх 2017 оны 09 дүгээр сарын 23 гэсэн огноотой хуудас дээрх Я.Нямдаваагийн гэх гарын үсэг нь Улаанбаатар болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкны "Орлогын мэдүүлэг"-үүд дээрх Я.Нямдаваагийн гэх гарын үсгийн чөлөөт загваруудтай тохирохгүй.

-"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр" /цагаан дэвтэр/ дэх 2017 оны 09 дүгээр сарын 23 гэсэн огноотой хуудас дээрх Я.Нямдаваагийн гэх гарын үсэг нь тус дэвтрийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 26 дугаарт Я.Нямдаваагийн гэх гарын үсэгтэй тохирохгүй.

-"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр" /цагаан дэвтэр/ дэх 2017 оны 09 дүгээр сарын 23 гэсэн огноотой хуудас дээрх Я.Нямдаваагийн гэх гарын үсэг нь "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр" /улаан дэвтэр/-ийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээрт бичигдсэн гарын үсэгтэй тохирохгүй байна.

-"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр" /цагаан хавтастай/ дэх 2017 оны 09 дүгээр сарын 23 гэсэн огноотой хуудас дээрх Я.Нямдаваагийн гэх гарын үсгээс бусад "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр" /улаан цагаан хавтас/-ийн 2017-07.20, 07.21, 07.22, ... 09.10, 09.21, 09.22 огноотой хуудсуудад "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгаа" өгсөн гэх тэмдэглэлийн "овог нэр"
хэсэгт Нямдаваа гэсний ард, "зааварчилгаа авсан хүний гарын үсэг" гэсэн хэсэгт
байх гарын үсгүүд нь өөр хоорондоо болон Улаанбаатар болон Үндэсний хөрөнгө
оруулалтын банкны "Орлогын мэдүүлэг"-үүд дээрх Я.Нямдаваагийн гэх гарын
үсгийн чөлөөт загваруудтай тохирч байх тул нэг хүн зурсан байна..." гэсэн дүгнэлт
/1 дүгээр хавтаст хэргийн 37-53 дугаар хуудас/,

 

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн “Осол гарахад нөлөөлсөн хүчин зүйл нь осолдогч Я.Нямдаваа нь хөдөлмөриин аюулгүй ажиллах горимыг санаатай  зөрчин өндрийн хамгаалалтын бүсээ зориулалтын тороосноос бэхлээгүйн улмаас осолдсон. Осолдогч нь удаа дараа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг зөрчин сануулга авч, торгуулж байсан. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа, журам, тогтоол, Засгийн газрын 269 тогтоолын 2.2 заалтыг үндэслэн уг ослыг үйлдвэрлэлийн осол болохыг тогтоолоо”  гэх акт / 1 дүгээр хавтаст хэргийн 72 дугаар хуудас/,

 

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудас, үнэлгээ / 1 дүгээр хавтаст хэргийн 73-78 дугаар тал/,

 

"Эм Эл И Эн Жи" ХХК-ний 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 003/01 дугаартай "Наранжанцангийн Энх-Эрдэнийг ХАБЭА-ийн ажилд томилох тухай" захирлын тушаал / 1 дүгээр хавтаст хэргийн 88 дугаар тал/,

 

"Эм Эл И Эн Жи" ХХК-ний 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 001/01 дугаартай "А.А-ыг талбайн инженер ажилд томилох тухай" захирлын тушаал / 1 дүгээр хавтаст хэргийн 96 дугаар тал/,

 

"Эм Эл И Эн Жи" ХХК-ний 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 007/001 дугаартай Н.Энх-Эрдэнэд 3 хоногийн хугацаатай чөлөө олгож үүрэгт ажлыг хариуцан ажиллахыг талбайн инженер А.Ат даалгасан тухай" захирлын тушаал / 1 дүгээр хавтаст хэргийн 180 дугаар тал/,

 

2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Н-2017-03 дугаартай нэмэлт шинжээчийн "Хариулт 1. Хэргийн газрын үзлэгээр авагдсан 8, 9, 10, 11 дугаартай зураг дээр Я.Нямдаваагийн ажиллаж байсан хэсгийг харуулсан хэсэгт өндрийн хамгаалалтын бүсийг бэхлэх тросс, яагир түүнийг тойруулж татсан хүн, эд зүйл унахаас хамгаалдаг гэх тор /ногоон/ зэрэг зүйлс бүрэн хийгдээгүй байгаа гэх асуудал нь хууль, дүрэм, журам, стандарт, эрх зүйн хэм хэмжээгээр тогтоогоогүй, зохицуулаагүй байна.

 "Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм" БНбД 12-03-04-ийн 4.10. Байнгын үйлчлэл бүхий үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлийн хүрээнд: ... 1.3 м ба түүнээс дээш өндөрт байрлаж буй хамгаалалтгүй ажлын байрууд; Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсэд: -нэг үе шатны ажил дахь хийц хэсэг, бүтээц, тоног төхөөрөмжийг угсрах (задлах, буулгах) ажил хийгдэж байгаа барилга байгууламжийн давхарууд (ярус); газрууд хамаарагдана. Иймд дээрх  дүрмийн 4.11 /Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалт хамгаалалтаар харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож, болзошгүй бүсийг дохио санамж анхааруулга аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино/ гэж заасны дагуу осол гэмтлээс урьдчилан сэргийлэх хаалт хамгаалалтаар хашиж тусгаарласан байна.

 Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм"-ийн БНбД 12-04-06-ийн 7. Бетон ба төмөр бетоны ажил. 7.1 Цутгамал бетон, төмөр бетоны ажил гүйцэтгэхээс өмнө хэвний болон арматурын, түүнчлэн бетон цутгах, хэв салгах ажлыг аюул осолгүй гүйцэтгэх арга технологийг нарийвчлан тусгасан АГТ, ТК заавал боловсруулсан байвал зохино. 7.4 Хэвийг салгах ажлыг  АТГ-д заасан арга, дараалал, графикийн дагуу гүйцэтгэнэ. Онцгой нарийн болон нийлмэл бүтээц эдлэхүүний хэвийг тодорхой аргачлал, гүйцэтгэгч байгууллага, зураг төслийн байгууллагын ерөнхий инженерийн шууд хяналтын доор салгана./ гэж заасан шаардлагуудыг тус тус хэрэгжүүлээгүй байна.

Хариулт 2. "Эм Эл И Эн Жи" ХХК нь "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хуулийн 15 дугаар зүйлийн 15.1. /Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй/ гэж заасан үүргийн дагуу амь хохирогч Я.Нямдаваад ажлын хувцас, хувийн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл /каск малгай, өндрийн хамгаалалтын бүс, бээлий, ажлын багаж, техник хэрэгсэл/ олгосон байна. Харин Я.Нямдаваа нь "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараах нийтлэг үүрэгтэй байна: 18.2.5 /ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх/ гэж заасныг зөрчиж өндрийн хамгаалах бүсийг зориулалтын дагуу хэрэглээгүй, мөн хуулийн 18.2.3 хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөхцөл бий болсон тохиолдолд аюулгүй байдлын дүрэм, журамд заасны дагуу шуурхай арга хэмжээ авах/ гэж заасны дагуу өндрийн хамгаалалтын бүсийг холбох хэрэгсэл /олс, тросс/ ашиглах талаар арга хэмжээ аваагүй байна.

"Эм Эл И Эн Жи" ХХК нь хувийн нэг бүрийн хамгаалах хэрэгслийг Я.Нямдаваад олгосон боловч өндрийн хамгаалалтын бүсийг холбох, бэхлэх хэрэгсэл /олс, тросс/ ашиглах техникийн нөхцөлийг бүрдүүлж өгөөгүй нь "Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм" БНбД 12-03-04-ийн Хавсралт-7 /К.7.3ураг төслийн шийдэлд ажиллагчдыг өндрөөс унахаас урьдчилан сэргийлж дараах зүйлүүдийг тусгана: хамгаалалтын бүсийг бэхлэх арга ба газрыг зааж өгөх/-ийг хэрэгжүүлээгүй байна.

Хариулт 3. "Эм Эл И Эн Жи" ХХК нь тухайн хэрэг учрал болсон өдөр Я.Нямдаваад нэг бүрийн хувийн хамгаалах хэрэгсэл /хамгаалалтын бүс/ өгсөн байна. "Эм Эл И Эн Жи" ХХК нь ажилчдад Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй Сургалтын зохион байгуулалт үндсэн дүрэм" MNS-4969: 2000-ийн стандартад заасны дагуу өгч байсан байна. Үүнд: Я.Нямдаваад "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлын байрны Давтан зааварчилгын дэвтэр"-т 2017 оны 6-р сарын 13-ны өдөр, 7-р сарын 22-ны өдөр аюулгүй ажиллах талаар сэдэвчилсэн байдлаар зааварчилга тус тус өгч, гарын үсэг зуруулсан байна. Харин 2017 оны 9-р сарын 23-ны өдөр Я.Нямдаваад өгсөн өдөр тутмын зааварчилгаа нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 5227 дугаартай дүгнэлтээр ... 2017 оны 9 дүгээр сарын 23 гэсэн огноотой хуудаст Я.Нямдаваагийн гэх гарын үсэг нь ... гарын үсгийн чөлөөт загваруудтай тохирохгүй гэж гарсан байна.

Хариулт 4. "Эм Эл И Эн Жи" ХХК-ийн захирал Ц.А нь "Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай" хуулийн 27 дугаар зүйлийн 27.2. /Ажил олгогч нь үйлдвэрлэл үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна/;

Мөн "Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм" БНбД 12-03-04-ийн б.б.Байгууллагын захиргааны тушаалаар, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хангах үүрэг бүхий ажилтанг эрхэлсэн ажлынх нь хүрээнд хариуцуулан томилно.

Үүнд: -Үйлдвэрлэлийн талбай дээр цех, хэсгийн ахлагч, барилгын талбайн даамлыг; -Ажлын байранд менежер, хэсгийн инженер, ахлагчийг тус тус томилно./ гэж заасны дагуу тус компани барилгын талбайн инженер А.А, барилгын даамал С.Мөнхнаран нарыг эрхэлсэн ажлынх нь хүрээнд аюулгүй ажиллагааг хангуулахаар тус тус томилон ажиллуулж болно.

"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хуулийн 27 дугаар зуйлийн 27.4 /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна/ гэж заасан байдаг тул "Эм Эл И Эн Жи" ХХК-д нярав ажилтай Б.Лхагвасүрэн нь ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх үүрэг хүлээхгүй. Мөн хуулийн 27.5, /Аж ахуйн нэгж, байгууллагын хэлтэс, албаны дарга, нэгж, тасгийн ахлагч, тэдгээртэй адилтгах албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар дараах чиг үүргийг тусгана:/ гэж заасны дагуу инженер техникийн ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтод аюулгүй ажиллагааны сургалт, зааварчилгаа өгөх талаар зохицуулалт хийгдээгүй байна.

Хариулт 5. "Эм Эл И Эн Жи" ХХК-ийн захирал Ц.А нь Я.Нямдаваатай 2014 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 014/17 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан байна.

Хариулт 6. "Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм" БНбД 12-03-04-ийн 5.5-д заасны дагуу тухайн нэгж объект дээр талбайн инженер А.А, С.Мөнхнаран нар нь аюулгүй ажиллагааг хариуцан ажиллах үүрэг хүлээх боломжтой.

"Эм Эл И Эн Жи" ХХК-ийн талбайн инженер А.А, барилгын даамал С.Мөнхнаран нар "Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм"-ийн БНбД 12-04-06-ийн 7. Бетон ба төмөр бетоны ажил: 7.1. Цутгамал бетон, төмөр бетоны ажил гүйцэтгэхээс өмнө хэвний болон арматурын, түүнчлэн бетон цутгах, хэв салгах ажпыг аюул осолгүй гүйцэтгэх арга технологийг нарийвчлан тусгасан АГТ, ТК заавал боловсруулсан байвал зохино, 7.4. /Хэвийг салгах ажлыг АГТ -д заасан арга, дараалал, графикийн дагуу гүйцэтгэнэ. Онцгой нарийн болон нийлмэл бүтэц эзэлхүүний хэвийг тодорхой аргачлал, гүйцэтгэгч байгууллага, зураг төслийн байгууллагын ерөнхий инженерийн шууд хяналтын доор салгана/ гэж заасан шаардлагууд хангагдаагүй нь осолд хүргэсэн байна" гэх дүгнэлт /хавтаст хэргийн 195-198 дугаар тал/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Нансалмаагийн “... Ц.Н, А.А нараас 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний хохирол болох 36.000.000 төгрөгөөс гадна надад амлаж байсан 2 өрөө орон сууцыг нэхэмжлэн төлүүлэх хүсэлтэй байна... гэх иргэний нэхэмжлэл / 2 дугаар хавтаст хэргийн 247 дугаар тал/,

 

Гэрч Б.Бүрэнбаатарын "... намайг барилгын баруун хойд хэсэгт унжуулаад ажлаа хийж байхад Энхтамир "Нямдаваа" гэж орилоод дуудахад байхгүй байсан ба намайг дээш нь өргөж гаргаад Энхтамир, Баттамир хоёр надаас түрүүлж буугаад би аюулгүй ажиллагааны хэрэгслээ тайлаад араас нь буугаад очиход хажуу талын гражийн дээвэр дээр хамар, чихнээс нь цус гарсан байдалтай хэвтэж байгаад яаралтай түргэн тусламжийн машин ирээд аваад явсан. Манай үндсэн аюулгүй ажиллагааны инженерээр Энх-Эрдэнэ гэдэг хүн байдаг, гэхдээ өнөөдөр бол байгаагүй, манай барилгын инженер Анхбаяр бол байнга хамт байсан. Нямдаваа барилгын зүүн талд ганцаараа шавар цутгалтын бэхэлгээгээ авч байсан. Харин Анхбаяр, Энхтамир, Баттамир нар барилгын баруун хойд хэсэгт надтай хамт ажлаа хийж байсан, ... барилга ягир угсарагдаад өндрийн бүсний тороос заавал ч үгүй хийгддэг, ягираас унжсан тросноос хийгээгүй байж таараад байгаа уг нь бэхэлгээний дэгээгээ хийсэн бол унахгүй байсан, Б.Энхтамир ах талийгаач Я.Нямдавааг хамгаалалтын элэгний бүсгүй хамгаалалтын хэрэгсэлгүй гарах гэж байхад нь дүү Б.Баттамирын хамгаалалтын хэрэгслийг нь аваачиж өгөөд бүсийг нь бүслүүлж гаргасан..." гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 17, 169 дүгээр тал/,

 

Гэрч Б.Энхтамирын "...бид нар ажлаа хийж байхад хэсэг хугацааны дараа
Нямдаваа дээш гарч ирээд ажлаа хийлээ гээд барилгын зүүн хэсэг рүү явсан,
баруун хойд хэсэгт ажлаа хийж байгаа "Нямдаваа" гэж дуудахад хариу өгөхгүй
байхаар нь доош тонгойж харахад доор унасан байсан, унасан газарт нь очиход
хажуу талаараа унасан байдалтай байсан, Нямдаваад зааварчилга өгсөн эсэхийг
мэдэхгүй байна, Нямдаваа барилгын зүүн талд ганцаараа шавар зутгалтын
бэхэлгээ авч байсан, ... би талийгаач Я.Нямдавааг араас нь очиж харахад агаарын
хамгаалалтын дэгээгүй зогсож байхад нь “би дэгээгээ ав” гээд талийгаач
Я.Нямдаваагийн өөрт нь бүсэнд нь зүүж өгөөд “ажлаа хий” гэж хэлсэн, ойролцоогоор 20-30 минутын дараа эргэж талийгаачийн ажиллаж байсан газар
очоод үзэхэд талийгаач байхгүй байсан, тухайн үед талийгаач талбай дээр юм
үзэж байгаад оройтчихлоо гэж ярьж байсан, Я.Нямдаваад хамгаалалтын дэгээг би
өөрөө бүсэнд нь зүүж өгсөн..." гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 18, 167 дугаар тал/,

 

Гэрч Б.Баттамирын "... ажлаа хийж байхад хэсэг хугацааны дараа Нямдаваа ажлаа хийлээ гээд барилгын зүүн хэсэг рүү яваад өгсөн, Нямдаваатай ойрхон хүн байгаагүй, ...талийгаач Я.Нямдаваад миний ах Б.Энхтамир миний бүсэнд байсан хамгаалалтын хэрэгслийг авч бэхэлгээгээ хий гээд талийгаачийн бүсэнд нь зүүж өгөөд талийгаач өөрөө техникийн давхарын пум хуулахаар гадна хана руу гарсан..." гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 19, 168 дугаар тал/,

 

    Гэрч Н.Энх-Эрдэнийн "... талийгаач үйлдвэрийн осолд орох өдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 23-ний 11 цагт ажилдаа хоцорч ирсэн, манай ажилчид өглөө ажилдаа ирээд цагаа бүртгүүлээд хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааны дэвтэр дээр гарын үсэг зурж ажилдаа гардаг, ба орой ажлын цаг дууссаны дараа ажлын багаж зэвсэг болон хөдөлмөр хамгааллын хэрэгслээ хүлээлгэн өгч цагийн бүртгэл дээр буусан цагаа бүртгүүлж гарын үсэг зурж баталгаажуулдаг, ... тухайн осол гарсан өдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр чөлөө авсан байсан учир хөдөө Өвөрхангай аймагруу явж байсан.Тэгээд би 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр манай компани дээр осол гарсан талаар 11 цагийн үед мэдээлэл утсаар аваад бичиг баримтууд байгаа газрыг компани ажилчид руу хэлж өгсөн. Ингээд 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өглөө Улаанбаатар хотод ирээд захиралтай уулзаад шаардлагатай бичиг баримтуудыг хуулбарлаж бэлдээд хэргийг шалгаж буй мөрдөгч Норовдоржид өгсөн. Мэргэжлийн хяналтын байцаагч дуудаад надаас тухайн барилга дээр бүс зүүх тороос эсвэл хаанаас дэгээгээ зүүх ёстой талаар асуусан, зарим нэг компанийн бичиг баримтыг үзмээр байна гэхээр нь би тэр бичиг баримтуудыг ажил дээр нь аваачиж үзүүлсэн, өмгөөлөгч цагдаад өгсөн бүх бичиг баримтуудыг авчирч өг гэхээр нь аваачиж өгсөн, энэ баримтуудыг урьд нь цагдаа дээр анх дуудаж материал бүрдүүлж эхлэхэд нь тухайн материалуудыг заримыг нь эх хувиар заримыг нь хуулбарлаж өгсөн, цагдаагийн байгууллагад материалуудыг эх хувиас нь хуулбарлаж өгсөн, учир нь мэргэжлийн хяналтын газраас эх хувийг мөн хуулбар хувийг авч хянаж байсан, 65 дугаар хуудсан дахь нас барсны гэрчилгээ манай байгууллагаас гаргаж өгөөгүй, 69-71 хуудас хүртэл би хуулбарлаж өгсөн, 74-82 хуудсан дахь материалыг захиалагч компанийн эх хувиас хуулбарлаж өгсөн, 85-108 хуудсан дахь материалуудыг би хуулбарлаж өгсөн, 112 дугаар хуудсан дахь материалыг захиалагч компаниас хуулбарлаж өгсөн, 113-138, 205-239 дүгээр хуудсанд байгаа материалыг би өмгөөлөгчид өгсөн, 241-243, 249-250 дугаар хуудсан дахь материалыг би эх хувиас нь хуулбарлаж өгсөн, дээрх материалууд бүгдээрээ эх хувиараа байгаа, ажлаасаа гарахдаа дээрх материалуудыг ажил дээрээ хүлээлгэж өгөөд ажлаас гарсан..." гэх мэдүүлэг / 1дүгээр хавтаст хэргийн 23-24, 166, 2 дугаар хавтасны 58-59, 243 дугаар тал/,

 

Гэрч Д.Аззаяагийн "...талийгаач Я. Нямдаваа өндрийн бүсний дэгээгээ аваарын тороосноос бэхэлж явсан бол талийгаач унахгүй байх байсан. Учир нь талийгаач Я.Нямдаваа хувийн хамгаалах хэрэгсэл буюу өндрийн бүсээ зүүсэн боловч техникийн давхарын ягирнаас унжсан троссноос дэгээгээ дэгээдээгүйн улмаас осол гарсан, Я.Нямдаваа нь ажиллаж байх явцдаа хувийн хамгаалах хэрэгслээ дутуу өмсөж, хэрэглэж байснаас захиалагч талын ХАБ-ын инженер надаас удаа дараа сануулга авч байсан, эхэлж амаар сануулга өгч, мөн дахин зөрчил гаргасны улмаас каск өмссөн боловч бүчээ зүүгээгүй ажиллаж байхад нь 5000 төгрөгөөр торгосон, дараа нь өндөрт ажиллаж байхдаа өндрийн бүсээ зүүсэн боловч бүснийхээ дэгээг аваарын тросноос бэхлээгүй байхад нь 50.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар тал/,

 

Гэрч Б.Лхагвасүрэнгийн "...ажил дээр байх хугацаандаа Я.Нямдаваа нь хамгаалалтын бүсээ бэлгэдлийн юм шиг бүслээд ашигладаггүй, байнга шахуулж шаардуулж байдаг, ... талбайн инженер А.А ажлын талбай руу гарсан байсан, хөдөлмөр аюулгүй ажиллагааны дотоод хяналтын багийн гишүүний үүргийн дагуу Я.Нямдаваад хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгатай уншуулж танилцуулаад гарын үсэг зуруулаад ажилд нь гаргасан..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27, 164 дүгээр тал/,

 

Гэрч Г.Гантөмөрийн "... холбогдох байгууллагуудаас нь шинжээчийн дүгнэлт гаргахтай холбоотой нэмэлт материал ирүүлэх талаар гүйцэтгэх компанийн захирлуудыг дуудаж өндрөөс унахаас хамгаалсан бүсийг тогтоогч тороос /олс/ байсан эсэх талаар тодруулга авсан, /өндрөөс хамгаалсан холбогч хэрэгсэл байгаагүй/ гүйцэтгэгч талаас ягир буюу ягирны бэхэлгээнээс өндрийн бүсийг зүүж бэхэлнэ гэсэн тайлбар хийсэн, тэр нь даац хүрэхгүй, мултарч унах зэрэг аюултай. Талийгаачийн хувьд өмссөн хамгаалалтын бүсээ бэхэлгээнд холбох бэхэлгээ нь байгаагүй учраас өндрөөс унасан, өндрийн бэхэлгээний хувьд тухайн бэхэлгээ нь хүнийг даагаад чөлөөтэй хөдөлж ажил хийхэд саад болоогүй байх ёстой, АГТ нь ажил гүйцэтгэх төсөл, ТК нь технологийн карт гэсэн үг, ягир нь хэв хашмал барилгын үйлдвэрийн зориулалттай хэрэгсэл, тухайн компаниас нэмэлт материал гаргаж өгөх талаар АГТ, ТК-ийн талаар заавар журам байна уу, гаргаж өгөх үү гэж асуухад ямар нэгэн зүйл яриагүй нэг нэгэн рүүгээ харж байгаад гараад явцгаасан, тэгээд дахин надтай ямар нэгэн байдлаар холбоо барьж бичиг баримт гаргаж өгөөгүй, ... прокурорын тогтоолоор тусгай мэдлэгийн хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчсөн эсэхэд шинжээчийн дүгнэлт гаргасан, манай байгууллага бол шүүх шинжилгээний байгууллага биш, ийм учраас байгууллагын дарга шийдвэрээр шинжээч томилдог эрх зүйн зохицуулалт байхгүй. Ийм учраас гаргасан дүгнэлтэнд улсын байцаагчийн хувийн тэмдэг болон, байгууллагын тамга дардаггүй, миний хувьд хувийн нэртэй тамга тэмдэг хэрэглэдэггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 4-д зааснаар хувь хүнээр шинжилгээ хийлгэж болно гэсний дагуу өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд прокурорын тогтоолд гарын үсэг зурж шинжээчээр оролцсон, шинжээчийн дүгнэлт гаргаж хуульд заасны дагуу гаргасан дүгнэлт дээрээ гарын үсэг зурж баталгаажуулсан, манай байгууллага шүүх шинжилгээний байгууллагаас гадуур байгууллага учраас шүүх шинжилгээний тухай хуулийг баримтлах шаардлагагүй, оролцсон шинжилгээнүүд дээрээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримталж байгаа ..." гэсэн мэдүүлэг / 2 дугаар хавтаст хэргийн 65-66, 234, 244-245 дугаар тал/,

 

Гэрч Ц.Бадмаагийн "...хамтарсан дүгнэлтэд ажиллаж байсан байдлыг Гантөмөр нь холбогдох байгууллагын албан тушаалтантай уулзаж хэв салгах ажлыг аюулгүй гүйцэтгэх технологийг нарийвчлан тусгасан ТК-ийг боловсруулсан эсэхийг асуусан байдаг, АГТ, ТК боловсруулсан зүйл дүгнэлт гаргахад авчирч үзүүлээгүй, ... 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/149 дугаартай тушаалын дагуу гаргасан дүгнэлтүүд дээрээ гарын үсэг зурж баталгаажуулсан, ...манай байгууллагаас шинжээч нарыг дарга нар томилж ажилладагтүй, мэргэжлийн хяналтын даргын тушаалаар мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлын жагсаалт баталсан, 1 дүгээрт шинжээчээр ажиллах тухай тусгаж өгсөн, мэргэжпийн хяналтын газар нь шинжилгээнээс гадуур байгууллага учраас улсын байцаагч нар хувь хүний хувьд татгалзахгүй бол шинжээчээр ажилладаг, тухайн улсын байцаагчийг удирдлагаас томилдоггүй учраас дүгнэлтэнд байгууллагын тамга тэмдэг дардаггүй, тухайн улсын байцаагч гарын үсэг зурж баталгаажуулдаг.." гэсэн мэдүүлэг / 2 дугаар хавтасны 69-70, 235, 246 дугаар тал/ зэрэг хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т заасан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Хохирогч өндрөөс унаж гавал тархи, цээж, хэвлийн хавсарсан гэмтлүүдийн улмаас нас барсныг шинжээч тогтоосон, тухайн хэрэг учрал болоход амь хохирогч нь шүүгдэгч А.Атай хамт ажиллаж байсныг, амь хохирогч 10 давхар барилгын 10 давхраас унаж нас барсан байдалтай олдсон болохыг гэрч нар мэдүүлсэн байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1-ийн 4-т иргэн нь хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах эрхтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцлөөр хангах үүрэгтэй гэж тус тус заасан бөгөөд Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Хүний амьд явах эрхийн эсрэг” гэмт хэргийн бүлэгт тусгагдсан байдаг.

 

Мөн түүнчлэн энэхүү гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд аж ахуйн нэгж байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн журмыг сахин биелүүлэх үүрэгтэй албан тушаалтан гэмт үйлдэл буюу эс үйлдлээсээ учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй, ухамсарлан ойлгоогүй байдаг боловч хэрэг үйлдсэн тодорхой нөхцөлтэй холбож үзвэл тийм хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсанд оршдог.

 

Харин гэм буруугийн санаатай хэлбэр нь гэмт этгээд үйлдэл буюу эс үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн байдаг бөгөөд Ц.Н, А.А нь хор уршгийг хүссэн эсхүл зориуд буюу санаатай хүргэсэн талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдоогүй байна.

 

Өөрөөр хэлбэл "Эм Эл И Эн Жи" ХХК-ийн захирал Ц.А, талбайн инженер А.А нар хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 12 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Эм Эл И Эн Жи" ХХК-ний баригдаж буй барилгын 10 давхраас Я.Нямдаваа нь унаж, амь насыг хохироосон үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Н, А.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг шүүх дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Ж.Нансалмаа тус дүүргийн Цагдаагийн хэлтэст 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр шүүгдэгч Ц.Н, А.А нараас Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд зааснаар 36 сарын цалинтай тэнцэх хохиролд 36.000.000 төгрөг болон 2 өрөө орон сууцыг төлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргасан /хх-ийн 2 дугаар хавтасны 247 дугаар хуудас/ байна.

 

Хэргээс үзэхэд шүүгдэгч нар хохирогч Ж.Нансалмаад оршуулгын зардал болох 8.900.000 төгрөгийг болон 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 4.000.000 төгрөгийг, мөн оны 12 дугаар сарын 11-ний өдөр 9.000.000 төгрөгийг тус тус төлсөн байх бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгч нараас 13.000.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 23.000.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж, сэтгэл санааны хохирол болох 10.000.000 төгрөгийг төлнө, учир нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр сэтгэл санааны хохиролд 1 өрөө байрыг өгөхөөр тохиролцож гэрээ хийсэн /1-р хх-ийн 154 тал/ боловч энэхүү гэрээг өөрчилж 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр нөхөн төлбөрт 36.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөгийн нийт 46.000.000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцсон /1-р хх-ийн 234-р тал/ гэж мэтгэлцэж байна.

Иймд хохирогч Ж.Нансалмаагаас гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, гэм хорын хохирлоо цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 3 /гурав/ жилийн хугацаагаар  тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 /гурван/ ширхэг СиДи-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч И овгийн Ц.Н, У овгийн А.А нарыг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5-т тус тус зааснаар шүүгдэгч Ц.Н, А.А нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 3 /гурав/ жилийн хугацаагаар  тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н, А.А нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, шүүхээс хүлээлгэсэн оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийн биелэлтэнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4-т тус тус зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг шүүгдэгч нарт тус тус тайлбарласугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д тус тус зааснаар хохирогч Ж.Нансалмаагаас гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, гэм хорын хохирлоо цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч нараас 8.600.000 төгрөг, 13.000.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг СиДи бичлэгийг "Эм Эл И Эн Жи" ХХК-д шилжүүлсүгэй.

 

7. Шүүгдэгч нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

            9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Н, А.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Л.ОДОНЧИМЭГ