Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энэбишийн Золзаяа |
Хэргийн индекс | 183/2023/02922/И |
Дугаар | 210/МА2024/01438 |
Огноо | 2024-07-19 |
Маргааны төрөл | Өвлөх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2024/01438
Ч.А*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2024/01784 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ч.А*******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б*******д холбогдох
2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн бүртгэлийн 126 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 005, 006, 007, 008 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.Ч.А******* миний төрсөн ээж Ч*******гийн М******* нь 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр нас барсан ба түүний өмчлөлд байсан хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг өв залгамжлах хүсэлтийг хуульд заасан хугацаанд 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Ө*******од гаргасан билээ.
1.2. Гэтэл Нийслэлийн тойргийн нотариатч Б.Б******* нь хууль зөрчиж 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр иргэн О.Ө*******, О.Ч*******, О.Х******* нарын хүсэлтийг бүртгэлийн 125 дугаарт гэрчлэн н.М*******д оногдох хэсгийг нэр бүхий хүмүүст өвлүүлж 126 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байдаг. Мөн нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн, зөв эсэхийг хянаж нягтлах үүргээ хэрэгжүүлээгүйгээс 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн бүртгэлийн 005, 006, 007, 008 дугаартай Хаан банк болон Голомт банкнууд дахь мөнгөн хадгаламжийн хөрөнгийн өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг тус тус дээрх нэр бүхий өвлөгч нарт олгосон.
Түүний энэ үйлдэл хууль бус бөгөөд Нотариатын тухай хуулийн 2 зүйлийн 21.3.1, 25 дугаар зүйлийн 25.2, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Нотариатын үйлдэл хийх зааврын 3.9 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн болох нь Монголын Нотариатчдын Танхимын дэргэдэх сахилгын зөвлөлийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор нотлогдож байгаа ба нотариатч Б.Б*******гийн /тамганы дугаар 325/ нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Иймд Нийслэлийн тойргийн 325 дугаартай нотариатч Б.Б*******гийн хууль бус үйлдэл хийсэн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн бүртгэлийн 126 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Хаан банк болон Голомт банкнууд дахь мөнгөн хадгаламжийн хөрөнгийн 005, 006, 007, 008 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүйд тооцуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Ч.А*******гийн гаргасан нотариатч Б.Б*******гийн хийсэн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн бүртгэлийн 126 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Хаан болон Голомт банкууд дахь мөнгөн хадгаламжийн 005, 006, 007, 008 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүйд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг болон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч талууд хүлээн зөвшөөрсөн тохиолдолд эвлэрэх бүрэн боломжтой болно гэжээ.
3. Гуравдагч этгээд О.Ө*******, О.Ч*******, О.Х******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бидний хувьд нэхэмжлэгч Ч.А*******гийн гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байгаа.
3.1. Учир нь Ч.А******* нь өөрийн эх нэгтэй дүү нарыг хамсаатнаа болгон эцэг эх нэгтэй дүү нар болох О.Ч*******, О.Х******* нарыг төөрөгдүүлэн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хууль ёсын өв залгамжлагч Ч.Ө*******г оролцуулалгүйгээр өвлөгдөх эд хөрөнгийг арилжих гэрээг илт хууль бусаар Э ХХК-тай байгуулж буй мэт дүр эсгэсэн илтэд хууль бус гэрээ хэлцлүүдийг байгуулуулах замаар өөрөө илтэд үндэслэлгүй давуу байдлаар хөрөнгө гаргуулан авах гэрээг Э ХХК-тай урьдчилан үгсэн тохиролцож байгуулсан байдаг.
Түүгээр ч зогсохгүй Ч.А******* нь 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр өв залгамжлагч О.Ч*******ыг төөрөгдүүлэн эгч нь чиний хувьд өвлөгдөх хөрөнгүүдийг хөөцөлдөж авч өгье, чи эгчдээ итгэмжлэл хийж өгөх буюу эсхүл өвөөсөө татгалзсан хүсэлт нотариатад гарган өгчих, би өвийн асуудлыг шийдвэрлэн чамд ногдох хөрөнгийг авч өгье гэж Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Ө*******ын гэрийн гадна дагуулан аваачиж урьдчилан бэлтгэсэн баримтанд гарын үсэг зуруулснаасаа хойш О.Ч*******ыг гадуурхан орон гэрээс нь хөөж туух, өөрийн нэр дээр зарж борлуулахаар завдсаны улмаас О.Ч******* өөрийн нотариатад гаргасан өвөөс татгалзах тухай хүсэлтээсээ албан ёсоор татгалзсан болно.
Ч.А******* нь эцэг эхийн маань өв хөрөнгөнөөс юу ч олж аваагүй, огт хоосон үлдсэн нэгэн биш атлаа хууль ёсны дагуу үйлдэл хийсэн нотариатчийг буруутган бидний авах өвийг дахин өөртөө авахыг санаархсан үйлдлийг хуулийн байгууллагыг ашиглан гүйцэлдүүлэх гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир хариуцагчийн үйлдлийг дэмжих байр сууринаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримт гаргаж оролцох болно гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.3-т зааснаар нэхэмжлэгч Ч.А*******гийн хариуцагч Б.Б*******д холбогдуулан гаргасан 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн бүртгэлийн 126 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 005, 006, 007, 008 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүйд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.А*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б*******гээс 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.А*******д олгож шийдвэрлэжээ.
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.Ө*******гийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэргийн оролцогчдыг илт ялгаварлан гадуурхаж гуравдагч этгээдүүдийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж, гуравдагч этгээдүүдийг шүүх хуралдаанд оролцон мэтгэлцэх эрхийг нь хангалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 6 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан. Гуравдагч этгээд О.Х*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр О.Х*******гаас итгэмжлэл авсан, харин гуравдагч этгээд О.Ө*******, О.Ч******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.П нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр О.Ө*******, О.Ч******* нараас итгэмжлэл авсан байх бөгөөд гуравдагч этгээдүүд бидний хүсэлтийн дагуу бие даасан шаардлагыг шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн боловч уг шаарддагыг шүүх хүлээн авахаас татгалзсаны улмаас Р.П, Б.Б нар гуравдагч этгээдүүдийг төлөөлөх эрхээсээ татгалзсан байна.
Гэтэл шүүх гуравдагч этгээдүүдийг төлөөлөх эрхээсээ итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хуульд заасан үндэслэлээр татгалзсан байхад гуравдагч этгээдүүдийг шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх эрхийг нь хязгаарлан Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж ...шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж хүсэлт шийдвэрлэсэнтэй холбоотой шүүх хуралдааны танхимыг орхин гарсан тул шүүх хэргийн нөхцөл байдал, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурьдах нь зүйтэй гэж үзэв гэсэн нь гуравдагч этгээдийн төлөөлөгч нар төлөөлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалах ажиллагааг гүйцэтгэх боломжгүй болсноо мэдэгдэн гуравдагч этгээдүүдийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах хүсэлт гарган өөрсдөө итгэмжлэлээсээ татгалзсантай нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3 дахь хэсэгт төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй боловч мөн хэрвээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлөөлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд хуульд заасны дагуу өөрийн эрхээсээ татгалзах ч эрхтэй болохыг хууль тогтоогч хуульчилж өгсөн, мөн энэ шалтгаан шүүх хурлын үед үүссэн учир төлөөлөгч нар итгэмжлэлээр олгогдсон эрхээсээ татгалзсан байдаг.
Гэтэл анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг буруу тайлбарлан хэрэглэж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж гуравдагч этгээдүүдийн мэтгэлцэх эрхийг нь хязгаарласанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар: Шүүхэд бичгээр гаргасан тайлбараа дэмжиж байгаа. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг гуравдагч этгээдийн гомдлын хүрээнд хянаж, гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.
2.Нэхэмжлэгч Ч.А******* нь хариуцагч Б.Б*******д холбогдуулан 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн бүртгэлийн 126 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 005, 006, 007, 008 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн боловч, гуравдагч этгээд О.Ө*******, О.Ч*******, О.Х******* нар нотариатын үйлдэл хуулийн дагуу хийгдсэн гэж маргажээ.
3. Ч.М******* нь 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 79 настайдаа гэртээ өвчнөөр нас барсан, Ч.А*******, О.Ө*******, О.Ч*******, О.Х******* нар Ч.М*******гийн төрсөн хүүхдүүд тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар түүний хууль ёсны өвлөгч болохыг анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн нас барсны гэрчилгээ, хэргийн оролцогч нарын иргэний үнэмлэх зэрэг нотох баримтуудыг үндэслэн зөв дүгнэжээ.
4. Ч.М******* нь Сүхбаатар дүүргийн хороо, байр, хаягт байршилтай, орон сууцны зориулалттай 2 өрөө орон сууц, тус байрны 1 давхрын тоот хаягт байршилтай өргөтгөлийн талбайн хамт, Хаан банк ХК-ийн тоот, тоот хадгаламжийн данс, тоот хадгаламжийн данс, Голомт банк ХК-ийн тоот хадгаламжийн дансан дахь мөнгөн хөрөнгийн өмчлөгч бөгөөд эдгээр эд хөрөнгө нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар өвлөгдөх эд хөрөнгө болно.
5. Иймд Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгч нас барсан 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр өв нээгджээ.
6.Нэхэмжлэгч Ч.А******* нь 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн нотариатад өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлт гаргасан нь Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт заасан өв нээгдсэн өдрөөс 1 жилийн доторх хугацаанд хамаарч байх тул мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар түүнийг өвийг хүлээн авсан гэж дүгнэх юм.
Гэтэл хариуцагч Б.Б******* нь нотариатын үйлдэл хийж, гуравдагч этгээд О.Ө*******, О.Ч*******, О.Х******* нарын өв хүлээн авах хүсэлт, өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг үндэслэн 2022 оны 02 дугаар сарын 18-нд өвлөх эрхийн 0005, 0006, 0007, 0008 дугаартай гэрчилгээ, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 126 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг тус тус олгохдоо хууль ёсны өөр өвлөгч байгаа эсэх, өв хүлээн авах, өвлөх эрхийн гэрчилгээ олгох, өв хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргасан эсэх, өвтэй холбоотой маргаан байгаа эсэхийг тодруулаагүй, бичиг баримтын үнэн зөв эсэхийг нягтлалгүй өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 17 тушаалаар баталсан Нотариатын үйлдэл хийх зааврын 8.1 дэх хэсэгт Нотариатч нь өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийг баримтална, 8.2.11-т өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, өвлүүлэгчийн оршин суугаа газрын засаг захиргааны тодорхойлолт /өвлүүлэгч нас барах үедээ хэн хэнтэй амьдарч байсан, одоо уг хаягт хэн, хэн амьдарч байгаа, тухайн хаягт амьдарч байгаа хугацааг тодруулсан, 8.2.13-т өвлөгдөх хөрөнгөд өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон эсэх, өв хүлээн авах, өвлөх эрхийн гэрчилгээ олгох, өв хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргасан эсэх, гэрээслэл үйлдсэн эсэх, өв хөрөнгөтэй холбоотой маргаан байгаа эсэх талаарх Нотариатчдын танхимын өв, гэрээслэлийн нэгдсэн бүртгэлийн лавлагаа-г тодруулах ажиллагаа хийгээгүй, хууль зөрчсөн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Түүнчлэн Монголын нотариатчдын танхимын дэргэдэх сахилгын зөвлөлийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 04 дүгээр тогтоолд ...4.Гомдол гаргагч Ч.А******* 2020 орны 9 сарын 23-ны өдөр Нийслэлийн тойргийн нотариатч Б.Ө*******од /Хаан банкны , , тоот данс, Голомт банкны тоот дансан дахь мөнгөн хөрөнгүүдэд/ өвлөх эрхийн гэрчилгээ, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн бүртгэлийн 126 дугаартай /Нийслэлийн Сүхбаатар дүүргийн хороо, С61 байрны өргөтгөлийн талбайн хамт, 43 м.кв орон сууцны 2 өрөө, мөн тус байрны 1-р давхарын тоот өргөтгөлийн талбайн хамт/ өв хүлээн авах хүсэлт гаргасан байхад нотариатч Б.Б******* 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдөр бүртгэлийн дугаар 0005, 0006, 0007, 0008 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг бусад өвлөгч нарт олгожээ. Дээрх 4 ширхэг гэрчилгээ, мөн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 126 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.5-д өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, түүний оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, Нотариатын үйлдэл хийх зааврын 8.2.11-т өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, өвчлүүлэгчийн оршин суугаа газрын засаг захиргааны тодорхойлолт /өвлүүлөгч нас барах үедээ хэн хэнтэй амьдарч байсан, одоо уг хаягт хэн, хэн амьдарч байгаа, тухайн хаягт амьдарч байгаа хугацааг тодруулсан/, 8.2.13-т өвлөгдөх хөрөнгөд өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон эсэх, өв хүлээн авах, өвлөх эрхийн гэрчилгээ олгох, өв хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргасан эсэх, гэрээслэл үйлдсэн эсэх, өв хөрөнгөтэй холбоотой маргаан байгаа эсэх талаарх Нотариатчдын танхимын өв, гэрээслэлийн нэгдсэн бүртгэлийн лавлагаа авах зэрэг үйлдэл хийгээгүй, хянаж нягтлаагүй нь архивын баримтаар тогтоогдож байна гэсэн байхаас гадна өвлүүлэгч Ч.М******* нь Сүхбаатар дүүрэг хороо, 61-од оршин сууж байсныг анхаараагүй байна.
7.Гуравдагч этгээд О.Ө*******, О.Ч*******, О.Х******* нарын тайлбарт дурдсан нотариатч Б.Б******* өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо хууль зөрчөөгүй, хууль ёсны өвлөгч нарт олгосон гэх тайлбарыг гаргасан боловч энэ тайлбараар хариуцагч Б.Б******* нотариатын үйлдэл хийж, өвлөх эрхийн гэрчилгээг гуравдагч этгээд нарт олгохдоо холбогдох хууль, журмыг зөрчсөн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй. Иймд гуравдагч этгээд О.Ө*******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй. Нотариатын гэрчилсэн гэрчилгээг хүчингүй болгосны үр дагавар нь уг гэрчилгээг зөвтгөж дахин олгох үндэслэл болно. Ийнхүү гэрчилгээ олгогдоогүй байхад шүүх хэн нэгний нэхэмжлэлээр уг үйлдэлийг урьдчилан шийдвэрлэх учиргүй тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг шүүх хүлээн аваагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.
8. Дээрх үндэслэлээр гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2024/01784 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Э.ЗОЛЗАЯА