Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 315

 

 

 

 

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,

             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уранбилэг,

            Улсын яллагч Х.Еркебулан,

            Шүүгдэгч О.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш овогт О.С холбогдох эрүүгийн 1809042870212 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Төв аймагт төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, өвөг эцэг, хоёр хүүхдийн хамт тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх Шарнууд овогт О.С, /регистрийн дугаар /.

         

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч О.С нь 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 118 тоот мэдүүлэг авах өрөөнд хохирогчоор буюу мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “Ц.Дамбаравжаа, Г.Азбаяр нар нь хүч хэрэглэж, хүчиндсэн” хэмээн зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.С-ийг худал мэдүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 3-д зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

            Шүүх шүүгдэгч О.Сд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч О.С нь 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 118 тоот мэдүүлэг авах өрөөнд хохирогчоор буюу мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “Ц.Дамбаравжаа, Г.Азбаяр нар нь хүч хэрэглэж, хүчиндсэн” хэмээн зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

 

            Шүүгдэгч О.С-ийн шүүх хуралдаанд өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,  

 

             Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12, 13 дугаар хуудас/,

 

             Шүүгдэгч О.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор тогтоогдон мэдүүлсэн “...“Сант-Асар” зочид буудлын 605 тоот өрөөнд очиход 4 залуу байсан. Ану-Үжин бид хоёрыг “хамт ууж наргина, мөн авьяасыг чинь үзэж хальт бүжиглүүлнэ” гэхээр нь би “ намайг шагнах юм байгаа биз дээ” гэж мессежээр хэлж байсан. Дараа нь бид хоёр очиж долуулаа хамт 605 тоот өрөөнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж суусан. Би сууж байхдаа тайчиж бүжиглэсэн бөгөөд Саруул болон өөр үл таних нүдний шилтэй залуу намайг шагнаж мөнгө өгсөн. Удалгүй Мо, Азаа, Дамбаа нар өрөөнөөс гарсан. Хаашаа явсан талаар мэдээгүй. Хэсэг байж байхад Саруул гарч яваад зөрж Азаа гэх залуу өрөөнд орж ирсэн. Азаагаас “Мо хаашаа явсан бэ” гэж асуухад “доор 411 тоот өрөөнд байгаа, уурлаад чамайг дуудаад байна” гэхээр нь гомдчихсон юм байхдаа гэж бодоод Азаатай хамт 411 тоот өрөөнд орсон... Өрөөнд хүн байхгүй болохоор эргээд гарах гэтэл Азаа надад би мөнгийг чинь хангалттай өгнө гээд надад “Голомт” банкны зэс картаа өгсөн. Дараа нь намайг орон дээр дарж аваад миний хувцсыг тайлсан. Дараа нь өөрийнхөө бэлэг эрхтэнийг миний үтрээ рүү хийгээд бэлгийн харьцаанд орж намайг хүчиндсэн. Үүний дараа угаалгын өрөө ортол араас Дамбаа гэх залуу нүцгэн орж ирээд миний араас тэврээд миний үтрээ рүү бэлэг эрхтэнээ хийгээд хөдлөөд байсан. Тэр үед би эсэргүүцэж болиулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас/,

 

Хохирогчоор О.С, гэрчээр Г.Азбаяр нарыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоон нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд “...Азбаяр надад хандан "бэлэн мөнгө байхгүй байна" гээд зэс карт гаргаж ирээд нууц кодыг нь надад хэлж өгсөн. Би тэр картыг нь аваад цүнхэндээ хийсэн. Бид өөрсдөө хувцсаа тайлцгааж бэлгийн ажил буюу секс хийсэн. Азбаяр надад хүч хэрэглээгүй ба бид тохирсны дагуу бэлгийн ажил хийсэн. Бид секс хийж дуусгаад би ариун цэвэр сахихаар тус өрөөний ариун цэврийн өрөө рүү нүцгэн орсон. Азбаяр хувцсаа өмсөөд үлдсэн. Би ариун цэврийн өрөө рүү ороход угаагуур дээр эрэгтэй хүний цамц харагдсан. Би юм бодолгүй шүршүүрт орж биеэ угаасан. Тэгтэл тэр өрөөнд Дамбаравжаа байж байсан. Би биеэ угааж дуусаад шүршүүрээс гараад биеэ арчингаа Дамбаравжаад хандан "чи юу хийж байгаа юм бэ?" гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хоорондоо ярилцсан бөгөөд намайг буруу харахад Дамбаравжаа миний бэлэг эрхтэн рүү өөрийн бэлэг эрхтнээ шургуулсан. Би "хэрэггүй, болохгүй" гэж хэлэхэд Дамбаравжаа болиод гараад явсан. Би тэр өрөөнөөс гарахад Азбаяр байхгүй байсан. Ц.Дамбаравжаа надтай секс хийхдээ хүч хэрэглэсэн зүйл байхгүй, би эсэргүүцээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Азбаярын “Би С-д хандан "хоёулаа секс хийе" гэхэд "үгүй" гэхээр нь би чамд мөнгө өгье гэхэд С "бэлэн мөнгө өг" гэж хэлсэн. Надад бэлэн мөнгө байхгүй байсан тул өөрийнхөө зэс картаа өгч, кодоо хэлээд "наанаасаа 200000 төгрөг авчих" гэж хэлсэн. С зөвшөөрөөд миний картыг авсан. Би хувцсаа тайлахад С мөн хувцсаа тайлж бид секс хийсэн. Секс хийж дуусаад би хувцсаа өмсөж байтал С ариун цэврийн өрөө орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/

 

Хохирогчоор О.С, гэрчээр Ц.Дамбаравжааг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоон нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд: Ц.Дамбаравжаагийн “...Би угаалгын өрөөнд сууж байхад С ямар ч хувцасгүй орж ирээд шүршүүрт орж биеэ угаасан. Би түүнийг хараад сууж байтал С "чи энд юу хийж байгаа юм бэ?" гэж асуусан. Би хариу хэлээгүй. Тэгтэл С шүршүүрээс гарч ирээд биеэ арчиж байсан. Би Сд хандан "хоёулаа секс хийе би чамд 100,000 төгрөг өгье" гэхэд С "за" гэхээр нь би өмдөө шувтлаад С-ийг араас нь тэвэрч байгаад бэлэг эрхтнээ түүний бэлэг эрхтэн рүү шургуулж бид хоёр секс хийсэн. Дөнгөж эхлээд 1-2 минут болоход С "хоёулаа больё" гэхээр нь би больсон. Бид хоёр ариун цэврийн өрөөнөөс хамт гарсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/

 

Гэрч Д.Зэлмийн “ ...Буудалд хоёр эмэгтэй ирсэн байсан ба тэд мөнгөөр бүжиглэдэг охид байсан. Тэр хоёрын нэг нь бидний өвөр дээр бүжиглэж хувцсаа тайчиж байсан ба нөгөө нь бүжиглэхгүй бидэнтэй хамт архи уусан. Бүжиглэж байсан эмэгтэйд би мөнгө өгсөн ба тэр эмэгтэй бүжиглэж байхдаа үйлдлээрээ дотуур хувцсандаа мөнгө хийхийг илэрхийлж хөдөлж байсан. Би тэрнээс хойш сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/

 

Гэрч О.Ану-Үжингийн “Би Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жеул” нэртэй бааранд бүжиглэдэг юм. Шөнө 04 цагт ажил тарахад надтай цуг ажилладаг С надад манай найз дээр очоод хамт байж байгаад явъя гээд "Сант Асар" нэртэй буудлын 605 тоот өрөө рүү очсон. Бид хоёрыг ороход 5 залуу тэр өрөөнд байсан. Бид хоёр тэр залуучуудтай хамт архи ууж юм ярилцаж суусан. Тэгээд байж байтал надтай хамт нүдний шилтэй залуу үлдээд С болон бусад нь гараад явсан. Тэр хэд гарч явчихаад удаад байхаар нь би С руу залгасан чинь "би Мотой хэрэлдээд байж байна, одоохон орлоо чи наанаа байж байгаарай" гэж хэлсний дараа С орж ирсэн. Араас нь хар цамцтай залуу орж ирсэн. Тэгтэл нүдний шилтэй залуу Сгийн гарыг мушгиад тоглож байсан чинь С уурлаад "эмэгтэй хүний гарыг хүчтэй базаж болохгүй" гэж хэлээд тоглоомоор ширээн дээр байсан түрийвчийг нь авсан. Дараа нь С ариун цэврийн өрөө орлоо гээд орсон. Удалгүй нүдний шилтэй залуу "миний түрийвчээс 1000 рубль авчихлаа" гээд Сг цагдаад өгнө, чи мөнгө авчихлаа гэхэд С "тэгвэл цагдаад та нарыг хүчиндсэн гэж хэлнэ" гээд удалгүй С цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9665, 9666 дугаартай шинжээч Б.Тэнүүний “Ц.Дамбаравжаа, Г.Азбаяр нарын цусны ДНХ-ийн тогтолцоог тогтоосон” дүгнэлт /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч О.С-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 69 дүгээр хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа/ 79 дүгээр хуудсанд/ жолооний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 81 дүгээр хуудас/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т заасан буюу худал мэдүүлэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

             Шүүгдэгч О.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч О.С нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4-д заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч О.Сд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

         

             Иймд шүүх шүүгдэгч О.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган / төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4., 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Ш овогт О.С-ийг хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т зааснаар О.С-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар О.С нь шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар О.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.С энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба О.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл О.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.ОДОНЧИМЭГ