Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энэбишийн Золзаяа |
Хэргийн индекс | 181/2024/01348/И |
Дугаар | 210/МА2024/01439 |
Огноо | 2024-07-19 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2024/01439
Н.Э*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2024/01959 дугаар шийдвэртэй,
Н.Э*******ын нэхэмжлэлтэй,
М*******ХХК-д холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 777 дугаартай шийдвэр, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн 982 дугаартай магадлал гарч ажил олгогч 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ажилд эгүүлэн тогтоосон тушаал гаргасан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нэг ажлын өдөрт ногдох дундаж цалин хөлс 3,857,735 төгрөгийг ажлын 27 өдрөөр тооцон 142,879 төгрөг, нийт ажлын 173 өдрөөр тооцон нийт 24,718,091 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг М******* ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, 2018 оны 11, 12 сар болон 2019 оны 1 сарын гурван сарын цалин хөлсний нийлбэрээс дундаж цалин хөлсийг тогтоосон нь үндэслэлгүй байна. Хөдөлмөр нийгмийн хамгаалалын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3-т зааснаар тооцвол 1,285,912 төгрөг юм.
Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын Дээд шүүхийн тогтоолоор сарын дундаж цалин хөлсийг 1,285,912 төгрөгөөр тогтоосон энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон нийтэд илэрхий үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болдог бөгөөд түүнийг хамгийн сүүлд хяналтын шатны шүүхээс үндэслэлтэй гэж үзсэнээр сая хүичн төгөлдөр болж хууль ёсны дагуу заавал биелүүлэх нрх зүйн үр дагавар үүсгэж байна. Имйд зөвхөн хүчинтэй болж байгаа анхан шатны шүүхийн шийдвэр гарсан хугацаанаас заавал биелүүлэх үүргийг тооцож байгаа нь үндэслэлгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуул /2021 оны шинэчилсэн найруулсан/-ийн 127 зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М*******ХХК-иас нэхэмжлэгч Н.Э*******т ажилгүй байсан хугацааны цалин 3,857,736 төгрөгийг гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,860,355 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар 43.2.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Э*******ын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагч М*******ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт нэхэмжлэгч Г.Э*******ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 281,540 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 76,673 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
Нацагдоржийн Э******* миний бие нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 14-ний өдрийн 181/ШШ2024/01959 дугаартай шийдвэрт дараахь үндэслэлээр гомдол гаргаж байна.
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Н.Э******* миний бие нь 3 шатны шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоон шийдвэрлүүлсэн байдаг тул би 2023 оны 03 сарын 14-ний өдрөөс 2023 оны 11 сарын 13-ны өдөр хүртэл буюу Анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрөөс намайг ажилд эгүүлэн томилсон тушаал гарталхи хугацааны цалин хөлс болох 24,718,091 төгрөг гаргуулахаар нэхэмжпэл гаргасан. Гэтэл Анхан шатны шүүх миний нэхэмжлэлийн дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ миний нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг буюу 3,857,736 төгрөг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын 20,860,355 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд алдаатай шийдвэр болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл би анхан шатны шүүхийн шийдвэр 2023 оны 03 сарын 14-ний өдөр гарсан өдрөөс хойш ажилд эгүүлэн томилсон шийдюэр гарах хүртэлхи хугацааны цалинг нэхэмжилсэн байтал Анхан шатны шүүх 2023 оны 03 сарын 14-ний өдрөөс 2023 оны 06 сарын 14-ний өдөр хүртэлхи хугацааны цалинг гаргуулахаар шийдвэрлэсэн нь миний ажилд томилогдох хүртэл хугацаа буюу 2023 оны 11 сарын 13-ний өдөр хүртэлхи хугацааг ямар үндэслэлээр шүүх дур мэдэн 3 сарын хугацааны цалин гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй. Шүүхийн шийдвэр нь нэхэмжпэгч миний ажилгүй байсан хугацаа Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд томилогдох хүртэл 8 сарын хугацааг хэрхэн ямар байдлаар миний ажилгүй байж хохирсон хугацааг үнэлж байгаа нь тодорхойгүй байх тул Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд нийцсэн шударга шийдвэр болж чадаагүй гэж үзэж гомдолтой байна.
Би М******* ХХК-д ажиллаж байхдаа 3,857,735 төгрөгийн цалин хөлс авч ажиллаж байсан байтал шүүхээс өмнөх шүүхийн шийдвэрийн цалин хөлсөөр тооцож байгаа нь үндэслэлгүй гэж үзэж гомдолтой байна. Учир нь М******* ХХК нь миний ажиллаж байхдаа өвчний чөлөөтэй байсан хугацааг ажилласан хугацаанд тооцож, миний өвчтэй байсан хугацаагаар ажилласнаар тооцож, цалингийн тодорхойлолт гаргаж өгсөн байдаг нь ажил олгогч үндэслэлгүйгээр миний авдаг цалин хөлсийг дордуулан тодорхойлсон байсныг шүүхээс үнэлсэнд гомдолтой байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар: 2002 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай Дундаж цалин, хөлс тодорхойлох журмын дагуу тооцож, нэхэмжлэгчийг 1,285,912 төгрөгийн цалин авдаг болохыг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа. Нэхэмжлэгч нь өөрийн цалин хөлсийг 3,857,737 төгрөгийн хэмжээний буюу тогтоогдсон хэм, хэмжээнээс 3 дахин их хэмжээгээр тооцож байгаа нь үндэслэлгүй. Хугацааны хувьд анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш хариуцагч тал давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхээ хэрэгжүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч Н.Э******* нь МОЭНКО ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговорт 24,718,091 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2023/00777 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн 982 дугаар магадлал, нэхэмжлэгч Н.Э*******ыг МОЭНКО ХХК-ийн хөшөөтийн уурхайд агуулахын ахлах ажилтнаар эгүүлэн тогтоож, ажил олгогчоос ажилгүй байсан хугацааны олговорт 63,547,978 төгрөгийг гаргуулж ажилтанд олгосон, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 880 дугаар тогтоолоор хяналтын журмаар гаргасан зохигчийн гомдлыг хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна.
4. МОЭНКОХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 328/23 тушаалаар Н.Э*******ыг тус компанийн Хөшөөтийн уурхайд агуулахын ахлах ажилтан албан тушаалд эгүүлэн томилсон нь тушаал болон талуудын тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон, ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлжээ.
5. Дээр дурсан шүүхийн шийдвэрээр ажилтны дундаж цалийн хөлсийг 1,285,912 төгрөгөөр тогтоосныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй тул дундаж цалин хөлсийг буруу тодорхойлсон гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах боломжгүй.
6. Харин анхан шатны шүүх ажилтны зөрчигдсөн эрх болох ажилгүй байсан хугацааг буруу тодорхойлсноор олговрыг дутуу шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.
Дээр дурдсан шүүхийн шийдвэрээр ажилтны ажилгүй байсан хугацааны олговрыг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл олгосон тул нэхэмжлэгч нь ажил олгогчоос тушаал гарч ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон өдрийг хүртэл хугацааны олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Энэ олговрыг 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл 8 сараар тооцвол 10,287,296 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан холбогдох гомдлыг хангах үндэслэлтэй.
7. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хүчин төгөлдөр үйлчилж буй Хөдөлмөрийн тухай хуулийг нэрлэн заахдаа /2021 оны шинэчилсэн найруулга/ гэж бичсэн болон Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлд ажилтан өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогчоос шаардах эрхийг зохицуулсныг анхаараагүйгээс нэхэмжлэгчийн шаардах эрхийг цалин гэж буруу тодорхойсныг тус тус залруулах нь зүйтэй. Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэрийн 4 дэх хэсэгт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн нэрийг буруу бичсэн алдаа гаргажээ.
8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2024/01959 дүгээр шийдвэрийн 1 дэх хэсгийн /шинэчилсэн найруулсан/ гэснийг хасч цалин 3,857,736 гэснийг олговорт 10,287,296 гэж, 20,860,355 гэснийг 14,430,795 гэж,
3 дахь заалтын 76,673 гэснийг 179,547 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,300 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Э.ЗОЛЗАЯА