Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 316

 

 

 

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

            Улсын яллагч Б.Мөнгөншагай,

            Шүүгдэгч З.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт З.Т-д холбогдох эрүүгийн 1909010310295 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймагт төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 2, эмээгийн хамт тоотод оршин суух, ял шийтгэлгүй гэх Б овгийн З.Т, /регистрийн дугаар/.

         

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч З.Т нь 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лакс” гэх бааранд иргэн Б.Ононг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч З.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 3-д зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

            Шүүх шүүгдэгч З.Тд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч З.Т нь 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лакс” гэх бааранд иргэн Б.Ононг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

 

            Шүүгдэгч З.Тгийн шүүх хуралдаанд өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

            Шүүгдэгч З.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 4-ний шөнө “Лакс” нэртэй баранд үйлчлүүлж байгаад үл таних нэг эмэгтэйтэй маргалдсан чинь тэр эгч намайг үсдээд газар унагаасан. Тэгэхээр нь би үснээс нь татаад, босож ирээд тэр эмэгтэйг газар унагаачихсан. Тэр босож ирээд надруу дайраад түлхээд цохиод байхаар нь би нүүр хэсэгрүү нь цохисон. Тэгээд цагдаа ирээд бид нарыг аваад явсан, тухайн эмэгтэйчүүдтэй баранд танилцсан. Би гурван шил пиво уусан, дунд зэргийн согтолттой байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/,

 

Хохирогч Б.Ононгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө өөрийн найз Туяацэнгэл болон түүний 2 найзтай хамт “Лакс” бааранд орж үйлчлүүлж байхад баарны 2 давхарт үл таних нэг эмэгтэй миний араас намайг үстээд шууд газар унагааж... цохиж зодсон... намайг зодсон эмэгтэй эрүүлжүүлэх байранд орсон Т гэх хүн байсан ба намайг үсдэж уруул хэсэг рүү цохиж газар унах үед шилбэний цус хуралт гэмтлүүдийг учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 5, 6, 7,8 дугаар тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2192 дугаартай дүгнэлтэд “ Б.Ононгийн биед хуйхны зөөлөн эдийн няцрал, уруулын салстын өнгөц шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалга, шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сариулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй “ гэх дүгнэлт /хх-ийн 13 дугаар тал/,

 

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 21 дүгээр хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 22 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 20 дугаар хуудас/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

             Шүүгдэгч З.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч З.Т нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4-д заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч З.Тд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

         

             Иймд шүүх шүүгдэгч З.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хохирогч Б.Онон тус дүүргийн Цагдаагийн газарт “…надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйлгүй…” гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзсан бөгөөд мөн шүүх шүүгдэгчийн хувийн байдал, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Б овогт З.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч З.Тг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар З.Т нь шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар З.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, З.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.          

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл З.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.ОДОНЧИМЭГ