Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/01449

 

Н.О*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2024/02718 дугаар шийдвэртэй,

Н.О*******ийн нэхэмжлэлтэй,

Ц.Г*******т холбогдох

19,765,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.О*******, хариуцагч Ц.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Ачаа тээврийн том машин авахаар хариуцагч Ц.Г*******т 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 5,480,000 төгрөг, 03 дугаар сарын 11-ний өдөр дансаар 25,000,000 төгрөг, 03 дугаар сарын 14-ний өдөр 21,230,000 төгрөг буюуу нийт 51,715,000 төгрөг шилжүүлсэн. 14 хоногийн дотор машин ирнэ гэсэн боловч сүүлдээ машин худлаа болчихлоо мөнгийг чинь өгнө гэсэн. 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Ц.Г******* бид хоёр руу буцаалт 6,850,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 25,100,000 төгрөгийг мөн Б.М*******ийн данс руу буцаалт хийсэн. Түүнээс хойш нөгөө Солонгос чинь мөнгөө өгөхгүй байна гээд яваад байсан. Сүүлдээ ойлголцохгүй, утсаар ч ярьж болохгүй байсан. Иймд үлдэгдэл мөнгө болох 19,765,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Б.М******* өөрөө фейсбүүк группээс машины зургийг харсан юм шиг байна лээ. Түүнээс би энэ машиныг ав, энэ гоё машин байна гэж огт хэлээгүй. Би мөнгийг нь шилжүүлж зуучилж өгсөн. 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 5,480,000 төгрөг аваад тэр өдөртөө би найман шарга ороод н.Хажидцэрэн гэдэг хүний данс руу мөнгийг нь шилжүүлж, Солонгос хүний данс руу шилжүүлсэн. 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 25,000,000 төгрөг, 03 дугаар сарын 14-ний өдөр 21,230,000 төгрөгийг би хүлээж аваад Солонгос хүний данс руу шилжүүлсэн. Машин хэзээ бэлэн болох вэ? гэхээр маргааш явуулна, нөгөөдөр явуулна, бичиг баримт нь болохгүй байна гэж байгаад утсаа авахгүй алга болсон. Машин зарсан солонгос улсын иргэнтэй би холбогдсон. Би нэхэмжлэгчийн мөнгийг олж өгөхөөр хуулийн фирмд 1 сая вон төлж цагдаагаар хайлгаж байж 10,000,000 вон буюу 25,100,000 төгрөгийг Б.М*******т олж өгсөн. Одоо би солонгос улсын иргэнтэй холбогдож чадахгүй байгаа. Мөнгөнийхөө оронд өөр машин өгье гээд яваад байгаа. Солонгос хүнээс 6,500,000 вон буюу 19,765,000 төгрөг авч өгөх үлдэгдэлтэй. Би өөртөө нэг төгрөг ч авч хэрэглээгүй учраас би өөрөөсөө төлж чадахгүй.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ц.Г*******аас 19,765,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.О*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,775 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 256,775 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож чадаагүй. Танил н.Э******* Вольво маркийн чирэгч толгой хэрэгтэй байна хүмүүсээс асуугаад өгөөч гэхээр нь асууж өгөөд машины зураг явуулсан. Энэ машиныг н.Э*******, Б.М******* гэдэг хүн авья гэж байна гэснээр би Солонгос улсаас машиныг захиалж, зуучлан авахад нь тусалж, Б.М*******ийн мөнгийг Солонгос улс руу шилжүүлж өгсөн.

Би өөрийнхөө ямар нэгэн машиныг Б.М*******т худалдан борлуулаагүй бөгөөд түүний захиалсан машин ирээгүй явдалд миний зүгээс ямар нэг буруу байхгүй юм. Б.М******* бид хоёр адилхан эндээс машин захиалсан. Б.М*******ийн машин захиалсан мөнгөнөөс би ямар нэгэн байдлаар хөрөнгөжөөгүй, аваагүй байтал анхан шатны шүүх надаас 19,765,000 төгрөг гаргуулсан нь буруу болсон.

Учир нь шүүх үйл баримтыг зөв тогтоож чадаагүй ба Б.М*******ийн машин захиалсан мөнгийг өөр хүн шилжүүлж авсан байхад зуучилж холбож өгсөн надаас гаргуулсан нь буруу юм. Өөрөөр хэлбэл, анхан шатны пгүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож чадаагүйгээс бидний хооронд гэрээний буюу Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэсэн.

Иймд Б.М******* бусдаас худалдан авахаар машины мөнгө шилжүүлснийг миний бие дамжуулан шилжүүлсний төлөө 19,765,000 төгрөг төлөх үндэслэлгүй юм.

4.2.Шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж чадаагүйгээс гэрээний харилцааг буруу тодорхойлж хэргийг буруу шийдвэрлэсэн.

Тодруулбал, нэхэмжлэгч Худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг буцаан авна гэсэн. Гэтэл бидний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй. Учир нь Б.М*******т Солонгос улсаас машин авахад зуучилж, түүний мөнгийг шилжүүлж өгсөн нь бидний хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй байхад гэрээний харилцааг зөв тодорхойлж чадалгүйгээр шүүх хэргийг буруу шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар: Миний бие хариуцагч Ц.Г*******тай гэрээ байгуулсан тул хариуцагчаас мөнгөө авах хүсэлтэй байна гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын гаргасан гомдлын хүрээнд хянан хэлэлцээд шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Н.О******* нь хариуцагч Ц.Г*******т холбогдуулан 19,765,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч Н.О******* болон хариуцагч Ц.Г******* нарын хооронд 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Учир нь Н.О******* нь автомашины үнэд 51,715,000 төгрөгийг төлсөн, Ц.Г******* нь хэлэлцэн тохиролцон автомашиныг 14 хоногийн дотор БНСУ-аас оруулж ирэн нэхэмжлэгчид өгөхөөр тохиролцжээ. Гэрээний зүйл нь хөдлөх эд хөрөнгө байх тул гэрээг амаар байгуулж болно. Гэрээ хүчин төгөлдөр байна.

Иймд талуудын хооронд зуучлалын гэрээ байгуулагдсан гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ. Учир нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан харилцаа талуудын хооронд үүсээгүй. Нэхэмжлэгч Н.О*******ийг автомашин худалдаж буй гэх БНСУ-ын иргэнтэй хариуцагч холбож өгөөгүй болно.

4. Нэхэмжлэгч Н.О******* нь 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 5,480,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 25,000,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 21,235,000 төгрөг буюу нийт 51,715,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч нь нэхэмжлэгчид 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 6,850,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 25,100,000 төгрөгийг шилжүүсэн талаар зохигч маргаагүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

5. Худалдах, худалдан авах гэрээний зүйл болох автомашиныг хариуцагч нь нэхэмжлэгчид шилжүүлэх боломжгүй болсноор талууд гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцсэн бөгөөд нэхэмжлэгч нь 19,765,000 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх зөв дүгнэж уг мөнгөн хөрөнгийн хэмжээгээр нэхэмжлэлийн хангасан нь зөв болжээ.

6. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглээгүй тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2024/02718 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,775 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Э.ЗОЛЗАЯА