Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/01452

 

Б.А*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2024/02295 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.А*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Х*******т холбогдох

Газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний охин Ч.Б******* нь надад хандаж мөнгөний хэрэг гараад, банк бусаас авсан зээл нэхэгдээд байна, газрын гэрчилгээг барьцаалаад түр хугацаанд мөнгө зээлмээр байна гэхээр нь би охиныхоо нэр дээр өөрийн өмчлөлийн, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн ******* хороо, *******ын ******* гудамж, хаягт орших 456 м.кв талбайтай газрыг бусдад барьцаалж, зээл авах эрхийг итгэмжлэлээр олгосон.

1.2. Ч.Б******* нь өөрийн нөхөр А.Лийн хамт ББСБ ХХК-иас 5,000,000 төгрөгийн зээл авч, уг эээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүсч, улмаар зээл, хүүгийн хэмжээ нь 6,000,000 төгрөг болчихоод байсан ба тухайн үед уг зээлийг хаахад мөнгө шаардлагатай байсан. Ингээд тэд мөнгө зээлэх хүн хайж байгаад Х.Х******* гэх хүний Z гэх фэйсбүүк хаягаас зар харж холбогдож, харилцан тохиролцсоноор Х.Х******* нь 10,000,000 төгрөг зээлдүүлье, барьцаанд нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн ******* хороо, *******ын ******* гудамж, хаягт орших 456 м.кв талбайтай газраа худалдах худалдан авах гэрээ хийгээд барьцаал, харин уг гэрээгээ Ч.Ө гэх хүнтэй байгуулаарай, энэ саналыг зөвшөөрсөн тохиолдолд би 10,000,000 төгрөг зээлдүүлье гэж хэлсэн байдаг. Ингэж тохиролцсоны дагуу миний охин Ч.Б******* надаас олгосон итгэмжлэлийг үндэслээд Ч.Өтэй 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр мөнгө зээлэх зорилгоор Газар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Бодит байдал дээр Х.Х******* нь газрыг худалдаж авах зорилго байсан бол худалдах, худалдан авах гэрээг өөрөө байгуулах байсан.

Энэхүү нөхцөл байдлаас харахад миний газрыг худалдаж авах хүсэл зориг байгаагүй болох нь тодорхой. Иргэний хуулиас харахад хүсэл зоригийн илэрхийллийг тодорхой зохицуулсан. Х.Х******* нь 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Ч.Б*******, А.Л нартай хамт ББСБ ХХК дээр очиж, зээлийн үлдэгдэл 6,000,000 төгрөгийг өөрийн данснаас зээлийн данс руу шилжүүлэн төлж зээлийг хаагаад, түүний дараа нотариат орж худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа манай охины нөхөр А.Лийн Хаан банк дахь тоот данс руу өөрийн Хаан банк тоот данснаас 3,000,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөгийг шилжүүлж, нийт 10,000,000 төгрөгийг Ч.Б*******т зээлүүлсэн.

Ч.Б******* нь зээлсэн 10,000,000 төгрөг дээр зээлийн хүү 6,000,000 төгрөгийг нэмж төлөөд газраа буцаан шилжүүлж авахаар тохиролцсон гэж надад ойлгуулсан. Энэ тохиролцоог миний аав Н.Б нь мэдэж байсан тул 16,000,000 төгрөг аваад Х.Х*******тэй уулзаж байсан.

Ч.Б******* нь анхнаасаа Х.Х*******тэй харьцаж, мөнгө зээлсэн болохоос биш газрын өмчлөх эрх шилжүүлж авсан Ч.Ө гэх хүнтэй өмнө нь хэзээ ч уулзаж байгаагүй, мөн тэр хүнийг мэдэхгүй. Ч.Б******* ярьж тохирсноороо өвөөгийн хамт мөнгө олоод Х.Х*******тэй уулзаж газраа буцааж авъя гэхээр уулздаггүй, утсаа авахаа больсон.

1.3. Маргаан бүхий газар нь дахин төлөвлөлтөд орж, бид 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тоот Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ-г Жигүүр гранд групп ХХК-тай 3 өрөө орон сууцаар солихоор гэрээ байгуулсан үнэ цэнтэй газар билээ.

Ч.Б******* нь Х.Х******* гэх хүний урхинд орж, хууртагдан Б.А*******гийн өмчлөлийн газрыг Ч.Ө гэж хүнд худалдах, худалдан авах гэрээ байгуулан түр шилжүүлсэн гэж ойлгосон боловч одоогийн нөхцөлд дахин төлөвлөлтөд хамрагдсан, зах зээлийн үнэлгээ өндөр болчихсон газрыг Х.Х******* мэдэж байсан тул газрыг маань зориуд өгөхгүй байсан учир миний бие Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж уг худалдах худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах, газар буцаан гаргуулах тухай шаардлагатай нэхэмжлэл гаргаж, шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 101/ШШ2022/04069 дугаартай шийдвэр гаргаж, түүний үндэслэх нь хэсэгт дээрх газар худалдах, худалдан авах гэрээ нь нэхэмжлэгч нар болон хариуцагч Ч.Ө нарын хооронд байгуулагдаагүй гэж үзэх үйл баримт тогтоогдож байна, Тодруулбал эрх зүйн харилцааг тусгаарлах зарчмын дагуу талуудын тайлбар болон гэрчийн мэдүүлгээр Ч.Өтэй газар худалдах, худалдан авах хүсэл зоригийн илэрхийлэл нээгдээгүй байх тул Ч.Өд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэхээр байна гээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

1.4. Бид улсын бүртгэлийг зөвтгөх хууль зүйн үндэслэл бүрдсэн гэж үзэж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, тус шүүхийн 2022 оны 12 сарын 23-ны өдөр дугаартай захирамж гаргаж, уг захирамжийн үндэслэх нь хэсэгт нэхэмжлэгч нь эхлээд газар өмчлөх эрхээ бүртгүүлэх тухай хүсэлтээ харьяалах улсын бүртгэлийн байгууллагад гаргаж, бүртгэлтэй холбоотой гомдлоо дээд шатны албан тушаалтан, харьяалах Захиргааны хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээр зохицуулжээ гэж дүгнэж нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

1.5. Бид Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж Ч.Өгийн нэр дээрх Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн ******* хороо, *******ын ******* гудамж хаягт орших 456 м.кв талбайтай, Г- улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг илт хууль бус акт болохыг тогтоолгох, газрыг Б.А*******гийн өмчлөлд зөвтгөн бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 3.Баярмаа нь 2022 оны 10 сарын 06-ны өдрийн 101/ШШ2022/04069 дугаар шийдвэрийг тайлбарласан ба газар худалдах, худалдан авах гэрээ нэхэмжлэгч болон иргэн Ч.Ө нарын хооронд байгуулагдаагүй гэж тайлбарласан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээрх шүүхийн тайлбарыг үндэслээд, иргэний маргаантай асуудал нь шийдэгдээгүй байна гэж үзээд 2023 оны 07 сарын 17-ны өдөр 128/Ш32023/5730 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

1.6. Ч.Б*******, Х.Х******* нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийх хүсэл зориг байсан гэж үзлээ гэхэд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд заасан хэлцэл хийгдсэн бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хүсэл зоргийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон ч талуудын хооронд газар худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй.

Харин Х.Х******* бодит байдал дээр Ч.Б*******т 10,000,000 төгрөгийг зээлдүүлсэн үйл баримт тодорхой байдаг. Ч Б*******, Ч.Ө нарын хооронд газар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан боловч тэдгээрийн хооронд гэрээ байгуулах хуульд заасан хүсэл зоригын илэрхийлэл байгаагүй нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, шүүгчийн тайлбар зэргээр нотлогдоно.

Иймд Баянзүрх дүүргийн ******* хороо, *******ын ******* гудамж, хаягт орших 456 м.кв талбайтай, Г- улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын дугаартай газрын өмчлөгч нь Б.А******* мөн болохыг тогтоож өгнө үү.

2. Хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Иргэн Ч.Ө 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр газар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг ******* хороо, ******* АОС 1 гудамж, тоот хаягт байршилтай газрыг худалдан авч, хуульд заасан журмын дагуу уг газрын өмчлөгч болсон.

2.2. Гэрээний нэг талд өмчлөгч Б.А******* өөрөө гарын үсэг зурж гэрээгээ баталгаажуулснаас гадна төлбөр тооцоогоо бэлнээр хүлээн авсан, гэрээ хуульд заасан журмын дагуу хийгдсэн. Анх гэрээ байгуулахдаа хүсэл зоригоо хуульд заасан журмын дагуу илэрхийлсэн, Х.Х******* мөнгө зээлдүүлье, гэрээгээ Ч.Ө гэдэг хүний нэр дээр байгуулчих гэсэн агуулга бүхий болзол тавьсан хэлцэл хийгээгүй. Хэрэв тухайн үед тийм болзол тавьсан хэлцэл хийсэн бол уг гэрээг өөр агуулгаар хийх байсан, нотариатчийн оролцоотой уг гэрээг үйлдсэн учраас худалдах, худалдан авах гэрээ хууль зүйн хувьд хүчин төгөлдөр гэж үзэж байна.

2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээ хуульд заасан журмын дагуу хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх үндэслэлтэй, улсын бүртгэлийн байгууллага бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ хуульд заасан журмын дагуу олгогдсон.

2.3. Нэхэмжлэгчийн охиндоо олгосон итгэмжлэл нь бусдад барьцаалан мөнгө зээлдэх гэсэн агуулгатай байгаагүй, уг газрыг бусдад худалдах бүрэн эрх олгосон, хуульд заасан журмын дагуу хийгдсэн итгэмжлэл байсан. Б.А*******гийн нэхэмжлэлтэй Ч.Өд холбогдох иргэний хэрэгт гэрчээр өгсөн А.Лийн мэдүүлэгт тухайн газрыг худалдахдаа анхнаасаа мөнгө зээлэх, зээлдүүлэх талаар болзол тавьсан талаар огт дурдаагүй, харин анхнаасаа газрыг худалдах хүсэл зоригтой байсан нөхцөл байдлыг гэрчилсэн. Хариуцагч Х.Х******* газар худалдан авсан мөнгийг нь буцааж өгөөд газрыг нь буцаагаад шилжүүлж өгөх гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, уг нөхцөл байдал ямар нэгэн нотлох баримтаар нотлогдохгүй байгаа.

Х.Х*******, Ч.Б******* нарын хооронд зээлийн харилцаа үүсээгүй, уг мөнгө бол Ч.Өгийн худалдах, худалдан авах гэрээний дагуу газар худалдан авсан төлбөр юм.

2.4. Нэхэмжлэлийн шаардлага нь газрын өмчлөгч нь Б.А******* болохыг тогтоолгох нэхэмжлэл бөгөөд Х.Х******* Б.А*******гийн өмчлөх эрхийг хэрхэн зөрчсөн, мөн өмчлөх эрхэд саад учруулж байгаа эсэх нөхцөл байдал нотлогдохгүй, Б.А******* анхнаасаа дээрх газрын өмчлөгч байсан бөгөөд өөрийн газраа охиндоо итгэмжлэл хийж өгөн бусдад худалдсан байдаг.

Ч.Б*******, Ч.Ө нарын хооронд газар худалдах, худалдан авах гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл байсан эсэх асуудал нь иргэн Х.Х*******тэй огт хамааралгүй, тухайн үед гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдэлтэй шууд хамааралтай юм.

Хэрэгт нотлох баримтаар өгсөн гэрч А.Лийн мэдүүлэгт Б.А*******гаас итгэмжлэл Ч.Б*******т олгосон, түүний нөхөр А.Л газар худалдах хүсэл зоригоо хэрхэн, ямар хэлбэрээр илэрхийлсэн талаар тодорхой мэдүүлсэн байдаг. Ч.Ө Б.А******* нарын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байгаа. Ямар нэгэн шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцоогүй.

Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэрт Ч.Өд холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон, шийдвэр дээр хариуцагчаа буруу тодорхойлсон гэсэн. Гуравдагч этгээдийн хувьд Б.А*******тай газар худалдах авах гэрээ байгуулсан. Энэ гэрээний тал нь Б.А*******, гарын үсгээ зурж баталгаажууулсан, төлбөр тооцоог Х.Х******* хийсэн, газар банк бус санхүүгийн байгууллагад барьцаалбартай байсан. 3,000,000 төгрөгийг н.Лийн данс руу, 6,000,000 төгрөгийг ын данс руу хийсэн. Өнөөдөр газар эзэмших эрх Ч.Өгийн нэр дээр байгаа. 2019 онд гэрээ хийчихээд газар ашиглах эрх хэрэгжүүлэх боломж олгоогүй. Хорооны тодорхойлолтоор Б.А******* байгаад байдаг, очоод үзэхээр өөр 2 айл буусан байсан. Манайх удаа дараа шүүхэд газрыг чөлөөлүүлэх хүсэлт гаргасан боловч хэн оршин сууж байгаа нь тодорхойгүй учраас чөлөөлүүлэх боломжгүй гэсэн хариу ирдэг. Хэрвээ гэрээ хүчин төгөлдөр бус гэж тооцож байгаа бол нэхэмжлэлээ өөрөөр гарга. 136,766,620 төгрөгийн гэрээ хийчихсэн байсан гэж яриад байна. Тухайн үед хашаа байшинтай газар 25,000,000 төгрөгийн үнэтэй байсан, Х.Х******* гэдэг хүн гэрчийн мэдүүлэг өгөөд шүүх хуралдааны тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан байгаа. Лавлагаа дээр анхны өмчлөгч нь Б.А******* гээд бүртгэгдсэн, дараа нь Ч.Өд шилжсэн байна.

Нэгэнт улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоочихсон зүйлийг шүүхээр тогтоолгох гээд байгаа нь үндэслэлгүй байна. Ч.Өгийн нэр дээр гэрчилгээ гарчихсан, өнөөдөр өмчлөгч нь Ч.Ө байгаа. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 40.1, 40.2-ыг яриад байна. Ч.Өгийн хувьд хүсэл зоригийн илэрхийлэл байсан, хүлээж авсан, татгалзаагүй, хуульд заасны дагуу гэрээ хийсэн. Танайхаас гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах талаар, хүсэл зоригийн илэрхийллийн талаар баримт өгөөгүй, энэ талаар нэхэмжлэлийн шаардлага дээрээ дурдаагүй. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Б.А*******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Х*******т холбогдох Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* хороо, *******ын ******* гудамж, тоот хаягт байршилтай 456 м.кв талбайтай, Г- улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын дугаартай газрын өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.А*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулгын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрт: Хэрэгт авагдсан баримтаар 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгосон, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон үйл баримт тогтоогдохгүй байх ба тус гэрээний дагуу маргаан бүхий газрын өмчлөх эрхийн гэрчилгээ Ч.Өгийн нэр дээр гарсан, улсын бүртгэл хүчин төгөлдөр байхад уг газрын асуудлаар хариуцагч Х.Хэнмэдэхэвт холбогдуулан газрын өмчлөгчөөр тогтоолгохоор шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна гэж дүгнэж, газрын өмчлөгчөөр Б.А*******г тогтоох үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзээд хариуцагч Х.Хэнмэдэхэвт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шүүх ийнхүү дүгнэж хэргийг шийдвэрлэсэнээрээ иргэн Б.А*******гийн өмчлөх эрхийг ноцтой хөндөж, урьд өмнө нь огт танихгүй, хоорондоо ямар нэгэн хэлцэл хийж, үүрэг хүлээгээгүй Ч.Ө гэгчид өөрийнхөө амьдралын эх үүсвэр болсон, одоо амьдарч байгаа газраа алдахад хүргэж хэргийг шийдвэрлэсэн нь Б.А*******гийн хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн заасан 3-т Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэж заасан хүний наад захын эрхийг хөндсөн, хууль зөрчсөн шийдвэр болсон.

Учир нь анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж, нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлж дүгнээгүй, хэрэгт хамааралгүй баримтыг үндэслэж шийдвэр гаргасан зэрэг ноцтой зөрчил гаргаад байна. Тухайлбал:

Ч.Б*******, Б.А******* нар нь агуулгын хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд тодорхой заасан хэлцлийг Ч.Ө, Х.Х******* нартай байгуулаагүй бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй.

Иргэний хуулийн 1******* зүйлийн 112.2-д Өмчлөх эрх олж авч байгаа этгээд эд хөрөнгийн үнийг хугацаанд нь төлөөгүй байхад өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээд гэрээнээсээ татгалзвал үүрэг ёсоор талууд өмнө нь шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй" гэж заасны дагуу хууль зүйн үр дагавар үүсэхээр байхад шүүх энэ нөхцөл байдлыг огт дүгнээгүй байна.

Маргаан бүхий газар нь дахин төлөвлөлтөнд орж, бид 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ГХДТ-Б/001 тоот Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ- г Жигүүр гранд групп ХХК-тай 3 өрөө орон сууцаар солихоор гэрээ байгуулсан үнэ цэнэтэй газрыг 10 сая төгрөгөөр зарна гэдэг нь бодит байдалтай хэзээ ч тохирохгүй гэдгийг шүүх харгалзаж үзээгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Б.А*******гийн өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчиж, хууль зөрчиж шийдвэр гаргасан.

Өөрөөр хэлбэл Ч.Ө, Х.Х******* болон Ч.Б*******, Б.А******* нарын хооронд ямар нэгэн эрх, үүгийн харилцаа үүсээгүй буюу Иргэний хуульд заасан үүргийн харилцаа огт үүсээгүй.

Гэтэл анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтаар Ч.Ө, Х.Х******* болон Ч.Б*******, Б.А******* нарын хооронд байгуулагдсан гэх газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох эсэх талаар огт тайлбар хийгээгүй.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулж, ойлгохгүйгээр хэргийг зөвхөн нэг талд шийдвэрлэсэн.

Ч.Б*******, хариуцагч Х.Х******* нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийх хүсэл зориг байсан гэж үзлээ гэхэд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд заасан хэлцэл хийгдсэн бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хүсэл зоригын илэрхийлэл хүчин төгөлдөр болсон ч талуудын хооронд газар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй. Харин Х.Х******* нь бодит байдал дээр Ч.Б*******т 10 сая төгрөгийг зээлдүүлсэн үйл баримт тодорхой байдаг.

Энэ мэтчилэн анхан шатны шүүх хэргийг зөвхөн хариуцагчийн талд шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа ба Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.11-д Хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг тухай бүр биечлэн, ойлгомжтой байдлаар бичгээр тайлбарлана. гэж заасныг анхан шатны шүүх зөрчсөн.

Ийнхүү хэргийг ул үндэсгүй, хийсвэрээр дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрллэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ..., мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэснийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Тиймээс шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч тал нь хэлцэл хийсэн, хийгээгүй эсэх дээр маргадаг ба Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэлцэл хийгээгүй гэж дүгнэсэн учир хэлцэл хүчин төгөлдөр бус гэх байдлаар тайлбарладаг. Хэрэв хэлцэл хүчин төгөлдөр бус байх тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу анхан шатны шүүх Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 42 болон 43 дугаар зүйлүүдэд заасны дагуу хүсэл зоригийн асуудлыг харгалзан үзэх ёстой. Мөн нэхэмжлэгч тал хүсэл зоригийн талаар огт мэддэггүй, анхан шатны шүүх хэлцэл хийгдээгүй гэж дүгнэсэн учир л талуудын хооронд харилцаа үүсээгүй гэж тайлбарладаг. Гэтэл гэрээг талууд хүсэл зоригийн дагуу хийсэн. Дээрх маргааны талаар нэхэмжлэгч тал Захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч Захиргааны хэргийн шүүх талуудын хооронд иргэний эрх зүйн маргаан байгаа тул энэхүү асуудлыг эцэслэн шийдвэрлэсний дараа дахин хандана уу гэх хариу өгсөн. Учир нь нэхэмжлэгч талын өмгөөлөгч дээрх хэрэг маргааныг захиргааны хэргийн маргаанд хамаарах байдлаар нэхэмжлэл гаргаагүй. Улсын бүртгэлийн байгууллагаас нэхэмжлэгч Б.А*******гийн эрхийг зөрчсөн асуудал тогтоогддоггүй ба энэ талаарх үйл баримт байхгүй. Ч.Ө болон Б.А******* нарын хооронд хийгдсэн хэлцэл хуулийн хүчин төгөлдөр хэлцэл болох нь талуудын хэн аль нь хүлээн зөвшөөрснөөр хийгдэж, бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэнээр нотлогдоно. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасны дагуу Ч.Ө нь маргаан бүхий газрын өмчлөгчөөр тогтоогдсон. Гэтэл нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагад Х.Х******* гэх хүн ямар байдлаар холбогдсон нь ойлгомжгүй байх бөгөөд Х.Х******* нэхэмжлэгч Б.А*******г газрын өмчлөгч гэж нэхэмжлэлийн шаардлага гаргахад эрх, ашиг сонирхол нь хэрхэн зөрчсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй. Дээрх газрын маргаантай холбоотой асуудал нь нэгэнт шийдэгдсэн ба нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэв.

ХЯНАВАЛ:

  1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Б.А******* нь хариуцагч Х.Х*******т холбогдуулан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* хороо, *******ын ******* гудамж, тоот хаягт байршилтай 456 м.кв талбайтай, Г- улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын дугаартай газрын өмчлөгч мөн болохыг тогтоолгохоор нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаан бүхий газрын өмчлөгчийн эрх ашиг хөндөгдөж байгаа гэсэн үндэслэлээр хариуцагчийн хүсэлтээр Ч.Өг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан байна.

3. Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* хороо, *******ын ******* гудамж, тоот хаягт байршилтай 456 м.кв талбайтай, Г- улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын дугаартай газрын өмчлөгчөөр Б.А******* бүртгэлтэй байсан ба түүний олгосон итгэмжлэлээр охин Ч.Б******* нь 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр газрыг 10,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон Газар худалдах, худалдан авах гэрээг Ч.Өтэй байгуулж, Х.Хэндмэдхэв гэрээний төлбөр 10,000,000 төгрөгийн 6,000,000 төгрөгийг Ч.Б******* болон түүний нөхөр А.Л нарын зээл авсан ББСБ ХХК-ийн данс руу, 4,000,000 төгрөгийг А.Лийн ХААН банкны данс руу шилжүүлжээ. /хх-ийн 6, 76/

2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Б.А*******гийн өмчлөлд бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо /хуучнаар ******* хороо/ ******* амины орон сууц 1 дүгээр гудамж, тоот хаягт байршилтай нэгж талбарын 1331401756 дугаартай, 430 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-2204017356 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр Ч.Өг бүртгэж Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000667196 дугаартай гэрчилгээ олгогдсон байна. /хх-ийн 56, 74, 75, 71/

4. Нэхэмжлэгч Б.А******* нь дээрх газрын өмчлөгч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ эд юмсын эрх зүйн хүрээнд тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.А*******г төлөөлж Ч.Болор-Эрдэнийн байгуулсан дээр дурдсан газрын өмчлөх эрхийг хариуцагч Х.Х*******ийн нэрлэн заасан этгээд болох Ч.Өгийн нэр дээр шилжүүлэхтэй холбоотойгоор байгуулагдсан газар худалдах, худалдан авах гэрээ хүчинтэй байна. Уг гэрээг хүчингүй болгуулахтай холбоотой шаардлагыг нэхэмжлэгч талаар гаргаагүй. Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ эд юмсын эрх зүйн хүрээнд өмчлөгч гэж тодорхойлж гаргасан шаардлагыг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар хангах боломжгүй гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өөрийн өмчийн зүйлээ бусдын эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор чөлөөтэй эзэмших, ашиглах, үр шимийг хүртэх, захиран зарцуулах эрхтэйгээс гадна бусдын хууль бус эзэмшлээс буцаан шаардах, өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. Өмчлөгч нь тухайн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмч мөн гэдгийг баталж, өмчлөгч гэдгээ нотолсон байх шаардлагатай. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн холбогдох дүгнэлт үндэслэлтэй байна.

5. Дээр дурдсан үндэслэлэр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2024/02295 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

Э.ЗОЛЗАЯА