Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 22

 

 

С.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Ж.А,

            Хохирогч: Ж.Б,

            Хохирогчийн өмгөөлөгч: Б.Д,

Шүүгдэгч: С.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Ганболд даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч С.Дд холбогдох, эрүүгийн 201710000011 дугаартай, 1 хавтас, 102 хуудас бүхий эрүүгийн хэргийг хохирогч Ж.Бгийн давж заалдсан гомдлыг үндэслэн  давж заалдах шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Д  -д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ. 

Шүүгдэгч С.Д нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах талхан цехийн ард иргэн Ж.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний хамран тус газар цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Дг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1 440 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д нь 1 440 000 төгрөгийн торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдаж,

Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дгаас 3700 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Бд олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ж.Б нь 1996300 төгрөгийн хохирлын нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн рентген зургийг хохирогч Ж.Бд буцаан олгож,

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Ж.Б давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ... анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч миний хууль ёсны өмгөөлөгч Б.Дыг оролцуулахгүйгээр хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн нь иргэн миний эрхийг ноцтой зөрчсөн гэж үздэг. Би хуулийг сайн мэдэхгүй, анх удаа л хэрэг төвөгт оролцож өмгөөлөгчтэй гэрээ хийсэн, харин тухайн хурал болдог өдөр өмгөөлөгчийн утас холбогдохгүй байсан нь Өмнөговь аймагт явж байсан юм билээ. Шүүх эмнэлгийн шинжээч дүгнэлтдээ надад учирсан гэмтлийг “хөнгөн” гэж үзсэн бөгөөд надад учирсан шарх одоо ч өвчтэй зовиуртай байдаг. Уг нь 1 сарын дотор эдгэрэх шархыг “хөнгөн” гэж үздэг гэсэн. С.Д нь надаас ямар нэг уучлалт гуйхын оронд ямар ч гэмт хэрэг үйлдсэн шинжгүй, намайг зодож танхайрсаныхаа дараа эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байх явцад манай гэрт ирж “чи хөгшин хонины насгүй, гоо сайханаар яадаг юм, амьдралаараа тоглуулсан хохь чинь гэх зэргээр“ хэл амаар доромжилж, танхайрсан. Гэтэл үүнийг нь зөрчил гэж үзсэн гэсэн. Анх би цагдаа дээр очиход оёдол тавиул, зурагаа авахуул гэж хэлсэн. Дараа нь 2017 оны 01 сарын 12-ны өдөр бас зураг авахуулсан. Зураг дээр хамарны яс тасархайжилттай байна гэсэн. Тэр зургийг анхан шатны шүүх хуралдааны дараа шүүгчийн туслах авсан.  Шүүх хуралдааны товыг 3 хоногийн өмнө надад утсаар мэдэгдсэн, би өмгөөлөгчид хэлэх байх гэж бодсон. Тэгээд шүүх хуралдаанд ирээгүй болохоор утас руу нь залгахад Өмнөговьт явж байна гэсэн. Би шүүх хуралдаан дээр өмгөөлөгчтэй оролцоно гэж хэлж мэдэхгүй байж байгаад дараа нь ажил дээр нь очиж уулзсан юм. Улаанбаатар хотод МGG гэсэн хамар, гэмтлийн эмнэлэг байгаа. Тэнд очиж үзүүлэхэд  нөхөлт хийлгэх юм байна, мөнгө төгрөгөө олоод ирээ, 2 хүний дараа янзлаад өгье гэж хэлж байсан. Жаргалбаяр эмч хөнгөлөлтөнд хамрагдаад 1050000 төгрөг болно гэж хэлж байсан. Их гомдолтой байна. Дгаас ямар ч хохирол мөнгө төлүүлж аваагүй хохирч байгаа тул тогтоолыг хянуулж, хохирлоо барагдуулж, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэйгөө оролцож  эрхээ хамгаалуулмаар байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч Б.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчийн биед учирсан гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр хөнгөн гэмтэл гээд гаргачихсан, энэ хүн дүгнэлт гаргахдаа хайнга хандсан нь харагдаад байгаа юм. Яагаад гэхээр дүгнэлт гаргасан шинжээч Анхбаярыг гэрчээр  асуусан. Хөнгөн зэргийн гэмтэл гэдэг нь 7-14 хоногийн дотор бүрэн эдгэрнэ гэдэг, гэтэл Бд учирсан гэмтэл нь 1 сар өнгөрчихөөд байхад эдгэрээгүй, зовиур нь арилахгүй байгаа, ясандаа гэмтэл авсан байна.  Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон учраас хохирол төлбөрөө гаргуулж чадаагүй. Иймд шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй учир шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулая, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэв.

 

Прокурор Ж.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Дгийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон учир анхан шатны шүүхээс гэм буруутайг нь тогтоож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна. Хохирогч Б анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо өмгөөлөгчийг оролцуулъя гэсэн хүсэлтийг албан ёсоор тавьсан асуудал анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд байхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсаны дараа өмгөөлөгчтэй оролцох байсан, өмгөөлөгчтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байхад өмгөөлөгчийг оролцуулаагүй гэж гомдол гаргасан байна. Гэвч хохирогчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд дурдсан асуудлыг шийдвэрлэж, хохирогчийг хууль ёсны өмгөөлүүлэх эрхээр хангах нь зүйтэй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгч С.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг ажил дээр байхад Б мессеж бичээд байсан. Би утсаа авахгүй байсан. Сүүлд нь би өөр рүү нь мессэж бичсэн. Дараа нь гэрт очиж хүүхэд доромжилсон байсан. Би тэгээд нөхөрт нь танай эхнэр ямар сонин юм бэ, ийм мессеж бичээд байна гэхэд Очирсүх би мессеж уншиж чадахгүй гэсэн. Би тэгээд хүүхэдтэйгээ уулзах гээд явж байсан чинь Мөнгөн-Эрдэнийн гадаа байж байсан. Б надаар уучлалт гуйлгах гээд байгаа, бичсэн мессежнийх нь төлөө би бас уучлалт гуйлгамаар байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Дг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах талхан цехийн ард иргэн Ж.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний хамран тус газар цохиж хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөнөөс шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Энэ нь анхан шатны шүүх хохирогчийг өмгөөлүүлэх бололцоогоор хангаагүй буюу хохирогч Ж.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өмгөөлөгч Б.Дтай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-58/ байгуулсан байхад шүүхээс түүнд шүүх хуралдааныг товыг мэдэгдээгүй байх ба шүүх хуралдаанд оролцуулах боломжоор хангасан гэж үзэх нөхцөл тогтоогдсонгүй.

            Тодруулбал Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т зааснаар Монгол Улсын Иргэн нь ... хууль зүйн туслалцаа авах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэх ба уг үндсэн эрхийг баталгаажуулж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д ...хохирогч ... өмгөөлүүлэх, хууль зүйн бусад туслалцаа авах эрхтэй гэж, 18.2-т ... өмгөөлүүлэх бололцоогоор хангах үүргийг,  хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.1-д хохирогч өмгөөлөгч авах эрхтэй гэж тус тус хуульчилжээ.

Гэтэл анхан шатны шүүхээс хохирогчийн өмгөөлүүлэх эрхийг хангаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1, 320.1.3-т зааснаар хэрэг хэлэлцэхэд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах замаар шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлж болохуйцаар дээрх хуулийн шаардлагыг зөрчиж улмаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болох тул энэ талаарх хохирогчийн гомдол үндэслэлтэй байна.

Харин хохирогч Ж.Бгийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн талаар болон шүүгдэгчид захиргааны шийтгэл ногдуулсанг эс зөвшөөрсөн агуулгатай  болон хохирол төлбөр төлөөлүүлээгүй тухай давж заалдсан гомдол үндэслэлгүй болно.

Учир нь шинжээч хохирогчийн биед шинжилгээ хийхдээ хуульд заасан журмыг баримтлаагүй гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүйн зэрэгцээ шинжээчийн дүгнэлт нь түүний хэрэгт нотлох баримтаар өгсөн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хамрын ясны рентгэн зурганд  үндэслэгдсэн байх ба хамрын ясны өөр рентгэн зураг хэрэгт авагдаагүй, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19, 20 дугаар зүйлд зааснаар нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх эрх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д зааснаар нээлттэйн гадна энэ эрхийг шүүхээс хангах боломжтой гэж үзнэ.

Мөн 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр  шүүгдэгч болон хохирогч нь таарамжгүй харьцааны улмаас дахин муудалцсан ба энэ үйлдлээс болж хохирогчийн биед гэмтэл учраагүй, энэ талаар хохирогч хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн, энэхүү асуудлыг Цагдаагийн байгууллага шалгаад шүүгдэгч С.Дд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д зааснаар 5000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь хохирогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Түүнчлэн хохирогч нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т зааснаар эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хор арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй боловч энэ тухай баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүхээс түүнийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэйг зааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 122 дугаар зүйлийн 122.3-т нийцсэн гэж үзнэ.

Иймд хохирогчийн “өмгөөлүүлэх эрхийг хангаагүй” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.3, 320 дугаар зүйлийн 320.1.3, 322 дугаар зүйлийн 322.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч С.Дд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэхүү магадлалд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг тус тус дурьдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

                                      ШҮҮГЧИД                                     Г.ТЭГШСУУРЬ

                                                                                            Н.БАТЧИМЭГ