Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2019/0613

 

2019 оны 11 сарын 28 өдөр           Дугаар 221/МА2019/0613                 Улаанбаатар хот

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0628 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0628 дугаар шийдвэрээр: “Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар 3.1, 4 дүгээр зүйлийн 4.3-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын улсын байцаагчийн 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Татвар ноогдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 244019 дугаартай актаар “Ж” ХХК-д ногдуулсан 5418.2 мянган төгрөгийн торгууль, 4831.1 мянган төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэжээ.”

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “... “Ж” ХХК-д 2013 онд хяналт шалгалт хийж зөрчил илрүүлэн 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 244019 дугаар акт тавьж, уг актаар тогтоосон 5,418.2 мянган төгрөгийн торгууль, 4,831.1 мянган төгрөгийн алданги нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэх цаг хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэгчийн төлөх алданги, торгуулийг чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна” гэжээ.

Тус компани татварын улсын байцаагчийн 2013 оны 244019 дугаар актаар ногдуулсан нийт 28,310,100 төгрөгийн төлбөрөөс 12,670,000 төгрөгийг 2014 онд төлсөн бөгөөд Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлд татварийн өрийг алданги, торгууль, үндсэн өр гэсэн дарааллаар тогтоохоор заасан тул өршөөлийн хуульд хамруулах үндэслэлгүй байхад өршөөн хэтрүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Татварын ерөнхий газраас 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 10/809 дугаар албан бичгээр “Ж” ХХК-д оногдуулсан 5,418,200 төгрөгийн торгууль, 4,831,100 төгрөгийн алдангийг өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүй татгалзаж байгаа нь хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагчийн 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 244019 дугаартай хяналт шалгалтын актаар оногдуулсан торгууль, алдангийг Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан, өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж чөлөөлж өгөхийг Татварын ерөнхий газарт даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагчийн 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 244019 дугаар хяналт шалгалтын актаар “Ж” ХХК-д 18,060.8 мянган төгрөгийн татвар, 5,418.2 мянган төгрөгийн торгууль, 4,831.1 мянган төгрөгийн алданги ногдуулжээ.

Улмаар 2014 онд Баянзүрх дүүргийн татварын хэлтэс нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд “Ж” ХХК-иас тус маргаан бүхий актаар тогтоосон 25,650,100 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Баянзүрх татварын хэлтэс нь 25,650,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 9,000,000 төгрөгийн хасч, хариуцагч үлдэгдэл 16,650,100 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохирч, 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан 1 дүгээр шүүхийн шүүгчийн 1786 дугаар захирамжаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч “Ж” ХХК дээрх актаар тогтоосон нийт төлбөрөөс 13,239,000 төгрөгийг төлсөн байх ба тус төлсөн 13,239,000 төгрөгийг нөхөн татварт тооцуулж, 5,418.2 мянган төгрөгийн торгууль, 4,831.1 мянган төгрөгийн алданги, нийт 10,249.3 мянган төгрөгийг өршөөлд хамруулж өгнө үү хэмээн маргажээ.

Анхан шатны шүүх “Ж” ХХК-д 2013 онд хяналт шалгалт хийж, зөрчил илрүүлэн 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 244019 дугаартай акт тавьж, уг актаар тогтоосон 5,418.2 мянган төгрөгийн торгууль, 4,831.1 мянган төгрөгийн алданги нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэх цаг хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэгчийн төлөх алданги, торгуулийг чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна” гэж дүгнэн нэхэмжлэлийн бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь ... зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зөрчил гаргасан этгээдийг шийтгэлээс чөлөөлөхөөр зохицуулсан байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна”, 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.2-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” хэмээн тус тус заажээ.

Уг маргаан бүхий татварын өр нь тус хуулийн үйлчлэх хугацаанд хамаарч байгаа ба нэхэмжлэгч уг алданги, торгуулийг төлснийг үндэслэн өршөөлд хамруулахгүйгээр нэхэмжлэгчид хуулиар олгосон эрхийг хязгаарлах үндэлэлгүй байна.

 Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, хууль зүйн үндэслэлийг зөв дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байгаа хэдий ч шийдвэрийн тогтоох хэсэгт “Татварын ерөнхий газраас 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 10/809 дугаар албан бичгээр “Ж” ХХК-д 5,418.200 төгрөгийн торгууль, 4,831.100 төгрөгийн алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүй татгалзаж байгаа нь хууль бус болохыг тогтоох” шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан байна.

Мөн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгохоор зохицуулсан байгаа тул шүүхийн шийдвэрт уг алдааг залруулсан өөрчлөлт оруулав.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0628 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.3-д заасныг тус тус баримтлан “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 10/809 дугаар албан бичгээр “Ж” ХХК-д оногдуулсан 5,418,200 төгрөгийн торгууль, 4,831,100 төгрөгийн алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахаас татгалзаж байгааг хууль бус болохыг тогтоож, татварын улсын байцаагчийн 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлийг шалгасан тухай” 244019 дугаартай актаар “Ж” ХХК-д ногдуулсан 5,418.2 мянган төгрөгийн торгууль, 4,831.1 мянган төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлсүгэй” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                     Ц.ЦОГТ