Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 52

 

    З.Х-, Г.А- нарт холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч Б.Батцэрэн, Б.Цогт, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Байгалмаа, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1101 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаар магадлалтай, З.Х-, Г.А- нарт холбогдох 1906069181394 дугаартай хэргийг шүүгдэгч Г.А-ын гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 2002 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ***,

урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар З жил хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 362 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулж, мөн шийтгэх тогтоолоор оногдуулсан З жил хорих ял дээр нэмж нэгтгэн нийт З жил 6 сар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг 2 дахин багасгаж 1 жилийн хугацаагаар тогтоосон,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 806 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.4, 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 26 хоног хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 10 сар 26 хоногийн хугацаагаар тогтоосон, О овогт Г-н А- /РД:***/,

2. Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ***,

урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн өдрийн 690 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлсэн,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 ооны 06 дугаар сарын 25-ны өдрийн 358 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 13 хоног хорих ял оногдуулсан, Б овогт З-н Х- /РД:***/.

Г.А-, З.Х- нар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний орой 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *А* кафены ажилтан Э.Д-ий эзэмшлийн цэнэглэж байсан Айфон-8 плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,250,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.А-, З.Х- нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-, З.Х- нарыг тус бүрт 2 жил хорих ял шийтгэж,

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Х-т өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 13 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 29 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-т өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 10 сар 26 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн З жил 11 сар 23 хоногийн хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 11 сар 23 хоног хорих ялаар,

шүүгдэгч З.Х-т өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 13 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил З сар 29 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг З жил З сар 29 хоног хорих ялаар тус тус тогтоож,

шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч З.Х-, Г.А-т нарт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон тус тус дүйцүүлэн сольсугай”,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.Х-т Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн З58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жил 13 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил З сар 29 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1101 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг З жил З сар 29 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, түүнийг нэн даруй сулласугай”,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.А-т Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 806 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар оногдуулсан 5 жил 10 сар 26 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн З жил 11 сар 23 хоногийн хорих ял болон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1101 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад эдлүүлсүгэй гэж нэмэлт заалт тус тус оруулж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж,

шүүгдэгч З.Х-, Г.А-, тэдгээрийн өмгөөлөгч Б.Байгалмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, прокурор Д.Бат-Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 3.Х-, Г.А- нарыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахьг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн З дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Х-ын 2021 оны 09 дүгээр сарын 13-наас 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 100 хоногийг түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялаас хасч, шүүгдэгч Г.А-ын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хуртэл цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.А- гаргасан гомдолдоо “...Г.А- миний бие 2020.09.07-ны өдөр насанд хүрээгүй байх үедээ үйлдсэн гэмт хэрэгтээ холбогдуулан 5 жил 10 сар 23 хоног хорих ял авсан. 2021.07.02-ны өдөр батлагдсан өршөөлийн тухай хуульд заасан 6 дугаар зүйлийн 6.3-т заасан өсвөр насны хүн ...хулгайлах гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан эсхүл эдлээгүй үлдсэн ялаас 2 жил хасна” гэж заасны дагуу дээрх насанд хүрээгүй байх үед үйлдсэн гэмт хэрэгт өршөөл үзүүлээгүйд гомдолтой байна.

Учир нь 2020.09.07 болон 2021.10.22-нд тогтоогдсон гэмт хэрэг нь хоёулаа насанд хүрээгүй байх үедээ үйлдсэн гэмт хэрэг бөгөөд прокуророос мөрдөн байцаалтын үед хэргийг нэгтгэж шалгаагүйн улмаас миний эрх зүйн байдал маш их дордож байна.

Миний бие уг гэмт хэргийг үйлдэх явцад зөвхөн өөрийгөө бодож бусдыг маш их хохироож, тоглох хүсэлдээ хэт их автан буруу зүйл хийснээ ухаарах сөхөөгүй явжээ. Гэмт хэрэг үйлдсэн хариуцлагаа хүлээж шийтгэх тогтоолоор ял шийтгэгдсэний дараа өөрийн ямар их буруу зүйл хийж байсан гэдгээ ойлгож ухамсарласан. Анх гэмт хэрэгт холбогдож, хэргийг шийдэх хүртэл би гэмт үйлдлээ чин үнэнчээр хүлээн зөвшөөрч, өөрийн хийсэн хэргийг үнэн зөвөөр хүлээсэн. Гэмт хэргийн улмаас хохирсон хүмүүсийн хохирлыг миний бие төлж барагдуулж байгаа бөгөөд цаашид үлдэгдэл төлбөрийг барагдуулж надаас болж хохирсон иргэдийг хохиролгүй болгох чин эрмэлзэлтэй болно.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хянан, миний эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үүгэжээ.

Шүүгдэгч Г.А-ын өмгөөлөгч Б.Байгалмаа хяналтын шатны шүүхэд хэлсэн саналдаа “Шүүгдэгч Г.А-ын өмгөөлөгчөөр анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон. Түүний хувьд арван найман насанд хүрээгүй буюу өсвөр насандаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулсан хорих ялаас 2 жилийг хасах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч З.Х-, Г.А- нар нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бусдын эд хөрөнгийг хулгайлж 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай бүрэн нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгч Г.А- нь 2002 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 2018 оны 07 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд үйлдсэн гэмт хэрэгтээ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 806 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгэгдсэн ба уг шийтгэх тогтоолд дурдсан үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэргийн хамгийн сүүлийн гэмт хэргийг 17 нас 10 хоногтой байхдаа үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.17-д “өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч”-ийн талаар заасан ба өсвөр насны шүүгдэгч гэж “гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнийг ойлгохоор тусгасан байна.

Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “өсвөр насны хүн 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан “хулгайлах” /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж заасан ба өсвөр насны хүнд холбогдох хэргийг тухай зүйл хэсгээр нь бүхэлд нь авч үзэж ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй байх тул шүүгдэгчийн гомдлыг хүлээн авч, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.3-т зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 806 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас 2 жилийг өршөөн хасах нь зүйтэй байна.

Шүүгдэгч З.Х-ын үйлдсэн гэмт хэргийн талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Шүүгдэгч Г.А-ын хувьд шийтгэх тогтоол гарснаас хойш 4 сар 18 хоног өнгөрсөн буюу өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн ял нь 3 жил 7 сар 5 хоног байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.А-ын гаргасан гомдлыг үндэслэн З.Х-, Г.А- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

З.Х- нь бусадтай бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний орой 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *А* кафены ажилтан Э.Д-ий эзэмшлийн цэнэглэж байсан Айфон-8 плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,250,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч З.Х-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, үндэслэл бүхий шийдвэрлэсэн байна.

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч З.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөж, түүнд оногдуулсан З жил З сар 29 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, нэн даруй суллаж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.

Харин шүүгдэгч А.А-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй дараах нөхцөл байдал байгаа тул холбогдох ажиллагааг хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Учир нь шүүгдэгч Г.А- өмнө нь үйлдсэн гэмт хэрэгтээ Сүхбаатар дүүргийн шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 806 дугаар шийтгэх тогтоолоор 5 жил 10 сар 26 хоног хорих ял шийтгүүлсэн бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан ба шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглэлгүй шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байгаа, мөн тухайн шийдвэр хэдийд, хэрхэн хүчин төгөлдөр болсон, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан эсэх, түүнчлэн түүний ял эдэлсэн байдал, ялын тооцоо болон сүүлийн хэрэгт цагдан хоригдсон хоногийг хэрхэн тооцсон нь ойлгомжгүй, энэ талаар холбогдох баримтат мэдээлэл хэрэгт авагдаагүй байна.

Хяналтын шатны шүүх хуралдаанаар Г.А- нарт холбогдох эрүүгийн хэргийн 1906069181394 дугаар бүхий Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1101 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаар магадлал бүхий хэргийг хянан хэлэлцсэн болно. Шүүгдэгч Г.А-ын эдэлбэл зохих нийт ялын хэмжээг тогтоохын тулд хүчин төгөлдөр болсон 806 дугаар шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хянан үзэх ёстой тул түүнд холбогдох хэргүүдийг нэгтгэн хянах, гэм буруу, эрүүгийн хариуцлага болон Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулах эсэх талаар нэг мөр дүгнэлт хийж, хэргийг энэ хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэв.

Иймд шийтгэх тогтоол, магадлалын Г.А-т холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг прокурорт буцааж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.А-ын гаргасан “...гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан тул шүүхийн шийдвэрийг хянан үзэж миний эрх зүйн байдлыг дээрдүүлэн шийдвэрлэж өгнө үү” агуулгатай гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1101 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаар магадлалын шүүгдэгч Г.А-т холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг прокурорт буцаасугай.

2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсүгэй.

3. Шүүгдэгч Г.А-т холбогдох хэргийг прокурорт очих хүртэл түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

             ДАРГАЛАГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН

             ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                 Б.ЦОГТ

                 Ч.ХОСБАЯР

                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН