Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/01453

 

Б.М*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2024/02544 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.М*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Ү*******, Ү.П******* нарт холбогдох,

Хууль бус эзэмшлээс газар болон үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Газар болон үл хөдлөх хөрөнгийг дундын хөрөнгө болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Х*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Х******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Би Баянгол дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* тоотод орших 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ******* нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Ү- дугаарын гэрчилгээтэй, 61 м.кв хувийн орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг өмчилдөг. Би Улсын бүртгэлийн газраас хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталж газрын болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан. Гэтэл Э.Ү*******, Ү.П******* нар газар эзэмших эрхийн гэрчилгээгүй боловч миний өмчийн газарт гэр барин мөн хувийн сууцанд 2 жил гаруй амьдарч байна. Миний бие өмчлөх эрхээ эдэлж хашаа, байшиндаа амьдаръя гэхээр хариуцагч тал суллаж өгөхгүйн улмаас орж чаддаггүй. Э.Ү*******, Ү.П******* нартай холбогдож миний өмчийг чөлөөлж өгөхийг шаардахад элдэв шалтаг тоочин цааргалсаар өнөөдрийг хүрлээ. Иймд миний хууль ёсны эрхийг хангаж Баянгол дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* тоотод орших улсын бүртгэлийн гэрчилгээтэй газар болон улсын бүртгэлийн гэрчилгээтэй хувийн сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Миний үйлчлүүлэгч нар хууль ёсны оршин суугчид. Тухайн үед өвлөх эрхийн гэрчилгээ гарах үед гэрчилгээ хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан. Гэрчилгээ хариуцагчийн гэрт нь байсан. Хашаанд байхад нь очиж авсан. 2012 оноос хойш Э.Ү*******, Ү.П******* нар хамт амьдарч байсан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний тайлбарын агуулга:

3.1. Э.Ү******* миний бие өөрийн дүү Э.Ү, Э.М нарын хамт 2012 оноос хойш уг хашаа, байшинд амьдарч байсан. 2013 оны 11 дүгээр сард бид худалдаж авахдаа бэлэглэлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг дундаасаа гаргаж, дүү Э.Үгийн нэр дээр гэрчилгээг гаргуулан авсан. Э.Ү******* миний хувьд уг хашаандаа өөрийн охин Ү.П*******ын хамт гэр барьж, дүү Э.Ү нь байшинд амьдарч байсан, Э.М нь нөхөртэй болж тусдаа гарсан.

Гэтэл дүү Э.Ү нь 2021 оны 8 дугаар сард зам тээврийн ослоор нас барсан бөгөөд талийгаачийн ажил явдлын үеэр Б.М******* нь дүү Э.Үгийн гэрээс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг авсан байсан бөгөөд бидэнд мэдэгдэхгүйгээр нотариатын байгууллагад хандаж өвлөх эрхийн гэрчилгээ авч улмаар уг хашаа, байшингийн өмчлөгчөөр бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна.

Миний хувьд өөрийн талийгаач дүү Э.Үгийн хамтаар уг хашаа байшинг худалдан авч засч сайжруулан, хашаандаа амьдарч байсан бөгөөд уг хашаа, байшин болон үл хөдлөх хөрөнгө нь Э.Ү, Э.Ү******* бидний дундын хөрөнгө юм.

Гэтэл Б.М******* нь талийгаач Э.Үтой 2019 онд гэрлэлтээ бүртгүүлсэн, гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө 2017 онд уг хашаа, байшинг дүү Э.Үгийн нэр дээр бүртгүүлж амьдарч байсан. Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу уг хашаа, байшин нь талийгаач Э.Ү болон Э.Ү******* бидний дундын өмч, Э.Үгийн гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө биш. Э.Үгийн хуваарьт хөрөнгө байсан бөгөөд миний хувьд уг хөрөнгийг дүүтэйгээ хамтран худалдан авч барьж засварлаж амьдарч байсан.

Иймд Баянгол дүүргийн ******* хороо, 25 дугаар гудамж, ******* тоот нэгж талбарын ******* дугаартай 415 м.кв талбайтай, өмчлөх эрхийн Г- дугаартай гэр бүлийн зориулалттай газар, Баянгол дүүргийн ******* хороо, 25 дугаар гудамж, ******* тоотод байрлах 61 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Э.Ү болон Э.Ү******* бидний дундын хөрөнгө болохыг тогтоож өгнө үү.

4. Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

4.1. Миний нөхөр Э.Ү надтай гэр бүл болохоос өмнө өөр хүнтэй амьдарч байгаад салсан байсан. Бид 2015 онд танилцаж түүний гэрт буюу хариуцагчийн маргаж байгаа хашаа, байшинд хамт амьдрах болсон. Нөхөр маань энэ хашаа, байшинг найзынхаа ахад бэлэглэсэн байснаа буцаад өөрийнхөө нэр дээр болгосон юм. Хариуцагч нар хашаа, байшингаа буцааж авсан баримт шүүхэд ирээгүй болохоор далимдуулж үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Э.Ү******* намайг хашаа, байшиндаа орно гэхэд танай хоёр хүүхэд ямар явах нь бидэнд хамаагүй, дүүгийн маань бас нэг хүүхэд энэ хашаа, байшинг авах ёстой гэдэг байсан, одоо өөрөө худалдаж авсан мэт бичиж байна.

2015 оны үед дүү Э.М нөхрөөсөө салсан, өөр очих газаргүй манай хашаанд 4 ханатай гэр бариад амьдарч байсан. 2016 онд том эгч нь Хэнтийн аймгийн Б сумаас нүүж ирэн бас нэг гэр барьж амьдарсан. Э.Ү******* нөхрөөсөө салсан гээд охинтойгоо хамт ирсэн. Э.Ү******* Оюутолгойд ажилладаг ба 2019 оноос Өмнөговьд амьдрах болсон. Би жирэмсэн байсан учир 2016 оноос эхлэн хашаандаа гараж, өвлийн байшингийнхаа амбаарыг тус тус шинээр барьсан. Эдгээрийг нөхөр бид хоёр өөрсдийнхөө хөрөнгөөр барьсан төдийгүй байшингаа дулаалж, засан сайжруулсан. Гараж, амбаарыг барьсан, байшингаа сайжруулсан засварыг өөрийнхөө хөрөнгөөр гүйцэтгэсэн нотлох санхүүгийн баримт байгаа.

Нөхөртэйгээ 2013, 2016 онуудад хамт авахуулсан зургийг нотлох баримтаар өгч байна. Нөхөр маань том машин барьж гэрээс хол хэцүү байна гэсэн тул би хүүхдүүдээ аваад Сайншандад очиж ажилчдын байранд амьдарч байсан. Би өөрийнхөө хашаа, байшинг нэр шилжүүлэхээр хорооны Засаг даргаас тодорхойлолт авахад эгч, дүү нар нь түр оршин суух гэсэн бүртгэлтэй байсан. Эд нар тухайн хашаа байшинг авахад ерөөсөө мөнгө оруулаагүй юм. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 61 м.кв талбайтай, хувийн сууц, мөн хаягт байршилтай ******* нэгж талбарын дугаартай 415 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагч Э.Ү*******, Ү.П******* нарын хууыж, ******* тоот нэгж талбарын ******* дугаартай 415 м.кв талбайтай, өмчлөх эрхийн Г- дугаартай гэр бүлийн зориулалттай газар, Баянгол дүүргийн ******* хороо, 25 дугаар гудамж, ******* тоотод байрлах 61 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Э.Ү болон Э.Ү******* нарын дундын хөрөнгө болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ү*******, Ү.П******* нараас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М*******д олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагч Ү.П*******ын өмгөөлөгч Ц.Мийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Нэхэмжлэгч Б.М******* нь хариуцагч Э.Ү*******, Ү.П******* нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс газар болон үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, улмаар хариуцагч Э. Ү*******, Ү.П******* нар нь уг маргаан бүхий газар, үл хөдлөх эд хөрөнгийг талийгч дүү Э.Ү, Э.Ү******* нарын дундаа хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Улмаар хариуцагч нарын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон оролцуулсан бөгөөд хариуцагч Ү.П******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, өөрийн өмгөөлөгчөөр Ц.Мэ намайг сонгон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж байсан.

Өмгөөлөгчийн зүгээс тус хэрэгт хариуцагч Ү.П*******ын өмгөөлөгчөөр 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс оролцож эхэлсэн. Гэтэл анхан шатны шүүхээс хоёр хариуцагчтай иргэний хэрэгт 1 хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа Ц.Мэ надад шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдэлгүйгээр шүүх хуралдааныг товлон зарлаж хэргийг шийдвэрлэсэн байна.

Учир нь 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс цахимаар оролцон улмаар зохигчдийн хүсэлтийн дагуу шүүх хуралдаан 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хойшилсон бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр шүүх хуралдаанд оролцохоор очиход шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй буюу нотлох баримт ирээгүй гэх үндэслэлээр товыг өөрчлөн хойшлуулж, шүүх хуралдааны товыг жич мэдэгдэх болно гэж шүүгчийн туслах тайлбарласан.

Гэтэл 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шүүх хуралдаан болох талаар хариуцагчийн өмгөөлөгч надад шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдээгүй, шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан.

Улмаар хариуцагчийн шүүхэд мэдүүлэх, эрх хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах үндсэн эрхийг зөрчиж, хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд оролцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 107 дугаар зүйлүүдэд зааснаар мэтгэлцэх, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг няцаах болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарлан хэргийг эцэслэн шийдвэрлэсэн зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн үндсэн эрхийг хязгаарлаж, шүүхээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулах, хууль зүйн туслалцаа авах буюу өмгөөлөгч авч өмгөөлүүлэх болон өмгөөлөгч миний хуулийн дагуу хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу эрх үүргээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 1.3-т хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх талуудыг мэтгэлцэх боломжоор хангасан, хэрэгт хавсаргасан нотлох баримтад үндэслэн үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Б.М******* нь хариуцагч Э.Ү*******, Ү.П******* нараас хууль бус эзэмшлээс газар болон хувийн сууцаа чөлөөлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч, газар болон үл хөдлөх эд хөрөнгийг дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан, нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрчээ.

3. Нийслэлийн Засаг даргын 2003 оны 534 дүгээр захирамжаар Баянгол дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, ******* нэгж талбарын дугаартай 415 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг иргэн О.Бат-Эрдэнийн өмчлөлд олгожээ.

Э.Ү 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр дээрх газар өмчлөх эрхийг Б.Ад бэлэглэсэн, Б.А нь 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр уг эрхийг Э.Үд бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн. Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлд уг газрын өмчлөгчөөр Э.Үг 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бүртгэж, тоот гэрчилгээг олгожээ. /1хх-ийн 28,177,179/

Иймд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс хойш маргаан бүхий газрын өмчлөгч Э.Ү байжээ. Нийслэлийн Баянгол дүүргийн ******* хорооны Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 16 тоот албан бичгээр гаргасан тодорхойлолтод Тус хорооны ******* дугаар гудамж, ******* тоот хаягт оршин суудаг Эрдэнэбилэгийн Үүрийннаран //, Ү*******гийн П******* // нар нь 2020 онд өрхийн бүртгэлд түр оршин суугчаар бүртгүүлсэн болно гэжээ. Иймд дүү Э.Үгийн хамтаар уг газрыг 2013 онд худалдаж авсан гэх хариуцагч Э.Үүрийннарангийн тайлбар, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэл баримтаар нотлогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

4. 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Э.Ү Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст ...415 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газартаа амины орон сууц, гараашийн хамт 2016 онд барьж ашиглалтанд оруулсан. ... Иймд үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээ олгож өгнө үү. Нэг хүний өмч. ... гэсэн өргөдлийг гаргажээ. Нийслэлийн улсын бүртгэлийн газраас 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Э.Үд дээрх хаягт байршилтай 61 м.кв талбайтай, хувийн сууц гараж зориулалтаар үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү- дугар бүртгэж гэрчилгээ олгожээ. Иймд Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт тус тус зааснаар Э.Ү нь уг эд хөрөнгийн өмчлөгч байна. Хариуцагч нар ...уг хашаа байшин нь талийгч дүү Э.Ү болон Э.Ү******* бидний дундын өмч гэсэн сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

5. Э.Ү 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр нас барсан, өвлөх эрхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг гэрчилгээгээр Э.Үгийн өв болох Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 61 м.кв талбайтай, хувийн сууц, гараж зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай ******* нэгж талбарын дугаартай 415 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус түүний эхнэр Б.М*******, хүүхдүүд болох Ү.Д /7 настай/, Ү.Т /2настай/ нар өвлөн өвч, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тоот гэрчилгээгээр газрын өмчлөгчөөр, 001033452 тоот гэрчилгээрээр хувийн сууц гаражийн зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тус тус бүртгэгдсэнийг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

6. Хариуцагч Э.Үү*******, Ү.П******* нар нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хаягаар 2020 онд өрхийн бүртгэлд түр оршин суугчаар бүртгүүлсэн, тэдгээрийн эзэмшил 2021 онд Э.Ү нас барснаар дуусгавар болсон байна.

7. Иймд Б.М******* нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Үү*******, Ү.П******* нарын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

8. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй гэж дүгнэв.

8.1. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд анхан шатны шүүх 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийг хариуцагч Э.Ү*******, Ү.П******* нарт 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус тус гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрх, үүргийг мөн өдөр тус тус тайлбарлажээ.

8.2. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШЗ2023/20219 дүгээр захирамжаар иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, шүүх хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цаг 30 минутад товлож, зохих журмын дагуу шүүх хуралдааны товыг зохигчдод мэдэгдсэн байна.

8.3. 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч Ү.П*******ын хамт оролцох тухай хариуцагч Э.Ү*******гийн гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж, хариуцагч талыг өмгөөлөгчийн хамт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхээр хангасан.

8.4. 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*******аас хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг хангаж хойшлуулсан.

8.5. 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*******ын гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж мөн хойшлуулсан.

8.6. 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Ү.П*******ын өмгөөлөгч Ц.Мийг хэргийн материалтай танилцуулахаар хүсэлтийг нь хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулжээ.

8.7. 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааныг хариуцагч Ү.П*******ын өмгөөлөгч Ц.Мэд шүүх хуралдааны тов мэдэгдээгүй үндэслэлээр хойшлуулсан байна. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан алдааг засч шүүх хуралдааныг хойшлуулсан байх тул энэ үндэслэлээр өмгөөлөгчийн эрхийн зөрчсөн гэх хариуцагч талын давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

8.8. 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, сөрөг нэхэмжлэлийг гардуулах, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*******ын гаргасан нотлох баримт бүрдүүлүүлэх тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан.

8.9. 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*******ын нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж, хариуцагч Ү.П*******ын өмгөөлөгч Ц.Мээс хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулжээ.

8.10. 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаан хариуцагч талын хүсэлтээр 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шүүгчийн 102/2024/06751 дугаар нотлох баримт гаргуулах захирамжийн биелэлтийн хангуулахаар мөн хойшлуулсан байна.

Уг захирамжийн дагуу нотлох баримтуудыг анхан шатны шүүх бүрдүүүлж, 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу хариуцагч талд мэдэгдсэн байна. Иймд шүүх хуралдааны тов мэдэгдээгүй гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

Тухайн шүүхэд ирсэн нотлох баримттай танилцах нь хариуцагч талын эрхийн асуудал байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил тогтоогдоогүй, иргэний хэрэг үүсгэснээс хойш 8 сарын хугацаанд хариуцагч тал шүүх хуралдааны бэлтгэл хангах үүргээ биелүүлээгүй тул хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргээ хэрэгжүүлэх боломж олгоогүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ү.П*******ын өмгөөлөгч Ц.Мийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2024/02544 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ү.П*******ын өмгөөлөгч Ц.Мийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Э.ЗОЛЗАЯА