Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 512

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багт оршин суух, 1963 онд төрсөн, 53 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОН63120265, Уранбат овогт Сүвдийн Цэцэгмаагийн,

            Хүү Т.Хадбаатарыг 1991 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн болон 1993 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нас барсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Цэцэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

            Нэхэмжлэгч С.Цэцэгмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1963 онд төрсөн. 53 настай. Би 1971 онд Түргэн сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 5 дугаар ангиа төгсөөд мал аж ахуй дээр гарч малчин болсон. 1987 онд Түргэн сумын Баянхайрхан багийн иргэн Хадаа овогтой Тэгшжаргалтай гэр бүл болж 7 хүүхэд төрүүлсэн боловч одоо 2 охин 1 хүү эсэн мэнд амьдарч байна. Миний биеийн эрүүл мэнд сайнгүй байгаа ба халамжийн нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох гэтэл нас барсан 4 хүүхдээс нэг хүүхдийг нөхөн бүртгэлд бүртгүүлж, нас баралтыг нь бүртгүүлэх шаардлагатай болсон. Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага тогтоохоос татгалзсан учраас шүүхэд хандаж байна. Иймд миний хүү Т.Хадбаатарыг 1991 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн болохыг мөн 1993 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нас барсан болохыг тус тус тогтоож өгнө үү” гэв. 

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч С.Цэцэгмаа нь хүү Т.Хадбаатарыг 1991 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн болон 1993 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нас барсан болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

       Х.Тэгшжаргал, С.Цэцэгмаа нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбарт: “Хадаагийн Тэгшжаргал, Сүвдийн Цэцэгмаа нар 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгэв” гэжээ.

       Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 65 дугаар тодорхойлолтод: “Сүвд овогтой Цэцэгмаа нь Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт 1991 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн нь үнэн болно” гэжээ.

          Нярай хүүхдийн өсөлтийн түүхэд: “Эхийн овог, нэр Сүвдийн Цэцэгмаа, хүүхэд төрсөн өдөр 1991 оны 12 дугаар сарын 29-ний 18 цаг” гэжээ.

        Увс аймгийн Улсын, бүртгэл статистикийн газрын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 1/743 дугаар лавлагаанд: “Тэгшжаргал овогтой Хадбаатарын төрсний бүртгэл Түргэн сумын 1991-1993 оны төрсний бүртгэлийн журналд бүртгэлгүй, нас барсан бүртгэл нь мөн сумын 1993-1995 оны нас барсны журналд тус тус бүртгэлгүй байна” гэжээ.

        Т.Хадбаатарыг нас барсныг бүртгэсэн эмнэлгийн бүртгэлд: “Т.Хадбаатар, хүйс: эр, нас барсан огноо: 1993 оны 12 дугаар сарын 08-ны өдөр” гэжээ.

      Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр С.Оюунаас мэдүүлэг авсан бөгөөд С.Оюуны “С.Цэцэгмаа миний төрсөн дүү юм. Манай аавыг Батын Сүвд, ээжийг Моломын Норов гэдэг. Миний дүү С.Цэцэгмаа 1963 онд төрсөн бөгөөд 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Х.Тэгшжаргалтай гэр бүл болж, 7 хүүхэд төрүүлсэн боловч одоо 2 охин, 1 хүү нь эсэн мэнд амьдарч байна. Миний бие 1991 онд Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт үйлчлэгчээр ажиллаж байхад С.Цэцэгмаа нь 1991 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүү Т.Хадбаатараа Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт төрүүлсэн. Тухайн үед Х.Тэгшжаргал, С.Цэцэгмаа нарын гэр Түргэн сумын Харагчин гэх газар өвөлжиж байсан ба Улаангом суманд ирж хүүгээ төрүүлж байсан. Улмаар 1993 оны өвөл Х.Тэгшжаргал, С.Цэцэгмаа нарын гэр Харагчин гэх газар өвөлжиж байхад хүү Т.Хадбаатар нь уушгиндаа хатгаа авсны улмаас хатгаа нь хүндэрч гэртээ нас барсан. Тухайн үед тэдний гэр хөдөө байсан учир хүү Т.Хадбаатар нь эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан. Миний бие өөрөө нялх хүүхэдтэй байсан учир дүү С.Цэцэгмаагийнд очиж чадаагүй, манай аав Сүвд болон ах дүү нар, нөхөр Сүхбат очиж Х.Тэгшжаргал, С.Цэцэгмаа нарын хүү Т.Хадбаатарын ажил явдалд нь оролцсон” гэх мэдүүлэг хэрэгт авагджээ.

     Т.Хадбаатарын төрсний болон нас барсны бүртгэл бүртгэгдээгүй болох нь Увс аймгийн Улсын, бүртгэл статистикийн газрын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 1/743 дугаар лавлагаагаар тогтоогдож байна.

      Х.Тэгшжаргал, С.Цэцэгмаа нарын гэр бүлд Т.Хадбаатар нь 1991 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрж, 1993 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нас барсан болох нь нярай хүүхдийн өсөлтийн түүх, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 65 дугаар тодорхойлолт, Т.Хадбаатарыг нас барсныг бүртгэсэн эмнэлгийн бүртгэл, гэрч С.Оюун нарын мэдүүлгээр нотлогдож байна.

       Иймд нэхэмжлэгч С.Цэцэгмаагийн хүсэлтийг хангаж, түүний хүү Т.Хадбаатарыг 1991 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн болон 1993 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нас барсан болохыг тогтоож шийдвэрлэв.

       Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.     

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.13, 135.2.14-т зааснаар Тэгшжаргалын Хадбаатарыг 1991 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт төрсөн болон 1993 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нас барсан болохыг тус тус тогтоосугай.  

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч С.Цэцэгмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ