Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/01454

 

Ж******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2024/01674 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БНХАУ-ын иргэн В*******-д холбогдох

2015 оны ******* сарын 30-ны өдрийн ******* дугаар Орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* амины орон сууцны хотхоны******* байрны 2, 3, 4, 5 тоот, тус бүр нь 372 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийг Ж******* ХХК-д буцаан шилжүүлэхийг даалгах, дээрх орон сууцнуудын өмчлөгчөөөр Ж******* ХХК-ийг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. БНХАУ-ын иргэн Ву Шиао Литай Ж******* ХХК нь 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 2,500,000 юанийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр амины орон сууцны хороолол барих зориулалтаар зээлж авсан. Уг зээлийг хугацаандаа төлөөгүй учир Ву Шиао Лигийн шаардсанаар ******* хотхоны******* байрны 2, 3, 4, 5 тоот 4 орон сууцыг барьцаалахаар тохиролцож, тус орон сууцууд ашиглалтад ороогүй байсан учир орон сууц захиалгын гэрээ байгуулсан.

1.2. Ву Шиао Лигийн зүгээс БНХАУ-д ашиглана, Монгол Улсад ашиглахгүй, бусдад төлөх төлбөрөө хойшлуулахад шаардлагатай байгаа учир танай компанид бараа материал нийлүүлж байгаа гэх гэрээнд гарын үсэг зураад өгчих гэж гуйсны дагуу 2015 оны ******* сарын 30-ны өдөр гэрээнд гарын үсэг зурж, 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн огноотой 1,725,000 юань тушаасан тухай 14 дугаар бэлэн мөнгөний кассын баримт, 2015 оны ******* сарын 27-ны өдрийн огноотой 1,775,000 юань тушаасан тухай 15 дугаар бэлэн мөнгөний кассын орлогын баримтыг хийж өгсөн.

1.3. Гэтэл бидэнд мэдэгдэлгүйгээр дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Ву Шиао Ли нь өөрийн нэр дээр гаргуулж авсныг 2018 оны 05 дугаар сард мэдэж, энэ талаар цагдаагийн байгууллагад хандсан. Хэрэг бүртгэлтийн дугаар хэрэг нээж шалгаад, Ву Шиао Лид 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 45 дугаар яллах дүгнэлт үйлдэж, 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авах зорилгоор 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 1,725,000 юань хүлээн авсан гэх утгатай 14 дугаартай, 2015 оны ******* сарын 27-ны өдөр 1,775,000 юань хүлээн авсан гэх утгатай 15 дугаар кассын орлогын баримт, Я Минийг Монгол хэл мэдэхгүйг далимдуулж дээрх 4 үл хөдлөх эд хөрөнгийг 6,000,000 юаниар худалдаж буй агуулгатай орон сууц худалдах, худалдан авах тухай ******* дугаар гэрээнд гарын үсэг зуруулж, нотариатчаар баталгаажуулсан, Я Минийн гарын үсгийг дуурайлган зурж 1,860,000,000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж дуусгасан нь үнэн болно гэх баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан Хуурч, хуурамч бичиг баримт ашиглаж, зохиомол байдлыг бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж прокурорын байгууллага тогтоосон боловч Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор уг дүгнэлтийг хянаад гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар улсын бүртгэлийн байгууллага шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэгдээгүй үндэслэлээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өөрчлөлт оруулах боломжгүй гэж хүсэлтийг хүлээн авдаггүй.

1.4. Иймд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу БНХАУ-ын иргэн Ву Шиао Ли болон Ж******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны ******* сарын 30-ны өдрийн ******* дугаар Орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцож, 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 14, 2015 оны ******* сарын 30-ны өдрийн 15 дугаар Кассын орлогын баримт-ыг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* амины орон сууцны хотхоны******* байрны 2, 3, 4, 5 тоот, тус бүр нь 372 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийг Ж******* ХХК-д буцаан шилжүүлэхийг БНХАУ-ын иргэн Ву Шиао Лид даалгаж, дээрх орон сууцнуудын өмчлөгчөөөр Ж******* ХХК-ийг тогтоож өгнө үү.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч нь 2019 онд энэхүү шаардлага бүхий нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхэд гаргасныг тус шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/01864 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1812 дугаар магадлалаар гомдлыг хангахгүй орхиж, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 001/ХТ2021/00403 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Тодруулбал, Ж******* ХХК-ийн захирал хариуцагч Ву Шиао Ли нарын хооронд 2,500,000 юанийн зээлийн гэрээний харилцаанаас үүссэн төлбөр төлөх үүргийг талууд орон сууц захиалах гэрээний үүргээр сольж энэ тухайгаа 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр бичгээр гэрээ байгуулж улмаар талуудын хүсэл зоригийн дагуу дараагийн хэлцэл хийгдсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа тул хууль зөрчсөн дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна гэж заасан. Түүнчлэн Ж******* ХХК-ийн захирал нь хариуцагчаас 2,500,000 юань зээлж авсан, зээлийн гэрээний хугацаа өнгөрсөн боловч зээлийг төлж чадаагүйгээс компанийн барьж буй барилгаас 4 орон сууцыг 4,220,000 юаньд тооцуулж бариулаад 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр орон сууц захиалах гэрээг, орон сууцыг буцаан авах гэрээг 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр анх зээлүүлсэн 2,500,000 юань дээр бэлнээр 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 1,725,000 юань, 2015 оны ******* сарын 27-ны өдөр 1,775,000 юань төлснөөр 2015 оны ******* сарын 30-ны өдөр 6,000,000 юань үнийн дүнтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж дээрх 4 орон сууцыг Ву Шиао Ли-д шилжүүлсэн гэх үйл баримт хэрэгт авагдан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Талуудын хооронд байгуулагдсан дээрх хэлцлүүд нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан хэлцлийн шинжийг агуулсан. Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохирсон утга агуулгаараа хуультай зөрчилдөөгүй, хүчин төгөлдөр хэлцэл мөн гэж үзэх үндэслэлтэй байна гэж шүүхийн шийдвэрт заасан.

Нөгөөтэйгүүр, 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагчаас байрны урьдчилгаанд 1,725,000 юань, 2015 оны ******* сарын 27-ны өдөр мөн байрны төлбөрт 1,775,000 юанийг хүлээн авсан Я, нягтлан бодогч н.М, хүлээлгэн өгсөн Ву Шиао Ли гэх гарын үсгээр баталгаажуулж Ж******* ХХК-ийн кассын орлогын баримтыг үйлдсэн байна.

Дээрх кассын орлогын баримтыг компани бэлнээр олгосон мөнгөн хөрөнгийг нотлох санхүүгийн баримт гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн уг мөнгө тус компанид бодитоор ороогүй, түүнийг хууль бусаар үйлдсэн гэж тайлбарлаж байгаа боловч түүнийгээ өөрөө гүйцэтгэсэн баримт байхгүй байна. Нөгөө талаар орон сууц захиалах, орон сууц буцаан худалдах, орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс харахад зээлсэн мөнгөн дээрээ нэмж төлсөн үнийн дүн, гэрээний үнийн дүн тус бүр тодорхой бичсэнээс үзэхэд дээрх гэрээнүүд ямар нэгэн үр дүнд хүрэхгүй дүр үзүүлж хийсэн, хууль зөрчиж хийсэн хэлцэл байна гэж үзэх үндэслэлгүй байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн.

Мөн Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан нотариатч н.Энхжаргалд холбогдох 2015 оны ******* сарын 30-ны өдөр байгуулсан орон сууц, худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1812 дугаар магадлалд БНХАУ-ын иргэн Ву Шиао Лигийн нэхэмжлэгч Ж******* ХХК-д 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 2,500,000 юань зээлдүүлсэн үйл баримт талуудын хэн алинынх нь тайлбар болон Ж******* ХХК-ийн 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаартай кассын орлогын баримт зэргээр тогтоогдсон байна гэж үзсэн. Дээрх зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй байхад зохигчдын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр орон сууц захиалах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгчийн Хан-Уул дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа ******* хотхоны 12 дугаар байрны 2, 3, 4, 5 тоот тус бүр 372 м.кв талбай бүхий 4 орон сууцыг 2015 оны 07 дугаар сарын 15-аас өмнө ашиглалтад оруулах, хариуцагчийн нийт 4 орон сууцны үнэ болох 4,225,000 юань буюу 1,309,750,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээхээр тохиролцсон байхаас гадна хариуцагчаас 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 1,725,000 юанийг байрны урьдчилгаанд нэхэмжлэгчид төлсөн тухай нэхэмжлэгч компанийн 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 14 дугаартай кассын орлогын баримт хэрэгт авагдсан байна гэж заасан. Зохигчид дээрх орон сууц бариулах гэрээг байгуулахдаа хүсэл зоригоо илэрхийлсэн бичиг баримт үйлдэж, гүйцэтгэгчийг төлөөлж Ж******* ХХК-ийн захирал гарын үсэг зурж тамга дарсан. Захиалагч Ву Шиао Ли гарын үсэг зурсан тохиолдолд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгээр хэлцэл хийсэн, гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй бөгөөд гэрээний талууд өмнө 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчид зээлдүүлсэн 2,500,000 юанийг орон сууцны төлбөрт төлсөнд тооцохоор тохиролцож нэмж 1,725,000 юанийг нэхэмжлэгчид төлснөөр хариуцагчийг уг гэрээний дагуу үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж үзэхээр байгаа гэж заасан. Ингээд талуудын хооронд хийгдсэн 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн орон сууц буцаан худалдах, худалдах авах гэрээний агуулгаас үзэхэд нэхэмжлэгчид зээлдүүлсэн 2,500,000 юанийг орон сууцны төлбөрт төлсөнд тооцохоор тохиролцсон гэж үзэхээр байна.

Ж******* ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 14 дугаартай кассын орлогын баримтад тус компанийн захирал, нягтлан бодогч нар гарын үсэг зурж тамга дарснаар хүчин төгөлдөр анхан шатны үүрэг гэж үзэх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.4, 236.6 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байх тул Ж******* ХХК нь хариуцагчаас тухайн өдрүүдэд 1,725,000 юань, 1,775,000 юанийг бэлнээр огт хүлээн авч байгаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна гэж магадлалд заасан. Мөн Ж******* ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байсан н.Мыг нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр асуухад Я Мин захирал намайг дуудаад Ву Шиао Ли энэ баримтыг бичиж өг гэж хэлсэн, компанийн харилцах дансанд ороогүй, санхүүгийн тайланд тусгагдаагүй үүргийг бичих шаардлагагүй гэхэд энэ нь компанид хамааралгүй гэсэн эдгээр баримтууд нь 2017 оны ******* сарын 27-ны өдөр бичигдсэн гэж мэдүүлж байгаа боловч тухайн мөнгөн хөрөнгийг компанийн харилцах дансанд оруулаагүй, компанийн тайланд тусгагдаагүй явдал нь үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагчид хамааралгүй түүнийг буруутгах үндэслэл болохгүй. Баримтыг хэзээ үйлдсэн нь ач холбогдолгүй байна гэж байхгүй гэж давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан.

Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг зээлийн гэрээний харилцаанаас үүссэн төлбөр төлөх үүргийг талууд орон сууц захиалах гэрээний үүргээр сольсон гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлсон нь мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус нийцсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр орон сууц захиалах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлд дурдсан үндэслэл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч тал дээрх хэлцлийг дүйцүүлэн хийсэн өөр ямар үндэслэл байгаа болохыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд тодорхойлоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэсэн.

2.2. Нэгэнт иргэний шүүхээр шийдвэрлэгдээд нэхэмжлэлийн шаардлага хангагдаагүй учраас цагдаагийн байгууллагад уг асуудлаар гомдол гаргаж шалгуулсан. 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх, н.Ариунболдын тогтоол гарсан. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан Ж******* ХХК болон БНХАУ-ын иргэн W /Ву Шиао Ли/ нарын хооронд байгуулагдсан 2015 оны ******* сарын 30-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Кассын орлогын баримт №14, 2015 оны ******* сарын 27-ны өдрийн Кассын орлогын баримт №15-ыг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* амины орон сууцын хотхоны******* байрны 02, 03, 04, 05 тоот, тус бүр нь 372 м.кв талбай бүхий 4 ширхэг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Ж******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,126,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлын талаарх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй тухайд;

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 9... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт зохигч.....шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй гэж заасны дагуу маргах эрхгүй гэж, үндэслэх хэсгийн 10-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр зохигч талуудын хооронд байгуулагдсан 2015 оны ******* сарын 30-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ болохыг тогтоосон, тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч Ж******* ХХК-ийн зүгээс гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар өөр үндэслэл зааж мэтгэлцээгүй буюу өөрөө бүрдүүлж, шүүхэд гаргаж өгөх боломжтой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, мэтгэлцээгүй учир шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа дахин маргах эрхгүй юм. гэж дүгнэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгчийг өмнө маргаж байсан шүүхийн маргаанд өөр үндэслэл зааж мэтгэлцээгүй нь дараа нь өөр агуулга, үндэслэлээр тухайн гэрээтэй холбоотой маргах нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх шийдвэртээ дурдсан хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолоор нэхэмжлэгч Ж******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу маргаан бүхий гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэг дэх Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл-ийн шинжийг агуулсан эсэхэд эрх зүйн дүгнэлт өгсөн. Түүнээс бус Иргэний хуулийн 56.1 дэх хэсэгт заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх бусад нөхцөл бий эсэх, 58, 59, 60 дугаар зүйлд тус тус хуульчилсан хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл мөн эсэхийг шалгаж, дүгнээгүй.

Тиймээс ч Улсын дээд шүүхийн тогтоолд ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн эсхүл хуулийн шаардлага хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй байхыг хэлнэ. Зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны ******* сарын 30-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь хэлбэрийн хувьд шаардлага хангасан, агуулгын хувьд хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. гэрээг Хятад хэл дээр байгуулаагүй нь хүчин төгөлдөр бус гэж тогтоох үндэслэл болохгүй гэж дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр гэрээ гэсэн нь уг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн маргасан хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй гэх агуулгатай. Иймд анхан шатны шүүх 2015 оны ******* сарын 30-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг шууд хүчин төгөлдөр гэж дүгнэхийн өмнө нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан Хууран мэхэлж хийсэн хэлцэл-ийн урьдчилсан нөхцөлүүд болох 1) хууран мэхэлсэн эсэх, 2) хууран мэхэлсэн үйдлийн улмаас төөрөгдөл үүссэн эсэх, 3) тэрхүү төөрөгдөл нь гэрээнд гарын үсэг зурахад хүргэсэн эсэхийг шалгасны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх ёстой байсан.

4.2. Өмнөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргах боломжтой байсан гэх тухайд; Ж******* ХХК-иас тухайн үед 2015 оны ******* сарын 30-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл хэмээн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тэрхүү тохиолдолд дээрх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг давхар гаргах боломжгүй байсан. Учир нь эдгээр хоёр хэлцлийн үндсэн ялгаа нь эхнийх нь анхнаасаа эрх зүйн үр дагавар үүсгэхгүй бол сүүлийх нь шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцох хүртэл хүчинтэйд тооцогдох үр дагавартай. Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор гарсан эсэх нь хууль зүйн ач холбогдолтойгоос бус өмнө нь маргах боломжтой байхад маргаагүй гэх цаг хугацааны тодорхой бус шалгуураар буюу хуульд заагаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм.

4.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-т Хяналтын шатны шүүх ...Ж******* ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн кассын орлогын баримтад тус компанийн захирал, нягтлан бодогч нар гарын үсэг зурж, тамга дарсан байх тул үүнийг санхүүгийн анхан шатны баримт гэж үзсэн шүүхийг буруутгах боломжгүй... гэж дүгнэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй... гэсэн.

4.3.1. Тус иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага нь 1) 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Орон сууц захиалах гэрээ-г Иргэний хуулийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 2) 2015 оны ******* сарын 30-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл болохыг тус тус тогтоолгох, 3) маргаан бүхий орон сууцнуудын өмчлөгчөөр W /Ву Шиао Ли/-г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, 4) 2015 оны ******* сарын 30-ны өдрийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах байсан болно.

Шүүхээс эдгээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн тул тухайн кассын орлогын 14, 15 гэх баримтуудыг шүүх шууд шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй. Учир нь дээрх баримтууд нь үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан эсэхтэй холбоотой бөгөөд хэлцлийн агуулга, хэлбэр нь хуулийн шаардлагад нийцсэн эсэхэд ач холбогдолгүй байсан.

Үүний дээр ийм байдлаар 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн кассын орлогын баримтыг Улсын дээд шүүхийн тогтоолд дурдсанаар тогтоогдсон үйл баримт гэж үзэх бол тогтоолд дурдагдаагүй 2015 оны ******* сарын 27-ны өдрийн баримтад шүүх дүгнэлт өгөх шаардлагатай.

4.4. Ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-т Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дугаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн нотлох баримт, By Шиао Лигийн мэдүүлэг зэрэг баримтаар нотолж байх боловч уг эрүүгийн хэргийг шүүх эцэслэн шийдвэрлээгүй буюу By Шиао Лиг гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдоогүй тохиолдолд шүүх уг баримтыг үндэслэж хариуцагч Ву Шиао Лиг хууран мэхэлж дээр дурдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээ, кассын орлогын баримт 14, 15 гэх баримтуудыг үйлдсэн гэж дүгнэх боломжгүй юм... гэсэн.

Улсын дээд шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 21 дугаартай Шүүхийн шийдвэрийн тухай тогтоолын 2.2-т Хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон хийгээд эдгээр нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангана. гэж тайлбарласан.

Цагдаагийн байгууллага, Прокурорын байгууллагаас хуульд заасан чиг үүргийнхээ дагуу хуульд заасан ажиллагааг 2 жил гаруй хугацаанд явуулсны дүнд хариуцагч Ву Шиао Ли нь хууран мэхлэх замаар маргаан бүхий гэрээ, кассын баримтыг бүрдүүлсэн байх боломжтойг тодорхойлсон.

Хэдийгээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй боловч нэхэмжлэгчийн нотлох ажиллагаатай холбоотой хүсэлтийг шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж байсан. Тухайлбал, 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан гэрчийн этгээдүүдийг оролцуулах хүсэлтийг шүүх ...Анхан, давах, хяналтын шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн гэрчүүдийн мэдүүлэг хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан байдлаар авагдсан... хэмээн хангахаас татгалзсан.

Иймээс хариуцагч Bу Шиао Ли нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтныг хууран мэхэлж 2015 оны ******* сарын 30-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн кассын орлогын баримт 14, 2015 оны ******* сарын 27-ны өдрийн кассын орлогын баримт 15 гэх баримтуудыг үйлдсэн эсэхийг бүрэн тогтоож, дүгнэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд дээрх хэргийг анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлын талаарх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, нотлох ажиллагаа дутуу хийгдсэн, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нөхцөл байдлыг харгалзан үзэж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2024/01674 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:  Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээтэй холбоотойгоор 4 орон сууцны эзэмшигч хэн эсэх асуудлыг тойрсон нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэл нь Монгол Улсын 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн ба Улсын Дээд шүүхийн хамгийн сүүлийн шийдвэр гарах үед нэхэмжлэгч нь цагдаагийн байгууллагад хандсан байсан. Ийнхүү эрүүгийн журмаар уг асуудлыг шалгаж хариуцагч БНХАУ-ын иргэн W (Ву Шиао Ли)-г залилан мэхэлсэн гэх асуудалд яллагдагчаар татагдсан тохиолдолд Улсын Дээд шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахад шинээр илэрсэн нөхцөл байдал биш байна гэх байдлаар өмнөх 3 шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Эрүүгийн хэргийн тухайд хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллагдагчаар татсан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд энэхүү хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр гарсан, Улсын Дээд шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас 2 удаа хянагдаж дээрх нэхэмжлэл үндэслэлгүй гэж шийдэгдсэн. Гэтэл нэхэмжлэгч байгууллага нь маргаан бүхий 4 орон сууцыг хариуцагчийн мэдэлд өгөх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд зориудаар саад хийх үүднээс энэхүү нэхэмжлэлийг дахин дахин гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Ж******* ХХК нь хариуцагч БНХАУ-ын иргэн В*******-д холбогдуулан 2015 оны ******* сарын 30-ны өдрийн ******* дугаар Орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 14, 2015 оны ******* сарын 30-ны өдрийн 15 дугаар Кассын орлогын баримт-ыг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* амины орон сууцны хотхоны******* байрны 2, 3, 4, 5 тоот, тус бүр нь 372 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийг Ж******* ХХК-д буцаан шилжүүлэхийг БНХАУ-ын иргэн W /Ву Шиао Ли/-д даалгах, дээрх орон сууцнуудын өмчлөгчөөөр Ж******* ХХК-ийг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 14, 2015 оны ******* сарын 30-ны өдрийн 15 дугаар Кассын орлогын баримт-ыг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох гэж тодорхойлсон шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан шаардлагад хамааруулан дүгнэсэн нь алдаатай болжээ. Учир нь тухайн кассын орлого гэх баримт нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан хэлцэлд тооцогдохгүй, харин уг баримтад бичигдсэн үйл баримт болон мөнгөн хөрөнгийг хэн, хэнд, ямар үндэслэлээр шилжүүлсэн эсэхийг тодорхойлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан нотлох баримтад хамаарахаар байна. Иймд баримтын хувьд нотлох баримтын шаардлага хангасан эсэх буюу бодит эсхүл хуурамч байдлыг шүүх шалгахаас биш хэлцэлд тооцож дүгнэх учиргүй юм. Иймд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага гэж тодорхойлсныг нотлох баримт гэж дүгнэж залруулах нь зүйтэй байна.

4. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/01864 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1812 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 001/ХТ2021/00403 дугаар тогтоолоор БНХАУ-ын иргэн W /Ву Шиао Ли/-д холбогдох 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Орон сууц захиалах гэрээ, 2015 оны ******* сарын 30-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2015 оны ******* сарын 30-ны өдрийн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулахаар гаргасан нэхэмжлэгч Ж******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/01864 дугаар шийдвэрээр ...2,500,000 юанийн зээлийн гэрээний харилцаанаас үүссэн төлбөр төлөх үүргийг талууд орон сууц захиалах гэрээний үүргээр сольж, энэ тухайгаа 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр бичгээр гэрээ байгуулж, улмаар талуудын хүсэл зоригийн дагуу дараагийн хэлцэл хийгдсэн нөхцөл байдлууд тогтоогдож байх тул хууль зөрчсөн, дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 001/ХТ2021/00403 дугаар тогтоолоор Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны эрх зүйн харилцааг тодорхойлохдоо хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, зээлийн гэрээний харилцаанаас үүссэн төлбөр төлөх үүргийг талууд орон сууц захиалах гэрээний үүргээр сольсон гэж үзсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 236 дугаар зүйлийн 236.1.3-т нийцжээ гэж, мөн Талуудын байгуулсан 2015.01.16-ны өдрийн орон сууц захиалах гэрээ, 2015.07.16-ны өдрийн орон сууц буцаан худалдан авах гэрээ, 2015.11.30-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээнүүд нь өөр хоорондоо холбоотой, өмнөх үүргийн үргэлжлэл болж  дараагийн гэрээ байгуулагдсан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан үндэслэлд хамаарахгүй, нэхэмжлэгч өөр ямар үндэслэл байгаа талаар нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлоогүй, нотолж чадаагүй гэж шүүх дүгнэхдээ хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ гэж дүгнэсэн байна.

Дээрх хэргийг шийдвэрлэхдээ одоогийн нэхэмжлэлийн шаардлага болох талуудын хооронд байгуулагдсан 2015 оны ******* сарын 30-ны өдрийн ******* дугаар Орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ-ний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж энэ талаар шүүх дүгнэлт хийжээ.

Тодруулбал, дээрх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн агуулга бүхий дүгнэлт хийгдсэн, түүнчлэн талуудын хооронд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэсэн агуулга бүхий дүгнэлтүүд хийгдсэн, мөн нэхэмжлэлд дурдагдсан агуулгын баримтуудыг дүгнэсэн байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлд дурдагдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэх үндэслэлд хамаарч байна.

Түүнээс гадна Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт хүчин төгөлдөр бус байх хэлцэлд заасан үндэслэл бүрээр тус тусад нэхэмжлэл гаргах эрхийг тухай бүрт олгосон гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус хэлцэл, түүний үр дагаврыг арилгуулах нэхэмжлэлийг нэг удаа гаргах боломжтой байсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгох учиртай.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгоогүй нь буруу тул уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулав.

5. Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, БНХАУ-ын иргэн Ву Шиао Лид холбогдох 2015 оны ******* сарын 30-ны өдрийн ******* дугаар Орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* амины орон сууцны хотхоны******* байрны 2, 3, 4, 5 тоот, тус бүр нь 372 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийг Ж******* ХХК-д буцаан шилжүүлэхийг даалгах, дээрх орон сууцнуудын өмчлөгчөөөр Ж******* ХХК-ийг тогтоолгох тухай Ж******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2024/01674 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар БНХАУ-ын иргэн Ву Шиао Ли-д холбогдох 2015 оны ******* сарын 30-ны өдрийн ******* дугаар Орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* амины орон сууцны хотхоны******* байрны 2, 3, 4, 5 тоот, тус бүр нь 372 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийг Ж******* ХХК-д буцаан шилжүүлэхийг БНХАУ-ын иргэн W /Ву Шиао Ли/-д даалгах, дээрх орон сууцнуудын өмчлөгчөөөр Ж******* ХХК-ийг тогтоолгох тухай Ж******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,126,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЗОЛЗАЯА

 ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

Э.ЗОЛЗАЯА