Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 731

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,

Улсын яллагч П.Болормаа /томилолтоор/,

Өсвөр насны шүүгдэгч М.М, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Шоовдор, өмгөөлөгч У.Сайнбилэг /ҮД:1554/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч М.Мд холбогдох 1806 05193 0712 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2004 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, эцэг, эх, 5 эгч, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 40-8 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Мн М /РД:НЙ04212611/,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Өсвөр насны шүүгдэгч М.М нь 2018 оны 6 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд Дарь-Эхийн 40-2021 тоотод байрлах иргэн Г.Отгонсүрэнгийн гэрт хууль бусаар нэвтэрч Самсунг гранд эс-2, Нокиа-3310 маркийн гар утас, шаргал өнгийн хэтэвч зэргийг хулгайлж 194.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодитоор харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч М.Мийн өгсөн: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Отгонсүрэнгийн өгсөн: “... Миний бие өчигдөр орой буюу шөнө 02 цаг 30 минут болж байхад хөл бөмбөг үзэж байгаад унтаж амарсан. Тухайн үед манай гэрт манай дүү нар хамт байсан юм. Ингээд бид нар унтаж амарчихаад өглөө 9 цагт босоод ирсэн чинь манай том өрөөнд байсан Нокиа, жижиг өрөөнд байсан Самсунг гранд эс-2, гал тогооны ширээн дээр байсан дотроо 3000 төгрөгтэй хэтэвч алдагдсан байсан... Надад сэжиглэж байгаа хүн байна. Би эгчийн хүү болох Цэлмэгийн найз Мийг сэжиглэж байна...” гэх мэдүүлэг /хх.18-19/,

          “Дамно” ХХК-й 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б32-18-1317 дугаартай хөрөнгийн үнэлгээ /хх.27-28/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны яллагдагч М.Мийн өгсөн: “... Тухайн өдөр Цэлмэг надад манай гэрийнхэн хөдөө явна гэж ярьж байсан. Тэгээд би хүн байхгүй гэж бодоод байшинд нь дөхөөд очтол байшингийн урд хаалганы хажууд байрлах цагаан өнгөтэй гадуураа цагаан тортой вакум цонх нээлттэй байсан. Би цонхны цагаан торыг нь ураад цонхоор нь ороход би том өрөөнд нь орж ирсэн. Миний яг харалдаа урд нэг ширээ байсан. Тэгээд ширээн дээр очиход тавцан дээр нь Нокиа-3310 маркийн гар утасны сүүлийн загвар болон бор өнгөтэй хэтэвч байсан. Би гар утас, хэтэвч хоёрыг аваад цааш унтлагын өрөөнд ороход орны хажууд байрлах жижиг ширээний тавцан дээр Самсунг гранд эс-2 маркын гар утас байхаар нь авч буцаад хаалгаар нь гараад явсан...” гэх мэдүүлэг /хх.62-63/,

          Өсвөр насны шүүгдэгч М.Мийн насыг тоолсон тэмдэглэл хх.25/,

          Өсвөр насны шүүгдэгч М.Мийн урьд нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.49/,

          Хохирогч Г.Отгонсүрэнгийн цахим захианы хуулбар /хх.58/,

          Хохирогч Г.Отгонсүрэнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн тухай тэмдэглэл зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч М.М нь 2018 оны 6 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд Дарь-Эхийн 40-2021 тоотод байрлах иргэн Г.Отгонсүрэнгийн гэрт хууль бусаар нэвтэрч Самсунг гранд эс-2, Нокиа-3310 маркийн гар утас, шаргал өнгийн хэтэвч зэргийг хулгайлж 194.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Отгонсүрэнгийн өгсөн: “... Миний бие өчигдөр орой буюу шөнө 02 цаг 30 минут болж байхад хөл бөмбөг үзэж байгаад унтаж амарсан. Тухайн үед манай гэрт манай дүү нар хамт байсан юм. Ингээд бид нар унтаж амарчихааад өглөө 9 цагт босоод ирсэн чинь манай том өрөөнд байсан Нокиа, жижиг өрөөнд байсан Самсунг гранд эс-2, гал тогооны ширээн дээр байсан дотроо 3000 төгрөгтэй хэтэвч алдагдсан байсан... Надад сэжиглэж байгаа хүн байна. Би эгчийн хүү болох Цэлмэгийн найз Мийг сэжиглэж байна...” гэх мэдүүлэг /хх.18-19/,

          “Дамно” ХХК-й 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б32-18-1317 дугаартай хөрөнгийн үнэлгээ /хх.27-28/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны яллагдагч М.Мийн өгсөн: “... Тухайн өдөр Цэлмэг надад манай гэрийнхэн хөдөө явна гэж ярьж байсан. Тэгээд би хүн байхгүй гэж бодоод байшинд нь дөхөөд очтол байшингийн урд хаалганы хажууд байрлах цагаан өнгөтэй гадуураа цагаан тортой вакум цонх нээлттэй байсан. Би цонхны цагаан торыг нь ураад цонхоор нь ороход би том өрөөнд нь орж ирсэн. Миний яг харалдаа урд нэг ширээ байсан. Тэгээд ширээн дээр очиход тавцан дээр нь Нокиа-3310 маркын гар утасны сүүлийн загвар болон бор өнгөтэй хэтэвч байсан. Би гар утас хэтэвч хоёрыг аваад цааш унтлагын өрөөнд ороход орны хажууд байрлах жижиг ширээний тавцан дээр Самсунг гранд эс-2 маркын гар утас байхаар нь аваад буцаад хаалгаар нь гараад явсан...” гэх мэдүүлэг /хх.62-63/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч М.Мийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт өсвөр насны шүүгдэгч М.Мийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул  “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Өсвөр насны шүүгдэгч М.Мийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Г.Отгонсүрэн нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир өсвөр насны шүүгдэгч М.Мийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Өсвөр насны шүүгдэгч М.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ өсвөр насны шүүгдэгч М.Мийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Мд ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

          Улмаар өсвөр насны шүүгдэгч М.Мд ял оногдуулахыг тэнсэж хянан хүмүүжүүлэх хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, мөн хугацаанд хараа хяналтдаа байлган хүмүүжүүлэх үүргийг түүний эх Д.Шоовдорт даалгах нь зүйтэй.

          Өсвөр насны шүүгдэгч М.Мд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Ял оногдуулахыг тэнсэж хянан хүмүүжүүлэх хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч М.Мд сануулж байна.

          Өсвөр насны шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Өсвөр насны шүүгдэгч Б овогт Мн Мийг “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Мд ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтууд, 8.7 дугаар зүйлд тус тус зааснаар, өсвөр насны шүүгдэгч М.Мд ял оногдуулахыг тэнсэж хянан хүмүүжүүлэх 1 жилийн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, мөн хугацаанд хараа хяналтдаа байлган хүмүүжүүлэх үүргийг түүний эх Д.Шоовдорт даалгасугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ял оногдуулахыг тэнсэж хянан хүмүүжүүлэх хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч М.Мд сануулсугай.

          5. Хохирогч Г.Отгонсүрэн нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, өсвөр насны шүүгдэгч М.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч М.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

                                                 ШҮҮГЧ                           С.ӨСӨХБАЯР