Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | test |
Хэргийн индекс | 155/2013/00019/И |
Дугаар | 225/МА2013/00019 |
Огноо | 2013-07-01 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2013 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 225/МА2013/00019
Д.Бын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Т.Ганбат, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Оюунжаргал, нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын дарга Г.Т нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар Сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 577 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжпэгч Дийн Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Миний бие хууль бус ажлаас чөлөөлөгдсөн тухайгаа шүүхэд хандсанаар Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүх 2012 оны 9 сарын 19-ний өдрийн 22 тоот шийдвэр, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 11 сарын 07- ны өдрийн 319 тоот магадлалаар тус тус тогтоосон. Ийнхүү 2012 оны 9 сарын 19-нд шүүхийн шийдвэр гарснаас хойш 2013 оны 02 сарын 22-нд ажилд орох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 2.813.887 төгрөгийг Хаан банкин дахь миний 000 тоот дансанд шилжүүлэх, нэхэмжпэгчийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын хэлтсийн нэрийн дансанд шилжүүлэхийг аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Г.Т, нягтлан бодогч Ц.Н нарт тус тус даалгасан шийдвэр гаргаж өгөхийг хүсье.
2013 оны 4 сарын 24-нд нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн тухай тайлбартаа: Хөвсгөл аймгийн Засаг даргым тамгын газраас миний ажилгүй байсан 2012.9.19-2013.02.22-ныг хүртэлх хугацааны олговол зохих цалинг тооцон өгөхийг удаа дараа хүссэн боловч ня/бо тооцон өгөөгүйн улмаас зөвхөн ЗГ-ын цалингийн сүлжээг үндэслэн анх нэхэмжилсэн болно. Харин албан шаардлагаар гаргаж өгсөн ня/бо Ц.Нын тооцсоныг үндэслэн 3.638.324 төгрөг болгон нэмэгдүүлэн нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Гэндэнпүрэвийн Т шүүхэд өгсөн хариу тайлбартаа: Д.Быг анх аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн дэд бүтцийн бодлого хариуцсан мэргэжилтний ажлаас тэр үеийн тамгын газрын дарга Ц.Ж ажлаас нь чөлөөлсөн. ...энэхүү шийдвэрийг хууль бус гэж үзсэн тул буруутан нь Ц.Ж болно. Энэ хүний буруутай үйл ажиллагааны улмаас Бод ажил хийгээгүй хугацааны цалин байгууллагаас төлсөн.
Иймээс: Нэг. Д.Бын нэхэмжилсэн 2.813.887 төгрөгийг гаргаж өгөх боломжгүй гэж үзэж байна. Быг ажилдаа ирж орооч гэдэг шаардлагыг ирж уулзах бүрт нь тавьдаг. Тэр бүрт хэл амаар доромжилчихоод гараад явчихдаг. Гэр лүү нь хоёр удаа жолоочоо явуулж дуудуулсан боловч байхгүй олдохгүй, эсвэл Улаанбаатар хот руу явчихсан байдаг. Тэгснээ гэв гэнэт хүрч ирээд өрөөнд орж ирэн хэл амаар доромжилчихоод гараад явчихдаг. ...эндээс ямар дүгнэлт хийж болох вэ. Б үүрэгт ажилдаа орж ажиллах сонирхолгүй, ажилгүй өөрөөр хэлбэл хувийн ажлаа хийгээд дараа нь энэ хугацааныхаа цалинг шүүхээр нэхэмжлүүлж авна гэсэн шунаг сэтгэлээр асуудалд хандаж байгаа нь ил байдаг. Ажил хийхгүйгээр мөнгө олох арга сэдэж олсон хүн.
Хоёр. Д.Быг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн захирамж, тушаалыг өнөөдрийг хүртэл хэн ч гаргаагүй. Албан тушаал бууруулж ажиллуулах тухай захирамж, тушаал л бий. Д.Б тэрхүү захирамж, тушаалыг авангуутаа ажил хаяаад алга болсон. Хэрэв уул захирамж тушаалыг эс зөвшөөрч байгаа бол заасан үүрэгт ажлыг хийгээд хийх явцдаа хууль хяналтын байгууллагад хандаж гомдлоо гаргах ёстой. Гэтэл тэгээгүй ажил таслаад жил гаруй алга болсон. Иймд төрд ажиллах сонирхолгүй гэсэн мөртлөө төрөөс цалин мөнгө нэхэж амьдардаг шулаачдад мөнгө олгох нь зөв юм болов уу даа гэжээ.
Сум дундын шүүх 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 577 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас 3.638.324 /гурван сая зургаан зуун гучин найман мянга гурван зуун хорин дөрөв/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бод олгож, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар нь Д.Бод олговол зохих 3.638.324 төгрөгөөс НДШ, ХХОАТ-г тооцон суутгаж, түүний нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх нь зүйтэйг дурьдаж,
Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж
шийдвэрлэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын дарга Г.Т давж заалдах гомдолдоо:...Д.Б ажил албан үүргээ гүйцэтгэх сонирхолгүй, зүгээр суух, шүүхийн шийдвэрээр мөнгө гаргуулж амьдрах гэсэн сэдлээр тушаал дахин гаргуулах, үр дүнгийн гэрээ байгуулах ганц ч алхам хийгээгүй. Шийдвэр гаргаад ажлаа үргэлжлүүлээд хий гэхээр зугтаагаад алга болчихдог албан тушаалтан. Д.Б гэдэг төрийн албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нэг ч тушаал, захирамж өнөөдрийг хүртэл байхгүй, ЗДТГ-ын нэг тушаал гарсан, гарсан өдөрт нь аймгийн засаг даргын захирамжаар хүчингүй болгосон. Ажлаас чөлөөлөгдөж, халагдаж ажилгүй болсон хүн ажилгүй байсан хугацааныхаа цалинг нэхэмжлэх ёстой. Гэтэл яагаад ажлаас чөлөөлөгдөөгүй хүн ажилгүй байсны цалин хөлс авдаг билээ гэж та бүхнээс асуумаар байна. Энэ асуудлаар ЗДТГ Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж байна. Иймээс Сум дундын шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 577 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэлд “хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Т” гэж тодорхойлсон, шүүх “Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Тт” холбогдох иргэний хэрэг үүсгэсэн атал Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас 3.638.324 төгрөг гаргуулсан нь ойлгомжгүй байна.
Нэхэмжлэгч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 3.638.324 төгрөг нэхэмжилсэн байхад нэмэгдүүлсэн шаардлагын хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т заасан “Нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн үнийг ихэсгэсэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ” гэснийг зөрчсөн.
Нэхэмжпэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн талаар хариуцагчид танилцуулалгүй хэргийг шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх” эрх эдлэх боломжийг хариуцагчид олгоогүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧ Т.ГАНБАТ
ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ