Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 513

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 13-13 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, 53 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОТ63021778, Харнууд овогт Басангийн Сэрдээгийн,

         Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

       Нэхэмжлэгч Б.Сэрдээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1963 онд төрсөн, 53 настай. Би 1980 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйд гагнуурчнаар ажилд орж, 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Одоо тэтгэвэрт гарах гэхэд хөдөлмөрийн дэвтэр олдохгүй, 1980 оны 6 дугаар сарын 05-ны өдөр комисст орж ажиллаж байсан 47 дугаар тушаал, 1992 онд компани болж өөрчлөгдөхөд ажилд томилсон 17 дугаар тушаал, 1994 онд ажлаас чөлөөлөгдсөн 89 дүгээр тушаал зэрэг баримтаас өөр зүйл олдохгүй байгаа тул миний Хархираагийн Тэжээлийн аж ахуй, “Хархираа” ХК-д гагнуурчнаар 1980 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилласан 15 жилийг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Д.Сүрэнжав, Ё.Пүрэвжав нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.

      Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.Сэрдээ нь 1980 оны 1 дүгээр сарын 04-нөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуй болон “Хархираа” ХК-д гагнуурчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

       Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 183 дугаар албан бичигт: “Хархираагийн Тэжээлийн аж ахуй, Хархираа” ХК-ийн цалингийн баримт манай архивт шилжиж ирээгүй тул Басан овогтой Сэрдээгийн цалинг гаргах боломжгүй байна” гэжээ.

         Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйн даргын 1980 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 47 дугаар “Комисс томилох тухай” тушаалд: “Сул зогсолтыг газар дээр нь шалгаж шалтгааныг илрүүлэн сул зогсолтын акт тогтоох комиссыг доорх бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Комиссын гишүүдэд: Гагнуурчин Б.Сэрдээ” гэжээ.

           Увс аймгийн Хархираа сумын “Хархираа” ХК-ийн захирлын 1992 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаар “Ажилд томилох тухай” тушаалд: “Шилжиж ирсэн ажилчин, албан хаагчдын нэрсийн жагсаалтыг хавсралт 1-ээр баталсугай. Хавсралт 1-ийн 114-т Басангийн Сэрдээ-гагнуурчин” гэжээ.

         Увс аймгийн Хархираа сумын “Хархираа” ХК-ийн захирлын 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 89 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: “Хархираа компанид ажиллаж байсан ажилчдыг 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон тус тусын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй. Ажиллагсдын нэрсийг 1 дүгээр хавсралтаар баталсугай. 1 дүгээр хавсралтын 66-д Басангийн Сэрдээ-гагнуурчин” гэжээ. 

        Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Д.Сүрэнжав, Ё.Пүрэвжав нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Д.Сүрэнжавын “Миний бие нь 1979 оноос 1994 он хүртэл Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйд усжуулагчаар ажиллаж байсан. Намайг ажилд орсны дараа буюу 1980 онд С.Сэрдээ нь Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйд гагнуурчнаар ажиллах болсон. Тухайн үед С.Сэрдээ хаана ямар эвдрэл гэмтэл гарна  бүгдийг гагнадаг байсан. Тухайн үед Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн даргаар Юнгэр, Лхагваа, Самбуу, Махминь гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Ё.Пүрэвжавын ”Миний бие нь 1984 оноос 1992 он хүртэл Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн засварын газрын гагнуурчнаар ажиллаж байсан. Намайг ажилд орж байх үед С.Сэрдээ нь гагнуурчнаар ажиллаж байсан. Тухайн үед Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйд 4 гагнуурчин ажиллаж байсан ба усжуулалтын турбо, бороожуулагч машин зэрэгт эвдрэл гэмтэл үүсэхэд болон хаана ямар эвдрэл гэмтэл гарна бүгдийг гагнадаг байсан. Тухайн үед Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн даргаар Юнгэр, Лхагваа, Махминь, Самбуу гэх хүмүүс ажиллаж байсан” гэж мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

        Нэхэмжлэгч Б.Сэрдээ нь 1980 оны 1 дүгээр сарын 04-нөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуй болон “Хархираа” ХК-д гагнуурчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйн даргын 1980 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 47 дугаар “Комисс томилох тухай” тушаал, Увс аймгийн Хархираа сумын “Хархираа” ХК-ийн захирлын 1992 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаар “Ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Хархираа сумын “Хархираа” ХК-ийн захирлын 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 89 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, гэрч Д.Сүрэнжав, Ё.Пүрэвжав нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

        Иймд нэхэмжлэгч Б.Сэрдээгийн хүсэлтийг хангаж, түүний 1980 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуй болон “Хархираа” ХК-д гагнуурчнаар 15 жил ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

       Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.                  

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Харнууд овогт Басангийн Сэрдээгийн 1980 оны 1 дүгээр сарын 04-нөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуй болон “Хархираа” ХК-д гагнуурчнаар 15 /арван тав/ жил ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Б.Сэрдээгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ