Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 733

 

                        

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,

Улсын яллагч Ч.Батбаяр,

Шүүгдэгч М.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Тд холбогдох 1906 02146 0853 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Өндөршил суманд 1994 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, 24 настай, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2а хэсгийн 949 тоотод оршин суух,  улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт Мн Т /РД:.........../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

М.Т нь 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 18-57 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ч.Бадралтай маргалдаж, улмаар хутгаар баруун гарын булчин хэсэг, цээжний баруун хэсэгт нь хатган эрүүл мэндэд нь “баруун бугалганы нэвт хатгагдсан шарх, цээжний хэнхэрцэгийн баруун талын зөөлөн эдэд хатгагдсан шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчидын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Тгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.5-8/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Бадралын өгсөн: “... 2019 оны 03 дугаар сарын 31-ний шөнийн 02 цагийн үед би орон дээр хэвтэж байгаад Тд “танай ээж чинь их хэл амтай зэвүүн шүү дээ” гэж хэлэхэд Т уурлан босож ирээд “чи ямар зэвүүн байна аа, би чамайг дүрнэ ээ” гэхэд нь би “чи амжих уу, чадах уу” гэж хэлсэн. Тэгсэн чинь Т гэрт байсан шар өнгийн шүүгээн дотроос хутга аваад над руу дайраад баруун гарын булчингийн дотор хэсэгт 1 удаа, булчингийн гадна хэсэгт 1 удаа, цээжний баруун хэсэгт 1 удаа хутгалсан. Тэгээд Бат-Амгалан голоор орж ирээд салгасан. Өглөө 12 цагийн үед Т цагдаа дуудсан. Бид найзууд учир одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.12-13/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Бат-Амгалангийн өгсөн: “... 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг зүс таних Лхамаа гэх охины гэрт Т, Бадрал, бид дөрөв хоол унд хийж идээд архи уугаад бүгд согтсон. Тэгтэл Бадрал, Т хоёр хоорондоо маргалдсан. Би яг юунаас болж маргалдсан эсэхийг мэдээгүй. Гэнэт Т зуухны хажууд байсан шар иштэй хутга аваад Ч.Бадралын мөр, цээж хэсэгт нь хатгаад хутгаа газар хаясан чинь Бадралын мөр, цээж хэсгээс цус гараад тогтохгүй байхаар нь Т бид хоёр даавуугаар боогоод түргэн дуудах гэхэд Ч.Бадрал “түргэн дуудах хэрэггүй” гээд байсан. Тэгээд Т өөрөө 102 дугаарт залгаад мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг /хх.16-17/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч С.Наранцэцэгийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 61 дугаартай: “... Ч.Бадралын биед баруун бугалганы нэвт хатгагдсан шарх, цээжний хэнхэрцэгийн баруун талын зөөлөн эдэд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл болно. Уг гэмтэлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй...” гэх дүгнэлт /хх.26/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Тгийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... би уурандаа зуухны хажууд байсан шар иштэй жижиг хутга аваад би Ч.Бадралын гар, цээж хэсэгт би хоёр удаа хатгахад Ч.Бадралын гар, цээж хэсгээс цус гараад тогтохгүй байхад хамт байсан найз нар даавуугаар боосон... Би хэрэг гарсан өдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 1857 тоотод хохирогч Ч.Бадралтай хамт архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад маргалдан би уурандаа хохирогчийн баруун гарыг хутгалж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан...” гэх мэдүүлгүүд /хх.14-15, 41-42/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

М.Т нь 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 18-57 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ч.Бадралтай маргалдаж, улмаар хутгаар баруун гарын булчин хэсэг, цээжний баруун хэсэгт нь хатган эрүүл мэндэд нь “баруун бугалганы нэвт хатгагдсан шарх, цээжний хэнхэрцэгийн баруун талын зөөлөн эдэд хатгагдсан шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.5-8/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Бадралын өгсөн: “... Тэгсэн чинь Т гэрт байсан шар өнгийн шүүгээн дотроос хутга аваад над руу дайраад баруун гарын булчингийн дотор хэсэгт 1 удаа, булчингийн гадна хэсэгт 1 удаа, цээжний баруун хэсэгт 1 удаа хутгалсан...” гэх мэдүүлэг /хх.12-13/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Бат-Амгалангийн өгсөн: “... Гэнэт Т зуухны хажууд байсан шар иштэй хутга аваад Ч.Бадралын мөр, цээж хэсэгт нь хатгаад хутгаа газар хаясан...” гэх мэдүүлэг /хх.16-17/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч С.Наранцэцэгийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 61 дугаартай: “... Ч.Бадралын биед баруун бугалганы нэвт хатгагдсан шарх, цээжний хэнхэрцгийн баруун талын зөөлөн эдэд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл болно...” гэх дүгнэлт /хх.26/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Тгийн яллагдагчаар өгсөн: “... би уурандаа зуухны хажууд байсан шар иштэй жижиг хутга аваад би Ч.Бадралын гар, цээж хэсэгт би хоёр удаа хатгахад Ч.Бадралын гар, цээж хэсгээс цус гараад тогтохгүй байхад хамт байсан найз нар даавуугаар боосон...” гэх мэдүүлэг /хх.41-42/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Тгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Тд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч М.Тгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

М.Т хохиролд 600.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Ч.Бадрал нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

М.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ М.Тгийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

М.Тд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдэлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч М.Т нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй учир түүнд торгох ял оногдуулах боломжгүй байх бөгөөд түүнд оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.  

М.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлвэл зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. М овогт Мн Тг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тд 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.Тд сануулсугай.

4. М.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 600.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.  

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн шар алаг өнгийн иштэй, ажлын хэсэг нь 9 см, бариул хэсэг нь 9.5 см урттай хутга 1 ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

          6. Хохирогч Ч.Бадрал нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч М.Тгээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ,

                                              ШҮҮГЧ                              С.ӨСӨХБАЯР