Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 515

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Тариалан сумын 5 дугаар багт оршин суух, 1954 онд төрсөн, 62 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОМ54010200, Шаавай овогт Дүүдэйгийн Сүгжидийн,

         Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

         Нэхэмжлэгч Д.Сүгжид шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1954 онд төрсөн. Одоо 62 настай. Би Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1971 оноос 1989 оныг дуустал аав, ээжийн хамт нэгдлийн мал маллаж байсан. Би төрөлхийн хэлгүй, дүлий хүн юм. Миний хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн ба өндөр насны тэтгэврээ тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд хандаж байна. Иймд миний Туяа нэгдэлд 1971 оны 8 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү.  Надтай хамт ажиллаж байсан Д.Мундааж, Ш.Цээлэй нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Д.Сүгжид нь 1971 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

      Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Дүүдэйгийн Сүгжидийн 1971 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

      Мөн нэхэмжлэгч Б.Сүгжидийн 42 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “1971 оны 8 дугаар сараас 1976 оны 10 дугаар сарыг дуустал, 1977 оны 5 дугаар сард тус тус ажиллаж байсан хоног болон үндсэн цалин бичигджээ”. 

     Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Д.Мундааж, Ш.Цээлэй нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Д.Мундаажийн “Миний бие нь 1968 оноос 2004 он хүртэл Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэл, “Туяа” ХХК-д зоо техникч, бригадын дарга, багийн Засаг дарга зэрэг ажлуудыг хийж байсан. Д.Сүгжид нь 1971 оноос эхлэн туяа нэгдэлд аав, ээжийн хамт бог мал маллаж эхэлсэн. Д.Сүгжид 1989 оныг дуустал тус нэгдэлд ажиллаж байгаад 1990 оноос аав О.Дүүдэй, ээж Х.Булган нар нь өндөр насны тэтгэвэрт гарахад Д.Сүгжид нь төрөлхийн хэлгүй, дүлий хөгжлийн бэрхшээлтэй тул аав, ээжийн хамт Тариалан сумын төвд амьдрах болсон. Тухайн үед тус нэгдлийн даргаа Б.Палам, Ж.Сэртээ, Г.Баазар гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Ш.Цээлэгийн “Миний бие нь 1977 оноос 1992 оныг дуустал Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн Бургастай бригадад малчнаар ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд 1977 онд  малчнаар ажилд ороход Д.Сүгжид аав, ээжийн хамтаар хонь, ямаа маллаж байсан. Д.Сүгжидийн аав, ээжтэй манайх айл сахалт байсан учраас багаасаа Д.Сүгжидийг сайн мэднэ. Д.Сүгжид 1989 оныг дуустал тус нэгдэлд ажиллаж байгаад түүний ээж Х.Булган, аав О.Дүүдэй нар нь өндөр насны тэтгэвэрт гарахад Д.Сүгжид нь төрөлхийн хэлгүй, дүлий хөгжлийн бэрхшээлтэй тул аав, ээжийн хамт Тариалан сумын төвд амьдрах болсон” гэж мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалуудын хуулбарууд хэрэгт авагджээ.

      Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн цалингийн тодорхойлолтод Б.Сүгжидийн 1976 оны 7, 11-12 дугаар сар, 1977 оны 1-4, 6-12 дугаар сар, 1983 оны 6-10 дугаар сарын цалин бичигдээгүй байгаа боловч энэ онуудад түүнийг ажлаас чөлөөлсөн болон ажилд томилсон талаарх тушаал хэрэгт авагдаагүй, гэрчүүдийн мэдүүлгээр 1971 оны 8 дугаар сараас 1989 онуудад Туяа нэгдэлд малчнаар тасралтгүй ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул дээрх онуудад нэхэмжлэгчийг ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

         Нэхэмжлэгч Б.Сүгжид нь 1971 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн цалингийн тодорхойлолт, түүний 42 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Д.Мундааж, Ш.Цээлэй нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

         Иймд нэхэмжлэгч Б.Сүгжидийн хүсэлтийг хангаж, түүний 1971 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар 18 жил 5 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

        Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.      

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нармандах нь “шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзлээ.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Шаавай овогт Дүүдэйгийн Сүгжидийн 1971 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар 18 /арван найм/ жил 5 /тав/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.     

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Б.Сүгжидийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ