Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2013 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 225/МА2013/00021

 

Ж.Гт холбогдох иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Оюунжаргал, зөрчил гаргагч Ж.Г нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар Сум дундын шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 369 дүгээр шийтгэврийг эс зөвшөөрч зөрчил гаргагч Ж.Гын гаргасан давж заалдах гомдлоор шийтгэврийг хүлээн авч ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын харъяат, Шарнууд овогт Жы Г, ..... оны ... дугаар сарын ...-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... дугаар багийн .... дугаар гудамжны ..... тоотод оршин суух, регистрийн дугаар......................,

Иргэн Ж.Г нь .... оны .... дугаар сарын ....-ны өдрийн .... цаг ..... минутын үед Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт "Мустанг" маркийн 000ХӨВ улсын дугаартай мотоциклийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргасанд холбогджээ.

Сум дундын шүүх 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 369 дүгээр шийтгэврээр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 6-д зааснаар Шарнууд овогт Жы Гт 30 /гуч/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулж, шийтгэврийн биелзлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, Ж.Гын баривчлагдсан хугацааг аймгийн Цагдаагийн газарт хүргэгдэн очсон өдрөөс эхлэн тооцохыг мэдэгдэж, Ж.Гт захиргааны шийтгэл ногдуулсан шийтгэврийн хувийг гардуулахыг нарийн бичгийн дарга А.Дөлгөөнд даалгаж шийдвэрлэжээ.

Зөрчил гаргагч Ж.Г давж заалдах гомдолдоо: "...2013 оны 7 дугаар сарын 13-ны орой найзынхаа хамт пиво ууж жолоодох эрхгүй мотоцикль жолоодож явж замын цагдаагийн албанд баригдаж 30 хоногийн баривчлах шийтгэл хүлээсэн. Би ямар нэгэн шийтгэл хүлээж байгаагүй. Миний бие 2013 оны 7 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотод хэлний бэлтгэлд суралцах тул энэ байдлыг минь харгалзан үзэж 7 хоногийн баривчлагаа болгож өгнө үү" гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Зөрчил гаргагч Ж.Г нь 2013 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Мустанг маркийн 000ХӨВ улсын дугаартай мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан захиргааны зөрчлийн тухай тэмдэглэл, тээврийн хэрэгслийг түр саатуулсан тэмдэглэл, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа болон түүний тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, Ж.Гт анхан шатны шүүхийн шийтгэвэрээр ногдуулсан шийтгэл гаргасан зөрчилд нь тохирсон байна.

Иймд зөрчил гаргагч Ж.Г нь "...2013 оны 7 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотод хэлний бэлтгэлд суралцах тул энэ байдлыг минь харгалзан үзэж 7 хоногийн баривчлагаа болгож өгнө үү" гэх гомдлыг гаргасан байх боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, үүнийгээ зөрчил гаргагч нотолж чадаагүй тул түүний давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийг удирдпага болгон ТОГТООХ нь:

  1.  Зөрчил гаргагч Ж.Гын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Сум дундын шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 369 дүгээр шийтгэврийг хэвээр үлдээсүгэй.

 Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргаж болохгүйг дурьдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ