Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 752

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,

Улсын яллагч Ц.Гантулгабат,

Хохирогч Б.Энхтогтох,

Шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Д.Чинзориг /ҮД:2677/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бт холбогдох 1906 00765 0481 дугаартай эрүүгийн 1 хавтаст хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймагт 1997 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 22 настай эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Монгол мозайк арт студио” ХХК-д цагийн жолооч ажилтай, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 11 дүгээр гудамжны 249 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, О овогт Мн Б /РД:/,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

М.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 37 дугаар гудамжинд “автомашинаар шүргэсэн” гэх шалтгааны улмаас маргалдаж иргэн Б.Энхтогтохыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчидын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Бийн өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр би гэрээсээ гараад дэлгүүр лүү явж байсан. Тэгэхэд явган хүний зам дээр байршуулсан машин байсан. Хажуугаар нь өнгөрч байтал намайг машины толиороо шүргэсэн. Тэгэхээр нь би жолооч дээр очоод явган хүний зам дээр машинаа тавиад ингэж болохгүй гэж хэлсэн боловч машин дотроос намайг ална шүү энэ тэр гээд бууж ирэх гээд байхаар нь мөн жолооч согтуу харагдахаар нь жолоочийн хаалгыг гаднаас нь хаагаад цаашаа явсан юм. Тэгээд замын нөгөө талд хохирогч Энхтогтох ах найзтайгаа өөр машинд сууж байсан. Тэгээд намайг нааш ир гэхээр нь очсон чинь намайг цохиж аваад газар унасан. Тэгээд би босч ирээд хоёр, гурвуулаа байсан болохоор айж сандарсандаа болоод хохирогч Энхтогтох ахыг зөрүүлээд нэг удаа цохисон. Тухайн үед цагдаа дуудъя гэсэн боловч цагдаа энэ тэр гээд дуудаад яах вэ эр хүн шиг гар бариад салъя гэж хэлээд салсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Энхтогтохын өгсөн: “... Тухайн өдөр би ажлаа тараад гэртээ ирсэн чинь хөдөөнөөс манай дүү ирээд машинд сууж байсан. Би хоёр машинаа гудамжинд явган хүний зам дээр тавьдаг байсан. Эхнэр өглөө эрт явдаг учраас машины байр солих гээд цуг гарсан юм. Надтай цуг машинд сууж явсан гээд байгаа залуу нь замаар алхаж яваад над дээр ирсэн, манай хажуу талын хөрш залуу байгаа юм. Би гудамжнаас эхнэрийнхээ машиныг барьж яваад өөрийнхөө гудамж руу  оруулах гэж байсан юм. Тэгээд машиндаа хөрш залуутай юм яриад сууж байсан чинь нөгөө хөдлөх гэж байсан машины хажууд Б зогсчихсон хаалгыг нь татан саваад байх шиг болохоор нь машины цонхоор би "яагаад байгаа юм бэ болиочээ гээд хашгирсан. Тэгээд Б замаар хөндлөн гараад ирсэн. Би урдаас нь бууж ирээд бид хоёр цохилцож авсан...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Энхтогтохын өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 20 цагийн орчим машинаа байрлуулах гээд гэрээсээ Энх-Од, Ганбат нарын хамт гараад Энх-Одоор нэг машинаа бариулчихаад би өөрөө зам дээр хүлээгээд байж байтал үл таних 20 орчим насны эрэгтэй машины хаалганаас татаад байсан. Тэгэхээр нь би яваад очтол тухайн эрэгтэй над руу ойртоод ирэхээр нь би 2-3 удаа алгадчихсан, гэтэл манай эхнэр болох Мөнхзаяа гэрээсээ гараад ирэхээр нь “миний дүү ингэж болохгүй” гэж хэлтэл миний нүүрэн тус газар нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.8/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ганбатын өгсөн: “... нөгөө залуу араас ирээд Энхтогтохыг өдөөд хэрүүл хийгээд яваад байсан. Боль гэж хэлчихээд буцаад эргэхэд хүн цохиулах чимээ гарсан. Эргээд харахад Энхтогтох толгойгоо бариад сууж байсан. Очоод харсан шанаа нь цөмөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг /хх.15-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Мөнхзаяагийн өгсөн: “... би гэрээсээ гараад нөхөр дээрээ очтол манай нөхөр нэг залуутай маргалдчихсан зогсож байсан. Тэгээд манай хамаатны залуу болох Энх-Од бид 2 нөхрийгөө тэр муудалцаж байсан залуугаас салгасан. Тэгээд салгаад байж байтал тэр залуу манай нөхөртэй юм ярьж зогсож байгаад манай нөхрийг зүүн шанаанд нь нэг удаа цохиод авсан. Тэгээд цохисных нь дараа нөхрийнхөө нүүрийг хартал хацар нь цаашаагаа хонхойгоод орчихсон байсан. Тэр маргалдсан залуу манай нөхрийн хонхойсон хацрыг хараад айсандаа ахаа одоо больё гээд салаад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх.18-19/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1548 дугаартай: “... Б.Энхтогтохын биед зүүн суурь ясны их далавч, дух, хацар ястай нийлэх хэсгийн хугарал, хугарлын харалдаах хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн хацар ясны нумын хоёрлосон хугарал, зүүн гайморыг урд, ар ханын хоёрлосон зөрөөтэй хугарал, гайморын хөндийн цус хуралдалт, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, тархи доргилт, зүүн зовхи, нүдний алимны цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх.23/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2019 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн 377 дугаартай: “... Б.Энхтогтохын биед учирсан зүүн суурь ясны их далавч, дух, хацар ястай нийлэх хэсгийн хугарал, хугарлын харалдаах хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтэлийн хүнд зэрэгт, зүүн хацар ясны нумын хоёрлосон хугарал, зүүн гайморын хөндийн урд, ар ханын хоёрлосон зөрөөтэй хугарал, гайморын хөндийн цус хуралдалт гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтэлийн хүндэвтэр зэрэгт, бусад буюу зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, тархи доргилт, зүүн зовхи, нүдний алимны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дангаар болон нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлийн аль алинаар үүсэх боломжтой” гэх нэмэлт дүгнэлт /хх.51-52/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1585 дугаартай: “... М.Бийн биед дух, хүзүү, доод уруулын дотор салстад цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй” гэх дүгнэлт /хх.26/,

Төлбөрийн баримт /хх.22, 31-34/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.29/,

Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх.57/,

Ажил байдлын тодорхойлолт /шинээр гаргаж өгсөн 1 хуудас баримт/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

М.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 37 дугаар гудамжинд “автомашинаар шүргэсэн” гэх шалтгааны улмаас маргалдаж иргэн Б.Энхтогтохыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Энхтогтохын өгсөн: “... Тэгэхээр нь би яваад очтол тухайн эрэгтэй над руу ойртоод ирэхээр нь би 2-3 удаа алгадчихсан, гэтэл манай эхнэр болох Мөнхзаяа гэрээсээ гараад ирэхээр нь “миний дүү ингэж болохгүй” гэж хэлтэл миний нүүрэн тус газар нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.8/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ганбатын өгсөн: “... нөгөө залуу араас ирээд Энхтогтохыг өдөөд хэрүүл хийгээд яваад байсан. Боль гэж хэлчихээд буцаад эргэхэд хүн цохиулах чимээ гарсан. Эргээд харахад Энхтогтох толгойгоо бариад сууж байсан. Очоод харсан шанаа нь цөмөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг /хх.15-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Мөнхзаяагийн өгсөн: “... Тэгээд салгаад байж байтал тэр залуу манай нөхөртэй юм ярьж зогсож байгаад манай нөхрийг зүүн шанаанд нь нэг удаа цохиод авсан. Тэгээд цохисных нь дараа нөхрийнхөө нүүрийг хартал хацар нь цаашаагаа хонхойгоод орчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх.18-19/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1548 дугаартай: “... Б.Энхтогтохын биед зүүн суурь ясны их далавч, дух, хацар ястай нийлэх хэсгийн хугарал, хугарлын харалдаах хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн хацар ясны нумын хоёрлосон хугарал, зүүн гайморыг урд, ар ханын хоёрлосон зөрөөтэй хугарал, гайморын хөндийн цус хуралдалт, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, тархи доргилт, зүүн зовхи, нүдний алимны цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.23/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2019 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн 377 дугаартай: “... Б.Энхтогтохын биед учирсан зүүн суурь ясны их далавч, дух, хацар ястай нийлэх хэсгийн хугарал, хугарлын харалдаах хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтэлийн хүнд зэрэгт, зүүн хацар ясны нумын хоёрлосон хугарал, зүүн гайморын хөндийн урд, ар ханын хоёрлосон зөрөөтэй хугарал, гайморын хөндийн цус хуралдалт гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтэлийн хүндэвтэр зэрэгт, бусад буюу зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, тархи доргилт, зүүн зовхи, нүдний алимны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дангаар болон нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлийн аль алинаар үүсэх боломжтой” гэх нэмэлт дүгнэлт /хх.51-52/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Энхтогтохын өгсөн: “... Тэгээд Б замаар хөндлөн гараад ирсэн. Би урдаас нь бууж ирээд бид хоёр цохилцож авсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Бийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч М.Бийн аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдлийн улмаас бусдын биед хүнд гэмтэл учирсан гэж хэргийг хэрэгсэхгүй болгохыг түүний өмгөөлөгч хүсч байх боловч шүүгдэгчийн амь нас, эрүүл мэндийн эсрэг довтолгоон тулгарсан нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Энхтогтох, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ганбат, Т.Мөнхзаяа нарын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул дээрх шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах шаардлагагүй юм.

М.Бийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Б.Энхтогтохын хохиролд нэхэмжилсэн 2.500.000 төгрөгийг шүүгдэгч М.Б нөхөн төлсөн, хохирогч нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн боловч энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

М.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ М.Бийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн бага насны хүүхэдтэй ар гэрийн болон хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.  

М.Бт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байддлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн хууль бус үйлдэлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч М.Бт оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд, сар тутамд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.Бт сануулж байна.

М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О овогт Мн Бийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бт 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, М.Бт оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд, сар тутамд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.Бт сануулсугай.

5. М.Б нь хохирлын 2.500.000 төгрөгийг нөхөн төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

          6. Хохирогч Б.Энхтогтох нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч М.Бээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

           ДАРГАЛАГЧ,

                    ШҮҮГЧ                           С.ӨСӨХБАЯР