| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00444/И |
| Дугаар | 517 |
| Огноо | 2016-08-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 517
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багт оршин суух, 1968 онд төрсөн, 48 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОН68011569, Булгадар овогт Самбуугийн Лхагвын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Лхагва шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1968 онд төрсөн, 48 настай. Бага насаа эцэг эхийн хамтаар мал маллаж өнгөрүүлээд 1984 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд хоньчноор ажиллаж байсан. Миний нэгдэлд ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтрүүд болон тушаалууд нэгдлийн дарга дээр хадгалагдаж байгаад үрэгдэж алга болсон байна. Ингээд Аймгийн архиваас баримт материалаа шүүлгэж үзэхэд нэгдэлд орсон болон гарсан үеийн тушаалууд байхгүй, харин тухайн үед цалин авч байсан тухай баримт байсан тул цалингийн тодорхойлолтоо гаргуулж авсан болно. Нэгдлийн гишүүн болж Лениний зам нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан баярын бичиг, сайшаалын үнэмлэхийн хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгч байна. Тухайн үед надтай хамт нэгдэлд ажиллаж байсан Гүүрээ, Г.Нүрзэд нарыг гэрчээр асууж ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Лхагва нь 1984 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Самбуугийн Лхагвын 1984 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Намын хороо, Ардын депутатуудын гүйцэтгэх захиргаа, Лениний зам нэгдлийн зөвлөлөөс 1986 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр, 1987 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр С.Лхагвыг шагнаж байсан сайшаалын үнэмлэх, баярын бичгүүд хэрэгт авагджээ.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ж.Насан, Г.Нүрзэд нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ж.Насангийн “Миний бие нь 1971 оноос 1992 оны хооронд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд нярав, нягтлан бодогч, боловсон хүчний эрхлэгчээр ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажиллаж байхад С.Лхагва нь 1984 онд илгээлтээр малчин болж Лениний зам нэгдэлд хоньчноор ажиллаж эхэлсэн. С.Лхагва нь тус нэгдлийг тарах хүртэл малчнаар ажилласан. Одоо ч С.Лхагва нь Тэс суманд хувиараа мал маллаж амьдарч байгаа гэж сонссон. Тухайн үед Тэс сумын Лениний зам нэгдлийн даргаар Гомбосүрэн, Норов, Далай гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Г.Нүрзэдийн “Миний бие нь 1977 оноос 1992 оны хооронд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажиллаж байхад С.Лхагва нь 1984 онд илгээлтээр малчин болж Лениний зам нэгдэлд хоньчноор ажиллаж эхэлсэн. С.Лхагва нь тус нэгдэлд 5-6 жил малчнаар ажилласан байх” гэж мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч С.Лхагва нь 1984 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Намын хороо, Ардын депутатуудын гүйцэтгэх захиргаа, Лениний зам нэгдлийн зөвлөлөөс 1986 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр, 1987 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр С.Лхагвыг шагнаж байсан сайшаалын үнэмлэх, баярын бичиг, гэрч Ж.Насан, Г.Нүрзэд нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч С.Лхагвын хүсэлтийг хангаж, түүний 1984 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар 6 жил ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Булгадар овогт Самбуугийн Лхагвын 1984 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар 6 /зургаа/ жил ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч С.Лхагвын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ