| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0758/Э |
| Дугаар | 765 |
| Огноо | 2019-05-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 765
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,
Улсын яллагч М.Эрдэнэзаяа,
Шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Н.Ганбат /ҮД:0346/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Бд холбогдох 1906 01937 0669 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол улсын иргэн, Дорнод аймагт 1981 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр
төрсөн, эрэгтэй, 38 настай, боловсролгүй, мэргэжилгүй, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 баг, Нуурын 10-8 тоотод оршин суух бүртгэлтэй, оршин суух тодорхой хаяггүй,
Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 43 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,
Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 3 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Сум дундын 28 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 79 дугаартай захирамжаар 1 жил 1 сар 26 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Лн Б /РД:.........../,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Л.Б нь 2019 оны 03 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр баг, задгай тоотод байрлах иргэн П.Хүрэлтулгын байшингийн гадна байсан 400.000 төгрөгийн үнэ бүхий, улсын дугааргүй Даюунг маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан,
Мөн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхоны Одын 1-19 тоотод оршин суух иргэн Д.Гэрэлтуяагийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж 40 инчийн, 524.980 төгрөгийн үнэ бүхий Самсунг маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодитоор харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Бын өгсөн: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /xx.5-8/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх.9/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Гэрэлтуяагийн өгсөн: “... 17:30 цагийн үед гэртээ ирэхэд манай хаалганы цоож байхгүй, гэрийн хаалга онгорхой байсан. Тэгэхээр нь би гэртээ орж харсан чинь манай гэрийн хойморт байсан хар өнгийн 55 инчийн Самсунг брендийн зурагт алга болсон байсан. Би алдсан зурагтаа одоогоос 5 жилийн өмнө буюу 2013 оны Номин худалдааны төвөөс 2.500.000 төгрөгөөр авч байсан. Надад сэжиглэж байгаа хүн одоогоор байхгүй, ямар ч байсан цагдаагийн байгууллага манайхаас хулгай хийсэн хүнийг түргэн шуурхай эрэн сурвалжилж олж тогтоосон байсан... Самсунг брендийн 40 инчийн зурагт байсан юм, би андуураад 55 инч гээд мэдүүлэг өгсөн байгаа. Одоо зурагтаа 500.000 төгрөгөөр үнэлнэ зурагт авсан баримт байхгүй...” гэх мэдүүлэг /хх.14-16/,
Эд зүйлийн үнэлгээ /хх.23-24/,
Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх.56-91/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх.102-104/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.105/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Хүрэлтулгын өгсөн: “... Би Хаан банкны галч, жижүүрээр ажилладаг учир шөнө 00 цаг өнгөрөөгөөд ажлын байр руугаа явах гээд гараад иртэл мотоцикль байхгүй болсон байсан. Би уг мотоциклийг 2015 онд рам худалдан аваад сэлбэгийг нь шинээр авч тавиад босгосон мотоцикл юм. Би мотоциклийн бүх сэлбэгийг шинээр авч тавьсан байсан учраас 400.000 төгрөгөөр мотоциклоо үнэлнэ...” гэх мэдүүлэг /хх.108/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Улаанхүүгийн өгсөн: “... 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 12 цагийн орчимд миний утас руу Б нь залгаж ярихдаа Сүхээ ахын хашаанд мотциклио орхилоо, би өөрөө Дорнод аймагт байна гэж хэлэхээр нь би чи хүний мотоцикль авч ирж өг гэж хэлэхэд утсаа тасалсан...” гэх мэдүүлэг /хх.112/,
Эд зүйлийн үнэлгээ /хх.114/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Л.Б нь 2019 оны 03 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр баг, задгай тоотод байрлах иргэн П.Хүрэлтулгын байшингийн гадна байсан 400.000 төгрөгийн үнэ бүхий, улсын дугааргүй Даюунг маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан,
Мөн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхоны Одын 1-19 тоотод оршин суух иргэн Д.Гэрэлтуяагийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж 40 инчийн 524.980 төгрөгийн үнэ бүхий Самсунг маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /xx.5-8/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх.9/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Гэрэлтуяагийн өгсөн: “... 17:30 цагийн үед гэртээ ирэхэд манай хаалганы цоож байхгүй, гэрийн хаалга онгорхой байсан. Тэгэхээр нь би гэртээ орж харсан чинь манай гэрийн хойморт байсан хар өнгийн 55 инчийн Самсунг брендийн зурагт алга болсон байсан... Самсунг брендийн 40 инчийн зурагт байсан юм, би андуураад 55 инч гээд мэдүүлэг өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх.14-16/,
Эд зүйлийн үнэлгээ /хх.23-24/,
Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх.56-91/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх.102-104/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.105/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Хүрэлтулгын өгсөн: “... Би Хаан банкны галч, жижүүрээр ажилладаг учир шөнө 00 цаг өнгөрөөгөөд ажлын байр руугаа явах гээд гараад иртэл мотоцикль байхгүй болсон байсан...” гэх мэдүүлэг /хх.108/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Улаанхүүгийн өгсөн: “... 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 12 цагийн орчимд миний утас руу Б нь залгаж ярихдаа Сүхээ ахын хашаанд мотциклио орхилоо, би өөрөө Дорнод аймагт байна гэж хэлэхээр нь би чи хүний мотоцикль авч ирж өг гэж хэлэхэд утсаа тасалсан...” гэх мэдүүлэг /хх.112/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Бын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт Л.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг, “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг тус тус агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Л.Бын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч Д.Гэрэлтуяа, П.Хүрэлтулга нар нь хулгайд алдсан эд зүйлсээ буцаан авсан, гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Л.Быг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Л.Бын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, ял хүндрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Бын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, ял хүндрүүлэх нөхцөл байдал зэргээс үзэхэд түүний холбогдсон гэмт хэргүүдэд оногдуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас доогуур хэмжээний ял оногдуулах үндэслэлгүй байх тул энэ тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн аваагүй болно.
Л.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Л.Бын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс цагдан хоригдсон 50 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Лн Быг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах”, “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар, Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Л.Бд оногдуулсан нийт 3 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Л.Бын урьд нь цагдан хоригдсон 50 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Хохирогч Д.Гэрэлтуяа, П.Хүрэлтулга нар нь хулгайд алдсан эд зүйлсээ буцаан авсан, гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, Л.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР