Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2013 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 225/МА2013/00023

 

 

 

 

Ц.Эийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Оюунжаргал, нэхэмжлэгч Ц.Э, хариуцагч М.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Амаржаргал нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар Сум дундын шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 17- ны өдрийн 941 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Завхан овогт Цийн Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.Бтэй 1995 онд танилцаж үерхэж улмаар 000 оны 12 дугаар сард хуримаа хийж хамт амьдарсан. Бидний хамтын амьдрал эхэлснээр Б.М, Б.П, Б.П, Б.М, Б.Д нар төрсөн. Хамт амьдрах хугацаанд намайг эрүүл ч, согтуу ч ална гэж хутга заазуураар айлгадаг...Манайх 5 хүүхэдтэй, 3 хүүхэд сургуульд сурдаг учир ийнхүү би өөрийн 5 хүүхдээ өсгөн хүмүүжүүлж сургах хүсэлтэй тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү....Энэ хүн их ширүүн зодож нүддэг болохоор салья гэсэн шийдвэр гаргасан. Надад эвлэрэх бодол байхгүй. Хүүхдүүдээ би өөрөө авна. Хүүхдүүддээ хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно. Эд хөрөнгийн хувьд 46 толгой мал байгаа. Би өөрөө орж ирэхдээ 16 мал зарсан. Надад хариуцагчаас авах мал эд хөрөнгө байхгүй. Гэр надад байгаа. Би Мөрөнд барьж байгаа.... Хүүхдийг маань сургуульд сурч байхад сургуулиас нь аваад 2 сар гаран авч явсан байсан. Багш нь дүнг нь гаргана гэж надруу утсаар ярьж байсан. Өөрөө архи их уудаг. Хот яваад ирсэн. Хүүхдийг маань хөдөө ээжийндээ аваачсан байсан. Би хавар ажил хийж байсан. Би "Титаник" ХХК-д 24, 32, 48 цаг гардаг байсан. Тэрнийг 2 өдөр алга болсон гэж яриад байна. Одоо би өөрөө ажил хийнэ. Том хүү маань барилгын ажил хийж байгаа....Эд хөрөнгийн талаар маргаангүй гэжээ.

Хариуцагч Хөшөөт овогт Мын Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие эхнэр Этэй 17 жил хамт амьдарсаар 4 хүүхэдтэй болсон. Энэ хүн нэгэнт сална гээд шийдсэн учир мал хунараа эд зүйлээ хуваан 4 хүүхдийн том 16 настай П, 13 настай П нарыг өөрийн гар дээр авч эцгийн хайр халамжаар өсгөн хүмүүжүүлж хүний зэрэгт хүргэнэ....Би уг нь одоо хүүхэд багачуудаа бодьё гэхэд чамтай юу ч ярихгүй сална гээд шийдсэн юм байх

Би 000 онд энэ хүнтэй хамт амьдарч эхэлсэн. Би энэ хүнтэй 17-18 жил хамт амьдарсан. Хааяа архи уудаг байсан....Би эвлэрье гэж 2 удаа гуйсан. 1 дүгээр хорооноос гэрийг маань ачаад явсан байсан....Одоо энэ хүн салья гэж бодож байгаа бол сална. Би өөрөө хоёр хүүхдээ аваад салах хүсэлтэй байна. Эд хөрөнгийн хувьд маргаан байхгүй. Би хүүхэдтэйгээ ярья гэхэд утсаар яриулдаггүй. Би хүүхдээ хулгайлж авч яваагүй. Би багш дээр нь очиж уулзаад хот авч явсан. Багш нь намайг хүүхдээ гэж очиж уулзахад ээжээс нь илүү хүн байна та гэж хэлж байсан. Ээжийг нь 2 сар ирээд надтай уулз гэхэд ирж уулзаагүй гэж хэлсэн. Тэгээд би гэртээ очиход хүүхдүүд маань гэртээ байсан. Ээж нь хаачсан бэ гэхэд 2 хоног ирээгүй байна гэж хэлсэн. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна гэжээ.

Сум дундын шүүх 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 941 дүгээр шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Хөшөөт овогт Мын Б, Завхан овогт Цийн Э нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 000 оны 000 дугаар сарын 000-ний өдөр төрсөн хүү Б.М, 000 оны .. дугаар сарын ...- ний өдөр төрсөн хүү Б.П, 000 оны 000 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Б.П, 000 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Б.М, 000 оны 000 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Б.Д нарыг эх Ц.Эийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар 000 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Б.М, 000 оны 000 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Б.Д нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр, 000 оны 000 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Б.П, 000 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Б.П 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр, 000 оны 000 дугаар сарын 000-ний өдөр төрсөн хүү Б.Мийг суралцаж байгаа бол 18 настай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг М.Бээс тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлж, зохигч талууд эд хөрөнгийн маргаангүй гэснийг тус тус дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Бээс 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Эт олгож, 104.652 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Б давж заалдах гомдолдоо:...Би шүүх хуралдааны явцад болон шүүх хуралдаан дээр өөрийн хүү 16 настай Б.П, 12 настай Б.П, нарыг өөрийн асрамжиндаа авахаар тайлбараа болон нотлох баримтаа гаргаж өгсөн. Мөн Б.П, Б.П нар нь шүүхэд өгсөн тайлбартаа аавынхаа асрамжинд үлдэх саналтай байгаагаа шүүхэд ойлгомжтой мэдүүлсээр байхад хүүхдийн саналыг харгалзан үзэлгүйгээр шийдвэрлэсэн ....Ц.Э намайг ёс суртахууны хувьд маш муу хүн гэж бичиж тайлбарладаг боловч энэ байдал нь баримтаар нотлогддоггүй бөгөөд харин Э нь ёс суртахууны хувьд маш их доголдолтой хүүхдүүдийнхээ дэргэд архи ууна, хүүхдүүдээ олон хоногоор орхиж архи ууж алга болно, хүүхдүүдийнхээ сурлага хүмүүжилд анхаарал тавьдаггүй байж 5 хүүхдийг ганцаараа тэжээн тэтгэж аваад явах ахуйн нөхцлийн хувьд ч, ёс суртахууны хувьд ч боломжгүй хүн юм. Хүү Б.П, Б.П нар энэ байдлыг мэддэг учир миний асрамжид үлдэхийг хүссэн, одоо ч миний асрамжинд байгаа....Бид салж гэрлэлтээ цуцлуулж болно. Хүүхдүүдийн цаашдын ирээдүйн гэрэл гэгээг бодолцож тэдний санал хүсэлтийг нэн тэргүүнд сонсож хүндэтгэх ёстой. Тэд бол амьдралд болж байгаа үнэнийг л ярьж хэлдэг. Шүүх миний 2 хүүг миний асрамжид үлдээх юм бол би эцэг хүний хувьд том болсон 2 эрэгтэй хүүхдийг зөв чиглүүлж амьдралд зөв биеэ авч явах хүн болгон хүмүүжүүлж төлөвшүүлж чадна. Мөн ажил хөдөлмөрт суралцуулж, амьдралд хөл алдахгүй сайн хүн болгохын төлөө бүхий л хүчээ дайчлах болно.

Ахуйн нөхцлийн хувьд ч би одоо Тосонцэнгэл сумын төвд ээжтэйгээ амьдардаг. Ээж маань мал маллаж амьдардаг, газартай, гэртэй хашаа байшинтай, бололцооны амьдралтай айл. Би одоо Улаанбаатар хотод нэг компанид улирлын чанартай ажил хийж байгаа бөгөөд хүү Б.П маань надтай хамт амьдардаг. Хүү Б.П маань саяхан надтай утсаар ярихдаа би таны араас нэг л өдөр

очно харж л байгаарай гэж байсан.Бид анх гэр бүл болоход манай эхнэр нэг дагавар хүүхэдтэй ирсэн. X үү Мягмарсүрэн бол миний хүүхэд биш энэ байдлыг би шүүх хуралдаан дээр хэлж Э ч гэсэн хүлээн зөвшөөрч Мягмарсүрэнд тэтгэлэг тогтоолгохгүй гэж тайлбарлаж байсан боловч шүүх тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Би зөвхөн өөрийн хүүхдээ л тэжээн тэтгэх үүрэгтэй болохоос биш хүний хүүхэд зүгээр тэтгэх боломж нөхцөл ч алга байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж хэргийг бодит байдалд нийцүүлж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Э гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба шүүх гэрлэгсдийн гэрлэлтийг цуцлаж, хүү Б.М, Б.П, Б.П, Б.М, охин Б.Д нарыг эх Ц.Эийн асрамжинд үлдээж, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасны дагуу гаргуулж шийдвэрлэжээ.

Хэдийгээр хүү Б.П, Б.П нар эцэг М.Бтэй хамт амьдрах тухай санал өгсөн боловч шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагч нь архи дарс хэрэглэдэг, эрхэлсэн тодорхой ажилгүй, хүүхдүүдийн нас, эцэг, эхийн ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал зэргийг харгалзан үзэж хүүхдүүдийг эхийнх нь асрамжинд үлдээж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Шүүх хариуцагч М.Бээс дагавар хүү Б.Мид олгогдох хүүхдийн тэтгэлэгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Э хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгийг авахгүй гэж тайлбарлаж байх тул хүү Б.Мид олгогдох хүүхдийн тэтгэлэгийг хасах, хариуцагч М.Бээс улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулахдаа 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээ 130900 төгрөгөөр тооцох атал 116800 төгрөгөөр тооцсон нь буруу байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сум дундын шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 941 дүгээр шийдвэрт дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд: а/ Шүүхийн шийдвэрийн 3 дахь заалтын “000 оны 000 дугаар сарын 000-ний өдөр төрсөн хүү Б.Мийг суралцаж байгаа бол 18 настай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр” гэснийг хассугай.
  2. б/ Шийдвэрийн 5 дахь заалтын “104.652 төгрөг” гэснийг “900048 төгрөг” гэж өөрчилсүгэй.
  3. Шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  4. Хариуцагч М.Бийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ Т.ГАНБАТ