| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0764/Э |
| Дугаар | 778 |
| Огноо | 2019-05-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 778
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,
Улсын яллагч Ц.Гантулгабат,
Хохирогч А.Хүрэлчулуун,
Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Бд холбогдох 1806 07552 0860 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Баян-Адрага суманд 1978 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Баян-Адрага сумын 1 дүгээр баг, Сайхан гэх газар оршин суух бүртгэлтэй, Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүугийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Жн Д /РД:........../,
Ж.Б нь 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кристал” нэртэй пабад хамт үйлчлүүлж байсан иргэн А.Хүрэлчулууныг согтуурсан буюу биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулж халааснаас нь 430.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчидын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Бгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгч хохирогч А.Хүрэлчулууны өгсөн: “...Бид хоёр архи уусан. Тухайн үед шүүгдэгч миний халааснаас 430.000 төгрөг авсан. Тэр мөнгөний талыг нь юманд зарцуулсан гэж хэлсэн, надад 200.000 төгрөг өгсөн. Одоо 230.000 дутуу байгаа. Өөр хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Хүрэлчулууны өгсөн: “... бид архи болон шар айраг уусан ба би их согтсон байсан. Яаж гарсанаа ч санахгүй байгаа. Нэг мэдсэн чинь дарга Ууганбаярын гэрт нь сэрсэн. Сэрээд мөнгөө хайтал мөнгө байгаагүй. Би 450.000 төгрөгийн цалин авсан. Түүнээсээ 20.000 төгрөгийг хүнд өгсөн. Надад байсан 430.000 төгрөг алга болсон байсан. Би 2018 оны 08 дугаар сарын 31-ний орой нөгөө пабад ганцаараа камер шүүж үзтэл Насанбаяртай хамт гадаа тамхи татаад зогсож байснаа намайг тэврээд миний халааснаас мөнгө авч байгаа дүрс бичигдсэн байсан... тухайн үед барилгын ажилтанууд Насанбаяр гэж дуудаад байсан ба өөрөөс нь жинхэнэ нэрийг сонсоогүй, хүмүүс тэгж дуудаад байсан. Тэгтэл ажил дээр нь очиж уулзаад цагдаагийн хэлтэс дээр хамт ирж мэдүүлэг өгсөн. Тэгээд нэр нь Д болж таарсан...” гэх мэдүүлэг /хх.17/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Өлзийсайханы өгсөн: “... ах тухайн үед барилга дээр ажилладаг байсан ба 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 450.000 төгрөгийн цалингаа аваад хамт олноороо Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кристал” нэртэй пабад архи ууж байгаад халаасандаа хийсэн байсан мөнгө нь алга болсон байсан... тухайн газрынхаа камерыг шүүж үзэхэд найз гэх залуу халааснаас нь авч байгаа бичлэг байсан гэж “Кристал” пабын эзэн Батжаргал гэж хүн надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.24-25/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Батжаргалын өгсөн: “... мөнгөө алдсан гэх залуу ганцаараа ирээд хяналтын камерийг шүүж үзэхэд мөнгөө алдсан гэх залуу хэдэн залуучуудын хамт гарч ирээд пабын үүдэнд тамхи татаж байгаад бусад нь дотогш ороод мөнгө авсан гэх залуугийн хамт хоёулаа үлдээд байж байтал нөгөө залуу нь гадуур хувцасных нь халаасыг урдаас нь харж зогсож байгаад ухаад байсан. Тэгж байгаад зүүн халааснаас нь нэг юм аваад өөрийнхөө халаасанд хийчихсэн. Тэгээд камер шүүж байгаад мөнгөө алдсан залуу “За за. Энэ манай ажлын хүн. Энэ л авсан юм байна. Би очиж мөнгөө авлаа” гээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх.26-28/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Пүрэвсүрэнгийн өгсөн: “... нэг залуу ирээд “Би мөнгөө алдсан байна. камер шүүж үзэж болох уу?” гэхээр нь би нөхрийн хамт нөгөө залуутай камер шүүж үзэхэд мөнгөө алдсан гэх залууг хашаанд шахаж халааснаас нь юм аваад өөрийнхөө халаасанд хийж байгаа дүрс бичигдсэн байсан. Тэр бичлэгийг үзээд нөгөө мөнгийг нь авсан залуу түрүүлж орж ирээд хөшигний завсараар цонхны наанаас гадаа байгаа мөнгөө алдсан гэх залууг харж зогсож байгаад түрүүлж гараад явж байсныг санасан...” гэх мэдүүлэг /хх.29-30/,
Мөрдан шалгах ажиллагаанд Ж.Бгийн яллагдагчаар өгсөн: “... бид ороод пиво, архи ууцгааж согтсон ба хамт ажилладаг Хүрэлчулууны хамт тамхи татахаар гараад тамхиа татаж дуусгаад Хүрэлчулуун мөн нэлээн согтсон байхаар нь өмднийх нь арын халааснаас нь цалин болох 430.000 төгрөгийг нь аваад өөрийнхөө өмдний баруун халаасанд хийсэн... би ийм зүйл хийсэндээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг хх/52-54/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Ж.Б нь 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кристал” нэртэй пабад хамт үйлчлүүлж байсан иргэн А.Хүрэлчулууныг согтуурсан буюу биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан халааснаас нь 430.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Хүрэлчулууны өгсөн: “... Надад байсан 430.000 төгрөг алга болсон байсан. Би 2018 оны 08 дугаар сарын 31-ний орой нөгөө пабад ганцаараа камер шүүж үзтэл Насанбаяртай хамт гадаа тамхи татаад зогсож байснаа намайг тэврээд миний халааснаас мөнгө авч байгаа дүрс бичигдсэн байсан... Тэгээд нэр нь Д болж таарсан...” гэх мэдүүлэг /хх.17/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Өлзийсайханы өгсөн: “... тухайн газрынхаа камер шүүж үзэхэд найз нь гэх залуу халааснаас нь авч байгаа бичлэг байсан гэж “Кристал” пабын эзэн Батжаргал гэж хүн надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.24-25/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Батжаргалын өгсөн: “... мөнгөө алдсан гэх залуу ганцаараа ирээд хяналтын камерийг шүүж үзэхэд мөнгөө алдсан гэх залуу хэдэн залуучуудын хамт гарч ирээд пабын үүдэнд тамхи татаж байгаад бусад нь дотогш ороод мөнгө авсан гэх залуугийн хамт хоёулаа үлдээд байж байтал нөгөө залуу нь гадуур хувцасных нь халаасыг урдаас нь харж зогсож байгаад ухаад байсан. Тэгж байгаад зүүн халааснаас нь нэг юм аваад өөрийнхөө халаасанд хийчихсэн...” гэх мэдүүлэг /хх.26-28/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Пүрэвсүрэнгийн өгсөн: “... би нөхрийн хамт нөгөө залуутай камер шүүж үзэхэд мөнгөө алдсан гэх залууг хашаанд шахаж халааснаас нь юм аваад өөрийнхөө халаасанд хийж байгаа дүрс бичигдсэн байсан. Тэр бичлэгийг үзээд нөгөө мөнгийг нь авсан залуу түрүүлж орж ирээд хөшигний завсараар цонхны наанаас гадаа байгаа мөнгөө алдсан гзх залууг харж зогсож байгаад түрүүлээд гараад явж байсныг санасан...” гэх мэдүүлэг /хх.29-30/,
Мөрдан шалгах ажиллагаанд Ж.Бгийн яллагдагчаар өгсөн: “... Хүрэлчулуун мөн нэлээн согтсон байхаар нь өмднийх нь арын халааснаас нь цалин болох 430.000 төгрөгийг нь аваад өөрийнхөө өмдний баруун халаасанд хийсэн. ...би ийм зүйл хийсэндээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг хх/52-54/,
Шүүхийн хэлэлцүүлэгч хохирогч А.Хүрэлчулууны өгсөн: “...Тухайн үед шүүгдэгч миний халааснаас 430.000 төгрөг авсан. ...надад 200.000 төгрөг өгсөн. Одоо 230.000 дутуу байгаа...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Бгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Бг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Ж.Бгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Ж.Б хохиролд 200.000 төгрөг нөхөн төлсөн учир шүүгдэгчээс 230.000 төгрөг гаргуулж хохирогч А.Хүрэлчулуунд олгох нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ж.Бгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Ж.Бд оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хуруусан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Жн Дг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ж.Бд сануулсугай.
4. Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 200.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Бгаас 230.000 төгрөг гаргуулж хохирогч А.Хүрэлчулуунд олгосугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР